Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01549

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31 210/МА2024/01549

 

 

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/01562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Бөд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,904,748,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Иргэн Дондовдоржийн Б нь Чингис хаан банк ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХББГ-2018/ЗГ/15 тоот Зээлийн гэрээ байгуулсны дагуу 540,000.00 ам.долларыг жилийн 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж ...уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ББГ-2017/БГ/15/01 дугаар Барьцааны гэрээг байгуулж, .... дүүргийн ... хороо, .... гудамж 82 тоотод байрлах, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн 436,38 м.кв амины орон сууцыг барьцаалж, барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн. ...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр энэхүү маргаанаа эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлэхээр .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдлөө гаргасан. ...эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийхээс татгалзсан.

...2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд зээлийн хүү 466,383.90 ам доллар, зээлийн хүү 264,935.91 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 33,395.64 ам доллар, нийт 764,715.46 ам.доллар буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын албан ханш болох 3,517.05 төгрөгөөр хөрвүүлэхэд нийт 2,689,542,497.45 төгрөг төлбөр төлөх үүрэгтэй байна.

...Иймд иргэн Д.Бөөс зээлийн гэрээний үүрэгт нийт 764,715.46 ам.доллар буюу ...нийт 2,689,542,497.45 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Гэрээнд заасан жилийн 12 хувь (сарын 1 хувь) хувиар үндсэн зээлийн үлдэгдэл 466,383.90 ам.доллароос дээрх 217 хоногт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцвол 39,927.00 ам.доллар буюу 2023.11 06-ны өдрийн Монгол банкны зарласан ханш (1 ам.доллар 3,445.80 төгрөгөөр 137,582,144.00 төгрөг болж байна. ...Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 137,582,144.00 төгрөгөөр нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 2,827,124,642.00 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Гэрээнд заасан жилийн 12 хувь (сарын 1 хувь) хувиар үндсэн зээлийн үлдэгдэл 466,383.90 ам.доллароос дээрх 125 хоногт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцвол 23,000.00 ам.доллар буюу 2024.03.10-ны өдрийн Монгол банкны зарласан ханш (1 ам.доллар 3,374.97) төгрөг 77,624,310.00 төгрөг болж байна. ...Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 77,624,310.00 төгрөгөөр нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 2,904,748,952.00 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатарын тайлбар, татгалзлын агуулга:

Д.Б миний бие тус банкнаас 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ББГ- 2018/ЗГ/15 тоот Зээлийн гэрээ байгуулж 540,000.00 ам долларын зээл авсан ба зээлийн хөрөнгийг төлөвлөсөн төслийн дагуу уул уурхайн олборлолт, хөрс хуулалтын ажил гүйцэтгэлд зарцуулж, төслийн ажлыг эхлүүлсэн боловч ...Монгол улс гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссоос удаа дараа авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэмийн улмаас миний бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож, төлбөр төлөх чадваргүй болсон. ...2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Чингис хаан банкны зүгээс надад таны зээлийн барьцаа хөрөнгө хангалттай үнэлгээтэй учир өөр зээлдэгчийн барьцаа хөрөнгөд давхар тавья. Тэгээд яваандаа зээлийн төлбөрийг харилцан тохиролцож байгаад шийдвэрлэж болно. гэж хэлсний дагуу миний барьцаа хөрөнгийг Бадрах ойл ХХК болон Чны хооронд 2018.05.02-ны өдөр байгуулсан ББГ-2018/ЗГ/45 тоот зээлийн гэрээний барьцаанд бариулж 2018.05.02-ны өдөр №ББГ-2018/БГ/45/03 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж давхар барьцаалсан. Хэрэв банкны зүгээс миний барьцаа хөрөнгийг өөр зээлдэгчийн барьцаа хөрөнгөд давхар барьцаалаагүй байсан бол тухайн үед барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, эсвэл зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх замаар зээлийн төлбөрийг төлөх боломжтой байсан. ...Энэхүү давхар барьцааны асуудал нь зээлийн төлбөрийг төлөх, барьцаа хөрөнгөөр зээлийг хаах зэрэг төлбөр төлөх хэлэлцээр хийхэд саад болсоор өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр төлөх асуудлаар Чингис хаан банктай бодитой санал солилцож байгаа тул асуудлыг шийдэх буюу эвлэрэх хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Бөөс гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,904,748,952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Бийн өмчлөлийн .... дүүргийн 11 дүгээр хороо, .... гудамж, 82 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү- 2206022554 дугаартай, 436.38 м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,067,795 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бөөс 15,067,795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК нь 2023.04.05-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болно. Зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсноор талуудын хооронд зээлийн хүү тооцох талаар тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023.04.05-ны өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн дараах дүнг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Үүнд:

1. 2013.11.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэтэрсэн хугацааны хүү 33,273.00 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 6,655.00 ам доллар, нийт 39,927.00 ам доллар буюу 137,582,144.00 төгрөг,

2. 2024.03.11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэтэрсэн хугацааны хүү 19,166.00 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 3,834.00 ам доллар нийт 23,000.00 ам доллар буюу 77,624,310.00 төгрөг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Нийт 2,904,748,592 төгрөгөөс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон 2023.04.05-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцсон 215,206,454 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга:

1. Нэхэмжлэгч нь анх хариуцагчаас 2,689,542,497.45 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023.11.07-ны өдөр 137,582,144 төгрөгөөр, 2024.03.11-ний өдөр 77,624,310 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 2,904,748,952.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээл авсан нь үнэн, цар тахлын улмаас зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон, зээлээ эргэн төлөхөө ухамсарлаж, зээлдүүлэгчтэй зээл эргэн төлөх асуудлаар идэвхтэй санал санаачилга гарган уулзаж, харилцан тохиролцохыг эрмэлзэж байгаа гэх утга бүхий тайлбарыг өгсөн. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн шаардлагуудыг гардан авсан боловч бичгээр хариу тайлбар гаргаагүй. Мөн шүүх хуралдаан дээр нэмэгдүүлсэн шаардлагын талаар маргаагүй болно. Нэгэнтээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-р зүйлийн 77.2-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа зээл авснаа хүлээн зөвшөөрсөн, зээлээ эргэн төлөхөө ухамсарлаж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан тул түүнийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийн зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байдаг. Нэгэнтээ зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээлийг эргүүлэн төлөөгүй, мөн зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй, дуусгавар болгоогүй, зээлийн гэрээг цуцалсан, дуусгавар болгосон ч зээлдэгч нь хуулийн дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн тус шүүхэд гаргасан гомдол нь огт үндэслэлгүй байна.

3. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ч энэ үүргээ огт биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тайлбар, түүнийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно. Тиймээс түүний гаргаж байгаа тайлбар татгалзал нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Д.Бөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,904,748,952 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Ч ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Бтэй зээлийн гэрээ байгуулж 540,000 ам.долларыг жилийн 12 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зөвхөн зээлийн хүү төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлөөр олгохоор тохирч, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгчийн өмчлөлийн .... дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 82 тоот хаягт байрлах 436.35 м.кв талбайтай улсын бүртгэлийн ..... тоот дугаартай хувийн сууц, гаражийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.

 

3.2. Мөн зээлдэгч Д.Бийн зээл /ам.доллар/-ийн дансны хуулгыг үзвэл 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэмж 112,500 ам.долларыг олгосон бөгөөд хариуцагч нь нийт 652,500 ам.долларыг хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Д.Бөөс үндсэн зээлд төлсөн 186,116.10 ам.доллар, зээлийн хүүнд төлсөн 22,444.64 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 13,186.52 ам.долларыг тус тус хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 466,383.90 ам.долларыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ашигласан гэсэн үндэслэлээр зээлийн хүү 317,975 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 43,884 ам.доллар, нийт 827,643 ам.долларыг нэхэмжилсэн нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

5. Зохигчдын байгуулсан гэрээний 6-д Зээлдэгч зээлийг гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.2-т заасан хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заажээ.

 

Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн байна.

 

6. Мөн зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Б нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсноос хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар Ч ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус тус хариуцагч Д.Бөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан байх тул нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэгчид үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг сануулж байсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд үндэслэн хариуцагч Д.Бийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

8. Харин анхан шатны шүүх зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хариуцагчийн зээлийг ашигласан хугацааг хэргийн нөхцөл байдлыг харгалзаж зөв тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс үүнийг доорх байдлаар залруулна.

 

8.1. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Д.Бөд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэмж 112,500 ам.долларыг олгосон боловч зохигчид тухайн зээлийг хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаагаар зээлж байгаа талаар тухайлан бичгээр тохиролцоогүй учраас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж энэхүү 112,500 ам.долларт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй.

 

8.2. Хэдийгээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй боловч хариуцагчийн зүгээс зээлийг зохих ёсоор төлөөгүй, мөн удаа дараа зээлийг төлөх талаар мэдэгдэхэд төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээний 15 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил бий болсон байхад нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлөө татаж авсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд дараах байдлаар тооцох нь зүйтэй. Үүнд;

 

540,000x12%=64,800 /жилийн хүү/:365=177.53 /өдрийн хүү/, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс үндсэн зээлд 186,116.10 ам.долларыг төлсөн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 өдрөөр үржүүлэн тооцвол 1,775.03 ам.доллар,

 

353,883.90x12%=42,466.06 /жилийн хүү/:365=116.34 /өдрийн хүү/, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1,874 өдрөөр үржүүлэхэд 218,021.16 ам.доллар, үүнээс хариуцагчийн зээлийн хүүнд төлсөн 22,444.64 ам.долларыг хасаж тооцвол 195,576.52 ам.доллар болж байна.

 

Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд 353,883.90х2.4%=8,493.21 /жилийн хүү/:365=23.26 /өдрийн хүү/, зээлийг төлөх ёстой байсан 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1,518 өдрөөр үржүүлэхэд 35,308.68 ам.доллар бөгөөд үүнээс хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 13,186.52 ам.долларыг хасахад 22,122.16 ам.доллар үлдэж байна.

 

Тодруулбал, хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон зээлийн үлдэгдэл 353,883.90 ам.доллар, зээлийн хүү 195,576.52 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 22,122.16 ам.доллар, түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 112,500 ам.доллар, нийт 684,082.58 ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасныг үндэслэн 3,517.05 төгрөгөөр үржүүлэн тооцож 2,405,952,637.98 төгрөг болж байна.

 

Гэвч хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрээс 215,206,454 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул талуудын зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага 2,904,748,952 төгрөгөөс 215,206,454 төгрөгийг хасаж, хариуцагчаас 2,689,542,498 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/01562 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Бөөс 2,689,542,498 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 215,206,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад 15,067,795 гэснийг 13,375,862 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,233,982 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Б.МАНДАЛБАЯР