Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01484

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 22 210/МА2024/01484

 

 

 

М.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01737 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, урамшуулал, дутуу олгосон цалин хөлсний зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг зохигч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие Г овогт Мн Ц нь А ХХК-д 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Маркетинг борлуулалтын менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болно. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэлгүй ажиллаж байсан болно. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тушаалыг танилцуулсан болно.

А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.9.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул

...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлын 22/12-730 тоот албан бичгээр Компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн маркетинг, борлуулалтын албыг борлуулалтын алба болгон өөрчлөх, маркетинг борлуулалтын албаны дарга, менежер гэсэн албан тушаалыг борлуулалтын менежер болгон өөрчилж, цалинг 50% буюу 800,000 төгрөг болгон бууруулсан санал ирүүлсэн. Улмаар Гүйцэтгэх захирал, хувь эзэмшигч нарын өрөөнд үйл ажиллагаа хариуцсан захирал н.Булган намайг дуудан уулзаж, дээрх саналыг танилцуулсан, саналыг хүлээж авахгүй гэхэд өргөдлөө өг гэж шахсан. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Халиунаа захирал намайг дуудаж уулзахад миний бие дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хэлсэн, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтаар намайг ажилдаа ирэхгүй байж болно. Ажлаас чөлөөлж байгаа талаар хэлсэн болно. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Халиунаагийн 99998980 утас руу тушаал гарсан эсэхийг асуухад 2022 оны 12 дугаар 22-ны өдөр тушаал танилцуулсан болно. Миний бие ажил таслаагүй, гүйцэтгэх захирлын хувьд ажлаас халж буй талаар хэлж, миний бие хүүхэд өвдөж, хүүхдээ эмнэлэгт сахиж байгаа талаар мэдэгдсэн байдаг. Гэтэл тушаалын тушаах хэсэг дээр ажил тасалсан гэж үзэн ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна. Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороо байхгүй, байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

...Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах (Маркетинг, борлуулалтын албаны менежер), ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна байна. Мөн 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 589,044 төгрөг, 12 дугаар сарын цалин 1,017,137 төгрөг нийт 1,606,181 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

...Нэг. Борлуулалтын урамшуулал гаргуулах тухай

А ХХК-ийн маркетинг, борлуулалтын менежер албан тушаалд ажилд ороход нийт борлуулсан орон сууц захиалгын гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувьд тооцон урамшуулал олгохоор заасан байдаг.

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Мягмаржав болон Борлуулалт, маркетингийн албаны ахлах менежер Б.Оюун-Эрдэнэ нар надтай 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаарх урамшууллын тооцоо эцэслэн акт үйлдсэн. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ажлаас халахдаа дээрх урамшууллыг олгоогүй болно.

Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, ...83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт тус тус зааснаар олгогдоогүй цалин хөлс олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Миний хувьд ажиллах хугацааны орон сууц борлуулсан борлуулалтын урамшуулал нь нийт 6 орон сууц, 614,072,500 төгрөгийн орон сууц борлуулсан. Үүний 2 хувь нь 12,281,450 төгрөг болж байгаа болно.

...Хоёр. Цалин хөлсний зөрүү гаргуулах тухай

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Маркетинг, борлуулалтын менежер албан тушаалд туршилтын хугацаатай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт ...Туршилтын хугацааны цалин 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг гэж заасан байна.

...Надад Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулсан албан тушаалын үндсэн цалингаас 200,000 төгрөгөөр доогуур үндсэн цалинг тогтоож дээрх цалингаар 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад олгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй болно.

Иймд 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад олгосон цалингийн зөрүү нийт 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянган) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Гурав. 11,12 дугаар сарын цалин хөлс гаргуулах тухай

2022 оны 11 дүгээр сараас миний цалин хөлсийг дутуу олгож, 12 дугаар сард бүтэн цалин хөлс олгоогүй болно.

2022 оны 11 дүгээр сарын цалин 1,256,175.24 төгрөгийн цалин бодогдсоноос нийгмийн даатгалын шимтгэлд 144,460 төгрөг, ХХОАТ-т 95,172 төгрөг суутгасан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 280,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 120,000 төгрөг буюу нийт 11 дүгээр сарын цалинд 400,000 төгрөгийг олгосон болно. Иймд 11 дүгээр сарын цалингийн зөрүү 589,044 төгрөгийг нэхэмжилж байна.

2022 оны 12 дугаар сарын цалин 1,256,920.75 цалин бодогдсоноос Нийгмийн даатгалын шимтгэлд 144,546 төгрөг, ХХОАТ-т 95,237 төгрөг, гарт олгох 1,017, төгрөгийг огт олгоогүй байна.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 589,044 төгрөг, 12 дугаар сарын цалин 1,017,137 төгрөг нийт 1,606,181 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Орон сууц борлуулсны урамшуулал болох 12,281,450 гаргуулах.

2. 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сарын үндсэн цалин хөлсний зөрүү 1,200,000 төгрөгийг гаргуулах

3. 2022 оны 11, 12 дугаар сарын дутуу олгосон цалин хөлс болох нийт 1,606,181 төгрөгийг гаргуулах

Нийт 15,087,631 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэг сарын 1,307,422 төгрөг нэг өдрийн 62.258,19 төгрөг, нийт 16 сар, 5 хоног, 21,230,044 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ компанийн гүйцэтгэх удирдлага сар болгон өөрчлөгддөг. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээний гарын үсэг н.Төмөр захирлын гарын үсэг биш. Харьцуулан үзсэн үндсэн дээр тогтоогдож байгаа. 730 гэсэн албан бчигээр цалинг 50 хувь буурууллаа гэсэн албан бичиг ирсэн. Энэ бичиг дээрх н.Халиунаа гэсэн бичилт хөдөлмөрийн гэрээний бичилт таарна.

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр компанийн бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Энэ тушаалын 1-т 1-р хавсралтад заасны дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан байна. Тушаах хэсгийн 4, 5 дахь хэсгээс харагдаж байна. 12, 16-ны өдөр М.Цтой уузалт хийсэн ажилдаа ирэхгүй байж болно гэсэн.

Үзлэг хийлгий гэсэн шүүх хүлээж аваагүй, энийг тэмдэглэлд тусгайлан тусгуулах хүсэлтэй байна. 10, 11-р сарын цалин хөлсийг олгоогүй. Нэхэмжлэгчид 80-р зүйлд зааснаар ажилд ирэхгүй байж болно гэсэн албан бичиг өгсөн гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Борлуулалтын урамшуулалд 12,281,450 төгрөгийг олгоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагад: Ажилтан М.Цтой 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ХГ-23/22 тоот хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж батлуулсан. Уг хоёр хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд борлуулалтын урамшуулал олгох тухай заагаагүй ба талууд анх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа борлуулалтын урамшуулал олгох тухай харилцан тохиролцоогүй нь ажилтан М.Цтой байгуулсан гэрээнүүдээр нотлогдож байх ба 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гүйцэтгэх захирал Э.Мягмаржавтай энэ тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх боловч энэ тухай гүйцэтгэх захирлаас ямар нэгэн тушаал, шийдвэр албажиж гараагүй, санхүүгийн албанд борлуулалтын урамшуулал олгох тухай мэдээ мэдээлэл байхгүй тул уг борлуулалтын урамшуулал гэх 12,281,450 төгрөгийг олгох үндэслэлгүй болно.

2022 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад олгосон цалингийн зөрүүнд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/23 тоот тушаалаар Гүйцэтгэлийн цалин бодох тухай журам-ыг баталсан. Уг журмаар компанийн нийт ажилчдад хамаарахаар журмыг баталсан ба журмын 4.1.2-т Үндсэн цалингийн бүтэц нь Цагийн болон гүйцэтгэлийн цалин гэсэн бүтэцтэй байна. гэж заасны дагуу ажилтны 2022 оны 7, 8, 9, 10,11, 12 дугаар саруудад тухайн сарын ажиллавал зохих фонд цаг болон тухайн сарын ажлын гүйцэтгэлийг уг журмын дагуу ажилтны бодит ажилласан цаг болон ажлын гүйцэтгэлээр бодож олгосон болно. Иймд цалин хөлсийг дутуу олгосон гэх 1,200,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. 2022 оны 11, 12 дугаар саруудын цалин хөлсөнд 1,606,181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад: Ажилтны 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсөнд 1,256,175.24 төгрөг бодогдсоноос 400,000 төгрөгийг олгож, 589,044 төгрөгийг олгоогүй. 2022 оны 12 дугаар сарын цалин хөлсөнд 985,137 төгрөг олгоогүй байх тул нийт 1,574,181 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

...Хариуцагчаас гаргаж өгсөн цаг бүртгэлийн системээр бол 16-ны өдрөөс хойш ажилдаа ирдэггүй. Нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй. Нийт 2 удаагийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан хөдөлмөрийн гэрээг байгуулсан. 2 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан энэ хоёр гэрээнд урамшууллын тухай заагаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7, 104 дүгээр зүйлийн 104.1, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цыг хариуцагч А ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч А ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт 21,230,044/хорин нэгэн сая хоёр зуун гучин мянга дөчин дөрөв/ төгрөгийг, дутуу олгосон цалин хөлсөд 1,606,181/нэг сая зургаан зуун зургаан мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг, нийт 22,836,225/хорин хоёр сая найман зуун гучин зургаан мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цт олгон, хариуцагч А ХХК-д олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 13,481,450/арван гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Цын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 233,389 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч М.Цт олгон, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 155,131 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181 /ШШ2024/01737 дугаар шийдвэрээс дутуу олгосон цалин хөлсөд 1,606,181 төгрөгийг зөвшөөрч, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалт буцаан томилох, хариуцагчаас 21,230,044 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчид хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд ажлын байрандаа ирээгүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэх нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тайлбар авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. гэж үндэслэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Учир нь нэхэмжлэгчтэй 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ХГ-23/22 тоот туршилтын 3 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 1,600,000 төгрөгөөр цалинжиж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулах хүртэл хугацаанд ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гэрээний хугацаа дууссан талаар сануулаагүй ба тус хугацаанд ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулахдаа ХГ-23/22 тоот гэрээний 1.18-д заасны дагуу цалин хөлсийг тохиролцож, тус хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж, баталгаажуулан нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасны дагуу халсан нь хуульд нийцэхгүй байна гэж үндэслэн нь үндэслэлгүй байна.

Учир нь талуудын хооронд байгуулсан туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийг гэрээг бичгээр байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, талууд Хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцан эрх эдэлж, үүрэг хүлээж эхэлсэн байдаг. Улмаар ажилтанг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн тул хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 9.9.2 буюу Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагдаа мэдэгдэлгүй 1 сард ажлын 24 цаг буюу 3-аас дээш өдөр ажил тасалсан тохиолдолд болон хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн. Өөрөөр хэлвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн тул ажилтан нь мөн хуулийн 42.2.2-д заасан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй ба ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй тул 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүд болон түүнээс хойш хоногт мөн үүрэгт ажилдаа хүрэлцэн ирээгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/193 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-д заасны дагуу ажилтанд урьчилан мэдэгдэх боломжгүй байсан учир нь ажилтан нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш үүрэг ажилдаа хүрэлцэн ирээгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн хариуцагчийг илт хохироосон шийдвэрээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалт буцаан томилох, хариуцагчаас 21,230,044 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас дутуу олгосон 1,606,181 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын давж заалдах гомдлын агуулга:

Нэг. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхны шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд.

Нэг. Дараах нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 181/шш2024/01737 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт ..Нэхэмжлэгч нь хариуцагчаас урамшуулалд 12,281,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь гүйцэтгэх захирлаас ямар нэгэн тушаал, шийдвэр албажиж гараагүй, урамшуулал олгох тухай мэдээ, мэдээлэл байхгүй гэж маргасан. 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журмыг баталжээ. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Гүйцэтгэлийн цалин бодох журмын 2.4.2-т урамшууллын дүн тухайн жилийн төлөвлөгөө, хэрэгжүүлж ажилласан байдлыг харгалзан тогтооно. 2.4.5-д Мөн ажил үүргээ хангалттай буй ажилтанд ажил үүрэгтэй нь холбоотой урамшуулал олгож болно. 2.4.6-д 2.4.5-д заасан урамшууллын хэмжээг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж олгоно гэжээ.

1. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Мягмаржав болон нэхэмжлэгч хооронд үйлдсэн урамшууллын тооцооны актыг нотлох баримтаар үнэлээгүй, мөн Гэрч Э.Мягмаржавын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй.

а. Гэрч Э Мягмаржав нь би Гүйцэтгэх захирлын хувьд борлуулалтын урамшуулал олгох нь зүйтэй гэж үзэж Борлуулалтын урамшууллын тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Дээрх тайлбараар Гүйцэтгэх захирал нь урамшуулал олгох талаар тохиролцсон, урамшуулал олгох шийдвэр гаргасан болох нь тогтоогддог. Тушаал шийдвэр гаргах үүрэг нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргийг ажилтанд ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

b. Хавтаст хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Мягмаржав болон нэхэмжпэгч М.Ц нарын хооронд үйлдсэн урамшууллын тооцоо нийлсэн акт байх бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралд дээрх урамшууллыг багасгах талаар ярилцсан нь гэрч Оюун-Эрдэнийн мэдүүлгээр давхар нотлогддог. Дээрх нотлох баримтуудыг шүүх үнэлэлгүй тушаал гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгааг нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Гэж заасан

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Урамшууллын тооцоо нийлсэн акт, гэрч Э.Мягмаржав, Б.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй.

Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримгын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай.

Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01737 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зуйлийн 127.1 дэх хэсэгг зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажлын 29 хоног, 15 cap ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 26,209,510/1,600,000:21=76,190, 29x76,190=2,209,510, 15x1,600,000=24,000,000, 2,209,510+24,000,000=26,209,510 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 21,230,040 нэхэмжилж байх тул хариуцагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэжээ.

1.Шүүх хуралдаанд шүүгч нь ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол асуусан. Нэхэмжпэгч заавал ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоолж өгөх албагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах нэхэмжпэл гаргасан.

2.Шүүх нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллоор нэхэмжлэлийг хязгаарлан шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хяман шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01737 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, урамшуулал, дутуу олгосон цалин хөлсний зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар М.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А ХХК-ийн гүйцэтгэх захирлын ...... тоот тушаалаар Маркетинг, борлуулалтын менежерийн ажил, албан тушаалд томилогдож, туршилтын 3 /гурав/-н сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байх хугацаанд ажил олгогч нь түүнийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөнд гомдол гаргажээ.

 

Зохигчид дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж зааснаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг дахин 3 /гурав/-н сараар сунгагдсан, аль эсхүл ажилтан жинхлэн ажиллаж байсан эсэх талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тухайлан дүгнэхгүй.

 

4. А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэж, М.Цын харьяалагдан ажиллаж байсан Маркетинг, борлуулалтын албаны Маркетинг, борлуулалтын менежерийн ажил, албан тушаалыг Борлуулалтын албаны Борлуулалтын менежер болгон өөрчилж, цаашид уг албанд нийт 4 Борлуулалтын менежерийн орон тоотой ажиллахаар баталжээ.

 

Улмаар А ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Цт Борлуулалтын албаны Борлуулалтын менежерийн ажил, албан тушаалд сарын 800,000 төгрөгийн үндсэн цалин хөлснөөс гадна борлуулсан м.кв талбай бүрээс 5,000 төгрөгийн урамшуулалтай ажиллах саналыг хүргүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбараар М.Ц нь А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Халиунаатай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзсан ба ажил олгогч нь түүнийг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй гэсэн тул нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд ажилдаа очоогүй гэж тайлбарлаж маргасан.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасан.

 

Гэтэл хэрэгт цугларсан баримтаар А ХХК нь М.Цт аж ахуй нэгж байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Борлуулалтын албаны Борлуулалтын менежерээр ажиллах тухай мэдэгдлийг өгсөн нь тогтоогдсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримт, гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлэг зэргээр ажил олгогч тус компани нэхэмжлэгчид ажил үүргээ гүйцэтгэхгүй байж болно гэсэн зөвшөөрөл олгоогүй, нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16, 19, 20, 21-ний өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа очоогүй болох нь цагийн бүртгэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажил тасалсанд тооцно.

 

6. Анхан шатны шүүх М.Цыг дээрх хугацаанд ажлын байрандаа ирээгүй болохыг зөв тогтоосон хэдий ч зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлөх тухай сахилгын шийтгэлийн талаар мэдэгдэж, тайлбар аваагүй гэж алдаатай дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 123 дугаар зүйлийн 123.3-т тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

Талууд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр туршилтын 3 /гурав/-н сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болон 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус өдрөөс хойш хөдөлмөрийн харилцаа тасралтгүй үргэлжилж байсан талаар маргаагүй ба тус хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5, түүнчлэн нэхэмжлэгч М.Цт танилцуулсан хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.9.2-т тус тус зааснаар ажилтан 2-оос дээш хоног хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх зохицуулалтын хувьд ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж болохгүй гэдэг илэрхий мэдвэл зохих хэм хэмжээг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд шууд үйлчлэхгүй бөгөөд хожим энэ талаар ажилтны гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч М.Ц нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш хоног ажил тасалсан үйл баримтыг үндэслэн хариуцагч А ХХК-ийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

7. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Цын нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 11, 12 дугаар сарын дутуу олгосон цалин хөлс 1,606,181 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2022 оны 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын цалин хөлсний зөрүү 1,200,000 төгрөг, урамшуулал 12,281,450 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч А ХХК-аас давж заалдах гомдол гаргаагүй боловч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос урамшуулал 12,281,450 төгрөгт холбогдох хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

7.1. Хэрэгт цугларсан баримтаар А ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мягмаржав болон нэхэмжлэгч М.Цын нар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалсан худалдан авагч нартай байгуулсан гэрээний тоо, төлбөрийн хэмжээ, төлөгдсөн дүн зэргийг үндэслэн борлуулалтын урамшууллыг 16,327,511 төгрөг болсныг баталжээ.

 

7.2. Улмаар М.Ц нь үүнээс өөрийн борлуулсан орон сууцанд хамаарах урамшууллын хэмжээг 12,281,450 төгрөг гэснийг хариуцагч А ХХК нь баримтаар няцаагаагүй.

 

7.3. Мөн гэрчээр оролцсон Э.Мягмаржавын мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас уг төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэх бөгөөд ажил олгогч А ХХК нь ажилтанд урамшуулал олгох тушаалыг гаргасан эсэхээс үл хамаарч тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар ажилтанд тохирсон цалин хөлс, урамшууллыг олгох үүрэгтэй.

 

Тиймээс хариуцагчаас түүний хүлээн зөвшөөрсөн 2022 оны 11, 12 дугаар сарын дутуу олгосон цалин хөлс 1,606,181 төгрөг, урамшуулал 12,281,450 төгрөг, нийт 13,887,631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэнэ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр зохигч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01737 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Цын гаргасан хариуцагч А ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч А ХХК-аас 13,887,631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цт олгож, үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад 155,131 гэснийг 227,388 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР