| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0052/э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Бийн Бт холбогдох 1935001030056 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Зүүнхүрээ дашчойлон хийдийн шашны 2 курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОЙ99081415 дугаарын регистртэй, З ургийн овогт Бийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь хамтран амьдагч, хохирогч Б.Тг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Быг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Найрамдлын хорооны 3-48 тоотод хохирогч буюу хамтран амьдрагч Б.Тг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Б.Тгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 2 дугаар сард найз залуу Бтай танилцаж үерхэж байгаад 2018 оны 8 дугаар сараас хамт амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаандаа жирэмсэн болж, Өмнөговь суманд Бын аавын гэрт хамт амьдарч байгаад 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаангом суманд Б бид хоёр орж ирээд Бын төрсөн эгч Нгийн гэрт байсан. Улаангом суманд эмчийн хяналтанд орохоор ирсэн. Н эгчийн гэр Улаангом сумын 6-р баг Найрамдалын хороонд байдаг юм. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн орчим байх Н эгчийн гэрт Н эгчийн нөхрийн найзууд ирээд нөхрийг нь аваад гарсан хойно бид хоёр хамт хэвтэж байтал Б зүрх өвдлөө гээд байсан. Эхлээд би Быг зүрх нь өвдөж байгааг мэдээгүй хэвтэж байгаад зүрх өвдлөө гэхээр нь зүрх тус ард нуруун дээр нь гараараа дараад массаж хийж байтал Б гэнэт уурлаад чи өөр хүн байсан бол ингэж харьцахгүй байсан гээд хардсан байдалтай над руу уурлаад намайг янхан, банзал гэх зэргээр дарамтлаад намайг орон дээр хэвтэж байтал миний баруун хацар, шанаа, баруун гар, цээж рүү гараараа 4-5 удаа цохисон. Би уйлахад Бын эгч унтаж байгаад сэрж ирээд Быг боль гээд зогсоогоод хэвтүүлсэн ба бид хоёр хамт хэвтэж байгаад жаахан маргалдаж байгаад унтсан юм. Тэгээд маргааш өглөө босоод ээж рүүгээ Б намайг зодлоо гээд хэлчихсэн. Тэгтэл ээж Өлгий сумаас ирээд шууд цагдаад мэдэгдсэн юм. Б бид хоёр албан ёсоор гэрлэж, гэрлэлтээ төрийн байгууллагаар бүртгүүлээгүй байгаа. Б бид хоёрын хооронд маргалдах зүйл хааяа гардаг байсан. Гэхдээ намайг зодож цохиод гэмтээж байсан удаагүй. Харин маргалдсан үедээ хааяа нэг нэгээ алгадах чимхэх явдал гардаг байсан. Гэхдээ гэмтэл учруулахаар тийм зүйл болдоггүй байсан. 2019 оны 2 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Өмнөговь сумын төвд хадам аавын гэрт Б бид хоёр хоёулахнаа хонож байхад хоорондоо ярилцаж байгаад үл ялиг зүйлээс болж маргалдаад намайг урьд нь үерхэж байсан залуучуудтай хардаж намайг орон дээр байтал татаж унагаагаад миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон, гар хөлнөөс чимхэж гэмтээсэн юм. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй бөгөөд хоёулахнаа байсан. Би энэ талаар цагдаагийн байгууллага болон эмнэлэгийн байгууллагад хандаагүй зодуулсан талаараа аав, ээж, хадам аав, ээждээ хэлээгүй юм. Би 2019 оны 2 дугаар сард Баар зодуулах үедээ 7 сар өнгөрүүтэй жирэмсэн байсан. 2019 оны 2 дугаар сард Б намайг зодоход миний баруун хацар, шанаа, хэсэгт жижиг хэмжээтэй хөхөрсөн ба би хөхөрсөн хэсгийг нүүрний будгаар будаад нуучихдаг байсан. Мөн миний хөл гарыг чимхэх үед энд тэнд хөхөрсөн ба баруун гарын булчин хэсэгт 2-3 газар хөхөрсөн байсан. Улаанбаатар хотод хамт нэг байранд амьдарч байхдаа хааяа хэрэлдэж маргах үедээ надад уурлаад аяга, таваг, сандал аваад шидэж байсан. Гэхдээ над руу шиддэггүй өөр тийш шиддэг байсан. Мөн найз нөхөдтэйгээ гарч нэг газар суучихаад ирнэ гэхээр гэрээс гаргадаггүй, утас шалгаад хардаад байдаг байсан. Миний биеийн байдал хэвийн Бт гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй, гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Хоорондоо эвлэрсэн” /хх-ийн 22-27 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Нгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай гэр Улаангом сумын 6-р багийн нутаг Найрамдлын хорооны 3-48 тоотод байдаг бөгөөд би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 3 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна манай төрсөн дүү Б Өмнөговь сумаас найз охинтойгоо манай гэрт ирсэн юм. Б, Т нар манай гэрт түр байж байгаад нэгдсэн эмнэлгийн төрх тасгийн амрах байранд орох гэж ирсэн юм. Тэгээд манай гэрт байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед байх ...гэнэт сэртэл ор цохиод байгаа юм шиг тас няс гэсэн чимээ гараад байсан. Тэгэхээр нь би босоод иртэл Т нүүрээ дараад уйлж байсан ба би Т, Б нараас юу болсныг нь асуухад Т ямар нэгэн юм дугараагүй. Харин Б хэлэхдээ таньд ямар хамаатай юм бид хоёрын асуудал гэхээр нь би уурлаад чи арай жирэмсэн хүн зодоод байгаа юм биш биз дээ болиоч хүүхэд нь дутуу гарчихвал яах гэж байгаа юм гэхэд Б хэлэхдээ Т миний зүрх өвдөж байгааг тоохгүй байна гээд байсан тэгээд унт гээд унтацгаасан юм. Маргааш нь өглөө босоход Тгийн баруун талын хацар, шанаа, эрүү хэсэг нь улайгаад хөхөрчихсөн байсан юм. Тэгээд би өглөө Тгээс та хоёр өчигдөр яагаад зодолдоод байсан бэ? гэхэд Т хэлэхдээ шөнө Б зүрх өвдөж байхад тоосонгүй гээд маргалдаад зодсон гэж хэлсэн юм. Харин Тг Б зодож байхад надаас өөр хүн байгаагүй юм” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ч.Ч-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай хүү Б нь 2018 оны 06 дугаар сард Т гэх охиныг гэртээ дагуулж ирсэн. Түүнээс хойш тэр хоёр манайхаар, Тгийн гэрээр хамтдаа ирж очин байж байгаад намар хамтдаа сургуульд явсан юм. 2018 оны 10-р сард Улаанбаатар хотод очоод Т, Б нарыг эргэж очоод Тг жирэмсэн болсон гэдгийг мэдсэн. Намайг тэр хоёртой хамт байх хугацаанд тэр хоёр хэрэлдэж маргалдаад зодолдож байсан зүйл байхгүй. 2019 оны сургуулийн амралт тавиад Б, Т нар хичээлээсээ жилийн аваад манай гэрт ирж хамт байж байсан. Манай нөхөр лам хүн учир байнга ажилтай айлуудаар ном уншаад явдаг учир гэртээ бараг байдаггүй. Харин би жижүүр учир 24 цаг ээлжинд гараад 48 цаг амардаг юм. Намайг гэрт байх Б, Т хоёр нэг л удаа хэрэлдэхээр нь би тэр хоёрыг болиулсан ба өөрөөр хэрэлдэж маргалдаад зодолдоод байсан асуудал байхгүй юм. 2019 оны 2 дугаар сард байх орой хоол идэж байгаад нэг харахад манай бэр Тгийн баруун талын хацар хуруу дарам газар хөхөрчихсөн байхаар нь би ямар учиртай хөхөрчихсөн байгааг асуухад надад гэрийн хаалга санаандгүй хацараараа мөргөөд хөхрүүлчихсэн гэж байсан юм” /хх-ийн 30-31 тал/ гэх мэдүүлэг,
гэрч З.Бийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай гэр Увс аймгийн Өмнөговь сумын 5-р багийн нутаг буюу сумын төв дээр байдаг юм. Би одоогоор эхнэр Чимгээ, хүү Б нарын хамт амьдардаг бөгөөд манайх 5 хүүхэдтэй хамгийн бага Б юм. Б нь 2018 онд Улаанбаатар хотод шашны дээд сургуульд суралцаж байгаад 2019 оны өвөл найз охин нь жирэмсэн болоод чөлөө аваад гэртээ байсан юм. ...Би өөрөө лам хүн учир хүмүүс надаар заслаа хийлгэх гээд би гэртээ бараг байдаггүй гэрт юу болж байгааг мэдээгүй байсан. Тэгтэл манай эхнэр надад хот яваад ирэхэд хоорондоо маргалдаад байна тэгэхээр нь би энэ хоёрыг загинчихсан чинь түүнээс хойш зүгээр болчихлоо гэж байсан. ...2019 оны 3 дугаар сарын сүүлээр аймгийн төвд байдаг манай охин Н над руу утсаар яриад Быг цагдаа нар аваад явчихлаа эхнэртэйгээ маргалдсан гэдэг шалтгаанаар гэж хэлсэн юм. Ер нь манай хүү Б нь даруухан, дуугүй, янз бүрийн зан ааш гаргадаггүй хүүхэд байсан. Гэтэл энэ өвлөөс хойш зүрх өвдөөд байна гэж хэлээд жаахан уцаарлангуй болчихсон” /хх-ийн 32-33 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 6 дугаар сард манай охин Тгийн найз залуу нь гэж ирсэн. Манайд ирээд 2 сар орчим гэрт хамт амьдарсан. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу сургуульдаа хамт явцгаасан Улаанбаатар хотод байж байгаад манай охин жирэмсэн болоод сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад 2018 оны 12 дугаар сард Өлгий суманд манай гэрт ирсэн. Б Өмнөговь сумын харъяат гэр орон нь тэнд байдаг юм. Өнгөрсөн өвөл Т Б хоёр 2 гэрийн хоорондоо ирж очоод байдаг байсан. Манай охин хэр баргатай дугардаггүй, дөлгөөн зантай аливаа зүйлд их нухацтай ханддаг юм. Элдэв янзын гаж муу зуршил байхгүй. 2015 онд сургуулийн тэргүүний сурагчаар төгсөж байсан. Бын хувьд би зан аашийг нь сайн таньж амжаагүй байгаа. Элдэв янзын муу зуршилгүй юм шиг байна лээ. Хүнтэй харилцаж ярьж хэлж байгаа зүйл нь бас их ухаалаг, зөв зүйтэй зүйл ярьдаг байсан” /хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Л.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 6 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын 20 хүртэл Өлгий суманд манай гэрт хамт байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сар хүртэл Улаанбаатар хотод сургуульдаа сурангаа хамт амьдарч байсан. Манай охин жирэмсэн болсон тул тухайн суралцаж байсан сургуулиас 1 жилийн чөлөө аваад хамтдаа Өлгий суманд манай гэрт ирцгээсэн. Манай хүргэн болох Б гэдэг залуу Өмнөгоь сумын харъяат бөгөөд гэр орон аав ээж нь тухайн суманд байдаг. Манай охин Т Б хоёр Өмнөговь болон Өлгий сумдын хооронд ирж очоод байдаг байсан. 2019 оны 3 дугаар сарын дунд үед эмчид үзүүлэхээр Улаангом руу Т Б хоёр хамт явсан. Улаангомд очоод Бын хүргэн ахын гэрт байхдаа 3 дугаар сарын 16-ны өдөр манай охин Тгээс мессеж ирсэн. Тухайн мессежиндээ Б намайг нүүр лүү цохиод хөхрүүлчихлээ гэж бичсэн байсан. Тэр зүйлийг сонсоод би Өлгий сумаас машин аваад Улаангом сум руу охиноо очиж авахаар явсан. Би Улаангом сум ороод Цагдаагийн газар очиж хэлсэн. Тэгээд би охиноо аваад гэртээ ирсэн. Манай охин Т дуугүй даруу төлөв, аливаа зүйлд маш их нухацтай ханддаг элдэв ямар нэгэн муу зуршилгүй охин байгаа юм. Бт ямар нэгэн муу зуршил байддаггүй, номхон дөлгөөн талдаа зан ааштай жаахан эрх талдаа байж магадгүй гэж надад ажиглагдсан. Өөр бусдаар элдэв янзын ааш араншин байдаггүй юм. Урьд өмнө хэрэлдэж зодолдож байсан талаар хэлээгүй” /хх-ийн 36-37 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.М-гийн хэрэг бүртгэлтэнд шатанд өгсөн “Би Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн их эмчээр 11 дэх жилдээ ажиллаж байна. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь сумаас эмчийн бичигтэй Т гэх эмэгтэй төрөхөөр манай төрөх тасагт ирж үзүүлсэн юм. Т анх төрөх тасагт ирэхдээ 38 долоо хоногтой жирэмсэн байсан. Би Тг үзээд шинжилгээ бүрдүүлэх зүрх судасны эмчид үзүүлэх, зүрх судасны бичлэг хийлгэх заалт өгсөн. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн давтан үзлэгээр 39 долоо хоногтой жирэмсэн, зүрхний булчингийн үрэвсэл, бөөрний үрэвсэл, цус багадалттай учир онош тавьж амрах байранд хэвтүүлсэн. Эдгээр онош нь эхийн жирэмсэн үеийн өөрийнх нь суурь өвчин бөгөөд Тг хэвтэх үед бүтэн биеийн үзлэг хийхэд Тгийн жирэмсэний биеийн байдал хэвийн, харин баруун хацар нь шанаа хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан ба юу болсныг асуухад нөхөртэй зодуулсан гэж надад хэлсэн. Т надад хэзээ, хаана, ямар шалтгаанаар зодуулсан гэдгээ хэлээгүй” /хх-ийн 38-39 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Увс аймгийн Өмнөговь сумын 5-р багийн нутагт аав, ээжийн хамт амьдардаг юм. 2018 оны 2 дугаар сард Улаанбаатар хотоос автобусаар ирж байгаад Ттэй танилцаад түүнээс хойш уулзаж байгаад 2018 оны 4 дүгээр сараас Т бид хоёр үерхэж эхэлсэн юм. Тэгээд 2018 оны зун хадам аавын гэрээр болон манай гэрээр бид хоёр хамт байж байгаад намар 9 дүгээр сард хамт хот ороод нэг байранд амьдарч эхэлсэн юм. 2018 оны 9 дүгээр сард Тг надаас жирэмсэн болсныг мэдсэн ба хамт амьдарч байгаад 2019 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотоос хамт ирээд манай аавын гэрт хамт амьдарч байсан. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Тг төрүүлэхээр аймгийн төвд хамт орж ирээд Улаангом сумын 6-р багт байх манай төрсөн эгч Н, төрсөн ах А нарын гэрт ирсэн юм. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төрөх тасгийн эмчид Тг үзүүлэхэд бөөр үрэвсэлтэй гээд эмчилгээ бичиж өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө Н эгчийн гэрт Т бид хоёр хонож байтал манай хүргэн ахын найзууд шөнө 01 цагийн орчим ирээд хүргэн ахыг аваад явчихсан юм. Тэгээд хэвтэж байтал гэнэт миний зүрхээр хатгуулаад миний зүрх өвдөөд эхэлсэн ба амьсгаа давчдаад хэвтэж байгаад миний зүрх өвдөөд байхад яагаад мэддэггүй юм гээд Т рүү уурлахад Т би яаж чиний зүрх өвдөж байгааг мэддэг юм гээд маргалдсан. Би Тд чи урьд нь үерхэж байсан залуучуудын чинь зүрх өвдөж байсан бол ингэж хандахгүй байсан биз дээ намайг тоохгүй байна гэж уурлаад хэрэлдэж байгаад Тг хэвтэж байхад нь гараараа Тгийн зүүн, баруун хацар, шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон мөн цээж рүү нь гараараа 1 удаа цохитол Т уйлаад эхэлсэн ба Т бид хоёр хэрэлдэж байтал манай эгч сэрээд бид хоёр луу ирээд намайг яагаад эхнэрээ уйлуулаад байгаа юм одоо унт гээд уурласан юм. Тэгээд бид хоёр унтсан ба өглөө нь Т хадам ээжид намайг зодсоныг нь хэлээд хадам ээж цагдаад дуудлага өгсөн байсан. ...Тухайн үед эгч Нгаас өөр хүн байгаагүй. Т бид хоёр 2018 оны 9 дүгээр сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн ба тухайн үед Т надад урьд өмнө нь 2-3 залуучуудтай үерхэж байсан гэж хэлснээс болж би Тг харддаг болсон. Түүнээс хойш бид хоер хэрэлдэж маргалдаад байдаг болсон юм. Би Тг 2019 оны 3 дугаар сарын 17-нд зодсон ба түүнээс өмнө 1 удаа зодсон. Тэр нь 2019 оны 2 дугаар сарын үед байх өдрийг сайн санахгүй байна. Өмнөговь суманд манай аавын байшинд хамт байж байгаад тухайн үед аав хөдөө явчихсан, ээж ээлжинд гарчихсан байсан ба хоёулахнаа байж байгаад мөн хардалтаас болж маргалдаад би Тг орон дээр хэвтэж байтал нь үснээс нь татаж буулгаад хацар шанаа хэсэг рүү нь гараараа зодсон юм. Өөрөөр Тг зодож байсан удаа байхгүй. Т бид хоёр албан ёсоор гэрлээгүй бөгөөд хадаг сүү тавьчихсан хамтран амьдарч байгаа. Би өөрийн найз охин Тгээс уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, надад гомдол тэмцэл байхгүй гэж хэлсэн. ...Одоо Т төрөөд 7 хонож байна. Өмнөговь суманд манай аавынд амьдарч байгаа. Би эхнэрээ жирэмсэн байхад нь 2 удаа хардаж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Одоо хүүхдээ асарч, хурим найраа хийж сайхан амьдарна. Надад торгуулийн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Тгийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун шанаа, баруун, зүүн хацар, баруун бугалга, шуунд цус хуралт, эрүүний баруун талд, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх 245 дугаар дүгнэлт /хх-ийн 19 тал/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 74-92 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16-17 тал/ бүхий нотлох баримтууд хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч, хохирогч нар эхнэр, нөхрийн харилцаатай нэг гэрт 8 сарын хугацаанд хамт амьдарч байсан, 2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө Улаангом сумын 6-р багийн нутагт дэвсгэр, 3-48 тоотод буюу Б.Нгийн гэрт шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Тг үл ялих шалтгаанаар буюу намайг өвдөж байхад тоосонгүй гэж зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна.
Энэ нь шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаартай “хохирогч Б.Тгийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун шанаа, баруун, зүүн хацар, баруун бугалга, шуунд цус хуралт, эрүүний баруун талд, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт, хохирогч Б.Тгийн “...Б гэнэт уурлаад чи өөр хүн байсан бол ингэж харьцахгүй байсан гээд хардсан байдалтай над руу уурлаад намайг янхан, банзал гэх зэргээр дарамтлаад намайг орон дээр хэвтэж байтал миний баруун хацар, шанаа, баруун гар, цээж рүү гараараа 4-5 удаа цохисон...”, шүүгдэгч Б.Бын “...Тгийн зүүн, баруун хацар, шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон, мөн цээж рүү нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлгүүдээр тогтоогджээ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 245 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Б.Бын 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хохирогчийг цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д “...хохирогчийн ...жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан аюулын зэргийн үнэлгээний маягт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч, гэрч Б.М, Л.Н, Б.Н, З.Б, Б.Баасанжав нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, баримтаар хохирогч Б.Т, шүүгдэгч Б.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хамтран амьдрагч нар байх бөгөөд хохирогч Б.Т нь гэмт хэрэгт өртөх үедээ 9 сартай жирэмсэн буюу 39 долоо хоногтой байсан нь тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Бын хамтран амьдрагч Б.Тг жирэмсэн /7, 9 сартай/ байхад нь 2 удаа зодсон, зодохдоо нэг бус 3-5 удаагийн цохилтоор бие махбодид гэмтэл учруулсан үйлдлийг хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Б.Т энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй гэж мэдүүлсэн учир шүүгдэгч Б.Баас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.А, Б.Н нарын мэдүүлэг, Увс аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 107 тоот албан тоот, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1/347 тоот албан бичиг, Увс аймгийн Өмнөговь сумын 5-р багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 99 тоот албан бичиг, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 41, 56, 63, 64, 69, 70 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт аав, ээж, хамтран амьдрагч нарын хамт оршин суудаг, хувьдаа тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Б.Т мөрдөн байцаах ажиллагааны шатанд “...Б.Б нь надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн. Одоо миний биед өвдөх зүйл байхгүй. Нөхрөөс нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж тодорхойлолт гаргасан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж шүүх дүгнэж, түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Б.Бт дээрх хуулинд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Бийн Бт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА