Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 324

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "М" ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс   

Нэхэмжлэлийн шаардлага: "М" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай XV-009819, XV-009821 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.С, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Н.Н нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "М" ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...М" ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт ашигт малтмалын хайгуулын Х\/-009819, Х\/-009821 тоот тусгай зөвшөөрлүүдийг/цаашид “Тусгай зөвшөөрлүүд” гэх/ эзэмшдэг бөгөөд 2011-2013 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулж, улмаар Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2014 оны 06 дугаар сарын 9, 12-ны өдрийн Н-90, Н-95 тоот тушаалуудаар улсын нэгдсэн нөөцөд бүртгүүлсэн. 

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын хайгуулын Х\/-009819, Х\/-009821 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан "... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэх дараах үндэслэлүүд байна. 

Ашигт малтмалын хайгуулын Тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр байгаа тухайд: 

Хүчин төгөлдөр хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах өргөдөл гаргахаар зохицуулжээ. 

Гэвч Тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусах үед буюу 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бус Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах боломжтой байсан. Тиймээс 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтийг Ашигт малтмалын газар гаргасан байдаг. 

Уг хүсэлтийг шийдвэрлэгдэж дуусахаас өмнө буюу 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, ашиглалтын өмнөх гэрээ бййгуулагдахаа больсон тухай Ашипг малтмалын газраас 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэл ирсний дагуу эрх зүйн зохицуулалтын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтой болж улмаар -009821 тоот тусгай зөвшөөрлийн хувьд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, XV-009819 тоот тусгай зөвшөөрлийн хувьд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан болно. Ийнхүү өмнө дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах өргөдөл гаргах” гэсэн зохицуулалтын энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй болсон бөгөөд тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрөлд хамаарах бүх талбайн хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. 

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн уг өөрчлөлтөөс өмнө Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт өгсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тооцох, хугацаа сунгуулах тохиолдолд яаж зохицуулах талаар хууль тогтоомжийн ямар нэгэн тодорхой зохицуулалтгүй байсан байна. Түүнчлэн нэгэнт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан тул хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хамт гаргах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа тасалдсан байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ мөн дээрх утгаар ойлгож хэрэглэж ирсэн болох нь дараах баримтуудаар нотлогддог. 

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан дуусгавар болох, 56 дугаар зүйлд заасан цуцлах үндэслэл бүрдээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дуусгавар болгох тухай шийдвэр, мэдэгдэл гараагүй түүнчлэн өнөөдрийг хүртэл кадастрын бүртгэлийн системд https://cmcs.gov.mn/cmcs/ хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл гэсэн бүртгэлтэй хэвээр байдаг. 

Мөн Ашигт малтмалын газраас тухайн үеийн /хуучин нэрээр/ ирүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-5601 тоот “Тусгай зөвшөөрлийн тухай” албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/4041 тоот албан бичгүүдэд нөөц тогтоогдсон хэсэг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргасан тохиолдолд үлдсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу сунгуулах эрхтэй байгааг мэдэгдэж байсан. 

Тухайн үед /одоо мөн адил/ нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын Тусгай зөвшөөрлүүдийн хугацаагаа сунгуулах эрхтэй байсан хэдий ч хайгуулын бүтэн талбайд ашиглалтын тусгай) зөвшөөрөл авах эрхтэй гэж үзэж байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсгүүдэд заасан эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн болно. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс хамааран бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийнхээ хугацааг сунгуулах өргөдөл гаргахаар шийдвэрлэсэн. 

Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Ашигт малтмал, газрын тосны газраас шийдвэрийн мэдэгдэл ирсний дагуу хайгуулын Тусгай зөвшөөрлүүдийн хугацаагаа сунгуулах өргөдөл гаргахаар холбогдох ажилтнуудад хандахад өргөдлийг хүлээн авах боломжгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2014 оны 05 дугаар сард гаргах ёстой байсан гэж өргөдөл хүлээн авахаас буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болоод байна. 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах эрх, хууль зүйн боломж нээлттэй байна. 

Хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй байсан хууль зүйн шалтгаан, бодит нөхцөл байдлын тухайд: 

"М" ХХК нь анх 2014 оны 05 дугаар сарын 23-нд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтээ өгсөн. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас шаардаж байгаачлан тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн үндэслэл байгаагүй нь нийтэд илэрхий баримт юм. 

Мөн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөс хойш 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/38 тоот албан бичиг зэрэг баримтад дурдсанчлан хайгуулийн тусгай зөвшөөрлөө сунгуулах шаардлагатай эсэх талаар тодруулж, сунгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан хэдий ч Ашигт малтмалын газраас хайгуулын бүтэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргаж байгаа тохиолдолд шаардлагагүй, харин жижиг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах тохиолдолд үлдсэн хэсэгт хайгуулийн тусгай зөвшөөрлөө сунгуулах боломжтой гэж тайлбарласан тул хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал шийдвэрлэж дууссаны дараа шаардлагатай бол гаргахаар шийдвэрлэсэн болно. 

Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл хүчингүй болсноос буюу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргах хүртэлх хугацаанд тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга удирдлагуудад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан өргөдөл хянан шийдвэрлэх ажиплагааны явцын талаар болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасаар ирсэн бөгөөд энэ хугацаанд Ашигт малтмалын газраас ируүлж байсан хариунд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч мэдэгдсээр ирсэн байна. Харин манай компанийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд хамаарах талбайгаа бүхэлд нь ашиглалт болгох хүсэлт гаргаж байсан тул тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл өгөх үндэслэлгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай" 69 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаснаар тухайн тусгай зөвшөөрлийн хувьд хийвдэх аливаа бүртгэл хөдөлгөөн болон өргөдөл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. 

Уг хэрэг Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж дууссанаас хойш буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хайгуулын талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан “... өргөдлийг шийдвэрлэж... өргөдөл гаргагчид мэдэгдэх” зохицуулалттай байтал Ашигт малтмалын газар ямар нэгэн мэдэгдлийг ирүүлээгүй ба Манай компани шийдвэрийг гардаж авсанаас хойш өргөдлийн талбайг багасган нөөц батлагдсан хэсэгт өргөдөл гаргах, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газраас удаа дараа шүүхийн шийдвэр ирсэн эсэхийг утсаар тодруулж лавлахад “шүүхийн шийдвэр ирээгүй байна, шийдвэр ирэхээр мэдэгдэнэ” гэсэн гэсэн хариуг утсаар өгч байсан тул өдийг хүртэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ашигт малтмалын газарт мэдэгдэл ирээгүй гэж ойлгож байсан. 

Харин 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бизнесийн үйл ажиллагааны шаардлагаар Ашигт малтмал, Газрын тосны газраас лавлагаа гаргуулах тухай хүсэлт гаргахад Кадастрын хэлтсээс “Танай эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлт өгөх хугацаа чинь өнгөрсөн энэ талаар шүүхийн шийдвэрийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаас хойш танай хувьцаа эзэмшигч Д.Б-рүү мэдэгдсэн боловч одоо хариуцахаа больсон гэдэг хариуг өгсөн. Тиймээс одоо тусгай зөвшөөрлүүдийг цуцлах гэж байна” гэж мэдэгдсэн. 

Гэтэл тухайн үеийн Компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Б нь өөрчлөгдсөн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар өгсөн төдийгүй тухайн үед Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-д шүүх хуралдааны үед мэдэгдэж, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр энэ талаар Ашигт малтмалын газарт албан бичгээр тус тус мэдэгдсэн байдаг. 

Түүний дараа томилогдсон гүйцэтгэх захирал О.Ө нь хувийн болон ажил хэргийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг тусгай зөвшөөрлүүдийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэргээс тогтмол лавлах, уулзаж тодруулах боломжгүй байсны дээр Ашиг малтмал, газрын тосны газар нь уг асуудлыг хариуцсан Захиргааны байгууллага болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгүүдэд заасны дагуу эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор мэдэгдэх үүрэгтэй хэдий ч тус үүргээ биелүүлээгүй атлаа хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. 

Захиргааны байгууллага өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүргээ зөрчсөн тухайд: 

Компанийн зүгээс дээрх нөхцөл байдлыг мэдсэн даруйдаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга Б.Б-д гаргасан хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авах талаар Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1923 Тоот албан бичгээр ашиглалтын тусгай олгохоос татгалзах шийдвэр гаргах гэж байгааг мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэр даруй холбогдох арга хэмжээг авч нөөц батлагдсан хайгуулийн жижиг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлөөд шинэчлэн гаргаад байна. 

Ашигт малтмалын газраас удаа дараа ирүүлж байсан албан бичигтээ хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн нөөц тогтоосон хэсэгтээ ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдө гаргаж, үлдсэн талбайдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгг заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй болохыг мэдэгдэж байсны дагуу хайгуулийн жижиг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэнөргөдлийг хүлээн авсан хэрнээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулаххүсэлтийг маань хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй болж байна. 

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 7/1923 тоот албан бичигт "М" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гомдлын хариуд гэж бичсэн атлаа гомдолд хамаарах асуудлын талаар огт дурдаагүй байсны дээр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад буюу дээд рггны байгууллагад гаргасан гомдлын хариуг Кадастрын хэлтсээс өгөх үндэслэлгүй тул тухайн албан  бичгийг гомдлын хариу гэж үзэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нь ашиглалтын өмнөх гэрээ байгуулах өргөдөл гаргах хүртэлх хугацаанд Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль бусад журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

 Тухайлбал, хайгуулын тайлан, төлөвлөгөөг цаг тухайд нь гарган, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг журмын дагуу жил бүр төлж байсан бөгөөд уг хайгуулын тусгай зөвшөөрөлүүдтэй холбоотойгоор 12 тэрбум төгрөг зарцуулаад байна. 

Ийнхүү бидний хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаагийн улмаас манай компанийн 4 жилийн хайгуулын ажил, 8 жилийн хөдөлмөр хөрөнгө мөнгө, ажлын үр дүн үнэгүйдэхэд хүрээд байна. 

Захиргааны байгууллага, Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.1. 98 дугаар зүйлийн 98.1.3 дахь хэсгүүдэд тус тус заасан эрхээс гадна иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалдаг. Нэхэмлэгчийн хувьд үйл ажиллагааны явцад гаргасан дээрх зардал, цаг хугацаа нь хуулиар хамгаалах ёстой хууль ёсны ашиг сонирхол мөн бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд эдийн болон эдийн бус хохирол хүлээж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газарт хайгуулийн Х\/-009819, Х\/-009821 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“....Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй нэртэй 2066.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-9819 тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-д анх олгосон ба ГУУКХ-ийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна. 

Ашигт малтмалын хайгуулын XV-9819 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр "М" ХХК-д шилжүүлж, 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсныг тус тус шийдвэрлэж бүртгэсэн байна. 

Ховд аймгийн Мянгад сумын нутаг Ар хүрэн уул нэртэй 951.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-9821 тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-д анх олгосон ба ГУУКХ-ийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна. 

Ашигт малтмалын хайгуулын XV-9821 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр "М" ХХК-д шилжүүлж, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын банкинд барьцаалсныг тус тус шийдвэрлэж бүртгэсэн байна. 

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дах хэсэгт “....ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах” гэж заасан ба мөн хуулийн 23 дугаар зүйлд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж эхлэх хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна” гэж тус тус заасан байна.

Мөн хуулийн 23 дугаар зүйлд “хайгуулын явцад ашигт малтмалын орд тогтоогдож нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ” гэж тодорхойлж байсан байна. 

Дээрх тодорхойлтоос үзэхэд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахад  тухайн талбай дээрх нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага тавьсан байна. Гэтэл "М" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-9819, ХV-9821 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах үед буюу 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нөөц батлуулаагүй байсан ба ордын нөөцийг Ашигт малталын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 09, 12-ны өдрийн Н-90, Н-95 тоот тушаалаар тус тус улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байна. 

"М" ХХК нь ашигт малтмалын хайгуулын  ХV-9819 тоот тусгай зөвшөөрлийн талбайн 137.77 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын ХV-9821 тоот тусгай зөвшөөрлийн талбайн 435.22 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус өргөдөл гаргаж бүртгүүлжээ.

"М” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн шатны шүүхэд ашигт малтмалын хайгуулын ХV-9819, ХV-9821 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 813 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр магадлалаар дээрхи шүүхийн шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь хянан шийдвэрлэх шатандаа байгаа. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “хайгуулын тусгай шөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар"М" ХХК нь Ашигт малтмалын хайгуулын XV-9819, XV-9821 тоот тусгай зөвшөөрлүүдийн сунгуулах өргөдлийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргах ёстой байсан.

Ашигт малтмалын хайгуулын сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гараагүй тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл бүрдсэн байх тул "М" ХХК-аас Ашигт малтмалын хайгуулын XV-9819, XV-9821 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "М" ХХК нь "М" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай XV-009819, XV-009821 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд анх гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа “XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” гэж нэмэгдүүлсэн байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр Ар хүрэн уул нэртэй 435.22 гектар талбай бүхий уул уурхайн эдэлбэрт болон Халзан бүрэгтэй нэртэй 137.77 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт "М" ХХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. 

Ашигт малтмал, газрын тосын газрын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” №7/1751  тоот  болон №7/1752 тоот  албан бичгүүдээр XV-009821 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн 546.3 гектар талбайг дуусгавар болгож бүртгэснийг, XV-009819 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн 1928.56 гектар талбайг дуусгавар болгож бүртгэснийг тус тус мэдэгдсэн байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн тодорхой, зайлшгүй нөхцөл байдал, шалтгаануудын улмаас дугаар XV-009819 тоот болон XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэ талаар тайлбарлаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Үүнийг дор тайлбарлавал:

Нэхэмжлэгч "М" ХХК нь дугаар XV-009819, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн дагуу олгогдсон нийт талбайн хэмжээгээр бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах шаардлагагүй байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь дугаар XV-009819, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон нийт талбайн хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгосон тохиолдолд нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах шаардлагагүй юм.  

Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нийт талбайн зөвхөн нөөц тогтоосон хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, харин үлдсэн талбайдаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эрхтэй болохыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь Ашигт малтмалын газрын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №6-5601 тоот  болон 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №1/4041 тоот , 2015 оны 07 дугаар сарын 09-ний №1/5742 тоот  албан бичгүүдээр нотлогдож байна.

Мөн Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны дугаар 05 тоот тэмдэглэл болон уг хуралдаанд танилцуулсан танилцуулга, ажлын тайлангаас үзэхэд тус хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах, нөөц тогтоосон хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэдгийг аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна. 

Дээрх албан бичгүүд болон хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нөөц тогтоосон хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, харин үлдсэн талбайдаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эрхтэй гэж тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэж байсан атлаа хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлөө 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө гаргах ёстой байсан буюу хуулийн хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.  

Мөн нэхэмжлэгч нь XV-009819, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн дагуу олгогдсон нийт талбайн хэмжээгээр бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасан мөн нийт талбайн хэмжээгээр бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаснаас шалтгаалж, тус шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагч хэрхэн биелүүлэхийг хүлээснээс шалтгаалж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаа алдаж гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 813 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр магадлал, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

"М" ХХК нь тухайн үед буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах хууль зүйн боломжгүй байсан байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар  Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах” гэж заасныг 3 удаа сунгуулах гэж өөрчилж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилсан байна. 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 4-р зүйлд “...21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтын “2” гэснийг “3” гэж.... өөрчилсүгэй” гэж заасан байна.

Маргаан бүхий XV-009819, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг анх 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгосон ба хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2 удаа сунгуулж 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссан байх ба хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусах үед үйлчилж байсан хуулийн зохицуулалтын дагуу авч үзэхэд нэхэмжлэгч 2 удаа сунгуулах эрхээ эдэлсэн тул 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хууль зүйн боломжгүй байсан байна. 

Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр 2 удаа сунгуулах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалт байсан тул "М" ХХК нь тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах хууль зүйн боломжгүй байжээ.

Иймд "М" ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу "М" ХХК-ийн XV-009819, XV-009821 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхээс XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байгаа тул  “бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх шаардлагагүй. 

Тодруулбал XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг шүүхээс хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр өмнөх бүртгэл сэргэх буюу хүчинтэй байх хууль зүйн үр дагавар үүснэ. 

Иймд “бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх шаардлагагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “XV-009819, XV-009821 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах "М" ХХК-ийн өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/- төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.Б