Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 184/2023/05661/И |
Дугаар | 210/МА2024/01514 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01514
2024 07 26 210/МА2024/01514
Х.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/02587 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ад холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 24,500,000 төгрөг гаргуулах үндсэн, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...шинэ эх нялхасын замын эсрэг талд 2500 м2 газар байна танд бол хямдхан гаргаад өгнө, 1 сарын дотор бичиг баримт нь бэлэн болно гэсэн. ингээд 35 саяаар тохиролцож 2019 оны 5 сарын 13-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ хийж, ...би тухайн өдрөө ХХБ дахь өөрийн .... даснаас 30 сая төгрөг бэлнээр авч ...Мөнгийг Аын ээж Д, эхнэр У нар нь манай ...-ийн 37-р хороо, ...., 105-р байр, 47 тоот гэрт ирж 30 сая төгрөгийг эхнэр Нээс бэлнээр нь хүлээж авсан болно. ...кадастрын зурагны 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр түүний ээж, эхнэр 2 нь ирж авсан..
...Мөнгөө авая гэж нэхэж байж 2020 оны 8 сарын 31-нд 6 сая төгрөг буцааж авсан. ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 429.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн 24,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний хувьд зээл олгоогүй, үүрэг үүсээгүй, мөнгө өгснөө баталгаажуулж хийсэн баримт.
30,500,000 төгрөгийг Б.А гэдэг хүн авсан, тэгэхдээ Х.Б гэдэг хүнд газар аваад өгчихсөн зүйл байхгүй. ...н.Г гэдэг хүний газрыг Б.Л гэх хүнд итгэмжлэл хийгээд өгчихсөн байна ...энэ газрын асуудалтай 20 сая төгрөгийн холбоотой шаардах эрхийн асуудал н.Г гэдэг хүнд нээлттэй. Түүнээс Х.Бөд өгсөн мөнгөний тооцоонд суутгаад тооцогдож байна гэсэн ойлголт бол хуулиар байхгүй...
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, ...492.1.1-д зааснаар Б.Аын хувьд бол Х.Бийг залилан хуурамч гэрээ хийсэн зүйл байгаа. Б.А газрыг Х.Бөд олж өгөх, танилцуулна, худалдана гэсэн ч өөрийнх нь нэр дээр ямар нэгэн газар эзэмших эрх, гэрчилгээ байгаагүй. Иймээс энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал юм. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 30,500,000 төгрөг авсан талаар баримтжуулж зээлийн гэрээ хийсэн гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...Яармагийн газар нь тухайн үед өгөх боломжгүй юм байна. Өөр газар авах уу гэхэд Х.Бийн зүгээс авъя гэдэг. Түүний дагуу ..... дүүрэгт орших газар өгөхөөр тохиролцсон. ...20 сая төгрөгийн газар өгсөн үлдсэн 6 сая төгрөгөө 2022 оны 8 дугаар сард буцаагаад төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс яриад байгаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй. Энэ бол газрын асуудал байсан. Газраа ч өгчихсөн, үлдэгдэл төлбөрөө ч бас өгчихсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түүнчлэн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгчийн зүгээс маргадаг. Бид хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд зээлийн харилцаа байгаагүй гэдэг үйл баримт тогтоогдсон. Тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй нь үнэн юм байна гэдэг тайлбараа хэлчихсэн байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Ааас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,500,000 төгрөгийг болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 375,450 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бөд олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хэргийн тухайд: шинэ эх нялхасын замын эсрэг талд 2500 м2 газар 35 саяаар тохиролцож, 2019.05.13-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ хийж, 30,000,000 төгрөгийг ... 2019.05.13-ны өдөр ХХБанкин дахь өөрийн .... данснаас 30 сая төгрөгийг бэлнээр авч, Б.Аын ээж Д, эхнэр У нар нь Х.Б миний ..... дүүргийн 37-р хороо, .... 105 байр 47 тоот гэрт ирж 30,000,000 төгрөгийг манай эхнэр Нээс бэлнээр нь хүлээж авсан болно.
Тухайн өдрөө Б.А нь мөнгөө авсны дараа 3 цагийн дараа дахиж яриад кадастрын зурагны 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр авч ээж Д, эхнэр У хоёр нь ирж авсан. Ад удаа дараа байнга худал хэлж, залилуулснаа мэдсэн. Одоо мөнгөө авий гэж удаа дараа нэхэж байж 2020.08.31-нд 6 сая төгрөг буцааж авсан
Б.А нь худал хэлж Х.Б надаас 30,500,000 төгрөг авч /6,000,000 төгрөг буцааж өгсөн/ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-т Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, ...260-р зүйлийн 260.1, 260.3-т ...тус тус заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Г.Лын ..... дүүргийн 32-р хороо, хайрханы 2-11 тоот хаягт орших 699 м2 талбай бүхий газрын эрх нь Э.Нийн нэр дээр шилжсэн байх ба энэхүү газрын эрх шилжсэнтэй холбоотой шаардах эрх нь Г.Лт байгаа ба Б.А болон Х.Б нарын хоорондын маргаанд үл хамаарна.
Б.А нь Х.Бийг хууран мэхэлж, газар олгох эрх бүхий албан тушаалтан биш, өөрийн эзэмшлийн газар байхгүй байж 30,500,000 төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болно.
Иймд Сонгионхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 09-ны өдрийн 184/ШШ2024/02587 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Х.Б миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Ад холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 24,500,000 төгрөг нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;
3.1. Х.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Атай зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай хүүгүй зээлэхээр харилцан тохиролцсон;
3.2. Г.Л нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Х.Бөд ..... дүүрэг, .... хороо, ..... гудамж, 11 тоот хаягт байрлах ..... тоот улсын бүртгэлийн дугаартай 699 м.кв талбайтай газар эзэмших эрхийг бусдад үнэ төлбөртэй болон үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл олгосон;
3.3. Х.Б нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дээрх итгэмжлэлийг үндэслэн Э.Нт тухайн газар эзэмших эрхийг шилжүүлсэн, Э.Н нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Еад шилжүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн атлаа хуулийг буруу тайлбарлаж худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Учир нь Б.А нь Х.Б болон бусад этгээдтэй худалдах худалдан авах гэрээний харилцаанд ороогүй, харин Х.Бөөс олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийсэн гэж үзнэ.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
5. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар Б.А нь Х.Бөөс 30,000,000 төгрөгийг хүлээн авч үүнээс 20,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт С.Гд өгч, үлдэх 10,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг Х.Бөд буцааж өгсөн байна.
Түүнчлэн, Б.А нь Х.Бийн даалгавраар түүнд ашигтай байрлалд газар олж өгөхөөр худалдагч Г.Л, С.Г нартай холбогдож, улмаар Г.Лын эзэмшлийн 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмших эрхийг Х.Бийн эхнэр Э.Нт шилжүүлэхэд оролцсон.
6. Анхан шатны шүүх нотлогдож байгаа хэмжээгээр буюу Б.Аын бусдад шилжүүлээгүй мөнгөн хөрөнгө 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
7.1. Нэхэмжлэгч Х.Б нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Г.Лаас түүнд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн ..... дүүрэг, .... хороо, ..... гудамж, 11 тоот хаягт байрлах ..... тоот улсын бүртгэлийн дугаартай 699 м.кв талбайтай газар эзэмших эрхийг өөрийн эхнэр Э.Нт шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг хүлээн авсанд тооцох тул үүргийг хүлээн аваагүй талаар гомдол үндэслэлгүй.
7.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар итгэмжлэлийн агуулгыг тайлбарлахад Г.Л нь Х.Бөд 20,000,000 төгрөгийн үнэтэй газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээнд төлөөлөх итгэмжлэлийг олгосон, мөн дээрх газар эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээ 20,000,000 төгрөг байсан талаар гэрч С.Г, Г.Л, Ч.М нар мэдүүлсэн.
Нэхэмжлэгч нь ..... дүүрэг, .... хороо, ..... гудамж, 11 тоот хаягт байрлах ..... тоот улсын бүртгэлийн дугаартай 699 м.кв талбайтай газар эзэмших эрхийг өөрийн эхнэр Э.Нт шилжүүлсэн атлаа дахин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр хариуцагчаас мөнгөн хөрөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/02587 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 гэснийг 399 дүгээр зүйлийн 399.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР