Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0509

 

2019 оны 09 сарын 26 өдөр           Дугаар 221/МА2019/0509                          Улаанбаатар хот

“Д...” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу “Д...” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д...” ТӨХК-ийн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоожээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтыг захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай заалт гэж ойлгож байна.

Шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2 дахь хэсгийг үндэслэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

“Д...” ТӨХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 тоот захирамжаар олгогдсон газар эзэмших эрх дуусгавар болсон учир Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 121 дүгээр захирамж гаргах эрх зүйн үндэслэл бий болсон.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана гэж заажээ. Хугацаа 2007 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргажээ гэж дүгнэж болно.

“Э” ХХК-д эзэмшүүлсэн 3,46 га газрын төлбөрийг тус компани төлж ирсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж ирсэн. Үүнээс үзэхэд “Д...” ТӨХК нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжаар олгогдсон 741985 м.кв газрын төлбөр жилд 81,618,350 төгрөгийг “Э” ХХК-д газар эзэмшүүлснээс хойш төлж байгаагүй нь шүүхийн шийдвэрт дурдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас харагддаг.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/306, 2017 оны А/356 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Маргаж байгаа Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 121 дүгээр захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулиар дагаж мөрдөх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Шүүх үүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Шүүх нотлох баримтыг бүрэн гаргуулж шийдвэрээ гаргасангүй, нэг талыг барин шийдвэрлэсэн нь хариуцагчийн хүсэлтээр гаргуулсан Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжийн нотлох браимт 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирснээр нотлогдож байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 515 тоот шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Энэхүү шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийг баталгаажуулсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Д...” ТӨХК-д Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар дулааны үйлдвэрийн зориулалтаар 75,2 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгожээ.

“Д...” ТӨХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/126 тоот албан бичгээр “... газар ашиглах тухай гэрээнд тусгагдсан газар эзэмшлийн хэмжээнээс 3.4 га талбай бүхий газрыг олгоход дэмжлэг үзүүлэх” тухайгаа гуравдагч этгээд “Э” ХХК-д мэдэгдэж, “Э” ХХК-аас 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06/69 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас 3.4 га газрыг ашиглах зөвшөөрөл хүсэж, нэхэмжлэгч “Д...” ТӨХК-ийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1031 тоот албан бичгээр “Тус компанийн эзэмшлийн талбайд түрээсийн гэрээгээр ажиллаж буй “Э” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3,46 га газрыг тусгаарлан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” талаар Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт мэдэгдэж байжээ.

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Э” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо Д...ын зүүн талд 34000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн төрөлтэй. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхтэй байх боловч 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж зааснаар газар эзэмших (ашиглах) эрх шилжүүлэх газар эзэмшигчийн эрхийг төрийн байгууллага эдлэхээргүй байжээ.

Гэтэл хариуцагчаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болохоор заасныг үндэслэн нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газраас гуравдагч этгээдэд шилжүүлэн эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас шилжүүлэн эзэмшүүлэх (эзэмших) талаарх хүсэлтээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс илэрхийлж байсан[1] баримтууд хэрэгт авагдсан. Хариуцагчаас маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газраас шилжүүлэн эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр маргасан. Нэхэмжлэгчид 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар газар олгосон байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 180 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй байжээ. Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын “... газар эзэмших эрх дуусгавар болсон ... Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар ... хугацаа 2007 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул засаг өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргажээ гэж дүгнэж болно” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрыг бодитоор хэн эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийн газраас гуравдагч этгээдэд анх шилжүүлсэн эзэмшүүлсэн шийдвэр үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор маргажээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан газар эзэмших эрх шилжүүлэх эрх мөн зүйлийн 35.2-т зааснаар төрийн байгууллагад хамаарахгүй байхаар зохицуулсан байхад Газрын тухай хуулийн уг хязгаарлалтыг зөрчин төрийн нийтлэг үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагад олгогдсон газраас гуравдагч этгээдэд шилжүүлэн эзэмшүүлсэн байх тул энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоосон нь зөв байна.

Түүнчлэн, нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж буй процессын хуулийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт ... илт хууль бус болох ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул гуравдагч этгээдийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 515 дугаар шийдвэрээр газар шилжүүлэн эзэмшүүлсэн буюу газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн эсэх энэхүү маргаантай хамааралгүй, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэсэн байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 515 дугаарт шийдвэрээс үзвэл (нийтэд илэрхий) тус хэргийн нэхэмжлэгч “Э” ХХК (энэ хэргийн гуравдагч этгээд) тухайн газрыг шилжүүлэн эзэмшсэн гэх үндэслэлээр маргаж байжээ.