Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01548

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31 210/МА2024/01548

 

 

 

С.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02015 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б, Д.Мэ, А хадгаламж, зээлийн хоршоо нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 17,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч Э.Мгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч А ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.А, өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Б, Д.Мэ нарын өмгөөлөгч Э.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

С.Г нь Lexus 570 маркийн .... УНК улсын дугаартай автомашиныг 2023 оны 05 сард Голомт банкны зээлээр худалдан авсан.

Уг тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад буюу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21:20 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Моносын баруун замд MAN.MGX 28.480 маркийн .... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэнджавын Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, огцом ухарч миний Lexus 570 маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Түүнд хуульд заасан хариуцлага оногдуулж зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар С.Г миний Lexus 570 маркийн .... УНК улсын дугаартай автомашинд 24,897,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч С.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Итгэлт Эстимэйт ХХК-д автомашинд үнэлгээ хийлгэсэн 996,000 төгрөгийг төлсөн.

Ц.Бгийн жолоодон явсан MAN.MGX 28.480 маркийн .... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгасан даатгалын компаниас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8,443,000 төгрөгийг иргэн С.Г надад шилжүүлсэн байдаг. ...Хариуцагч Д.Мэ, Ц.Б, А ХЗХ нараас автомашинд учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр болох 17,450,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч С.Гад олгож өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагч Н.Бгийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.Б би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орой 21 цагийн үед Моносын уулзварын Тэсийн колонк дээр .... УАХ улсын дугаартай Мон маркийн том тэрэгтэй ухрах хөдөлгөөн хийхдээ .... УНК улсын дугаартай 570 маркийн машин мөргөж хохирол учруулсан. ...Уг осол болох үед Ц.Б би бичиг баримт бүрэн, даатгалтай байсан. Миний тэргийг журмын хашаанд хийсэн...

...Ц.Б надад хохирол төлөх мөнгө байхгүй бөгөөд, өөрийн чадах бүх боломжоо хэлсэн. Би хүний машиныг цалинтай барьж, хөдөө орон нутагт явдаг тул сар бүрийн орлогоос сар сард нь өгч хохирлыг барагдуулна. Уг .... УНК улсын дугаартай 570 маркийн машины эвдэрч солигдсон бүх сэлбэгийг авах хүсэлтэй байна. Үүнд: их гэрэл, гүпер, урд жааз төмөр болон бусад сольсон бүх юмыг авмаар байна. Эд нар нь засвар авах боломжтой маш өндөр үнэлгээтэй гарсан гэжээ.

 

3. Хариуцагч Д.Мийн тайлбар, татгалзлын агуулга:

Д.Мэ нь .... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А ХЗХ-оос зээл авч, худалдан авч байсан. Жолооч Ц.Б нь тус тээврийн хэрэгслийг жолоодож байсныг хүлээн зөвшөөрч байна. Ц.Б нь тухайн тээврийн хэрэгслийг цалин авч, жолооддог байсан. Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг хэт өндрөөр үнэлүүлсэн байна. Би зах зээлийн ханш судлахад ийм өндөр өртөгтэй байгаагүй. Хариуцагч Ц.Бтой адил саналтай байна... гэжээ.

 

4.Хариуцагч А ХЗХ-ны тайлбар, татгалзлын агуулга:

...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2307/02 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулан хоршооны гишүүн Дашдаваа овогтой Мэд зээл олгосон. Фидуцийн зүйл болох Man.RGX 28.480 маркийн, .... УАХ улсын дугаартай, WMA89XZZ98W113332 арлын дугаартай цагаан алаг өнгөтэй автомашиныг үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А ХЗХ-ны өмчлөлд түр шилжүүлсэн. Фидуцийн гэрээний дагуу эзэмших ашиглах явцад зөрчил маргаан илэрсэн бол үүссэн хохирлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцах учир үүрэг гүйцэтгэгч Д.Мэ нь хариуцна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бгоос 8,725,000 /найман сая долоон зуун хорин таван мянган/ төгрөг, хариуцагч Д.Мээс 8,725,000 /найман сая долоон зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Гад олгож, хариуцагч А ХЗХ-нд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Д.Мэ нараас 268,674 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гад олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. 499.4-т заасныг зөрчсөн байна. Иргэний хуулийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэх заалтыг зөрчиж, хариуцагч Ц.Б, хариуцагч Д.Мэ нараас нэхэмжлэлийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн алдаатай шийдвэр болжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэх хуулийн заалт хэрэгжих боломжгүй болсон байх тул хуулийн алдаатай шийдвэр болсон гэж үзэж гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг талуудад тэнцүү хуваарилан гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэрийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасан Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэх хуулийн заалтыг үндэслэн үндэслэлээ тодорхойлсон нь шүүх хуулийг дур мэдэн гуйвуулан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалж, бодит дүгнэлт гарган шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт Итгэлт Эстимэйт" ХХК-ийн үнэлгээгээр хохирлын үнэлгээг 24,897,000 төгрөг гэж үнэлсэн байх боловч, хэрэгт хариуцагчийн хүсэлтээр авагдсан Мөнххада ХХК-ийн засварын ажлын үнэлгээ хийсэн тооцоо болон бусад баримтаар Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээг бодит бус болсон нь харагдаж байгаа юм. Гэтэл шүүхээс зөвхөн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээнд тулгуурлаж, хохирлын хэмжээг тодорхойлсноороо шүүхийн шийдвэр хууль ёсны, үнэн зөв бодитой шийдвэр болж чадсангүй гэж үзэж байна. Энэ бүх шүүхийн шийдвэрийн алдааг Давж заалдах шатны шүүхээс засаж залруулах боломжгүй байна.

Тиймээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02015 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар уг маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Ц.Б, Д.Мэ, А хадгаламж, зээлийн хоршоо нарт холбогдуулан гэм хорын хохиролд 17,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Ц.Б нь хариуцагч Д.Мийн өмчлөлийн .... УАХ тоот улсын дугаартай автомашиныг жолоодож байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр оройн 21:20 цагт ухрах үйлдэл хийх явцад Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.14-т Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч С.Гын өмчлөлийн Тоёота лексус 570 маркийн .... УНК улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

 

4. Хэдийгээр нэхэмжлэгч С.Г, хариуцагч Д.Мэ нарын өмчлөлийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх эзэмшигчээр Голомт банк ХК, А хадгаламж, зээлийн хоршоо нар бүртгэлтэй байгаа боловч зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг үүрэг гүйцэтгүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үүрэг гүйцэтгээгүйгээс эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч нь бодитойгоор гаргуулан авсан нөхцөл байдал үүсээгүй байх тул эдгээр автомашины өмчлөгчийг нэхэмжлэгч С.Г, хариуцагч Д.Мэ нар гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, улмаар талуудын хооронд хуульд заасан үүрэг буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

5. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт хариуцагч Ц.Б нь Д.Мийн өмчлөлийн автомашиныг өөрийн ашиг сонирхлын үүднээс бус, харин өмчлөгчийн эрх ашиг сонирхлын дагуу түүний заавар, захиалгаар жолоодож цалин хөлс авдаг гэснээс үзвэл энэ тохиолдолд хариуцагч Ц.Бг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т тус тус зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч, түүнчлэн тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч нь гэм буруугүй ч гэсэн хариуцах зарчимтай.

 

Өөрөөр хэлбэл, .... УАХ тоот улсын дугаартай автомашины өмчлөгч болох хариуцагч Д.Мэ нь зам тээврийн осол гаргаагүй гэм буруугүй боловч хариуцагч Ц.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Гын эд хөрөнгөд учруулсан хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ.

 

Тиймээс анхан шатны шүүх хариуцагч А хадгаламж, зээлийн хоршоог тээврийн хэрэгслийн өмчлөгч биш гэсэн үндэслэлээр уг байгууллагад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т тус тус зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд болох хариуцагч Ц.Б нь гэм буруугүй гэдгээ нотлоогүй бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

 

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Ц.Б нь зам тээврийн осол гаргасан энэхүү хэрэгт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 100,000 төгрөгөөр торгуулсан шийтгэврийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийг өөрийн гэм буруугийн талаар маргаагүйд тооцно.

 

8. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.... гэж заасан бөгөөд Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч С.Гын өмчлөлийн автомашинд 24,897,000 төгрөгийн хохирол учирснаас нэхэмжлэгч нь хариуцагчийн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 8,443,000 төгрөгийг хүлээн авсан байна.

 

Иймд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.11-т тус тус зааснаар хариуцагч Ц.Б, Д.Мэ нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгч С.Гын автомашинд учирсан бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 16,540,000 төгрөгийг хохирлын үнэлгээний тайлан гаргуулахад төлсөн 996,000 төгрөгийн хамт тэнцүү хэмжээгээр хамтран хариуцагч нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.Г нь уг автомашиныг худалдан авсан Мөнххада ХХК-ийн засвар үйлчилгээ болон эд анги сольсон ажлын хөлс, бараа материалын үнийн саналд дурдсанаар тэрээр нийт 28,083,400 төгрөгийн зардал гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үнэлгээг үндэслээгүй ба хохирлын үнэлгээг хэт зөрүүтэй гэж дүгнэхгүй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн автомашинд 24,897,000 төгрөгөөс бага хэмжээний хохирол учирсан гэсэн тайлбараа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт өгөх боломжтой байхад шүүх хуралдаан дээр гаргасныг хүндэтгэх шалтгаангүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

10. Харин анхан шатны шүүх хариуцагч Д.Мийг тээврийн хэрэгслийн өмчлөгч тул гэм буруугүй боловч хариуцлага хүлээх этгээд гэж, шүүх хариуцагч Ц.Бг гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Гын эд хөрөнгөд хохирол учирсан гэж шалтгаант холбоог зөв тогтоож дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, мөн баримтлах шаардлагагүй зүйлийг баримталсан алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02015 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.Бгоос 8,725,000 төгрөг, хариуцагч Д.Мээс 8,725,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Гад олгож, хариуцагч А хадгаламж, зээлийн хоршоонд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Б.МАНДАЛБАЯР