Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01541

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 29 210/МА2024/01541

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01669 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК, С ХХК нарт холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 350,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, Г., өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Э ГХОХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №031/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дэнчин 200.000.000 төгрөгийг бүрэн төлснөөр худалдагч тал гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхийг гэрээний 3.1.4-т, үлдэгдэл төлбөр болох 150.000.000 төгрөгийг бүрэн төлснөөр, худалдагч тал гэрээний зүйл болох DX520LCA-K модель бүхий 20331 арлын дугаартай 94-75Р улсын дугаартай тоног төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг гэрээний 1.2-т тус тус зааж харилцан тохиролцсон.

Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн дэнчингийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 50.000.000, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50.000.000 төгрөг/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 25.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 55.000.000 төгрөг, нийт 6 удаагийн гүйлгээгээр хуваан бүрэн төлж, гэрээний төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнээс үзэхэд төлбөр төлөх нийт үүргийн 84% буюу 295.000.000 төгрөгийг хугацаандаа төлж, үлдэгдэл 16% буюу 55.000.000 төгрөгийг банк хоорондын гүйлгээний улмаас болж үүргээ ялимгүй хоцроож, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутад багтаан бүрэн төлж барагдуулсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн байх ёстойгоос гадна, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэвч энэ тухай мэдэгдээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр тул гэрээний зүйл болох DX520LCA-K модель бүхий 20331 арлын дугаартай, 95-74УР улсын дугаартай тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид бүрэн бүтэн, гэрээнд заасан байдлаар хүлээлгэн өгөхийг мөн эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгах шаардлага гаргасан.

Гэвч хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С ХХК-тай 040/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийг тус компанийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Э ГХОХХК-иас дараах хохирлуудыг нэхэмжилж байна. Үүнд:

Уг тоног төхөөрөмжийг түрээсийн ажилд зах зээлийн одоогийн ханшаар бодож гарахад өдрийн 20 цагаар сарын 560 цагаар түрээслүүлэхэд 55.000.000 төгрөг байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмж хүлээн авсан гэж үзвэл тус өдрөөс хойш 7-10 хоногийн хугацаанд техникийн үзлэг хийх, шанаганд гагнуур хийж, бусад үйлчилгээ хийж ажилд гаргахаар тооцсон байсан. 2023 оны 10 дугаар сарын 30-наас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж буй өдөр хүртэл нийт 3 сарын хугацаанд 165.000.000 төгрөгийн орлого олох боломжтой байсан.

Иймд хариуцагч Э ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас нэхэмжлэгч компанийн олж болох байсан орлого 165.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани уул уурхайн хөрс хуулалт, барилгын суурь, газар шорооны ажил гүйцэтгэдэг тасралтгүй 8 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Уг техникээр маш их ажил гүйцэтгэх боломжтой байсан, элж болох орлого зөвхөн түрээслүүлэх үнээр тооцоход дээрх хохирлыг учруулаад байна.

Уг техниктэй ижил хүчин чадалтай, техник үзүүлэлт бүхий техник худалдан авахаар зах зээлийн үнийн судалгаа хийсэн байсан ба дахин үнийн санал авахад Хера Экуйпмент ХХК-д Hyundai 520LC-9 загварын 3.2 мкуб шанагатай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, 19000 мото цагтай экскаватор 580.000.000 төгрөгөөр худалдаалж айна. Гэрээний маргаан болох энэ техник 2019 онд үйлдвэрлэгдсэн, 12000 мото цагтай, ашиглалт бага хямд буюу 350.000.000 төгрөгөөр үнийн хэлэлцээр хийж. удалдаж авахаар гэрээ байгуулж байхдаа л зах зээлийн ханшаас маш хямд үнээр авах боломж байгааг харж, мэдэж байсан. Энэ бол манай компанийн хувьд маш том боломж, маш том хөрөнгө оруулалт болох байсан. Хариуцагч компанийн худалдааны зөвлөхүүд үүнийг мэдэж байсан. Тийм ч учраас худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 80 хувийн төлбөрийг хугацаандаа төлсөн, үлдэгдэл 20 хувийн төлбөрийг баттай төлөхөө мэдэгдэж, банк хоорондын гүйлгээний ажлын өдрүүдээр шилждэгээс болж, үүргээ ялимгүй зөрчиж 1 хоногийн хугацаа хэтрүүлж 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлсөн байтал өөр компани буюу С ХХК-д шилжүүлсэн. Одоо уг техниктэй адилыг 350.000.000 төгрөгөөр худалдан авах боломж байхгүй эд хөрөнгийн алдагдал хүлээсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.3-т заасныг үндэслэн манай компанид учруулсан эд хөрөнгийн алдагдал болох 185.000.000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагч Э ХХК-ийн тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20331 арлын дугаарын DX520LCA-K маркийн экскаваторыг 350.000.000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдахаар харилцан тохиролцож 031/2023 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 200.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ зөрчиж 10 дугаар сарын 09-ний өдөр 150.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөгийг төлсөн.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл 150.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэ өдөр 95.000.000 төгрөгийг төлж 55.000.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээ дуусгавар болсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 55.000.000 төгрөгийг төлсөн.

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Э ХХК-ийн худалдааны төлөөлөгч А.Одончимэг өнөөдөр тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлөхгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Иймд хариуцагчийн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу гэрээнээс татгалзах тухай мэдэгдээгүй гэх тайлбар худал юм.

Манай компани маргаан бүхий экскаваторыг 2023 оны 10 дугаар сарын 14- ний өдөр С ХХК-тай 040/2023 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж уг гэрээний үндсэн дээр экскаваторыг С-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Экскаваторын өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн тухай нэхэмжлэгчид мэдэгдэхэд тэрээр гэрээнээс татгалзсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч гэрээний дагуу манай компанид төлсөн 350.000.000 төгрөгийг яаралтай шилжүүлэн шилжүүлэхийг биднээс шаардсан.

Уг шаардлагын дагуу бид 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу ням гаригт 350.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон.

Таван сая төгрөгөөс дээш хэмжээний банк хоорондын гүйлгээ зөвхөн ажлын өдрүүдэд хийгддэг тул нэхэмжлэгчийн банк хоорондын гүйлгээнээс шалтгаалж хугацаа хоцроосон гэх тайлбар худал. Нэхэмжлэгчийн зүгээс манай компанид мөн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүх төлбөрийг шилжүүлсэн, банк хоорондын гүйлгээний улмаас 10 дугаар сарын 16-ны өдөр төлбөр танай дансанд орно гэж мэдэгдсэн нь мөн худал байсан. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аливаа төлбөр нэхэмжлэгчээс хариуцагчид төлөгдөөгүй юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол хохирол шаардах үндэслэл хамаарахгүй. Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч Ж ХХК зөрчсөнөөс Э ХХК гэрээнээс татгалзаж, хүлээн авсан төлбөрийг бүхэлд нь буцаан шилжүүлсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болох бөгөөд үүргээ зөрчсөн тал нь нэхэмжлэгч тул учирсан хохирол шаардах эрхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн олох байсан орлого гэх 165.000.000 төгрөгийг зайлшгүй олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээнүүдийг гаргаж өгсөн ч энэ нь гэрээний зүйл болох экскаваторыг түрээсэлж олох байсан орлогыг нотлох баримт болохгүй.

Нэхэмжлэгч гэрээний зүйлтэй адилхан экскаваторыг 350.000.000 төгрөгөөр худалдан авах боломжгүй тул эд хөрөнгийн алдагдал хүлээсэн гэжээ. Нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлага нь эд хөрөнгийн алдагдалд хамаарахгүй бөгөөд гэрээнээс татгалзаж талуудын хооронд гэрээний харилцаа дуусгавар болсон байхад өөр төхөөрөмж худалдан авах зөрүү мөнгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн буцан төлсөн. Дахин экскаватор худалдан авах эсэх нь нэхэмжлэгчийн бүрэн эрх бөгөөд одоог хүртэл экскаватор худалдан аваагүй байгаа нь хариуцагчийн буруутай үйлдэл биш буюу хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй тул тус шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч С ХХК-ийн тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

С ХХК нь Э ГХОХХК-иас DX520LCA-K модель бүхий 20331 арлын дугаартай экскаваторыг худалдан авахаар тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 040/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. С ХХК нь гэрээнд заасан үнийг төлөх үүргээ биелүүлсэн тул экскаваторыг өмчлөлд шилжүүлж авсан Мөн Э ГХОХХК-тай байгуулсан гэрээ хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Э ГХОХХК-иас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 340.000.000 төгрөгийг болон хариуцагч С ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.978.150 /1.907.950+70.200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Харуицагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 227.2-т зааснаар хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, тэрээр хуулийг хэрэгжүүлж, шударгаар оролцоогүй хайхрамжгүй гэм буруутай гэж үзэж, С ХХК-тай байгуулсан гэрээний дүн 360.000.000 төгрөг, Ж ХХК-тай байгуулсан гэрээний дүн 350.000.000 төгрөгийн хоорондох хариуцагчийн илүү олсон ашиг 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн алдагдал-д тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь заалтыг буруу тайлбарласан тухайд

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д Иргэний хуулийн 227.2-т зааснаар хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, тэрээр хуулийг хэрэгжүүлж, шударгаар оролцоогүй, хайхрамжгүй гэм буруутай гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн тус заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 227.2 дахь заалтад субсумци хийж харвал шүүх нь хариуцагч талын гэрээнээс татгалзсан үйл явдлыг нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болоогүй, иймд энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж дүгнэсэн байна.

Гэтэл нэгт, Иргэний хуулийн 227.1 дэх заалт нь гэрээний үүргийг зөрчөөгүй тал нь гэрээний үүргийг зөрчсөн талын буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлоо арилгуулах шаардах эрхийн үндэслэл бүхий заалт бөгөөд энэ тохиолдолд гэрээний үүргээ зөрчиж, төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь хариуцагч бус нэхэмжлэгч байх тул хуулийн энэхүү заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуулийн зүйл заалтыг илэрхий тодорхой буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн хоёрт, шалтгаант холбооны үүднээс харвал нэхэмжлэгч тал хэрвээ төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлсэн байсан бол хариуцагч тал гэрээнээс татгалзах үндэслэл үүсэхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс өөр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн гаргасан буруутай үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоог шүүх дүгнээгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч Э ХХК нар нь 2023 оны 10-р сарын 09-ний өдрийн №031/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан.

Мөн хариуцагчийн зүгээс өөр этгээдтэй гэрээ байгуулсан явдал нь гэрээний харилцааг тусгаарлах зарчмын хувьд ч мөн хууль зөрчсөн үйлдэл биш гэдэг нь тодорхой харагддаг. Гэрээний харилцааг тусгаарлах зарчмын дагуу эд хөрөнгийг худалдах нь гагцхүү үүрэг үүсгэх үр дагавартай бөгөөд эд хөрөнгийг худалдсанаар бий болох үүрэг нь захиран зарцуулах хэлцлийг хөндөхгүй юм.

Иймд зах зээлийн зарчмаараа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан гэрээний зүйлийг худалдсан хариуцагч компанийн үйлдэл нь Анхан шатны шүүхийн дүгнэсэнтэй адил хуулийг хэрэгжүүлж, шударгаар оролцоогүй, хайхрамжгүй гэм буруутай үйлдэл биш юм.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225.4.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн тухайд

Нэхэмжлэгч 'Ж ХХК нь хариуцагч Э ХХК- тай 2023 оны 10-р сарын 09-ний өдрийн №031/2023 тоот Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.2.1-т худалдагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх боломжтой болсон тухай худалдан авагчид мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж, тоног төхөөрөмжийг шалгаж хүлээн авах үүрэгтэй... гэж заасан ба гэрээний хавсралт №1-д заасан хугацаа буюу 2023 оны 10-р сарын 13-ний өдөр тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлж дуусахаар тохиролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг 2023 оны 10-р сарын 13-ны өдөр төлөх үүрэгтэй байхад 2023 оны 10-р сарын 14-ний өдөр төлж гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь гэрээний үүргээ зөрчсөн байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Маргааны тохиолдолд талууд гэрээнээс Худалдан авагч тал үнийг төлөхдөө гэрээнд заасан хоногийг нэг өдрөөс хэтрүүлж төлсөн зөрчлийг нийт төлбөл зохих үнийн дүнгийн хэмжээ болоод төлбөр төлөх хугацаа, үүргийн шинж байдалтай харьцуулан үзвэл хуульд заасан ялимгүй зөрчилд хамаарахаар байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ялимгүй зөрчил гэж үзэхдээ зөвхөн нэхэмжлэгч бус талуудын ашиг сонирхлыг нийтэд нь дэнслэн үзэх шаардлагатай байсан. Шүүх энэ тохиолдолд хариуцагч талын ашиг сонирхлыг харгалзаж үзээгүй. Энэ нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбараар ч мөн батлагддаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... ашиглалт бага хямд буюу 350,000,000 төгрөгөөр үнийн хэлэлцээр хийж, худалдан авахаар гэрээ байгуулж байхдаа л зах зээлийн ханшнаас маш хямд үнээр авах боломж байгааг харж, мэдэж байсан... гэх тайлбараас энэхүү маргаж буй гэрээний зүйлийг хариуцагч нь нэхэмжлэгчид маш хямд үнээр зарсан, тэр хэмжээгээрээ нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 -д заасны дагуу хугацаанд нь биелүүлэх ёстой байсан гэдэг нь харагдаж байна. Зах зээлийн үнээс хамаагүй хямдаар зарж байгаа хариуцагч талын өнцгөөс харвал, хямд үнээр борлуулж байхад тохиролцсон хугацаанд үүргээ биелүүлээгүйн улмаас өөр худалдан авагчид борлуулж илүү ашиг олох нь хариуцагч талын зүй ёсны ашиг сонирхол юм.

Иймд анхан шатны шүүх нь ялимгүй зөрчил-г тогтоохдоо хариуцагч талын дээр дурдсан ашиг сонирхлыг харгалзан үзээгүй буюу талуудын аль алиных нь ашиг сонирхлыг адил тэгш байдлаар харгалзан үзээгүй нь Иргэний хуулийн 225.4.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй тухайд

Ж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 350,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд уг хохирлыг шаардсан шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо олж болох байсан орлого болох 165 000 000, эд хөрөнгийн алдагдал 185 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үндэслэн нэхэмжилсэн байдаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэхүү үндэслэлээ нотлох ёстой боловч ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шаардлагаа дэмжих нотлох баримтыг гаргаж өгөөгүй, зайлшгүй олох ёстой байсан орлого болон эд хөрөнгийн алдагдал гэдгээ нотлоогүй.

Гэтэл анхан шатны шүүх үүнийг С ХХК-тай байгуулсан гэрээний дүн 360.000.000 төгрөг, Ж ХХК-тай байгуулсан гэрээний дүн 350.000.000 төгрөгийн хоорондох хариуцагчийн илүү олсон ашиг 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн алдагдал гэж дүгнэсэн нь нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт огт дурдагдаагүй зүйл байх бөгөөд үүнийг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд гэрээний төлбөрийг төлөөгүй тул хариуцагчаас С ХХК -тай гэрээ байгуулсан бөгөөд шүүхийн үндэслэх хэсгийн 5.3-т Хариуцагч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр 2023 оны 10-р сарын 14-ний өдөр С ХХК, Э ХХК-тай 040/2023 тоот худалдах худалдан авах гэрээг байгуулсан, 20331 арлын дугаартай DX520LCA-K маркийн экскаваторыг 360 000 000 төгрөгөөр тохирч тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2023 оны 10 сарын 17-ны өдөр С ХХК-г бүртгэсэн үйл баримтад талууд маргаагүй. гэж дүгнэсэн.

Гэтэл талуудын маргаагүй үйл баримтад үндэслэж С ХХК, Э ХХК хооронд байгуулсан гэрээний үнийн дүнг Ж ХХК болон хариуцагч Э ХХК хоорондын гэрээний үнийн дүнтэй харьцуулж, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн алдагдлыг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлага нь эд хөрөнгийн алдагдалд хамаарахгүй буюу талуудын хооронд гэрээний харилцаа дуусгавар болсон байхад өөр төхөөрөмж худалдан авах зөрүү мөнгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд шүүх үүнийг шийдвэрлэхдээ хариуцагчийн илүү олсон ашиг 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн алдагдал-д тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй асуудлаар дүгнэлт хийсэн явдал юм.

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд

Анхан шатны шүүх нь шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэл дэх 2023 оны 10 сарын 14-ний өдрийн өглөө 09:38 минут дахь арга алга, мөнгө ороогүй, нөгөө хүн нь өнөөдөр мөнгөө хийгээд авах байхаа гэж дурдсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.1-д заасан нэмэлт хугацаа олгоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь талуудын хооронд харилцсан дээрх чат-ын арга алга, мөнгө ороогүй гэх хэсгээс нэхэмжлэгч талд үүргээ гүйцэтгэх эцсийн боломжийг олгож хүлээсэн боловч одоог хүртэл мөнгө ороогүй, өөр арга алга гэх агуулга илэрхий харагдаж байна. Мөн тус чат-ын нөгөө хүн нь өнөөдөр мөнгөө хийгээд авах байхаа гэх хэсгээс нэхэмжлэгч талд хэрвээ төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол өөр хүнд худалдах талаар мэдэгдэж сануулж байсан нь харагдаж байна.

Иймд, үүрэг гүйцэтгэхийг сануулж. түүнийгээ хүлээж, болохгүй бол өөр хүнтэй гэрээ байгуулна гэдгээ илэрхийлж, арга ядахдаа өөр хүнтэй гэрээ байгуулсан хариуцагч талын бодит үйл баримтыг нотолж буй чат-ыг шүүхээс нэмэлт хугацаа олгоогүй байна гэж дүгнэсэн нь Анхан шатны шүүх ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.2-т заасан ...тал бүрээс нь бодитойгоор...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул ИХШХШтХуулийн 167.1.3-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01669 дугаартай шийдвэрийн хариуцагч талаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж ХХК-иас хариуцагч Э ХХК болон С ХХК-иудад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр хохиролд 350,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Ж ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж DX520LCA-K загварын 20331 тоот аралын дугаартай тоног төхөөрөмжийг 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дэнчин 200,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үлдэх 150,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Улмаар Ж ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 09-ний өдөр 50,000,000 төгрөг, 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийн дэнчинг төлж, үлдэх 150,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг, 13-ны өдөр 45,000,000 төгрөг, 14-ний өдөр 55,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

 

Гэтэл хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний үлдэх төлбөр 150,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээний зүйлийг С ХХК-нд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 360,000,000 төгрөгөөр худалдсан нь зохигчдын хооронд маргаан гарах шалтгаан болжээ.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмын хүрээнд нэхэмжлэгч Ж ХХК нь гэрээний төлбөрийг хугацаандаа төлөх үүрэг хүлээх бөгөөд тус компани дэнчин 200,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж, гэрээгээр тохирсон хугацааг 1 /нэг/ хоногоор хэтрүүлсэн байна.

 

Гэвч энэхүү зөрчил нь дээр дурсан хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар ялимгүй зөрчил байх тул худалдагч Э ХХК нь уг үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрхгүй, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Иймд, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дэнчинг төлснийг үндэслэн үүнийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болохыг нотолж, гэрээний үнийн дүнд тооцох төлбөр гэж дүгнэх үндэслэлтэй.

 

6. Харин хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-ийг үлдэх 150,000,000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчөөгүй байхад зөрчсөн гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

6.1. Зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар худалдагч буюу хариуцагч Э ХХК нь дэнчин 200,000,000 төгрөг төлөгдсөн тохиолдолд гэрээний зүйлийг хавсралт 1-д заасан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр худалдан авагч Ж ХХК-нд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний төлбөрийг 100 хувь төлөгдсөн тохиолдолд тоног төхөөрөмжийг хүлээлцэхээр тохиролцоогүй, харин худалдан авагч нь дэнчинг төлсөн бол худалдагчийн зүгээс гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагч Э ХХК-ийг DX520LCA-K загварын 20331 тоот аралын дугаартай тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Ж ХХК-нд хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж дүгнэнэ.

 

6.2. Мөн талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д худалдагч нь худалдан авагчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх боломжтой болсон тухай мэдэгдсэн өдрөөс хойш худалдан авагч нь ажлын 3 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж тоног төхөөрөмжийг хүлээн авах үүрэгтэй гэснээс үзвэл нэхэмжлэгч Ж ХХК нь тоног төхөөрөмжийг хүлээн авах 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор үлдэх 150,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байгаагаас дүгнэвэл тийнхүү 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлснийг зөрчилд тооцох үндэсгүй.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйлийг хүлээлцэх, төлбөр төлөх нөхцөл, хугацааны талаар тухайлсан зохицуулалтыг анхаарахгүй нэхэмжлэгч Ж ХХК-ийг гэрээгээр хүлээсэн 150,000,000 төгрөгийг 1 /нэг/ хоногийн хугацаа хэтрүүлсэн алдаатай гэж дүгнэж, улмаар ялимгүй зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулна.

 

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байхад гэрээний зүйлийг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С ХХК-нд худалдсан нь гэрээг үндэслэлгүйгээр цуцалсанд тооцогдох бөгөөд худалдан авагч буюу нэхэмжлэгч нь учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ж ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх тухайн гэрээний зүйлийг бусдад түрээслүүлж 165,000,000 төгрөгийг олох байсан нь эргэлзээгүй нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Харин хариуцагч Э ХХК нь гэрээний зүйлийг С ХХК-нд 360,000,000 төгрөгөөр худалдсанаас 10,000,000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжлэгч Ж ХХК-нд олгосон нь үндэслэлтэй. Учир нь, хариуцагч нь тухайн тоног төхөөрөмжийг бусдад худалдах зах зээлийн үнийг 360,000,000 төгрөг гэж тогтоосон байх тул зөрүү 10,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01669 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Б.МАНДАЛБАЯР