Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01515

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 210/МА2024/01515

 

 

 

Ж.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02232 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Пийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-нд холбогдох,

 

50,587,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Ж.П нь М ХХК-тай 2018 оны 05 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба дээрх гэрээгээр .... дүүрэг, ... хороо, ... хороолол, .... гудамж, ... байр, 5 давхар, 42.6 м.кв, 2 өрөө орон сууцыг 72,420,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Ингээд 2018 оны 07 сарын 20-ны өдөр орон сууцандаа орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байна.

Гэрээний 4.1-т заасны дагуу гэрээ байгуулагдсан өдөр буюу 2018 оны 05 сарын 18-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөг, М ХХК-ийн захирал Г.Гийн Хаан банк дахь ..... тоот дансанд 5,000,000 төгрөг, 4,484,000 төгрөг, нийт 14,484,000 төгрөг буюу гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцны нийт үнийн 20 хувийг төлсөн.

...М ХХК-д 10,000,000 төгрөг, М ХХК-ийн захирал Г.Гийн Хаан банк дахь ..... тоот дансанд 28,624,000 төгрөг, төсөл хэрэгжүүлэгч Ж.Гын Хаан банк дахь ..... тоот дансанд 33,796,000 төгрөг. нийт 72,420,000 төгрөгийг бүрэн төлсөн.

...Орон сууцны төлбөрөө төлж дууссаны дараагаар гэрээнд заасан ёсоор өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх шаардлагыг М ХХК-д тавихад тус компани нь шинээр барьж байгаа өөр барилга болох 74а байрыг барихын тулд Хөгжлийн банкнаас зээл авсан байсан.

Ингээд тус компанид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг М ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байрны өмчлөгч Хөгжлийн банктай харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 11 сарын 30-ны өдөр Хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 50,587,500 төгрөгөөр байрыг худалдан авснаар өмчлөгч болсон тул өмчлөх эрхийн маргаангүй болсноор хохирол нэхэмжлэх шаардлага үүссэн тул шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

...тус компани үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ Ж.П байрандаа амьдарч байхад нь түүнд мэдэгдэлгүйгээр М ХХК, Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд 2019 оны 8 сарын 26-ны өдөр байгуулсан 2/122 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний дагуу Өгөөмөр хотхон, ... байрны 132 орон сууцнаас 45 орон сууцыг захиалагч, суугчдын зөвшөөрөлгүйгээр тус банканд барьцаалж гэрээний үүргийг ноцтой зөрчсөн.

...М ХХК ийнхүү гэрээний үүрэг зөрчсөн тул Ж.П байрны өмчлөх эрхийг олж авахын тулд Хөгжлийн банкнаас байрыг дахин худалдан авч 50,587,500 төгрөг төлсөн.

М ХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс нэмэлт зардал гаргаж хохирсон тул уг 50,587,500 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Ж.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. М ХХК нь Ж.Гтай 2017 оны 07 сарын 06-ны өдөр 0/01 тоот хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр Ж.Г манай компанийн .... дүүрэг, ... хороо, ... хороолол, ...., ... байр, 132 айлын 12 давхар, 2 орцтой орон сууцны барилгыг барихад шаардагдах санхүүжилт, 70 хувийн хөрөнгө оруулалтыг тэрээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, тухайн барилгаас орон сууц, үйлчилгээний талбай авахаар тохиролцсон.

Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу Ж.Гт хуваарилагдах байсан байрыг урьдчилж бусдад худалдан борлуулж, ийнхүү худалдан борлуулсан мөнгөө тэрээр манай компанид өгье гэсэн тохиролцоог хийсэн.

Уг тохиролцооныхоо дагуу Ж.Птэй Ж.Г нь 2018 оны 05 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр .... дүүрэг, ... хороо, ... хороолол, .... гудамж, ... байр, 5 давхарт 23 тоотын 2 өрөө, 42,6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 72,420,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч Ж.П нь 2018 оны 05 сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 сарын 24-ний өдрийн хооронд М ХХК-д 10,000,000 төгрөг, М ХХК-ийн захирал Г.Гийн Хаан банк дахь ..... тоот дансанд 28,624,000 төгрөг, нийт 38,624,000 төгрөгийг М ХХК-д бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн.

Харин нэхэмжлэгч Ж.П нь 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс 2020 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ж.Гт нийт 33,796,000 төгрөг шилжүүлсэн байх ба уг мөнгийг манай компанийн зүгээс хариуцах боломжгүй.

Ж.Г 33,796,000 төгрөгийг Ж.Пээс хүлээн авсан боловч манай компанид шилжүүлээгүй байсан. Ж.Г иргэдээс авсан байрны төлбөрийг манай компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй, орон сууцууд хураагдан Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн.

Орон сууцууд Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн учраас манай компани Ж.Гын хувьдаа ашигласан төлбөрийг хариуцах үндэслэлгүй.

...Ж.Гт манай компанийн зүгээс оршин суугчтай гэрээ хэлцэл байгуулах, орон сууц худалдах эрх ерөөсөө өгөөгүй байтал Ж.Птэй гэрээ байгуулан, Ж.П түүнд мөнгө шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэж байгаа.

Талуудын хороонд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус учир хохирлыг М ХХК хариуцахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 50,587,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Пд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Пийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 520,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Пд олгож, 410,888 төгрөгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 410,888 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Пд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/002232 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .... захиалгын гэрээ хэрэгжих явцад буюу төсөл хэрэгжүүлэгч Ж.Гын банк дахь дансанд 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс 2020 оны 06 сарын 15-ны өдрийн хооронд захиалгын гэрээний төлбөр шилжүүлж байх явцад тухайн иргэний гэрээний төлбөртэй холбоотой хариуцагч тал маргаагүй атлаа хожим байр худалдан авагч тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад түүний төлсөн төлбөртэй холбоотой маргаж байгаа нь үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1- д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж үндэслэлтэй ба 2018 оны 05 сарын 12-ны өдрийн уг гэрээнд талууд буюу захиалагч Ж.П, төсөл хэрэгжүүлэгч М ХХК-ийг төлөөлөн Ж.Г нар хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зуран байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв. гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

М ХХК нь Ж.Гтай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №01 тоот Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.1.2.1-д Ж.Г нь манай компанийн .... дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, .... ... тоот үйлчилгээтэй 132 айлын 12 давхар 2 орцтой орон сууцны барилгыг барихад шаардагдах санхүүжилтийн 70%-ийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж тухайн барилгаас орон сууц, үйлчилгээний талбайг авахаар тохиролцсон. Энэ нь Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний 3.1.2.1-д тодорхой зааж өгсөн.

Гэтэл Ж.Г нь 70 хувийн хөрөнгөө оруулаагүй бөгөөд хөрөнгө оруулалтаа нэхэхээр баригдаж байгаа орон сууцуудаас хөрөнгө оруулаад дууссаны дараа өөрт нь ногдох байруудыг урьдчилан борлуулж авч бай гээд удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхээр нөхөж өгөөд, байр ашиглалтад орохоор уг байруудаа авна гэж хэдэн байр борлуулсны нэг нь Ж.Пийн байр байдаг. Мөн Ж.Гын хөрөнгө оруулалт бүүр орж ирэхгүй, сүүлдээ Хөгжлийн банкнаас зээл хөөцөлдөж байгаа, түүнийгээ орж ирэхээр хөрөнгө оруулалтаа нөхөж өгнө гэдэг болсон. Ингээд яг Хөгжлийн банкнаас зээл авахаар болоход хувь хүнд өгдөггүй юм байна, танай компаниар зээл авъя гэсэн. Манай компани хөрөнгө оруулагчтай тул зээл хэрэггүй гэхэд Хөгжлийн банкнаас зээл авчихвал танай компани байраа Хөгжлийн банкны 8 хувиар худалдан борлуулж болно, зээл авбал ашигтай гэхлээр нь Хөгжлийн банкны эдийн засагчаас нь асуухад үнэн, болно, танай компани энэ зээлээ авсны дараа 8 хувийн зээлээр орон сууцаа борлуулах хүсэлтээ өгчих гэсний үндсэн дээр манайх Хөгжлийн банкнаас зээл авсан Хөгжлийн банкнаас орж ирсэн эхний 1,1 тэрбум төгрөгийг Ж.Г өөрөө авсан бөгөөд хариуцаж төлнө гэсэн боловч зээлийн хүүгээ ч төлөөгүй Хөгжлийн банканд манай компанийн байрыг хураалгасан юм. Ийнхүү хураалгасан байранд Ж.Пийн байр багтсан байдаг. Хөгжлийн банкны барьцаанд хураалгасан байруудын үлдэгдэл төлбөрийг Ж.Г өөрөө нэхэж цуглуулж авч, Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт төлж барагдуулна гээд угаасаа Хөгжлийн банкны зээлийг төлчихвөл, оруулах хөрөнгө оруулалтаа нөхчхөж байгаа гэсэн үг, тэгэхлээр байрууд минийх болох ёстой гэсэн. Энэ цагаас хойш ковид гээд хүмүүс мөнгөө төлөхгүй байна, гэрчилгээ гараагүй, барьцаанд байгаа болохоор шалтаг тоочоод өгөхгүй байна гэдэг байсан. Гэтэл одоо хэрэгт ирсэн баримтаас харахад Ж.П нарын байрны үлдэгдэл төлбөрийг өөртөө цуглуулж авсан боловч Монгол Улсын Хөгжлийн банканд төлж барагдуулаагүй байдаг нь харагддаг.

Манай компанийн зүгээс Ж.Пийн Ж.Гт өгсөн төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна. Энэ талаар нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгч Ж.П нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа ... Ж.П байрандаа амьдарч байхад нь түүнд мэдэгдэлгүйгээр М ХХК, Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд 2019 оны 08-р сарын 2б-ны өдөр байгуулсан 2/122 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний дагуу Өгөөмөр хотхон, ... байрны 132 тоот орон сууцнаас 45 орон сууцыг захиалагч, суугчдын зөвшөөрөлгүйгээр тус банканд барьцаалж гэрээний үүргийг ноцтой зөрчсөн..' гэдэг.

Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хийхдээ ... байрнаас 2183 м.кв талбай бүхий 43 ширхэг байрыг м2-ыг 1 000 000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож зээлийн төлбөр шилжүүлж авах, гэрчилгээг банкны нэр дээр гаргуулахаар Монгол Улсын Хөгжлийн банкны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ЗУХ-ны шийдвэрлэж, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/938 тоот албан бичгийг манай компанид ирүүлсэн. Манай компанийн зүгээс давхар болон тоот тус бүрээр огт зааж өгөөгүй, маргаан бүхий орон сууцыг дур мэдэн барьцаалаагүй болно...

Гурав. Ж.П нарын нэр бүхий 19 иргэн .... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Мавангүи ХХК-д холбогдуулан маргаан бүхий орон сууцны төлбөрийн асуудлаар гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд дээрх баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д ...заасан хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчийн зүгээс дээрх баримтыг өөрсдөө бүрдүүлэх боломжгүй бөгөөд мөрдөн байцаагч, прокуророос тодруулахад хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гээд бидэнд өгдөггүй тул шүүхэд хүсэлт гарган авхуулах хүсэлтийг гаргасан.

Дээрх баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ач холбогдолтой баримт юм. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаараа нэхэмжлэгч тал ч маргадаггүй, цагдаа дээр гомдол гаргасан, харин биднийг дуудаагүй гэж тайлбарладаг ба уг цагдаагийн асуудал эцэслэн шийдвэрлэж дуусаагүй байхад гэрээний маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

Дөрөв. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэрэг хэлэлцэж эхлээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, 91.1.4-т ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол гэж тус тус заасны дагуу шүүгчээс татгалзсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүгчээс татгалзах эрхтэй гэж хуульд заасны дагуу шүүгчээс татгалзсан, уг татгалзал нь хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоогүй шүүгчийг хуулийг илт буруу хэрэглэж байгаа байдлыг харахад үндэслэл бүхий шийдэж чадах эсэхэд эргэлзээ төрж байгаа талаар тайлбарлаж, бичгээр татгалзлаа өгсөөр байтал шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор гэж тэмдэглэгдэж, тухайн шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

Учир нь хэргийн оролцогчдын шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх байтал шийдвэрлүүлээгүй хурлыг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.

Тав. Ж.П нарын байрыг Хөгжлийн банк өөрийн нэр дээр шилжүүлсэн цагаас Ж.Пд байрыг шилжүүлэх боломжгүй болсон. Түүнчлэн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн уг гэрээнд талууд буюу захиалагч Ж.П, төсөл хэрэгжүүлэгч М ХХК-ийг төлөөлөн Ж.Г нар хүсэл зориг өнөөдрийн нөхцөл байдалд өөрчлөгдсөн. Түүнчлэн Ж.Г болон манай компани хоорондоо хамтран ажиллах гэрээний маргаантай байгаа, Ж.П нарын иргэд Ж.Г болон манай компанийг байрны төлбөр аваад байраа өгөхгүй Хөгжлийн банканд шилжүүлж залилсан гэх гомдлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа зэргийг анхаараагүй шийдсэнд гомдолтой байна. Түүнчлэн гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх, биелэгдэх боломжтой байсан эсэхийг тогтоохдоо хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Ж.Пийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Гэрээний нийт үнийн дүнг нэхэмжлэгч Ж.П бүхэлд нь төлж барагдуулсан. Тиймээс хариуцагч тал Ж.Гын Ж.Пд өгсөн мөнгийг хариуцах ёстой. Ж.Г, Г.Г, М ХХК нарын хоорондын асуудал бидэнд хамааралгүй. Гэрээний дагуу зохих төлбөрийг төлж, үүргээ гүйцэтгэсэн тул гэрээ хүчин төгөлдөр. Ж.П гэрээнд гарын үсэг зурсны дараа Г.Г нэхэмжлэгчээс мөнгө авч байсан тул М ХХК-ийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэдэг тайлбар үндэслэлгүй. М ХХК-ийн тамга, тэмдэг ашигласантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлж байсан зүйл байхгүй... гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.П нь хариуцагч М ХХК-нд холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 50,587,500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ж.П нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр М ХХК-тай орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, .... дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, .... гудамж, ... байр, 23 тоот хаягт байрлах 72.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг 72,420,000 төгрөгт шилжүүлэн авахаар харилцан тохирчээ.

 

Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Хэдийгээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй боловч тухайн компанийн гүйцэтгэх захирал нь чухам хэн болохыг мэдэхгүй гуравдагч этгээд өөрийгөө компанийг төлөөлөх эрх бүхий хүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулж байгаа гэсэн ойлголтоор тийнхүү гэрээ байгуулсан бол үүнийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан гэж шууд буруутгах боломжгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан бөгөөд зохигчдын 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд хариуцагч компанийн тамга тэмдэг дарагдсан байх тул гэрээг хүчинтэй гэж үзэж энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба Ж.П нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр М ХХК-аас гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцыг хүлээн авч, улмаар тэрээр өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн данснаас М ХХК болон гүйцэтгэх захирал Г.Гийн дансанд 38,624,000 төгрөг, мөн гэрээнд гарын үсэг зурсан Ж.Гын дансанд 35,538,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

 

Энэ тохиолдолд худалдан авагч Ж.П Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг өөрөө болон бусдаар дамжуулан худалдагч М ХХК-нд гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

6. М ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан 4,000,000,000 төгрөгийн зээлийг төлж чадаагүй учир үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцуулсан байсан дээрх орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн өр төлбөрт тооцож өгснөөр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь энэхүү орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

Улмаар Ж.П нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, тухайн орон сууцыг 50,587,500 төгрөгөөр худалдан авч, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг худалдан авахад нийт 123,007,500 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон.

 

7. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан.

 

Гэвч М ХХК нь ийнхүү Ж.Пд үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар эрх нь хязгаарлагдсан орон сууцыг худалдсан, мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс орон сууц нь гуравдагч этгээдэд шилжсэний улмаас нэхэмжлэгч нь уг гуравдагч этгээдээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахад 50,587,500 төгрөгийн зардал гаргасан байх тул хариуцагчийг эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсан гэж дүгнэх нь үндэслэлтэй.

 

Иймд, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож, хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гуравдагч этгээдэд төлсөн 50,587,500 төгрөгийг түүнд учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот тогтоолын дагуу шүүгчийг зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн төлөө татгалзах нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

9. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлд заасан зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийн оролцогч нь өөрсдийн зүгээс хамааралтай нотлох баримтыг энэ хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ хэргийн хувьд хохирол нэхэмжилсэн шаардлагад орон сууцыг зөвшөөрөлгүй барьцаалуулсантай холбоотой цагдаад өгсөн гомдол хамааралгүй юм.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР