| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0126/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/138 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мт холбогдох эрүүгийн 1938001630127 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Бмаргалдан улмаар түүний хамар руу нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд, баруун нүдний салст, хамрын нуруунд цус хуралттай, хамрын нурууны баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Даян дээрхээс буцах замд машин жалаар гарахдаа хий эргэсэн. Тэгээд машин дотор байсан гурван залуутай машин түрхээр буусан...Би тэр эмэгтэйг цохисноо хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед зүс таних намайг цохисон залуу нэг хүрэн савтай пиво барьчихсан явж харагдсан. Бусад хүмүүсийг анзаараагүй. Тэндээс бид машиндаа сууж хөдөлж яваад удаагүй 30 орчим минут болсон байх янтгар авгай нар машин түрэхгүй байна гээд л хэрүүл эхлээд унасан. Тэр үед нь би ийм олон дүү нартай явж байхад эгч юу гэж түрэхэв дээ гэж хэлсэн. Адилхан жолооч нөхөртэй байж машин түрсэнгүй гэж байсан. Чи битгий олон юм яриад бай гэж хэлтэл надруу салаавч өгөөд байсан. Тэгээд л юу болсон юм нэг мэдсэн тэр Мөөлөө гэж залуу яах ийхийн зуургүй миний хамарлуу цохьчихсон...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-18 дугаар хуудас/,
Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Даяндээрхийн агуй дээр очоод газар үзчихээд буцах замд Баасанхүү гэж эмэгтэй хамгийн урд жолоочийн дэргэд сууж явсан залуутай маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед унтаад явж байсан юм. Тэгтэл гэнэт тэр машинд сууж явсан хүмүүс Чи яахаараа эмэгтэй хүн цохидог юм бэ? гэх зэргээр маргалдаад явчихсан. Тэгэхээр нь би сэрээд хартал Баасанхүү гэж эмэгтэйн хамраас цус гарчихсан байдалтай, цус гараад тогтохгүй байна гээд байж байсан. Гэтэл автомашин зогсоод дотор нь явж байсан хүмүүсийн зарим нь буучихсан автомашины гадна талд хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгээд удалгүй эргэж автомашиндаа суугаад хөдөлцгөөсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Н.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Даяндээрхийн агуй дээр очоод газар үзчихээд буцаад явах замд жолоочийн дэргэд сууж явсан үл таних залуу Баасанхүү гэж хүнийг Бууж автомашин түрсэнгүй гичий чинь гэж хэлэх шиг болсон. Тэгээд л Б-үү болон жолоочийн дэргэд сууж явсан залуу хоёрын дунд хэрүүл маргаан үүсч эхэлсэн. Тэгтэл гэнэт автомашин дотор явсан хүмүүс Чи яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ? гээд маргалдаад эхлэхээр нь би хартал Баасанхүү гэж эмэгтэйн хамарнаас нь цус гарчихсан уйлаад байж байсан. Тэгтэл автомашины жолооч замаас гараад зогстол автомашин дотор явж байсан хүмүүс буугаад машины гадна гарчихсан хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/,
Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Агуйгаас уруудаад их хол яваагүй нэг жалга гарах гээд тэр үед л зодоон болсон...Баасанхүү гэх эмэгтэйн хамар шалбарчихсан уу гэлтэй хамаараас нь цус гарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг
/ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхбилэг автомашин дотор сууж үлдсэн эмэгтэй хүмүүст хандаж ямар нь бууж түрээд ямар нь сууж үлддэг юм гэх утгатай зүйл яриад хэрүүл дундаа гичий минь гэж Баасанхүү эгчтэй хэрүүл хийгээд байх шиг байсан. Тухайн үед Мөнхбилэг миний дэргэд, Баасанхүү эгч зүүн талд сууж явсан. Тухайн үед Мөнхбилэг Баасанхүү эгчийг нэг л удаа гараараа цохисон байх өндийгөөд хартал Баасанхүү эгчийн хамарнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 02 дугаар сары 13-ны өдрийн 90 дугаартай
1. Н.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд, баруун нүдний салст, хамрын нуруунд цус хуралттай, хамрын нурууны баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Н.Бгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоолын хуулбар /ХХ-ийн 54-57, 59-83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938001630127 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Бмаргалдан улмаар түүний хамар руу нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-18 дугаар хуудас/,
Гэрч Н.Мягмарсүрэнгийн /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Н.Б-ий /ХХ-ийн 24-26-р хуудас/, гэрч Н.О-ын /ХХ-ийн 29-30-р хуудас/, Гэрч Д.М-ийн /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 02 дугаар сары 13-ны өдрийн 90 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 57, 59-83 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Хохирогч Н.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938001630127 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Мхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938001630127 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн
баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР