Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01516

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 210/МА2024/01516

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ТББ-д холбогдох,

 

90,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, Д.Н, өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

С ХХК нь А ТББ-тай 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ХА-22/598 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний зорилго нь А ТББ Меррит зарчим уран сайхны киног чанарын өндөр түвшинд бүтээж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгч Ай Пи ТВ /IPTV/ болон ОТТ /Over Тhе Тор/ платформын видео санд TVOD хэлбэрээр байршуулж нийтэд түгээх байсан. Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар бүтээлийн нийт төсөв нь 121,000,000 төгрөг байх бөгөөд 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар С ХХК нийт төсвийн 50 хувь буюу 60,500,000 төгрөгийг гаргахаар тохиролцож 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 30,250,000 төгрөг, 6 дугаар сарын 24-ний өдөр 30,250,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн ч А ТББ гэрээгээр тохирсон хугацаанд бүтээлийг нийлүүлээгүй. С ХХК-ийн зүгээс боломж олгон нэмэлт хугацаа тогтоож гэрээг хэрэгжүүлэхээр хичээсэн боловч үр дүнд хүрээгүй, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22/1348 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Хамтран ажиллах гэрээний 7.1 дүгээр дугаар зүйлийн 7.1.2-т ... заасны дагуу гэрээг цуцалж буйг мэдэгдсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23/19 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр ...Хамтран ажиллах гэрээ-г ...цуцалсан болохыг мэдэгдэж, төлбөрийг буцаан шилжүүлэх шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд С ХХК-ийн зүгээс А ТББ-ын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулах, төлбөр барагдуулах хэлцэл байгуулах талаар санал санаачилга гаргасан боловч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүртэл хохирсоор байна. ...А ТББ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлээс шалтгаалан уг гэрээ хэрэгжээгүй. С ХХК-ийн зүгээс А ТББ-д гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжийг олгосон боловч тус байгууллага гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй. Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д ...заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн ХА-22/598 дугаартай Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...заасны дагуу гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд бүтээлийг хүлээлгэн өгөөгүй, гуравдагч этгээдээс олсон орлогыг шилжүүлээгүй, хугацаа тогтоосон үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцно гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т ..., 232.6-д ...гэж тус тус заасны дагуу алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч А ТББ-аас гэрээний төлбөрт шилжүүлсэн 60,500,000 төгрөг, алданги 30,250,000 төгрөг, нийт 90,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А ТББ-аас шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1,205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч А төрийн бус байгууллагаас 90,750,000 /ерэн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 611,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн ХА-22/598 дугаартай Хамтран ажиллах гэрээний дүн 60.500.000, алданги 30.250.000 төгрөг нийт 90.750.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

А ТББ-ийн төлөөлөгч миний бие 2024 оны 04 дүгээр сарын 23 өдөр товлогдсон шүүх хуралдаанд 10 минут хоцорч очсон шүүх хуралдаанд хоцорч очих замын түгжээ их байгаа талаар туслахад утсаар мэдгэсэн Баянзүрх дүүргийн шүүхэд очсон дариу хуралдаанд оруулж өгөөч гэж туслахад гуйсан боловч шүүх хуралдаан эхэлсэн хуралд оролцох боломжгүй гэж хариу өгсөн учраас миний бие иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхээ эдэлж чадаагүй мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй гомдолтой байна.

А ТББ нь С ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн ХА-22/598 дугаартай гэрээгээр Меррит зарчим нэртэй уран сайхны киног хийж 2022 оны 10-р сарын 11-ний өдрөөс эхлэн бүх IРТVOD болон ОТТ платформын видео санд ТV хэлбэрээр байршуулж эхлэхээр тохиролцсон мөн гэрээний үндсэн хугацаа 2 жил байхаар гэрээ байгуулсан.

Анх гэрээ байгуулах үед кино бүтээлийн нийт төсвийг 121.000.000 төгрөг байхаар гэрээ байгуулагдсан бөгөөд С 60,500,000 төгрөгийг, Архдын хүч ТББ нь төслийн үлдсэн 50 хувийг гаргах талаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу манай байгууллага киноны зохиол холбогдох бусад зардлыг гаргаж ажилсан гэтэл бодит байдал дээр тухайн киног хийхэд гарах нийт зардал 400 орчим сая төгрөг болж гэрээний төсөв нэмэгдсэн төслийн чанар стандартыг сайжруулах зорилгоор зохиолд найруулга зүй, логикийн өөрчлөлт оруулахад жүжигчид өөрчлөгдөх байгаль цаг агаарын байдлыг дахин төлөвлөх нөхцөл байдал үүссэн.

Энэ талаар нөгөө талдаа удаа дараа мэдэгдэж гэрээг сунгах нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал тавьж байсан боловч хүлээж аваагүй энэ талаар холбогдох баримтыг шүүхэд шүүх хуралдаанд гаргаж өгөх гэсэн боловч боломж олдоогүй шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн Гэрээний 7.4-т Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтийг аль нэг тал нөгөө талдаа хуанлийн 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гэрээнээс татгалзах эсэхийг талууд хамтран шийдвэрлэн гэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

А ТББ-аас удаа дараа С ХХК-д гэрээг өөрчлөх гэрээнд хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн талаар албан бичгээр мэдэгдэж байсан болохоос гэрээнээс татгалзах талаар тохиоролцож байгаагүй атал анхан шатны шүүх С ХХК хамтран ажиллах гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 60.500.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж хүчин төгөлдөр хугацаа нь дууссан гэрээг татгалзсан байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хамтран ажиллах гэрээ хэн хэндээ ашигтай, алдагдал эрсдэлээ хамтран хариуцдаг гэрээ байхад гэрээнд үүссэн эрсдэлийг зөвхөн А ТББ буруутай гэж үзэж байгаа нь хууль болон гэрээг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/0222 дугаартай шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

Нэг...2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаан товлосон тухай хэргийн оролцогчдод мэдэгдэж гарын үсэг зураалан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн болно.

...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа миний бие тус өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэнд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Хоёр...А ТББ нь гэрээгээр тохиролцсон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй. ...удаа дараа уулзалд зохион байгуулах, албан бичиг хүргүүлэх зэргээр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг сануулж боломжит хугацаа олгосон. ...Хамтран ажиллах гэрээг-г гэрээ болон хуульд заасан үндэслэлээр цуцалж гэрээний үүрэгт шилжүүлсэн 60,500,000 төгрөг болон алдангийг шаардсан.

Гурав...А ТББ нь Хамтран ажиллах гэрээ-ний 5.1.2, 5.1.3, 5.5, 5.7-д ...тус тус заасныг зөрчсөн. Гэтэл А ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй атлаа, хууль болон гэрээг буруу тайлбарласан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасны дагуу хариуцагч А ТББ-ын тэргүүн Л.Гын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02222 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

алуудын хамтран ажиллах гэрээ дуусаагүй байхад гэрээг дуусгавар болгож, үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх асуудалд шүүх зөв дүгнэлт хийсэн. Гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан төлөхийг төлөхийг талууд гэрээнд тусгасан. Гэрээний  төлбөрийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид байсан. Түүнчлэн анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С ХХК-иас хариуцагч А ТББ-д байгууллагад холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 90,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. С ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А ТББ-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр А ТББ нь Мерит зарчим нэртэй уран сайхны киног 121,000,000 төгрөгт багтааж бүтээх, талууд зардлыг тэнцүү хэмжээгээр буюу 50:50 хувиар хариуцаж, Кино бүтээлийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн IPTV /телевиз, радиогийн суваг/ болон ОТТ /киног дамжуулах дараа үеийн хөдөлгөөнт төхөрөмж/-д байршуулж TVOD /нэг удаагийн төлбөр гүйлгээ хийж үзэх/ эрхийг нээх, Кино бүтээлийг нийтэд түгээснээс олсон орлогыг хөрөнгө оруулалтын хэмжээгээр зохигчид хуваан авахаар тус тус тохирчээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд кино бүтээхтэй холбоотой гарах зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцах, киног бүтээхэд хамтарч ажиллах, киног хариуцагч нь бүтээх боловч талууд цаашид олсон орлогоос ашиг хүртэх талаар гэрээний гол нөхцөл, агуулгыг үндэслэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Нэхэмжлэгч С ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж 60,500,000 төгрөгийг хариуцагч А ТББ-д шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Талуудын байгуулсан гэрээний 3.1-д зааснаар гэрээний хугацаа 2 /хоёр/ жил боловч энэ нь хамтран ажиллах гэрээний ерөнхий хугацаа буюу кино бүтээлийг цаашид ашиглаж, ашиг орлого хуваахтай холбоотой хугацаа байна.

 

Харин гэрээний анхны үр дүн буюу Мерит зарчим нэртэй уран сайхны кино нь гэрээний 2.11-д заасан 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нийтэд түгээх тохиролцоо хэрэгжээгүй тохиолдолд гэрээний 3.1 дэх хугацаа хамаарахгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний үүргийг зөрчсөн, нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаар баримтыг шүүхэд гараагүй тул нэхэмжлэгч нь Хамтран ажиллах гэрээ гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр шилжүүлсэн 60,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хариуцагчаас гүйцэтгээгүй үүүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алданги 30,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн уулзалтаар киног хугацаандаа бүтээгээгүйтэй холбоотой шалтгаан болох зохиолд бага хэмжээний өөрчлөлт оруулсан болон нэмж санхүүжилт шаардлагатай байгаа талаар ярилцаж, улмаар А ТББ нь нэмэлт санхүүжилт олохоор тус төсөлд Метис ХХК-ийг оролцуулахаар уг компанитай байгуулах гэрээ, хэлэлцээр, санхүүжилтийн талаарх мэдээллийг С ХХК-нд өгөхөөр тохирчээ.

 

Гэвч хариуцагч нь дээр дурдсан ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

7.2. Мөн А ТББ-аас С ХХК-нд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус хандаж кино бүтээх ажлыг төсөв шийдэгдэх болон жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, кино зураг авах байгаль цаг агаарын байдлыг дахин төлөвлөх шаардлагатай байгааг харгалзаж 2023 оны 01 дүгээр улирал хүртэл хугацаагаар хойшлуулж өгөхийг хүссэн албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор киног бүтээж дуусгах хугацаа олгосон нь гэрээний 7.4-д заасан гэрээ цуцлах журмын баримтласан гэж үзнэ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нэхэмжлэгч нь тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

7.3. Нөгөө талаар зохигчдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн уулзалтаар А ТББ нь хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдээгүй шалтгааныг өөрөөс нь хамааралтай болохыг хүлээн зөвшөөрснөөс гадна 60,000,000 төгрөгт дүйцэхүйц ажил гүйцэтгэж өгөх саналыг С ХХК-нд хүргүүлж байсан.

 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч А ТББ-ыг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж анхан шатны шүүхийн дүгнэлт нь зөв болжээ.

 

7.4. Хариуцагчийн төлөөлөгч Л.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож, улмаар шүүх хуралдааныг хойшлуулж 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр товлосон талаар мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хоцорч ирснийг үндэслэн анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчихгүй.

 

Харин анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, Д.Нагважамц, хариуцагчийн төлөөлөгч Л.Г нар ирсэн байхад шүүхийн захирамжид шүүх хуралдааны эдгээр оролцогчийн нэрийг буруу бичсэн нь техник алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болохыг үүгээр дурдах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

8.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан ба хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлахгүй.

 

8.2. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас алданги гаргуулан шийдвэрлэхдээ 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтласан алдаа гаргажээ. Тодруулбал, гэрээгээр тохиролцсон алдангийн шаардах эрхийн зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02222 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасаж, 232.4 гэснийг 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

 

Б.МАНДАЛБАЯР