Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

   Шүүгдэгч: И.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Игийн Ад холбогдох эрүүгийн 1835002830220 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД:ОЗ97072918/ Т овгийн Игийн А.

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч И.А нь 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 12-08 тоотод байрлах хохирогч Б.Тын гэрээс түүний иргэний үнэмлэхийг зориуд хулгайлсан, мөн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны “Өгөөмөр” тооцооны төвөөс хохирогч Б.Тын баримт бичиг /иргэний үнэмлэх/ ашиглаж, түүний 5830048066 тоот данснаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас хохирогч Б.Тын баримт бичиг /иргэний үнэмлэх/ ашиглаж, түүний 5830048066 тоот данснаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг залилж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгдэгч И.Аг залилах, баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч И.А нь 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хохирогч Б.Тын гэрт ирж хонохдоо хохирогчийн иргэний үнэмлэхийг авч, улмаар хохирогчийн иргэний үнэмлэхийг ашиглан 2 удаагийн үйлдлээр Хаан банкнаас нийт 800.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь Хохирогч Б.Тын хэрэг бүртгэлтийн шатан өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн иргэний үнэмлэхээ хулгайд алдсан бөгөөд тухайн өдөр уг иргэний үнэмлэхийг хэн нэгэн хүн ашиглаж миний Хаан банкны 5830048066 тоот данснаас 600.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөг, нийт 800.000 төгрөг авсан байсан. Би тухайн өдөр өөрийн иргэний үнэмлэхээ гэртээ хувцасны шкафны дээд талд тавиад орхичихсон байсан. Миний хаан банкны 5830048066 тоот дансанд 1.017.400 төгрөг байснаас 800.000 төгрөг алдагдаж одоо 216.700 төгрөг үлдсэн байна. Уг 216.000 төгрөгийн гарган авсан. Манайд И.А ирээд байдаггүй. 2018 оны 7 дугаар сарын 20-ны үед би ганцаараа гэртээ байж байхад манайд ирж хоносон. Түүнээс хойш ирээгүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө манай гэрт шөнө дунд ирж хоносон. Шөнө хүрээд ирэхээр нь би гэртээ хонуулсан. И.А дансанд мөнгө байгааг хэрхэн яаж мэдснийг мэдэхгүй. Би уг нь дансандаа мөнгө байгааг И.Ад хэлээгүй надаас мөнгө зээлээч гэж гуйж байхад нь би зөвшөөрөөгүй. Би ганцаараа гэртээ унтаж байхад И.А ганцаараа ирж хоносон манай гэрт А бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний дансанд байсан мөнгө миний өөрийн мөнгө байсан. Би өөрийнхөө 800.000 төгрөгийг болон иргэний үнэмлэх захиалахад гарсан зардлыг нэхэмжилж байна. Би иргэний үнэмлэхээ хулгайд алдчихаад дахин иргэний үнэмлэх захиалж авсан. Би анх карт авч байхад банкинд гарын үсгээ бүтэн нэрээрээ бичсэн тул түүгээр хадгалагдсан байсан. Би одоо гарын үсгээ өөрчилсөн байгаа. Би иргэний үнэмлэхээ хулгайд алдчихаад 2018 оны 9 дүгээр сарын дундуур Иргэний бүртгэлийн хэлтэст очиж иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэж 20.000 төгрөгөөр торгуулж 18.300 төгрөгөөр шинээр иргэний үнэмлэхээ захиалсан. Одоо удахгүй шинэ үнэмлэх гарах тул хулгайд алдсан иргэний үнэмлэх одоо надад шаардлагагүй...” /хх-ийн 30-33 тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч Хаан банкны хууль ёсны төлөөлөгч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны “Өгөөмөр тооцооны төвөөс хохирогч Б.Тын баримт бичиг /иргэний үнэмлэх/ ашиглаж түүний 5830048066 тоот данснаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас хохирогч Б.Тын баримт бичиг /иргэний үнэмлэх/ ашиглаж, түүний 5830048066 тоот данснаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг Хаан банкинд нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан үйлдлийн улмаас манай банкинд ямар нэгэн хохирол учраагүй. Тухайн үед банкнаас мөнгө аваад авсан хүн нь цагдаад хандаж хохирлоо барагдуулсан байсан...” /хх-ийн 132-133 тал/ гэх мэдүүлэг

гэрч Б.Оийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь Хаан банкны Өгөөмөр тооцооны төвийн 1 давхарын гүйлгээний заалны 3 дахь цонхонд иргэдэд үйлчилж байсан. Тэгээд 10 цаг 50 минутын үед үл таних хүн иргэний үнэмлэхээ үзүүлээд данснаасаа мөнгө авья гэж хэлээд надад үнэмлэхээ өгсөн. Би тухайн хүний регистрийн дугаар дансыг нь шүүлт хийж үзэхэд тухайн хүн 600.000 төгрөг авья гэж хэлээд надад зарлагын баримт бөглөж өгсөн. Тэгээд би гарын үсгийг нь тулгаж харахад Т гэж бичсэн, үндсэн гарын үсэгтэй төсөөтэй байсан болохоор уг зарлагын баримтыг авч тухайн хүнд 600.0000 төгрөгийг 5830048066 тоот данснаас гаргаж өгсөн. Тухайн үед миний теллер дэх мөнгө хүрэлцэхгүй байсан учраас зузаатгал авч 600.000 төгрөгийг 10.000-ын 60 ширхэг дэвсгэртээр өгсөн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Б.Т гэх хүн ирж би өөрийн дансаар гүйлгээ хийгээгүй, миний иргэний үнэмлэхийг хэн нэгэн хүн ашиглаж миний дансаас мөнгө гаргаж авсан байна” гэж хэлсэн. Тэгээд би харилцааны менежерийн хамт камерын өрөө рүү орж гүйлгээ хийсэн үеийн бичлэгийг үзэхэд Б.Т биш өөр хүн ирж гүйлгээ хийсэн байсныг мэдсэн. Би тухайн хүний нүүр царайг иргэний үнэмлэх дээр зурагтай тулгалт хийж харсан. Тэгэхэд иргэний үнэмлэх дээрх зурагтай адилхан учраас би уг гүйлгээг хийж өгсөн юм. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирж гүйлгээ хийсэн этгээд хөх өнгийн жинсэн өмдтэй, шаргал өнгийн цөлийн шар гуталтай хар өнгийн цамцтай, цоохор өнгийн малгайтай цамц хүзүүний дээд хэсгээр тохсон 20 орчим насны 165 орчим см өндөр нуруутай, бор царайтай, урт дээш босгосон үстэй залуу байсан. Тухайн хүн зарлагын баримт дээр 5830048066 гэсэн дансны дугаар, 600.000 төгрөг гэсэн мөнгөн дүн, 99454906 гэсэн утасны дугаар, гарыг үсгийг дуурайлган Т гэж бичсэн байсан. Би тухайн үед тухайн этгээдийн бичсэн гарын үсгийг харахад тохирч байгаа юм шиг харагдаж байсан. Дараа нь хянаж харахад баталгаат гарын үсэг нь овгийн эхний Б үсгээр зөрч байсныг мэдсэн...” /хх-ийн 34 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Агийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үдийн цайны цаг болох гэж байсан ба миний урд нэг хүн гүйлгээ хийж байсан юм. Тухайн хүн гүйлгээ хийхдээ явуулах хүний дансаа мэдэхгүй гар утсаар ярьж байхад тухайн залуу зарлагын баримт өгчих гээд паспортаа өгөхөөр нь би баримт өгөөд регистртэй тулгаж харахад таарч байсан. Мөн гарын үсэг нь адилхан юм шиг байхаар нь гүйлгээ хийж 200.000 төгрөг өгөөд тухайн цагаан фудболкатай нөхөр мөнгөө аваад гараад явчихсан. Би олон үйлчлүүлэгчтэй байсан бөгөөд иргэний үнэмлэх баримт бичгийг нүүр царай дүр төрхтэй, гарын үсэгтэй харьцуулж гарсан. Гэхдээ гарын үсэг харьцуулж харахад ойролцоо харагдсан, дүр төрхийг сайн харьцуулж хараагүй. Ер нь үйлчлүүлэгч нар иргэний үнэмлэх дээрх зургаас өөр дүр төрхтэй болчихсон тохиолдол олон байдаг юм. Тиймээс сайн харьцуулж хараагүй. Зарлагын баримт бөглөхдөө тухайн залуу дансны дугаар, утасны дугаар бичиж хүлээн авагч, харилцагч гэсэн хэсэгт гарын үсэг зурж бичиг баримтын хамт өгсөн. Би зарлагын баримтын харилцагч, хүлээн авагчийн хэсэгт Б.Т гээд биччихсэн байсан ба баталгаат гарын үсэг харахад мөн Т гээд биччихсэн байсан. Надад гарын үсэг нь адилхан харагдсан” /хх-ийн 38-39-р тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч И.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2018 оны 7 дугаар сарын 13-наас хойш ажилгүй Улаангом суманд О гэдэг ахын гэрт байсан. Би хохирогч Б.Ттай багын найз нөхдийн холбоотой. Бид хоёр Наранбулаг суманд нэг ангид сурч байсан. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т бид хоёр уулзсан учир нь Б.Т би нэг гуанз гаргах гэж байгаа юм ямар эд зүйлс шаардлагатай байдаг юм бол гэж бид хоёр хоорондоо ярилцаад бид хоёр салж би Цэдэнбалын талбай дээр суугаад үлдсэн. Тэгээд харанхуй болчихоор нь би Т руу залгаж би танайд очиж хоноё гэхэд зөвшөөрч би тэр шөнө Б.Тынд хоноод иргэний үнэмлэхийг нь аваад гарсан. Би тухайн үед босоход Б.Т орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би гарахдаа гэрт нь орны дэргэд байсан Б.Тын иргэний үнэмлэхийг нь аваад гарсан. Би тухайн үед Б.Тын данснаас иргэний үнэмлэхийг нь ашиглаж мөнгө авч болох юм байна гэж бодоод иргэний үнэмлэх нь харагдахаар авчихсан. Тэднийхээс гараад Оын гэрт очиж хувцас аваад Хаан банкны Улаангом сумын Өгөөмөр тооцооны төвөөс мөнгө авахаар очсон. Миний байсан айлаас хамгийн ойр нь Өгөөмөр тооцооны төв байсан бөгөөд тэнд очоод очерлож байгаад теллер дээр очиж Б.Тын иргэний үнэмлэхийг өгч данснаас мөнгө авах гэсэн юм гэж хэлэхэд баримт өгч бөглүүлсэн би баримтыг авч гарын үсгээ Т гэж бичээд дансны дугаарыг нь бичээд 600.000 төгрөг гэж бичээд өгсөн. Тэгсэн надад теллер 600.000 төгрөг гаргаж өгсөн бөгөөд түүнийгээ аваад тэр өдрөө 15 цагт Улаанбаатар хот руу явна гэсэн замын унаанд сууж Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа Архангай аймгийн хотонт суманд хоол идэж, цуг явсан хүмүүс хоол идэж байх хооронд Архангай аймгийн Хотонт сумын Хаан банкнаас мөн 200.000 төгрөг гаргуулж авсан. Тухайн үед би мөнгө дансны дугаар, авах мөнгөн дүнгээ бичээд гарын үсгээ Т гэж бичээд өгөхөд мөнгө гаргаж өгсөн. Тэгээд Улаанбаатар хот руу орж 2 хоногийн дараа Б.Т руу залгаад чиний мөнгө авсан шүү буцааж хийнэ гэдгээ хэлэх гэхэд миний өөдөөс би чамайг цагдаад өгсөн гэж хэлсэн. Би уг нь Улаанбаатар хот очсоныхоо 2 хоногийн дараа Андын зам ХХК-д барилгын туслах ажилтангаар ажилд орчихсон байсан. Би Тын дансанд мөнгө байгааг мэдэж байсан. Би түүний иргэний үнэмлэхийг хулгайлж авахаас 7 хоногийн өмнө Б.Т бид хоёр нийлж пиво ууж байсан. Тэгэхэд Б.Т надад Хаан банкны карт өгч АТМ-ээс мөнгө авах гэхэд АТМ мөнгөгүй байсан тул дэлгүүр орж картаар тооцоо хийсэн. Тэгээд Б.Тд картыг нь өгөхөд Т надад хандаж миний дансанд 1.300.000 төгрөг байгаа надад мессеж ирдэг юм гэж хэлж байсан. Тэгээд би түүний дансанд мөнгө байгаа гэдгийг мэдсэн. Би Б.Таас 2018 оны 5 дугаар сард 20.000 төгрөг зээллэж аваад түүний данс руу буцааж хийж байсан болохоор дансыг нь мэдэж байсан. Би Б.Тын гарын үсгийг мэдэхгүй. Би Т гээд бичмэлээр бичсэн тэгээд л авчихсан” гэх мэдүүлэг,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хаан банкны 2018 оны 8 дугаар сарын 02, 03-ны өдрүүдийн зарлагын мэдүүлэг дээрх гарын үсгүүд болон тоонууд нь И.Агээс авсан гэх туршилтын загварын гар бичмэлтэй тохирч байна. Харин Б.Тын бичгийн хэвтэй тохирохгүй байна. И.Агийн бичгийн хэвтэй хөдөлгөөний холболт, хэмжээ, хэлбэр зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх 18/58 тоот дүгнэлт,

иргэн Б.Тын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Б.Тын данснаас 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 600.000 төгрөгийг авсан зарлагын баримт, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 200.000 төгрөгийг авсан зарлагын баримт, Увс аймаг дахь Хаан банкны Өгөөмөр тооцооны төвийн хяналтын камерын бичлэг бүхий сиди, гэрэл зураг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны 1/397 дугаар тодорхойлолт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч И.А нь 2018 оны 8 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-08 тоотод байрлах багын найз Б.Тын гэрт очиж хоносон байх ба өглөө гэрээс нь гарахдаа Б.Тын иргэний үнэмлэхийг эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авсан байна.

Шүүгдэгчийн “...Б.Таас мөнгө зээлээч гэхэд өгөөгүй, Б.Тын дансанд мөнгө байгааг би мэдэж байсан. Тэгээд түүний иргэний үнэмлэх байхаар нь ашиглаж болох юм байна гэж бодоод аваад гараад явсан...” гэх мэдүүлгээс шүүгдэгч И.А нь хохирогч Б.Тын иргэний үнэмлэхийг шунахай сэдэлтээр, хууль бусаар зориуд хулгайлан авсан байх тул Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1-д заасан “...иргэний ...үнэмлэх, ...баримт бичгийг зориуд хулгайлсан...” гэмт хэргийн шинж хангагджээ.

Мөн шүүгдэгч И.А нь хохирогч Б.Тын иргэний үнэмлэхийг хулгайлан авсны дараа 2018 оны 8 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны “Өгөөмөр” тооцооны төв, Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбарын теллер Б.О, Д.А нарт иргэн Б.Тын иргэний үнэмлэхийг өөрийнх мэтээр үзүүлж, гарын үсгийг дуурайлган зурж хохирогчийн данснаас нийт 800.000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон.  

Шүүгдэгчийн энэ хохирогч Б.Тын иргэний үнэмлэхийг ашиглаж, Хаан банкны ажилтныг хуурч, төөрөгдөлд оруулан 2 удаагийн үйлдлээр 800.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч И.А нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготойгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Иймд прокуророос шүүгдэгч И.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч И.Аг баримт бичиг хулгайлах, залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Баримт бичиг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тд нийт 38.300 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь хэргийн 52 дахь талд авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн Цагдаагийн газарт гаргаж өгсөн “Монгол улсын иргэний үнэмлэхийг 18.300 төгрөгөөр захиална. Иргэний үнэмлэхээ гээсэн, хугацаа дууссан бол зөрчлийн тухай хуулиар 20.000 төгрөгийн торгууль төлнө” гэсэн албан бичиг, хэргийн 33 дахь талд авагдсан хохирогч Б.Тын “...би иргэний үнэмлэхээ хулгайд алдчихаад 2018 оны 9 дүгээр сарын дундуур Иргэний бүртгэлийн хэлтэст очиж иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэж 20.000 төгрөгөөр торгуулж, 18.300 төгрөгөөр шинээр иргэний үнэмлэхээ захиалсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Хаан банкинд нийт 800.000 төгрөгийн хохирол учирсан нь гэрч Б.Оийн “...тухайн хүн 600.000 төгрөг авья гэж хэлээд надад зарлагын баримт бөглөж өгсөн. Тэгээд би гарын үсгийг нь тулгаж харахад Т гэж бичсэн, үндсэн гарын үсэгтэй төсөөтэй байсан болохоор уг зарлагын баримтыг авч тухайн хүнд 600.0000 төгрөгийг 5830048066 тоот данснаас гаргаж өгсөн. Тухайн үед миний теллер дэх мөнгө хүрэлцэхгүй байсан учраас зузаатгал авч 600.000 төгрөгийг 10.000-ын 60 ширхэг дэвсгэртээр өгсөн. Тухайн хүн зарлагын баримт дээр 5830048066 гэсэн дансны дугаар, 600.000 төгрөг гэсэн мөнгөн дүн, 99454906 гэсэн утасны дугаар, гарын үсгийг дуурайлган Т гэж бичсэн байсан. Би тухайн үед харахад тохирч байгаа юм шиг харагдаж байсан. Дараа нь хянаж харахад баталгаат гарын үсэг нь овгийн эхний Б үсгээр зөрж байсныг мэдсэн...”, гэрч Д.Агийн “...тухайн залуу зарлагын баримт өгчих гээд паспортаа өгөхөөр нь би баримт өгөөд регистртэй тулгаж харахад таарч байсан. Мөн гарын үсэг нь адилхан юм шиг байхаар нь гүйлгээ хийж 200.000 төгрөг өгөөд тухайн цагаан фудболкатай нөхөр мөнгөө аваад гараад явчихсан. Зарлагын баримт бөглөхдөө тухайн залуу дансны дугаар, утасны дугаар бичиж хүлээн авагч, харилцагч гэсэн хэсэгт гарын үсэг зурж бичиг баримтын хамт өгсөн. Би зарлагын баримтын харилцагч, хүлээн авагчийн хэсэгт Б.Т гээд биччихсэн байсан ба баталгаат гарын үсэг харахад мөн Т гээд биччихсэн байсан..”гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч И.А нь залилах гэмт хэргийн улмаас учирсан 800.000 төгрөгийн хохирлын 600.000 төгрөгийг Увс аймгийн Хаан банкны Өгөөмөр тооцооны теллерт, 200.000 төгрөгийг Б.Тын Хаан банкны 5830048066 тоот дансанд тус тус төлж барагдуулсан, харин баримт бичиг хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу хохирогч Б.Тын иргэний үнэмлэх шинээр захиалж авахад гарсан зардал болох 38.300 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч И.А-гээс 38.300 төгрөг гаргуулж, хохирогч Б.Т-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгчид И.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч И.А нь залилах, баримт бичиг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Н.Игийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/997 тоот албан бичиг, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 268 тоот албан бичиг, Увс аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 534 тоот тодорхойлолт /хх-ийн 40, 66, 68, 70, 72, 77 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.А урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувьдаа тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгө байхгүй, өрх тусгаарлаж гараагүй, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Наранбулуаг сумын 4 дүгээр багт амьдардаг болох нь тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч И.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450 нэгжээс 10400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зураан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч И.Агийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч И.Ад шүүхээс оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.Ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Тын иргэний үнэмлэх 1 ширхэг, хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхэг, Хаан банкны зарлагын баримт 2 ширхэг эх хувиар тус тус хурааж, эд мөрийн баримтаар ирүүлсэн байна.

 

            Хаан банкны зарлагын баримт нь тус банкинд эх хувиараа хадгалж архивлагддаг санхүүгийн баримт тул тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Хаан банкинд хэрэгцээний дагуу буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин хохирогч Б.Тын иргэний үнэмлэх эзэмшигчдээ шаардлагагүй болсон буюу дахин шинээр иргэний үнэмлэх авсан нь тогтоогдож байх тул уг иргэний үнэмлэх болон хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зөв гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч И.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Игийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “баримт бичиг хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Т овогт Игийн Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.Ад сануулсгай.

5. Шүүгдэгч И.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохиролд 800.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т овогт Игийн Агээс 38.300 /гучин найман мянга гурван зуун/ төгрөг гаргуулж, Увс аймаг Улаангом сум 9-р багийн 12-08 тоотод оршин суух /РД:ОЗ98122816/ М овогт Бын Тд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны зарлагын баримт 2 ширхэгийг хохирогч Хаан банкинд буюу тус байгууллагын хууль ёсны төлөөлөгч болох Хаан банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн эрхлэгч Ггийн Цд буцааж олгохыг шүүгчийн туслах Х.Сувд-Эрдэнэд даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэг, хохирогч Б.Тын иргэний үнэмлэх 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсгахаар тогтсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА