Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Я.Дина,

Хохирогч: Т.Г,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Б.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бгийн Ёд холбогдох 19350007600342 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн Буянт хороо 28-13 тоотод оршин суух, регистрийн дугаар ОР95012718, Д овогт Бгийн Ё.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Ё нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Т.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Ёг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Ё нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Гыг зодсон болох нь хохирогч Т.Гы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2019 оны 2 дугаар сарын 15-ны орой гэрээс гарахдаа О, Ч нартай хамт гараад Соёмбо нэртэй караокед гурвуулаа хамт ороод дуулж байтал Чгийн найз Ё гэх залуу ирээд бид нартай Соёмбо караокений 04 тоот өрөөнд архи ууж байгаад над руу ямар ч шалтгаангүй дайрч давшлаад босож ирээд миний хамар луу гараараа цохиод хамар гэмтээсэн. Би тухайн үед нэлээн согтуу байсан учир ухаан балартсан байсан. Би Улаанбаатар хотод очоод эмнэлэгт хэвтээгүй шинжилгээ өгч эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж авсан юм. Тухайн үед зодуулснаас болж миний хамар хугарч, толгойнд 2 ширхэг оёдол тавиулж, нүдний уг, ухархай хөхөрч, хавдсан юм. Тэгээд сар гаруй эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмч нарын зөвөлснөөр Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, тодосгогчтой Томографийн шинжилгээнд орж мөн нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Би иргэн Ёгаар зодуулснаас болж надад 1.024.800 төгрөгний хохирол учирсан юм. Үүнд Улаанбаатар хот руу ирж очсон автобусны зардал, тухайн үед хоол, ус ундаа хэрэглэсэн нийт зардал 160.000 төгрөг, нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт мэс заслийн боолт хийлгэсэн 3000 төгрөг, Дэлгэрэх эмийн сангаас эм авсан 20.800, Улаанбаатар хотод тодосгогчтой томографикийн шинжилгээнд орсон төлбөрт 290.000 төгрөг, хотод газар мэдэхгүй учир хамаатан садангийнхаа хүмүүсийн машинд бензин хийж эмнэлэг, шүүх эмнэлэг, эмийн сан зэрэг газар явсан зардалд 60.000 төгрөг, нэгдсэн эмнэлэгт хамар гаргуулахад 50.000 төгрөг, Нэгдсэн эмнэлэгт толгойн томографид орсон зардал 5000 төгрөг, аймгийн төвд эмчилгээ хийлгэж байхдаа таксинд 12 удаа үйлчлүүлэхдээ 36.000 төгрөг, мөн Эрчис баялаг нэртэй компанид сав хэвлэгчийн хийдэг бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны хооронд ажиллаж чадаагүй учир тэр хооронд ажиллахад авах ёстой цалин болох 340.000 төгрөгийг Ёас нэхэмжилж байна. Мөн би хууль мэдэхгүйн улмаас өөрийгөө өмгөөлүүлэхээр өмгөөлөгч авсан учир өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гарсан. Намайг Улаанбаатар хотод байхад Ё нь 150.000 төгрөг хохирлын мөнгө гэж шилжүүлсэн, сая шүүх хуралдаанаас өмнө 300.000 төгрөг шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг,

гэрч Б.Оийн “...Ану дэлгүүр Соёмбо караоке хоёрын дунд нэг хөгшин намхан бараан өнгийн куртиктай эрэгтэй хүнийг залуухан тэр хөгшин ахаас өндөр бараан өнгийн хувцастай залуу чи намайг зодож чадах уу? гэж орилоод зодоод байсан намайг яг харж байхад тэр ахыг гараараа нүүр лүү нь зодоод түлхээд унагааж байсан ба зодуулсан гэх ахын толгойны магнай орчимоос нь байх цус гарч байсан. Тэгэхээр нь би 21 цаг 40 минутын үед цагдаагийн байгууллагад өөрийн 95757208 дугаарын утаснаас дуудлага өгчихөөд гэрлүүгээ явчихсан юм. Тухайн үед зодож байсан зодуулж байсан 2 хүнээс өөр тэнд хүн байгаагүй бөгөөд зодуулсан гэх хөгшин ахыг нэг хүн зодсон юм. Тэр хоёр хүн хоёулаа согтуу байх шиг байсан...” /хх-ийн 11 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Оын “...Ц Г ахын утсыг аваад найзаа дуудсан. Тэгтэл Цгийн найз гэх Ё гэх залуу ганцаараа хүрээд ирсэн ба Ёлкийг ирэхээр нь нэмээд 1 шил 500 гр Чингис нэртэй архи аваад Ё, Ц Г ах бид дөрөв архиа уугаад дуулсан юм. Тэгээд Ц бид хоёр дуулаад сууж байтал гэнэт Ё, Г ах хоёр маргалдаад босоод барьцалдаж аваад Ё Г ахыг гараараа хамар тус газар нь 1 удаа цохиод авсан. Тэгээд бужигналдаад байж байгаад Ё, Ц, Г ах гурав Сомбо караокены бид нарын дуулж байсан 4 номерийн өрөөнөөс гараад яваад өгсөн. Би караоке нь дотор тооцоогоо хийгээд араас нь удалгүй гадагш гараад иртэл Соёмбо караокены гадна Г ах Ёлкотой барьцалдаад авчихсан Ц хажууд нь зогссон. Тэгэхээр нь би Г ахыг салгах гээд очтол Ц намайг барьж аваад надад хөгшөө Ё Г ахыг караоке дотор нэг л удаа зодсон өөр юм байхгүй шүү дээ гээд Ц бид хоёр барьцалдаад байж байтал эргүүл цагдаа ирээд бид нарыг авч явсан юм. ...Г ах нэлээн согтуу байсан. Харин Ё нь сүүлд бид нар дээр ирсэн бөгөөд ирэхдээ эрүүл ирсэн ба халамцуу л байсан байх. Тухайн үед болсон асуудлыг бүгдийг нь тодорхой санаж байна.” /хх-ийн 12-13 тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.Ч “...Ё ирэхдээ эрүүл ирсэн бөгөөд Ёлкийг ирсний дараа 2 шил архи аваад бид хувааж уугаад дуу дуулж байсан. Тэгээд О бид хоёр дуулж байтал. Гэнэт Ё Г ах хоёр маргалдаад Ё Г ахын хамар луу гараараа цохиод хамрыг нь гэмтээгээд цус гараад нүүр нь цус болчихсон. Тэгэхээр нь О бид хоёр салгаад дуугаа дуусгаад гарцгаасан ба түрүүлээд Г ах Ё хоёр гараад явчихсан. О бид хоёр тооцоогоо хамт хийчихээд араас нь гартал Соёмбо караокений гадна Ё Г ахыг нэмээд зодчихсон. Толгойноос нь цус гарч байсан. Тэгтэл О, Ёлкийг хөгшин хүн зодчихлоо чи гээд дайрахаар нь би Оыг салгаад дундуур ороод байж байтал цагдаагийн машин ирсэн юм...” /хх-ийн 14-15 тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.Оюун “...2019 оны 2 сарын 15-ны орой 18 цагийн орчим би гэртээ байтал манай нөхөр Г гаднаас хамт ажилладаг залуучууд болох О, Цагаа буюу Ч нартай хамт нэг том пиво хувааж уулаа гэсэн гурвуулаа халамцуу орж ирсэн. Тухайн үед ирэхдээ 2 том 2,5 литр пиво манай гэрт авч ирээд хувааж ууцгаасан юм. Тэгээд орой 19 цагийн орчим байх Ч, О хоёр явахаар болоод манай гэрээс гарчихаад манай нөхөр Гыг дуудаад байсан. Тэгэхээр нь би нөхөрөө яах гэж байгаа юм гэхэд манай нөхөр тэр хоёртой 1 цаг л хамт явчихаад ирье гээд хамт гарсан. Тэр гурав гараад нэлээн удахаар нь би 21 цагийн орчим нөхөр лүүгээ залгахад манай нөхөр утсаа аваагүй. Тэгээд түүнээс 30 минут орчим нөхөр лүүгээ залгахад манай нөхөр утсаа аваагүй. Тэгээд түүнээс 30 орчим минутын орчим нөхөрлүүгээ залгахад манай нөхөр Соёмбо караокед байна. Одоо гарах гэж байна гэсэн. Тэгээд нөхөрөө хүлээгээд ирэхгүй болохоор нь 22 цагийн үед дахин залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа аваад манай нөхөр надад хэлэхдээ би цагдаагийн газар дээр байна гэж хэлээд тасалчихсан. Тэгэхээр нь би ямар учиртай юм бол гэж бодоод цагдаагийн газар дээр яваад очтол манай нөхрийн хамар, нүүр, толгой хэсэг нь хавдаж цус гарсан байдалтай байсан...” /хх-ийн 17-18 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Т.Д “...2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр би Соёмбо караокед ажиллаж байсан. Тухайн өдрийн орой 21 цагаас 22 цагийн орчим байх цагийг нэг сайн санахгүй байна. Манай караокений 4 номерт орсон 3 эрэгтэй хүн дээр 1 эрэгтэй сүүлд нэмэгдэж ирсэн. Эхэлж орж ирсэн 3 эрэгтэй хүн 2 цаг караоке аваад дуулж байгаад 0,5 л 1 шил архи, 0,75 л 1 шил нийт 2 шил архи авсан.  ...Тэгээд сүүлд орж ирсэн залуу нөгөө өрөөнд ороод 30-40 минут орчимын дараа 4 номерийн өрөөнд пад, пид гээд явчихсан. Тэгэхээр нь би яваад ортол нөгөө хөгшин ахын хамраас цус гарчихсан байхаар нь би юу болсоныг асуухад нөгөө хөгшин ах сүүлд орж ирсэн залуу руу заагаад энэ залуу намайг цохиж хамраас цус гаргалаа гэж хэлж байсан. Тэгээд нөгөө ах хамраа дараад ОО ороод цусаа угааж байгаад гараад явсан ба араас нь нөгөө 3 залуу цувраад тооцоо хийх нь хийгээд ОО орох нь ороод гараад явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй...” /хх-ийн 21-23 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.О-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “2019 оны 2 дугаар сарын 15-ны орой гэртээ хоол хийх гээд мах хөшиглөөд сууж байтал манай найз Ц буюу жинхэнэ нэр нь Ч над руу утсаар яриад Соёмбо караокед байна хүрээд ирээч гэхээр нь би гэрээс гараад такси бариад Соёмбо караокений 4 номерийн өрөөнд ороход Ч, О өөр нэг танихгүй ах /Г/ нар нэг шил 500 гр архи уугаад сууж байсан. Тэгээд би ороод тэр архинаас нь уулцаад дуусгасан ба тэгтэл дахин О 1 шил 750 гр архи аваад түүнийгээ дөрвүүлээ хуваагаад ууж байсан ба тэгээд би эрүүлжүүлэх байранд сэрсэн юм. Тэгээд урд шөнө Соёмбо караокед юу болсон талаар огт санахгүй байсан. Тэгтэл манай найз Ч надад хэлэхдээ Соёмбо караокед байхдаа Г ахтай маргалдаж байгаад хамар луу гараараа цохисон гэсэн. Би тухайн үед архи уугаад амархан согтоод ийм зүйл хийсэн байна. Би Г ахаас уучлалт гуйж Улаанбаатар хотод эмчид үзүүлж байхад нь тархины бичлэгт орно гэхээр нь 150.000 төгрөг Г ахын данс руу хийсэн. Мөн 300.000 төгрөг шилжүүлсэн. Цаашид нотлох баримтын хэмжээнд гарах хохирол төлбөрийг төлнө. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар “Т.Гы биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, духанд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, хамрын нуруу, зүүн шанаа хацар, дээд уруулд цус хуралт, зүүн нүдний гадна булан, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 335 дугаар “Шинээж эмч Н.Оын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Т.Гы биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд шарх, хамар зүүн хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, зүүн шанаа, дээд уруулд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамарт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Т.Гы хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчээ. Баруун нүдний харуу 0,25 болсон нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна” гэх дүгнэлт, хохирогчийн амбулториар эмчлүүлэгчийн карт бүхйи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Б.Ёлкын хохирогч Т.Гыг зодсон үйлдлийн улмаас хохирогч Т.Гы биед хөнгөн зэргийн буюу тархи доргилт, хамар ясны хугарал, духанд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, хамрын нуруу, зүүн шанаа хацар, дээд уруулд цус хуралт, зүүн нүдний гадна булан, хамрын нуруунд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар дүгнэлт, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 335 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32, 39-40 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Б.Ё хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.  

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Хохирогч Т.Гы биед хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн баримтаар нотлогдсон тул энэхүү хохирогчийн эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу Т.Гд хөнгөн хохирол учирсан гэж, уг хохирлыг арилгахтай холбоотой үүссэн үр дагавар буюу эмчилгээ, оношилогоо хийлгэсэн, эм тариа авсан, замын зардлыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцов.

Тодруулбал, хэргийн 72-73 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудаар уг гэмт хэргийн улмаас хохирогчид 662.800 төгрөгийн хор уршиг учирсан байна гэж шүүх дүгнэлээ.  Үүнд: Эм тариа 75.800 төгрөг /73 хуудаст буй 1, 2, 7 дугаараар дугаарласан баримтаар/, эмчилгээ, оношилгоо 353.000 төгрөг /73 хуудаст буй 6 дугаартай 290.000 төгрөгөөр тодосгогчтой толгойн томограф хийлгэсэн баримт, 32 талд буй шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хамарт эмчилгээ хийж 50.000 төгрөг авсан талаарх эмчийн тодорхойлолт, толгойн томографф авахуулсан СД 5000 төгрөг/, замын зардалд 234.000 төгрөг /Улаанбаатар ирж очсон автобусны зардал 73 талд буй баримтын 3, 4 дугаартай баримтаар-138000 төгрөг, 73 талд буй 8-11 дугаараар дугаарласан баримттай УБ хотод Өлзийт хороололд байрлаж тэндээс эмнэлэг явахад хүний машинд бензин хийж явсан гэх зардал-60000 төгрөг, 16, 74 талд буй баримтаар Улаангом суманд эмнэлэг, цагдаа явахад таксинд төлсөн гэх 36.000 төгрөг /, бүгд 662.800 төгрөгний бодит хор уршиг хохирогч Т.Гд учирсан байна.

Шүүгдэгч Б.Ё нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 450.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болон хэргийн 68 дахь талд авагдсан Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул үлдэх 212.800 төгрөгийг шүүгдэгч Б.Ёас гаргуулж хохирогч Т.Гд олгох хууль зүйн үндэслэлтэй.

            Харин хохирогч Т.Гы нэхэмжилсэн /хх-ийн 72 тал/ нэхэмжлэлийн шаардлагаас 22.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 340.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Учир нь хохирогч Улаанбаатар хот эмчилгээнд явж, ирэх унааны зардалд 160.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар 138.000 төгрөг болох нь тогтоогдсон тул уг шаардлагын зөрүү 22.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Мөн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаагүй хугацааны цалин гэж нэхэмжилсэн 340.000 төгрөгийн шаардлагаа хохирогч Т.Г нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, хохирогч өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг болсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр болох 500.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ё нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 19, 20, 61, 62, 67, 59 дэх талд авагдсан гэрч Б.Д, П.О нарын мэдүүлэг, Автотээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 87 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/283 тоот албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 173 тоот тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ё нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, хувьдаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй ба улиралын чанартай ажил эрхэлдэг болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ёд хуулинд заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Ёд хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн, хураагдан ирсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнтэй холбогдуулаад түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д овогт Бгийн Ёлкыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Бгийн Ёд 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Бгийн Ёас гэмт хэргийн хохиролд тооцож 212.800 /хоёр зуун арван хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогч Ц овогт Тгийн Гд олгож, 22.000 /хорин хоёр мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Г нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Б.Ё энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ёд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА