Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01517

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 210/МА2024/01517

 

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01587 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Од холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх үндсэн, нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн учир газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Б.Д нь 2016 оноос О.Мтой хамтран амьдраад 2017 оноос 2018 онуудад Богд уулын дархан цаазтай газарт хүсэлт материалаа хүргүүлж байсан. Тэрнээс хойш цар тахал гарсан. Цар тахлаас хойш 2020 оны 6 сард Богдхан уулын захиргаанаас хүсэлтийг 100 хувийн дэмжих санал гаргасний дагуу зохих материалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд материал болон хүсэлт хүргүүлснээр 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаас газрыг 5 жил ашиглах хугацаагаар гэрчилгээг гардан авсан. Гардан авснаасаа хойш тухайн газрыг өөрийн эцэг, эхийнхээ тэтгэврийн зээл авахуулж өөрийн амьдарч байгаа газартаа байшин бариулсан. Одоо байшин нь шатсан. Тэр цагаас хойш тэр газраа 2 хүүхэдтэйгээ мод тарих чиглэлээр амьдарч байсан. Байшин нь шатсан учраас одоогоор өөр газарт амьдарч байгаа. Байшин шатсан цагаас нь хойш өөрөө түр хугацаанд оршин суугаагүй аав ээж дээрээ байгаа. Тэгэх хооронд нь ах дүү, хамаатан садан гээд нөхрийнх нь талаас хүн гарч ирээд газрыг нь өөрийн газар болгох гэж дайраад байгаа ту нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. О.Огийн зүгээс анх 2017, 2018 онд маргаан бүхий газрыг авахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсэлтүүдээ гаргаж байсан. Ингэхдээ Грийн Ворлд тур ХХК, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж хөгжүүлэх үндэсний холбоо гэсэн хоёр компаний нэр дээр хүсэлтээ гаргаж байса. Уг компанийн гүйцэтгэх захирал нь Г.П нь О.Огийн эхнэр юм. Эхнэр нь 2018 онд цэцэрлэгжүүлэлтийн журмаар энэ маргаан бүхий газрыг олгоод өгнө үү гэх хүсэлтийг Байгаль рчтн, аялал жуулчлалын сайдад гаргахад тухайн газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой учраас олгох боломжгүй байна гэх хариуг өгсөн. Ингээд 2020 оноос дахиж тухайн газраа аялал жуулчлалын зориулалтаар авахаар хүсэлт гаргаж хандах гэсэн боловч О.О нь эхнэртэйгээ хамт Бүгд Найрамдах Солонгос улсад амьдрахаар явсан байсан тул өөрөө хөөцөлдөх боломжгүй байсан болж, Б.Д болон О.М нарт газар авахтай холбоотой эскиз зураг, газрын бүртгэл зэргийг шилжүүлж шаардлагатай зардлыг өөрөөсөө гаргасан болох нь банкны хуулгаар нотлогдоно. Одоогийн байдлаар амьдарч байгаа н.Тэмүүжин нь О.Огийн эхнэр Г.Пгийн төрсөн дүү нь юм. Төрсөн дүүгээр нь дамжуулаад банк шууд воноор оруулчихаар буцаагаад мөнгөн гуйвуулга гээд тэр хүнээр дамжиж шилжих ёстой бөгөөд н.Тэмүүжингийн данснаас яг тухайн үеийн хулгуудыг аваад үзэхээр О.Огээс зайсангийн газар гэх гүйлгээний утгатайгаар О.Огээс эскиз зурагтын төлбөр, зайсангийн газрын төлбөр гэдэг гүйлгээний утгатайгаар нийтдээ 13 050 000 төгрөгийг Б.Д болон О.М нарт шилжүүлсэн. О.О Солонгос улсаас ирээд тухайн газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн боловч Б.Д, О.М нар нь хоорондоо гэр бүлийн маргаантайн улмаас газрыг нь шилжүүлж өгөхгүй, орон сууц автомашин зэргийг нэхэх болсон. О.М, Б.Д нар гэрлэлтээ цуцлуулахдаа ийм газартай ямар нэгэн маргаан байгаагүй. Ингээд өнөөдрийг болтол газар ашиглах эрхийн гэрчилгээг О.Од шилжүүлж өгөхгүй байгаа нь Б.Д нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байгаа учраас нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт, маргаан бүхий газар нь нийтдээ 1172 м.кв талбайтай газар. О.Огийн зүгээс тэр газрыг бүхэлд нь өгөхгүй. О.М, О.О хоёр нь үеэлүүд. Газрыг авахтай холбоотойгоор чи материал бүрдүүлээд явсан болохоор тал хэсэг дээр нь амьдраад байж бай гэж хэлсэн. Тухайн үед Хөвсгөл аймгаас торх авчраад торхоор байшин барьсан. Торхыг 4 200 000 төгрөгийн шилжүүлэг 2020 онд хийсэн. Тэгээд 2 торхон байшин баригдсан. Одоогоор цахилгааны төлбөр, бүх төлбөрүүд нь О.Огийн нэр дээр гардаг. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан агро парк 1 гэсэн хаягийг О.О хөөцөлдөж ийм хаягтай болгож авсан. Яаралтайгаар ашиглах эрхийг нь О.Огийн нэр дээр шилжүүлэхгүй бол Б.Д нь одоогоор 2 жилийн хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байгаа. Ингэснээрээ Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт заасны дагуу зориулалтын дагуу ашиглаагүй, 2 жил дараалан газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар цуцлагдах нөхцөл байдал үүсэж байгаа учраас яаралтай газар ашиглалтын гэрчилгээг нь О.Огийн нэр дээр шаардлагатай гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгч Б.Дг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул ашиглах эрхийн гэрчилгээг О.Од шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. О.О нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, агро паркийн 1 дүгээр гудамжны 86 тоотод байрлах газрыг 2017 оны 11 дүгээр сараас эхлээд авахаар Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ гаргаад холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн. Анх тухайн газарт мод үржүүлгийн зориулалтаар ашиглах хүсэлт гаргаж байсан. Одоо Б.Д нь тухайн газрыг авснаасаа хойш тухайн газар дээр юу ч хийгээгүй. Тухайн газрыг анх ашиглах хүсэлт гаргахад налуу газар байсан. Газрыг тэгшлээд хашаа татаад, модон байшин бариад, бүх хөрөнгө оруулалт нь О.Огийн зүгээс гарсан. Ийм учраас О.Ог газар ашиглах эрх бүхий болохыг тогтоогоод, газар ашиглах эрхийг шилжүүлэхийг Б.Дд даалгаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжэлийн тайлбар, татгалзлын агуулга:

О.Огээс гадаадаас мөнгө шилжиж ирсэн гэж байгаа. Үүнд нотлох баримтуудаа бүрдүүлээд өгсөн. Тухайн газар дээр мод тарьсан, хоёр байшин барьсан. Үүнээс өөр зүйл хийгдээгүй байгаа. Б.Дгийн ээж н.Цэнгэлжаргал гэх хүнээр 2019 онд тэтгэврийн зээл авхуулж, мөн ахаас нь банкнаас зээл авахуулж, санхүүжилтээ босгосон. Газрын тог ашиглалтыг О.О нь тухайн үед хуурамч гэрчилгээ гаргаж ирж, хуурамч гэрчилгээгээр цахилгаан эрчим хүчтэй гэрээ хийж, тог авсан гэх зүйлийг ярьж байсан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан, нэгж талбарын 1781001111 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, агро паркийн 1 дүгээр гудамжны 8Б тоот хаягт байрлах 1172 мкв талбай бүхий газрыг хариуцагч О.О /ЧВ83030518/-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Хариуцагч О.Огийн нэгж талбарын 1781001111 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, агро паркийн 1 дүгээр гудамжны 8Б тоот хаягт байрлах 1172 мкв талбай бүхий газрын 50 хувийг эзэмших эрх бүхий этгээд мөн болохыг тогтоож, газар эзэмших эрхийг О.Од шилжүүлэхийг Б.Дд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200, О.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, харин хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хууль хэрэглээний зарчмыг алдагдуулж, Хуулийг Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэн, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргадаг боловч гарын үсгээ хариуцагчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх асуудлаар уулзах гэхэд би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх зүйлийг хэлж уулзаагүй. Харин шүүх энэ талаар тодруулаагүй нь дээр нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч гэх Д.Лхагважавын итгэмжлэлийн хугацаа дууссан хэргийн оролцогч биш хүнийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 .Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно гэж заасан бөгөөд иргэний хуулийн 64.5.Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заасан бөгөөд итгэмжпэлийн хугацаа дууссан байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

2.Нотлох баримтыг үнэлээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий газрыг авах үед Монголд байгаагүй учир Б.Дгийн нэрээр уг газрыг авч, газрыг 50, 50 хувиар өмчлөхөөр болж амаар тохиролцсон. Иргэний хуулийн 39.1. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40.1. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42.1. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч этгээдүүдийн хооронд амаар хэлцэл байгуулсан болох нь нотлогдожбайгаа. Гэтэл"... газрыг Б.Д, О.О нар хамтран эзэмшихээр тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул... гэж дүгнэсэн байгаа нь дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй болохыг нотолж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн "... Огийн эзэмшлийн Хаан банк дахь 2025758754 дугаарын 2018.03.17 өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг, 2019.07.03 өдрийн 4.200.000 төгрөг .... Мөнгөн хөрөнгүүд нь маргаан бүхий газартай хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн шүүх хэргийг бүх талаас бүрэн бодитой шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийг олж авахдаа Газрын тухай хуулийн 36.1. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно гэж заасны дагуу анх газар эзэмшиж байгаа ирпэн, хуулийн этгээд нь дуудлага худалдааны анхны үнийг төлөх ёстой байдаг ба үүнтэй холбоотой зардал, мөн газрын кадастрын зураг, төсөл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх бүх зардлыг хариуцагчийн зүгээс гаргасан гэдэгтэй нэхэмжлэгчийн зүгээс маргадаггүй хариуцагчаас бүх зардлыг гаргасан нэхэмжпэгчийн данс руу орсон мөнгийг маргаан бүхий газрыг авахад ашигласан мөнгө гэдэгтэй маргаагүй байхад шүүх маргаан бүхий газартай хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

"Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч сөрөг шаардлагын агууллага, үндэслэл нь газар эзэмших эрхтэй холбоотой байх тул хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтад хамаарахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэжээ.

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий газрыг авахтай холбоотой бүхий л зардлыг Огийн эзэмшлийн Хаан банк дахь 2025758754 дугаарын 2018.03.17 өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг, 2019.07.03 өдрийн 4.200.000 төгрөг, 2019.07.04 өдрийн 300.000 төгрөгийг Б.Дгийн Хаан банкны 5906052080 гэх дансруу шилжүүлсэн үүнийг нэхэмжпэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн буюу энэ хэмжээгээр бусдын зардлаар Б.Д нь хөрөнгөжсөн байхад шүүх газар эзэмших эрхтэй холбоотой маргаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтад хамаарахгүй гэж үзсэн.

Иргэний хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд ... хүчин төгөлдөр бус болсон гэж заасан хөрөнгө гэдэгт газар хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатнь шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/01587дугаар шийдвэрийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч О.Од холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг нь хариуцагч нь эс зөвшөөрч зохигчдын маргаж буй газрыг нэхэмжлэгчийн эзэмшлийнх биш, нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн учир газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хэн нэгэн этгээд өөр этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бол түүнийг эзэнд нь буцааж өгөх үүрэг хүлээх ба энэ тохиолдолд эд хөрөнгийг шаардаж буй этгээд нь өмчлөгч, эзэмшигч байх, харин эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байхыг шаарддаг.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Дг тухайн газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр буюу эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа этгээд учир хууль ёсны эзэмшигч гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд тэрээр бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

 

4. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч О.О нь ...маргаан бүхий газрыг анхнаасаа эзэмших эрхтэй байсан, түүнийг гадаад улсад байх хугацаанд нэхэмжлэгч Б.Дг газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Тодруулбал, гэрч О.Мы ...О.Отэй тухайн үед тухайн газрыг 50:50 хувиар хамтран эзэмшихээр тохирсон байсан, гэвч өөрт нь хамааралтай хэрэг шүүх дээр байсан болон О.О гадаад улсад байсан учир Б.Дгийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан... гэсэн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Мөн хариуцагч О.О нь өөрийн болон Г.Тэмүүжингийн дансаар дамжуулан 8,500,000 төгрөгийг торх худалдан авах болон газартай холбоотой бусад зүйлд захиран зарцуулсан нь түүнийг зохигчдын маргаж байгаа газрын эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй этгээд байсан гэж шууд үзэх боломжгүй юм.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч О.Ог нэхэмжлэгч Б.Дгийн эзэмших эрхтэй газрыг хууль бусаар эзэмшиж байна гэсэн үндэслэлээр чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.

 

6. Нэхэмжлэгч Б.Д нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.Лхагважавд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх 1 /нэг/ жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байхад анхан шатны шүүх итгэмжлэлийн хугацааг тодруулахгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан байна.

 

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хугацаа нь дууссан итгэмжлэлийг үндэслэн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон талаар давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй буюу Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь алдаатай болжээ. Учир нь, хариуцагч О.О нь нэхэмжлэгч Б.Дгийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардах эрхийн хүрээнд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлах нь илүү зохимжтой.

 

7.2. Мөн хариуцагч О.О нь нэхэмжлэгч Б.Дг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгож, газрын эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх газрын 50 хувийг эзэмших эрх бүхий этгээд мөн болохыг тогтоож гэж сөрөг нэхэмжлэлийг өөрөөр тодорхойлсноос гадна холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тогтоох хэсэгт баримтлан, найруулгын өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01587 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О.Огийн гаргасан нэхэмжлэгч Б.Дг үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгож, нэгж талбарын 1781001111 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, агро паркийн 1 дүгээр гудамж, 8Б тоот хаягт байрлах 1,172 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

 

Б.МАНДАЛБАЯР