| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0123/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/147 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1838008020107 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Тг Оюу толгойд ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 360.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би С.Т гэх залуутай уулзаад Оюу толгойд ажилд оруулж өгье бичиг баримтны мөнгө гэж 60.000 төгрөг дансаар шилжүүлж авсан...Бичиг баримт авахдаа 300.000 төгрөг бэлнээр авсан...Би С.Тгээс мөнгө аваад Улаанбаатар хотод очоод байж байтал залгаад юу болж байна гээд асуугаад байхаар нь Улаанбаатар хотод хүрээд ир гэж хэлсэн. С.Тг Улаанбаатар хотод ирсэн байна гэхээр нь би холбоо барихгүй, залгахаар нь утсаа авалгүй холбоогоо тасалсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-13 дугаар хуудас/,
Хаан банкны дипозит дансны хуулга /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч С.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Самархан +21 гэсэн фэйсбүүкийн группт Batjargal Bachka гэсэн фэйсбүүк хаягтай хүн Оюу толгойд нэгээс хоёр хүн оруулж өгнө. Нэг нэгэндээ тусалья гэсэн утгатай пост бичсэн байсан бөгөөд коммэнт хэсэгт нь холбогдох утасны дугаар ... чат бичих завгүй байна шүү холбогдоорой гэсэн байсны дагуу коммэнт хэсэгт байсан дугаарлуу залгаж яриад Мөрөн сумын 50 100 зочид буудлын гадна автомашины зогсоолд уулзахаар болсон. Тэгээд би 50 100 зочид буудлын гадна зогсоолд явж очоод залгатал нэг залуу ирээд надтай ярьсан хүн мөн үү гэхээр нь мөн, мөн гэсэн чинь миний машинд суугаад надтай бараг цаг гаран ярьсан. Тэр залуу өөрийгөө Д.Б гэдэг Солонгос улсад 6 жил Оюу толгой компаний зардлаар сурч ирээд одоо Оюу толгой компанид ажиллаж байгаа чамайг 10 дугаар сарын 15-нд эхлэх 45 хоногийн сургалтанд суулгаад Оюу толгой компанид оруулаад өгье гэх мэт зүйл ярьсан. Тэгээд орой нь надруу залгаад маргааш өглөө иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын гэрчилгээ, диплом, гадаад паспортны хуулбар, бүртгэлийн хураамж болох 60.000 төгрөг зэрэг хэрэгтэй дээр нь надад ажилд оруулж өгсөний хөлс 300.000 төгрөг өгөх хэрэгтэй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Мөрөн сумын 50 100 зочид буудлын гадна автомашины зогсоолд дахин уулзаад хэлсэн бичиг баримтууд болон 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд өдөр 16 цагийн үед Д.Б гэж хүний надад чатаар явуулсан ... гэсэн данс руу ажлын газрын Аззаяа гэх хүний дансаар мобайлдаж 60.000 төгрөг шилжүүлсэн... Би өөрт учирсан 360.000 төгрөг дээрээ нэмж Улаанбаатар хот руу нааш, цааш явахад гарсан зардал 96.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-35 дугаар хуудас/,
Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад 60.000 төгрөг бэлнээр өгөөд энэ данс руу мобайл банкаар мөнгө шилжүүлээд өгөөч гэхээр нь би С.Тгийн өгсөн дансруу өөрийн ... гэсэн Хаан банкны данснаас 60.000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6-р багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний лавлагаа, байнга оршин суух газрын лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /ХХ-ийн 60, 77-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838008020107 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Тг Оюу толгойд ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 360.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч С.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-35-р хуудас/, гэрч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 48-р хуудас/ ,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-13 дугаар хуудас/, Хаан банкны дипозит дансны хуулга /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Хохирол төлсөн тухай Хаан банкны шилжүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Быг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Тд учруулсан 360.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 60 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 9, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838008020107 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бд хяналт тавихыг түүний оршин суугаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1838008020107 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР