Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 24

 

Г.О-т холбогдох захиргааны

зөрчилтэй хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Батзориг

                                                         Ц.Амаржаргал

 

Зөрчил гаргагч                                Г.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдах гомдлоор Ганболдын О-т /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч Г.О- нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт Toyota estima маркийн 4393 ДАХ улсын дугаартай авто машиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0.52 хувийн согтолттойгоор жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэврээр:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар Чонод овогт Ганболдын О-т 7 хоног /долоо хоног/ баривчлах шийтгэл ногдуулахаар... шийдвэрлэжээ.

-Зөрчил гаргагч Г.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний бие аавынхаа машиныг зөвшөөрөлгүй барьж яваад цагдаад баригдсан. Намайг 7 хоног баривчлах шийдвэр гаргасан боловч хичээлийн шалгалт эхэлчихсэн. Тиймээс энэ байдлыг минь харгалзан үзэж энэ шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

-Зөрчил гаргагч Г.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Тодорхойлох нь:

Зөрчил гаргагч Г.О-ын давж заалдах шатны шүүхэд бичсэн “...хичээлийн шалгалт эхэлчихсэн. Тиймээс энэ байдлыг минь харгалзан үзэж энэ шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү” гэх гомдлын дагуу зөрчлийн материалыг хянаж үзэхэд Г.О-ын 16 насанд хүрснийг гэрчлэх төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт хавсаргагдаагүй, Г.О- нь Захиргааны харицлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлага хүлээх субьект мөн эсэх нь тодорхойгүй байх тул 47 дугаартай шийтгэврийг хүчингүй болгож, Г.О-т холбогдох захиргааны зөрчлийн материалыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэврийг хүчингүй болгож, Г.О-т холбогдох захиргааны зөрчлийн материалыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт буцаасугай.

Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                                Б.БАТЗОРИГ

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ