Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

  2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00609

              Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар би,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4-р хороо, Цоглог хотхон, 202-р байр, 113 тоот хаягт оршин суух Шарнууд овогт Шүхэртийн Баттулга /рд:РЭ83010499/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-8, Болгар улсын Элчин сайдын яамны байранд оршин байгаа “Алтайн хүдэр” ХХК /рд:5095549/-д холбогдох,

 

          Ээлжийн амралтын олговор болох 1,414,952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ш.Баттулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Алтайн хүдэр” ХХК-д 2014 оны 10 сарын 01-ний өдөр зардлын нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оны 10 сарын 26-ны өдрийн Б-1463/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-иас 2015 оны 9 сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор болох 1,414,952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Баттулга нь хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-д холбогдуулан, 2015 оны 9 сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговорт 1,414,952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2016 оны 8 сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч “Алтайн хүдэр” ХХК нь нэхэмжлэгч Ш.Баттулгын нэхэмжилсэн 1,414,952 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч “Алтайн хүдэр” ХХК нь нэхэмжлэгч Ш.Баттулгын нэхэмжилсэн 1,414,952 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ш.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 20,550 төгрөг, хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-иас 20,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Баттулгад буцаан олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР