Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Х.Энхтуул,

    Орчуулагч: Б.Бямбаа,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

   Шүүгдэгч: О.Е.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Е.Иид холбогдох эрүүгийн 1935000880045 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Оросын Холбооны Улсын Тыва улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Оросын Холбооны Улсын Хемчиский район Шеми тосгонд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Оросын Холбооны Улсын Тыва улсын Ак-Довурак гудамжний Куругет Спар-Оола 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /паспортын дугаар 65№1356743/ О.Е.И.

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Оросын Холбооны Улсын Тыва улсын иргэн О.Е.И нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонго төвд байрлах “Америк барааны дэлгүүр”-ээс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Н.Цг хуурч, 3600 дублейгээр худалдаа хийж 140.000 төгрөгний үнэ бүхий гутлыг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгдэгч О.Е.Иийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Оросын холбооны улсын Тыва улсын иргэн О.Е.И нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонго худалдааны төв дотор байрлах Америк барааны дэлгүүрээс хохирогч Н.Цг хуурч, 3.600 дублейгээр худалдаа хийж 140.000 төгрөгийн үнэ бүхий гутлыг залилан авсан болох нь хохирогч Н.Цгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ 10 цаг 20 минутын орчимд гараад ...Улаангом сумын 3 багийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөж худалдааны төвийн урд талд буусан. Зам хөндлөн гараад Солонго төв дотор байх Америк бараа нэртэй өөрийнхөө дэлгүүр рүү орсон. ...Гаднаас хар бараан өнгийн хувцас өмссөн Тыва хүн орж ирээд дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байсан хэд, хэдэн гутлыг заахаар нь авч өгөхөд хэсэг үзэж сонирхож байгаад гараад явсан. Удалгүй нөгөө Тыва залуу буцаж орж ирээд манай дэлгүүрт 140.000 төгрөгөөр зарагдаж байсан эмэгтэй хүний 38 размерын урт түрийтэй өвлийн хар өнгийн гутлыг авахаар болсон ба тухайн хүн надад 3600 рубль өгсөн. Уг Тыва залуутай хэл ойлголцоход манай Солонго төвийн цэвэрлэгч Цэвээнжав надад тусалсан юм. Тыва хүн надтай худалдаа хийгээд явснаас хойш 2 цаг орчмын дараа хүргэн Д манай дэлгүүр дээр ирсэн. Би “чи банкинд ажилладаг хүн байна. Энэ рублыг аваад надад Монгол мөнгө өгчих гэж хэлээд худалдаа хийсэн 3600 рублыг өгөхөд хүргэн Дандинсүрэн “Ээж энэ чинь хуурамч рубль байна. Та цагдаагийн байгууллагад дуудлага өг” гэж хэлээд надад 3600 рублыг буцаан өгсөн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын 7045102 дугаарын утас руу гар утсаараа дуудлага өгсөн юм. Миний ажиллаж буй Америк барааны дэлгүүр болон Солонго худалдааны төв дотор ямар нэгэн хяналтын камер байхгүй. Надад 3600 рубль өгсөн хүнийг дахин харвал танина гэж бодож байна. Би тухайн хүний нүүрний хэлбэр болон үсний засалт, арьсны өнгөөр нь танина. Тухайн Тыва хүн нь толгойндоо цагаан өнгийн их үстэй байсан. ...Би гуталаа буцаагаад авчихсан, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 38-40 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Дгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би ажил дээрээ байж байгаад үдийн цайны цагаар хадам ээж Н.Цгийн дэлгүүр дээр яваад очиход ээж Н.Ц нь надад хандаж рубль өгөөд миний хүү үүнийг монгол мөнгө болгоод өгөөч гэхээр нь би түүнийг нь аваад бариад үзэхэд хуурамч гэдэг нь илт мэдэгдэж байсан. Учир нь тухайн рублийн цаас нь маш нимгэн байснаас гадна тухайн дэвсгэрт дээр ямар нэгэн тодорхой нууцлал байхгүйгээс гадна Дублей гэсэн бичигтэй байсан. Би өөрөө банкинд ажилладаг болохоор мөнгөн дэвсгэрт болоод гадны орнуудын мөнгөн дэвсгэртийг хараад мэдэх тул хадам ээжийн өгсөн рублийг хараад л хуурамч гэдгийг нь мэдээд ээж та хуурамч рубль-ээр худалдаа хийсэн байна гэхэд ээж надад өгсөн хуурамч рублийг авч үлдээд цагдаад мэдэгдсэн. Анх намайг ороход ээж Н.Ц би нэг гутал 140.000 төгрөгөөр бодож 3600 рубль авсан гэж хэлж байсан...” /хх-ийн 49 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Г.Ц-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би ажил дээрээ байж байгаад Н.Ц эгчийн дэлгүүр лүү ороход нэг Тыва улсын иргэн орж ирээд гутал авах гээд эмэгтэй хүний түрийтэй гутал руу заасан. Түүнийг авч үзүүлээд тооны машин дээр монгол мөнгөн дүнг нь хийгээд рубль рүү шилжүүлж үзүүлэхэд тэр хүн тухайн үзүүлсэн гутлыг авахаар болж 3600 рублийг Н.Ц эгчид өгөөд гутлаа аваад гараад явсан. Тухайн үед би тэр Тыва улсын иргэний өгсөн рублийг хуурамч гэдгийг мэдээгүй. Үдийн цайны үеэр Н.Ц эгчийн хүргэн Д ирж түүнийг хуурамч байна гэдгийг нь хэлсэн байсан. Тэгээд Ц эгч надад би хуурамч рубль авчихсан байна гэж хэлсэн. Тэгж хуурамч рубльэр худалдаа хийсэн гэдгийг нь мэдсэн. Н.Ц эгч бид хоёрын аль аль нь Тыва хэл мэдэхгүй бөгөөд тухайн үед Тыва хүн орж ирээд гутал руу заагаад үзээд авах шинжтэй байхаар нь мөнгөн дүнг нь тооны машинд хийж рубльд шилжүүлээд 3600 рубль болж байна гээд үзүүлээд 3600 рублийг Н.Ц эгч авч хоцорсон. Би Тыва хүний өгсөн рублийг барьж үзээгүй...” /хх-ийн 50 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч О.Е.Иийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2019 оны 3 дугаар сарын 06-ны өглөө Увс аймаг руу явахаар болж интернетэд зар тавихад надтай 4 эмэгтэй цуг явахаар болж бид 5-уулаа Увс аймагт ирсэн. Увс аймгийн Улаангом суманд 11 цагт ирээд ВаЬу shор дэлгүүр дээр зогсоод надтай цуг ирсэн 4 эмэгтэй тэр дэлгүүр лүү орж, би өөрөө Солонго төв рүү ороод Америк барааны дэлгүүр лүү ороод эхнэртээ 1 ширхэг гутал авах гээд үзээд тухайн гутлыг авахаар тохирсон. Би өөрөө монгол хэл мэдэхгүй, тэр худалдагч эгч мөн Тыва хэл мэдэхгүй болохоор нь тооны машин дээр бичиж ойлголцсон. Тэгээд тэр гутал 3600 рубль болохоор нь би халаасандаа байсан дулейг гаргаж тоолж өгөхөд тэр эмэгтэй мэдэхгүй авчихсан. Тэгээд би гараад явчихсан Тэндээсээ гараад ВаЬу shор дэлгүүрийн үүдэнд очоод цуг явсан 4 эмэгтэйг машиндаа суулгаад Итгэлт зах руу орж цуг явсан эмэгтэйчүүд бараагаа авахаар явсан би өөрөө гуанз орж хоол идээд машиндаа суугаад цуг явсан эмэгтэйчүүдийг хүлээгээд сууж байтал цагдаа нар ирж намайг барьж авсан. Солонго төвийн Америк барааны дэлгүүрт дублейгээр худалдаа хийсэн. Өөр газарт Дублейгээр худалдаа хийгээгүй, миний халаасанд дублей байж байсан. Тэр дублейг Тыва улсын дэлгүүрүүдээр сувинер маягаар зардаг. Би Монгол Улсын Увс аймагт ирээд Сувинерээр нь зарна гэж бодоод авч ирсэн бөгөөд би Солонго төв ороод худалдаа хийхэд тэр эмэгтэй мэдэхгүй авчихаар нь өгчихсөн. Би Увс аймаг руу такси үйлчилгээнд явах зорилгоор ирсэн. Би өглөө нь ирээд орой буцна гэж бодож ирсэн. Тывагийн Ак доварокоос Увс аймаг хооронд явахад ашигтай байдаг нэг хүнийг 2000 рублээр тээвэрлэдэг 4 хүн авч ирэхэд надад 4000 рублийн ашигтай байдаг юм. Би Монгол улсад орж ирээд ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Монгол Улс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжилгээнд хүргүүлсэн 5000, 2000, 1000, 200 дэвсгэртийн рубль нь жинхэнэ рубль биш байна. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөн дэвсгэрт нь “НЕ ЯВЛЯЕТСЯ ПЛАТЕЖНЫМ СРЕДСТВОМ ДУБЛЕЙ гэсэн бичиглэлтэй байх ба уг бичиглэл нь төлбөрийн хэрэгсэл биш, хуулбар” гэсэн утга агуулсан байна. Мөн хэт ягаан туяаны гэрэлд нууцлал өдөөгдөж харагдахгүй, сери дугааргүй, жинхэнэ мөнгөн дэвсгэртэй харьцуулан шинжлэхэд хэмжээ зөрүүтэй байна” гэх 19/28 тоот дүгнэлт, /хх-ийн 52-56 тал/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөнгөн дэвсгэртэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, баримт бичиг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-36 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Оросын холбооны улсын Тыва улсын иргэн О.Е.И нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонго худалдааны төвд байрлах Америк барааны дэлгүүрээс 140.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний 38 размерын гутлыг мөнгөн төлбөрийн хэрэгсэлд тооцогддоггүй сувеннер хэлбэрийн рубль буюу дублэйгээр худалдан авч, хохирогч Н.Цг залилсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч О.Е.Иийн хохирогч Н.Цг хуурч, төөрөгдөлд оруулан хуурамч рублээр худалдаа хийж, гутал авсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч О.Е.И гэмтэл үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Е.Иид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул түүнийг  залилах гэмт  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц 140.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний гутлаа бусдад шилжүүлж хохирсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Е.Иаас хураан авч, хохирогч Н.Цд хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Н.Цгийн “...Би гутлаа буцаагаад авчихсан болохоор надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэхгүй зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт, эд зүйл хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-29, 40, 110 тал/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч О.Е.Иаас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч оролцсон тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцснийг дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч О.Е.И нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зан байдлыг тодорхойлолт, лавлагаа, гадаад паспорт, жолоочийн үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 85, 88-97 тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх ба шүүгдэгч О.Е.И нь одоо Оросын Холбооны улсын Тыва улсын Ак Довурак хотын Кужугет Спар-оолын гудамжны 10 тоотод ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүгдэгч О.Е.Иид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч О.Е.Иийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч О.Е.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх прокурорын гаргасан ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан.

 

Иймд шүүгдэгч О.Е.Иид шүүхээс оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Хэрэгт 5000 дублей-4 ширхэг, 2000 дублей 26 ширхэг, 1000 дублей 17 ширхэг, 200 дублей 8 ширхэг тус тус эд мөрийн баримтаар тооцсон /хх-ийн 36 тал/ байх ба шүүгдэгчийн 65№1356743 дугаарын гадаад паспортыг хураан авсан байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан бөгөөд хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн дублей нь жинхэнэ мөнгөн тэмдэгт биш, хуурамч сувинер байх тул уг зүйлийн 1.4-д “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5000-ын дублей-4 ширхэг, 2000-ын дублей 26 ширхэг, 1000-ын дублей 17 ширхэг, 200-ын дублей 8 ширхэгийг тус тус устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс” шилжүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин 65№1356743 дугаарын гадаад паспорт нь Оросын холбооны улсын өмч бөгөөд хүчин төгөлдөр байх тул эзэмшигч буюу шүүгдэгч О.Е.Иид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

            Шүүгдэгч О.Е.И нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Е.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Е.Иид 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Е.И нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч О.Е.И нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Н.Ц нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5000-ын дублей-4 ширхэг, 2.000-ын дублей-26 ширхэг, 1000-ын дублей-17 ширхэг, 200-ын дублей-8 ширхэгийг тус тус устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, 65№1356743 дугаарын гадаад паспортыг эзэмшигч буюу шүүгдэгч О.Е.Иид буцааж олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Е.Иид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА