Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 183/2023/00622/И |
Дугаар | 210/МА2024/01550 |
Огноо | 2024-07-31 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2024/01550
2024 07 31 210/МА2024/01550
Б хадгаламж, зээлийн хоршооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01325 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.С, Б.Ө нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,309,280 төгрөг гаргуулах, үүрийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Б ХЗХ нь анх 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо 144 гишүүнтэйгээр Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу өөрийн гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлж байна.
...Манайд барьцаа болгон 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №57 зээлийн болон барьцааны гэрээ байгуулан ... дүүрэг, .... хороо, .... тоот ......, 332 м.кв га талбайтай эзэмшлийн газар болон Б ХЗХ-ны нэр дээр улсын дугаар ...., арлын дугаар ..... УНГ Тоёота Эстима автомашиныг барьцаанд тавиад одоо хүртэл Ө.С нь унаж хэрэглэж байгаа болно. Ө.С нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 9,700,000 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлсэн болно. ... 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар зээлдэгчид үндсэн зээл 9,700,000 төгрөг дээр, төлөгдөөгүй хоног 875 хоног, 10,984,853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,624,427 төгрөг нийт 22,309,280 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын тайлбар, татгалзлын агуулга: ...хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 гишүүн бус этгээд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглосон байдаг. Гэтэл Б ХЗХ нь Ө.Сг хоршооны гишүүнээр бүртгээгүй байж 2021 оны 10 дугаар сарын 11-ний гэрээ байгуулан зээл олгосон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс үзэхэд Ө.Сг бүр сүүлд буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нотариат хоршооны гишүүнээр нөхөж бүртгүүлсэн байна. Тодруулбал хоршооны гишүүн биш байхад зээлийн гэрээ байгуулж зээл олгосон байна. Тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг үндэслэж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №57 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно., 18 дугаар зүйлийн 18.1.-д Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно гээд 18.1,2.-д гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах гэж заасан. Мөн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлд гишүүний бүртгэлийн талаар хуульчилсан байх бөгөөд 20.1-д Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ гэж заасан байхад гишүүний бүртгэлд хэзээ бүртгэсэн мөн Санхүүгийн зохицуулах хороонд хэзээ мэдэгдсэн талаарх баримт байхгүй байна. Гэтэл Ө.С намайг хуульд заасны дагуу Б ХЗХ-ны гишүүнээр элсүүлээгүй байж гэрээ байгуулан зээл олгосон байна. Тодруулбал 2021 оны 10-р сарын 11-ний өдөр хоршооны гишүүн биш байсан. Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс харахад 2022 оны 11 сарын 25-ны өдөр гишүүнээр элсүүлсэн байна. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг заасан тул Б ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан №57 дугаартай Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар зээлийн гэрээг үндэслэн байгуулсан Б ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр №57 дугаартай Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. ...Иймд Б ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №57 дугаартай Зээлийн гэрээ, Б ХЗХ болон Ө.С нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан 2021 оны 10-р сарын 11-ний өдөр №57 дугаартай Барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
...зээлийн гэрээг үндэслэн байгуулсан Б ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №57 дугаартай Барьцааны гэрээний Б.Өд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний үр дагавар нь барьцааг чөлөөлөх үр дагавартай. Иймд Б ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №57 дугаартай Зээлийн гэрээ, Б ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан №57 дугаартай Барьцааны гэрээний Б.Өд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу ... дүүргийн .... хороо, 8-35 тоот хаягтай Газар эзэмших эрхийн гэрчилгээний 000473137 дугаар, нэгж талбарын 18637315956499 дугаар бүхий 332 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн барьцааг чөлөөлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзалдаа: ...сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь манай хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн гишүүн Ө.Сгийн зээл хүссэн өргөдөл хүсэлтийн дагуу зээл олгохдоо зээлийн бодлогын баримтлах зарчимд тусгасан хамтран зээлдэгч нь гишүүн бус байж болохоор заасан байдаг тул барьцаа болон зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Өтай гэрээ байгуулсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 452 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ө.С, Б.Ө нараас 14,846,747 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б хадгаламж зээлийн хоршоонд олгож, үлдэх 6,001,064 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.С, Б.Ө нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б.Өы эзэмшлийн ... дүүргийн 28-р хороо, 8-35 тоот нэгж талбарын 18637315956499 дугаартай 332 м.кв дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, .... УНГ улсын дугаартай AHR102012900 арлын дугаартай, Тоёота Эстима маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,548 төгрөгөөс 156,164 төгрөг, хариуцагч Ө.С, Б.Ө нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,950 төгрөгөөс 240,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302,384 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б хадгаламж зээлийн хоршоонд олгож, хариуцагч Ө.С, Б.Ө нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 310,555 төгрөгийг хариуцагч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01325 дугаар шийдвэрийг 2024 оны 05 сарын 06-ны өдөр гардаж аваад шийдвэрийн нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн хэсгээс 5,946,747-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч ...энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.
Анхан шатны шүүх Б ХЗХ болон Ө.С, Б.Ө нарын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №57 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэжээ. Гэтэл тус гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Учир нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т 18.1.2 гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглосон байдаг. Гэтэл Б ХЗХ нь Ө.С, Б.Ө нарыг хоршооны гишүүнээр бүртгүүлээгүй байж 2021 оны 10-р сарын 11-ний өдөр гэрээ байгуулан зээл олгосон байна. Мөн Б.Ө ямар ч гишүүнээр элсэх хүсэлт гаргаагүй, гишүүнчлэлийн хураамжийг төлөөлгүй байхад зээл олгосон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс үзэхэд Ө.Сг бүр сүүлд буюу 2022 оны 11 сарын 25-ны өдөр хоршооны гишүүнээр нөхөж бүртгүүлсэн байна. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах болоход нөхөж бүртгүүлсэн гэж үзэхээр байна. Хамтран зээлдэгч эсэхээс үл хамааран зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ.
Тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг үндэслэж 2021 оны 10-р сарын 11-ний өдөр №57 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.,1-д зааснаар харилцан өгсөн авсан зүйлээ буцаан өгөх л үүргийг үүсгэдэг бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй байдаг. Тиймээс Б ХЗХ-оос авсан 9,700,000 төгрөгөөс төлсөн 800,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 8,900,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй тул шүүхийн шийдвэрийн дүнгээс 5,946,747-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч байгаа болно.
Мөн өмнөх зээлийг хаах зорилгоор зээл олгосон нь хоршооны үйл ажиллагааны зорилго хийгээд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01325 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн хэсгийн 5,946,747-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Ө.С нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гараар бичиж хүсэлт гаргасан. Мөн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 100,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлснээр гишүүн болж элссэн. Манай хадгаламж зээлийн хоршоо 210 гишүүнтэй, гишүүдийн эрх ашгийг зөрчиж байна. Анхан шатны шүүх 14,846,747 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, манай хадгаламж зээлийн хоршоонд хохиролтой боловч үүнийг нь хэвээр үлдээе гэсэн байр суурьтай байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б хадгаламж, зээлийн хоршоо нь хариуцагч Ө.С, Б.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,309,280 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Б хадгаламж, зээлийн хоршоо нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ө.С, Б.Ө нартай зээлийн гэрээ байгуулж 9,700,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлэхээр тохирч, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б.Өы эзэмшлийн ... дүүрэг, .... хороо, Ногоон чулуут 8 дугаар гудамж, 35 тоот хаягт байрлах 332 м.кв талбайтай газар эзэмших эрх болон УНГ 82-74 тоот улсын дугаартай тоёота эстима маркийн автомашиныг тус тус барьцаалжээ.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5-д тус тус зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ барьцаалуулах тохиолдолд Иргэний хуульд нийцүүлж барьцаалах бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх журамтай.
Зохигчид 332 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалах гэрээг харьяа дүүргийн газрын албанд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 164 дүгээр зүйлийн 164.1-д тус тус зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
5. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 17 дугаар зүйлийн 17.1-д тус тус зааснаар хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох бөгөөд Б хадгаламж, зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ө.Сгаас 100,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө өгснийг хүлээн авч, улмаар Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр түүнийг гишүүнээр элсүүлсэн нь дээр дурсан хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.2.10-т тус тус заасантай нийцжээ.
Тодруулбал, Хулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гагцхүү хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх тохиолдолд иргэний эрх зүйн чадвар үүсэх бол, харин хадгаламж, зээлийн хоршооны гишүүнийг тийнхүү бүртгэснээр гишүүний эрх, үүрэг үүсэх шаардлагыг хуулиар шаардаагүй тул энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хэрэгт цугларсан баримтаар ба Б хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн бүртгэлийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны тайланд дурдсанаар Б.Өыг гишүүнээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэжээ.
Иймд, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ гэж зааснаар нэгэнт Ө.С, Б.Ө нар тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
7. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.
Энэ талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлбөл зохих зээлийн өрийг тооцоход:
8.1. 9,700,000x48%=4,656,000 /жилийн хүү/:365=12,757 /өдрийн хүү/, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 876 өдрөөр үржүүлэн тооцвол 11,175,132 төгрөг бөгөөд үүнээс хариуцагч нар 318,880 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 10,856,252 төгрөг болж байна.
8.2. Нэмэгдүүлсэн хүүний хувьд зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан жилийн 9.6 хувь бөгөөд 9,700,000x9.6%=931,200 /жилийн нэмэгдүүлсэн хүү/:365=2,551 /өдрийн нэмэгдүүлсэн хүү/, зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 480 өдрөөр үржүүлэн тооцвол 1,224,480 төгрөг ба үүнээс хариуцагч нар 481,120 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 743,360 төгрөг болно.
Анхан шатны шүүх зээлийн хүүг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 13 сараар тооцож 4,440,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 сараар тооцож 706,160 төгрөг, нийт 14,846,747 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүх нэмж дүгнэхгүй.
9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас УНГ 82-74 тоот улсын дугаартай тоёота эстима маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсэгт хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
9.1. Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дээрх автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр барьцаалсан. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухайн автомашины эзэмшигчээр Б хадгаламж, зээлийн хоршоо нь бүртгэлтэй байсан бол Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн лавлагаагаар тус хадгаламж, зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэсувд бүртгэгджээ.
9.2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус заасан бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах барьцаа болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх эдгээр аргууд нь эрх зүйн үр дагаврын хувьд өөр, өөр тул нэхэмжлэгч нь тус автомашиныг барьцаа, аль эсхүл фидуци аль нь болохыг тодорхойлж чадаагүй учир нэхэмжлэгчид автомашинтай холбоотой барьцааны эрх үүссэн гэж дүгнэх боломжгүй.
Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хугацаа нь дууссан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхэнд хамааралгүй зохицуулалт бөгөөд гэрээний хугацаанд хүү шаардах эрх нь 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар тодорхойлогдох тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01325 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452 дугаар зүйлийн 452.1 гэснийг хасаж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б.Өы эзэмшлийн ... дүүрэг, .... хороо, Ногоон чулуут 8 дугаар гудамж, 35 тоот хаягт байрлах нэгж талбарын 18637315956499 дугаартай 332 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас .... УНГ улсын дугаартай тоёота эстима маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР