Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01551

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31 210/МА2024/01551

 

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01909 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Цд холбогдох,

 

Орон сууц болон 13,181,818.18 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 33,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, хариуцагч Г.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Г.Цтэй байгуулсан 16 тоот гэрээгээр Г.Ц .... дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдах ..... зүүн талд байрлах ..... 4 /...../ цогцолборын 7 давхар, 16 тоот маргаан бүхий энэ орон сууцыг 134,000,000 төгрөгөөр худалдан авахаар төлбөрийг гэрээний 2.1 дэх заасны дагуу 30 хувьд нь урьдчилгааг нь төлж, гэрээний 2.1.3 дах хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 93,800,000 төгрөгийг Улсын комиссын акт гарснаас хойш 30 хоногт багтаан төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй. ...2022 оны .... сарын 20-ны өдрийн 168.1 тоот албан бичгээр гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрийг буцаан Г.Цгийн дансанд шилжүүлж, орон сууцыг чөлөөлж өгөх, амьдарсан хугацааны зардал төлөхийг хариуцагчаас шаардсан.

Гэвч гэрээ цуцалсны дараагаар энэ шаардлагыг хариуцагч биелүүлээгүй. Харин талууд шинээр гэрээ байгуулах санал гаргаад 1м.кв н үнийг тухайн үеийн зах зээлийн ханш дөхүүлж буюу 1 м.кв-ын 2,500,000 төгрөгөөр тооцсон. Нийт 167,500,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан байдаг. Гэрээний огноо нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 гэсэн дугаартай огноотой байгуулагдсан. ...шинэчлэн байгуулсан гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул ...2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 185/1 тоот мэдэгдлээр гэрээ цуцлах талаар мэдэгдэж, Г.Цгийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг харгалзан үзэж гэрээг цуцлалгүй хэвээр үлдсэн. Голомт банкны зээлийн шийдвэр гараад Г.Цгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэн байдаг.

...Г.Ц 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай компанийн нягтлан бодогч Б.Баясгалан гэдэг хүнтэй орон сууц захиалгаар бариулах энэ гэрээг 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр огноог нь ухрааж гэрээний үнийн дүнг нь 167,500,000 төгрөгөөр байгуулсан байдаг. Иймд гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулахгүй гэж гэрээ байгуулсан байгаа. ...иргэн Г.Ц өөрөө Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, үүргээсээ зайлсхийж өргөдлөө манай компанид гаргасан. Манай компанийн нягтлан бодогч Б.Баясгалан гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь ...Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн албан татварын тухай хуулийг зөрчсөн хэлцэлд хамаарч байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 56.1.8 дах хэсэгт заасны дагуу манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох н.Отэй гэрээ байгуулаагүй байдаг. н.Аийг төлөөлж гээд манай компанийн нягтлан гарын үсэг зурсан байдаг. ...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирлын хийх ёстой ажлыг Б.Баясгалан гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Тийм учраас Иргэний хуулийн 5.... зүйлийн 56.1.1 болон 56.1.8-д заасны дагуу тус хэлцэл нь хүчин төгөлдөр бус байгаа учраас үл хөдлөх хөрөнгөө буцаан гаргуулах, эзэмшил өмчлөлийн буцаан гаргуулах хүсэлттэй байна.

Г.Ц нь ..... дүүргийн Татварын хэлтэст гомдол гаргахдаа 134,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан. Нэхэмжлэгч компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөлөөгүй гэдэг агуулгаар гомдол гаргасаны дагуу ...Ө компанид 1,500,000 төгрөгийн торгууль ногдуулж 134,000,000 төгрөгөөс 12,818,000 төгрөгийг төрд тушааж энэ баримтыг Г.Цд гаргаж өгч буцаан олголт авсан байх гэж үзэж байна. Тийм учраас гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчиж мөн хууль зөрчиж байгуулсан гэрээний үндсэн дээр Татварын хэлтэст гомдол гаргасан улмаас манай компанид хохирол учирсан байна. Иймд хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ. 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...Тухайн гэрээ 2021 оны 2 дугаар улиралд дуусаж барилга баригдана гэсэн гэрээтэй байсан. ...Байрны лифтгүй болохоор Улсын комисс нь хүлээж аваагүй. ...Би 2021 оны 10 сард байранд орсон. 2022 оны 4 дүгээр сард Улсын комиссын акт гарсан. ...Голомт банк хүлээж авсан материал бүрдүүлээд өгчих гээд надаас шалтгаалахгүйгээр зээл гарахгүй байгаад байсан. ...2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр миний данс руу урьдчилгаа төлсөн 40,000,000 төгрөг шилжүүлчихсэн байсан тэр өдөр нэхэмжлэгч компанийн ажилчид байрны цоожны голыг нь сольж орох боломжгүй болгочихсон байсан. ...Ц.А нь чи байраа сулла, тэгэхгүй бол би хүнд зарна дараачийнх нь айл орох гээд байна гэж өдөр болгон над руу мессеж, чат бичдэг залгадаг байсан үнэхээр намайг дарамталсан. Тэгээд би компаниас гуйхаас өөр аргагүй болсон. ...Би нэхэмжлэгч компанид хандаж зээлийн шийдвэр гарсан зээлийг шийдвэрлэсэн байна гэсэн чинь надад одоо тийм юм байхгүй 1 м.кв дотор 500,000 төгрөг нэмж төл, төлөхгүй бол гэрээгээ цуцалж дараагийн хүмүүсийг орууллаа гээд дахиад дарамталсан. ...30 хоногт нь багтан Голомт банкны шийдвэрийг гаргуулах л зайлшгүй шаардлага гарсан. ...Би зайлшгүй шаардлагаар нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авахгүй гэдгээ бичиж өгөөд 33,000,000 төгрөгийг төлөхөөс өөр аргагүй болсон.

Би Ц.Ат нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг авъя гэхэд баримт өгөхгүй тийм юм байхгүй гэсэн. Тэгэхээр би татварын байгууллага дээр гомдол гаргасан. ...Ингээд татварын байгууллага нэхэмжлэгч байгууллагыг 1,500,000 төгрөгөөр торгосон.

...Б.Баясгалан Ц.А нар энэ байгууллага төлөөлөх эрхтэй этгээд гэж ойлгож байсан. Иргэний хуулийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч компанийн захирал н.Оюунбилэг нь .... дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс рүү над дээр энэ байрыг гаргаж өгнө үү гээд хүсэлт бичсэн нь гэрээ хүчин төгөлдөр гэдгийг нь нотлоод байна. ...Иргэний хуулийн 65.1.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр татвартай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлүүлсэн. ...Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Орон сууц захиалгын гэрээг анх 134,000,000 төгрөгөөр байгуулсан. Нэхэмжлэгч тал намайг өдөр тутам дарамтлаад өөр аргагүй байдалд хүрсэн учраас 33,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Энэ мөнгийг хууль зөрчиж намайг дарамталж авсан. Тухайн үед 33,500,000 төгрөгийг нэмж төлөхгүй бол улсын бүртгэлийн гэрчилгээ гарах ямар ч боломжгүй гээд тулган шаардсан учраас төлөхөөс өөр аргагүй байдал болсон. Нэхэмжлэгч тал өөрийнхөө давуу байдлыг ашиглаад хууль зөрчиж намайг дарамталж авсан. Гэрээний 4.2 дахь хэсэгт заасан Талууд давагдашгүй хүчин үүднээс гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлага хүлээнэ гэж бодсон байгаа юм. Тэр нь надаас шалтгаалаагүй байсаар байтал хууль гэрээгээ зөрчиж надаас нэмээд мөнгө авсан. Тийм учраас энэ мөнгийг нэхэмжлэгч талаас буцааж гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ө ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзалдаа: Г.Цгийн хувьд 134,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний үүргийг биелүүлээгүй. Гэрээнд заасны дагуу комиссын акт гарснаас хойш 30 хоногийн дотор мөнгийг төлөх л үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас компанийн зүгээс гэрээг цуцлаад урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг бол буцаан шилжүүлсэн байдаг. Г.Цгийн өөрийнх нь хүсэлтийн дагуу метр квадратыг нь 2,500,000 төгрөг болгож гэрээ байгуулсан. Гэрээ бол талуудын тэгш эрхийн үндсэн дээр байгуулагддаг эрх зүйн баримт бичиг. Тухайн үед хариуцагч гэрээг байгуулахгүй ч байж болох байсан. Сөрөг нэхэмжлэл дээр намайг дарамталсан гэж ярьж байна тийм зүйл бол байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ...Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тэр зарчмын дагуу хууль ёсны өмчлөгчтэй барьцааны гэрээ байгуулаад барьцааны эрхтэй болсон гэж үзэж байгаа. ...Голомт банк дээр судлагдсан гэрчилгээ гарсан барьцаалбар бүртгүүлсэн хэлцэл нь 134,000,000 төгрөгөөр хийгдсэн гэрээ байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын талаарх асуудал дээр хүчин төгөлдөр байгаа эсхүл хүчин төгөлдөр бус гэдэг асуудлыг шийдэх гэж байгаа бол Голомт банк барьцаа хөрөнгийн барьцааны эрхийн шударга эзэмшигч байгаа гэдгийг харгалзаж үзэж дүгнэлт гаргаж өгнө үү

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 5.... зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Цгээс .... дүүргийн .... хороо, ..... 4 цогцолборын 7 давхарын 16 тоот, 67 м.кв 3 өрөө орон сууц болон хохирол 13,681,818.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Ө ХХК-иас гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 33,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Цгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 5.... зүйлийн 56.1 заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,380 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,283 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Нэгдүгээрт. Анхан шатны шүүхээс гэрээний эрх зүйн чөлөөт байх зарчимд халдаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдөөгүй харилцаан дээр төлсөн байна гэж илт үндэслэлгүй дүгнэсэн тухайд.

...20 дэх хэсэгт Хэдийгээр анх гэрээ байгуулахдаа 134,000,000 төгрөгийн үнэд НӨАТ орохгүйгээр тохиролцсон байх боловч гэрээний үнийг нэмж, 167,500,000 төгрөг болгохдоо НӨАТ-ыг оруулсан байна гэж үзлээ гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй.

Тухайлбал, хариуцагч Г.Ц нь Ө ХХК-тай байгуулсан 167,500,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээний 2.1 дэх хэсэгт дээрх орон сууцны үнэд НӨАТ-г олгохгүй бөгөөд НӨАТ олгогдох тохиолдолд 10 хувь нэмж тооцно гэж зохицуулсан. Мөн Г.Ц нь Ө ХХК-д 2022.08.03-ний өдөр гаргасан өргөдөлдөө ...Тус орон сууцны гэрээний дагуу НӨАТ авахгүй гэж бичсэн бичгэн нотлох баримтуудаар Г.Ц нь НӨАТ-н үнийг 167,500,000 төгрөгт оруулж тооцоогүй, оруулсан тохиолдолд нэмж 10 хувийн төлбөрийг төлөх ёстой байсан гэдэг нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, талууд чөлөөт байдлын зарчимд үндэслэн орон сууцны үнэд НӨАТ оруулахгүй, худалдагчийн хувьд аль болох хямд үнээр орон сууцыг худалдан авах хүсэлтэй байсан учир НӨАТ-т төлөх төлбөрийг хасаж тооцсон байсан.

Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс анхаарч, үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй. Харин хожим нь Г.Ц нь НӨАТ орсон үнэ төлсөн мэтээр эрх бүхий байгууллагад гомдол гаргаж маргаан үүсгэж, Ө ХХК-д хохирол учруулсан. Уг хохиролд 13,681,818 төгрөгийг Ө ХХК-д төлсөн болох нь бичгэн нотлох баримтаар нотлогддог. Гэтэл уг баримт нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хэрэв НӨАТ орсон дүн болох 184,250,000 төгрөгийг хариуцагч төлсөн тохиолдолд НӨАТ-н баримт олгоогүй бол Г.Цгийн татгалзал үндэслэлтэй байх юм. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.

Хоёрдугаарт. Анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн шаардлагыг буруу хэрэглэсэн тухайд.

Ө ХХК болон Г.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-т заасан шаардлагыг зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т Гэрээний үнэд НӨАТ орохгүй гэж бичсэн нь гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэл болохгүй..." гэсэн нь илт үндэслэлгүй юм. Учир нь иргэн Г.Цгийн хувьд татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд НӨАТ-н 10 хувийг хасуулахаар тооцсон гэрээ байгуулсан нь татварын хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байсан. Иймд хууль зөрчсөн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагаврыг шууд агуулж байдаг тул орон сууцыг нэхэмжлэгчид буцаан гаргуулж шийдвэрлэх ёстой.

Мөн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зурах ёстой атал нэг талаас компанийг төлөөлөх итгэмжлэлгүй нягтлан бодогч гэрээнд зурсан үйл баримтад хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай юм.

Иймд .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.11-ний өдрийн 102/ШШ2024/01909 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 19 дүгээр заалтад гэрээний үнэд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр зөрүү мөнгийг шилжүүлсэн байна. Хүчинд автаж, аргагүйн эрхэнд шилжүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүйгээс гадна гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч

Учир нь: Иргэний хуулийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан хуулийн заалт байхад гэрээний нэг тал болох Ө ХХК-ны зүгээс гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж менежер А, Хонгорзул нарын хүмүүс ...33,500,000 төгрөгийг нэмж төлөхгүй бол өөр хүнд үнэтэй зарна, бусдад м2-ыг нь 3,000,000 төгрөгөөр зарсан байгаа гэх мэтээр өөрсдийн давуу байдлаа ашиглан байрны гэрчилгээг чинь гаргаж өгөхгүй гэж дарамтлан, айлган сүрдүүлж, нэхэмжилсэн 33,500,000 төгрөгийг төлөхгүй бол банкны зээлийн шийдвэр цуцлагдах эрсдэл үүсч (өмнө нь Ө ХХК нь гэрээний үүргээ зөрчиж цаг хугацаанд нь байрыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээс болж банкны зээлийн шийдвэр цуцлагдаж байсан) аргагүй эрхэнд, гарцаагүй байдалд орсон учраас миний бие 35.000.000 төгрөгийг нэмж төлсөн байхад анхан шатны шүүх сайн дураараа өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. 20 дугаар хэсэгт Хэдийгээр анх гэрээ байгуулахдаа 134,000,000 төгрөгөөр үнэд НӨАТ орохгүйгээр тохиролцсон боловч гэрээний үнийг нэмж 167,500,000 төгрөг болгохдоо НӨАТ-ыг оруулсан байна гэж үзлээ гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь:Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 12 сарын 19-ний өдрийн 16 тоот Орон сууц захиалгаар барих гэрээгээр ...134,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон (энэ нь НӨАТ-ын татвар орсон үнэ) байхад анхан шатны шүүх 134,000,000 төгрөг нь НӨАТ ороогүй, 167,500,000 төгрөгний үнэд НӨАТ-ыг оруулсан үнэ байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

3.Шийдвэрийн тогтоох хэсгийн ...Нэхэмжлэгч Ө ХХК-иас гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 33,500,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Г.Цгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иймд тус гомдлыг хүлээн авч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.... зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Г.Цд холбогдуулан орон сууц болон 13,181,818.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 33,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Ө ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Цтэй орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, .... дүүрэг, ..... зүүн талд байрлах Блью жим-V хотхоны 7 дугаар давхар, 16 тоот хаягт байрлах 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 134,000,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар харилцан тохирсон,

 

3.2. Улмаар талууд дээрх гэрээний үнийг хожим өөрчилж, тухайн орон сууцыг 167,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд Г.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр .... дүүрэг, .... хороо, 10 дугаар хороолол /16080/, Чингүнжавын гудамж, 52б байр, 16 тоот хаягт байрлах 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Хэдийгээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй боловч тухайн компанийн гүйцэтгэх захирал нь чухам хэн болохыг мэдэхгүй гуравдагч этгээд өөрийгөө компанийг төлөөлөх эрх бүхий хүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулж байгаа гэсэн ойлголтоор тийнхүү гэрээ байгуулсан бол үүнийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан гэж шууд буруутгах боломжгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

 

Хэрэгт цугларсан баримтаар Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунбилэг нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр .... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Ц.Цгийн нэр дээр зохигчдын маргаж буй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг зөвшөөрсөн байхын сацуу түүний төлсөн 40,200,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан тухай тодорхойлолтыг Голомт банк ХК-нд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгч байжээ.

 

Үүнээс үзвэл Ө ХХК-ийг төлөөлж Г.Цтэй гэрээ байгуулсан Б.Баясгалангийн үйлдлийг нэхэмжлэгч нь хожим хүлээн зөвшөөрсөн байх тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0091 дугаар шийдвэрээр Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй ..... дүүргийн Татварын хэлтэст холбогдох шийтгэл ногдуулсан хуудас болон албан даалгаврыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2023/0215 тоот магадлалаар хэвээр үлдээжээ.

 

Тодруулбал, зохигчдын хооронд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар 12,181,818.18 төгрөгийг Ө ХХК-ийг суутган төлөөгүй гэсэн үндэслэлээр нөхөн татвар ногдуулж, холбогдох хуульд зааснаар 1,500,000 төгрөгөөр торгосон байна.

 

Тиймээс дүүргийн харьяа татварын албанаас талуудын байгуулсан худалдах, худладан авах гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон гэсэн үндэслэлээр худалдагчид нөхөн татвар ногдуулсан байх тул худалдан авагч Г.Ц нь уг гэрээний дагуу худалдагч Ө ХХК-д үндсэн үнэ 121,818,181 төгрөг /134,000:1.1=121,818,181/-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар 12,181,818 /121,818,181x10%=12,181,818.18/ төгрөгийн хамт төлсөн гэж үзэх учир хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 13,181,818.18 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй.

 

Харин зохигчид хожим гэрээний үнийн дүнг 167,500,000 төгрөг гэж өөрчлөхдөө нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж төлөхөөр тохиролцсон байхад анхан шатны шүүх энэхүү дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан гэж алдаатай дүгнэсэн байх боловч талууд энэ талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэлт өгөхгүй.

 

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Хэрэгт цугларсан баримтаар зохигчид 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 134,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон хэдий ч үүний дараа гэрээний үнийн дүнг 167,500,000 төгрөг болгож өөрчилсөн нь дээр дурдсан хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээний талуудын чөлөөт тохиролцоо бөгөөд Ө ХХК-ийн зүй бус үйлдлийн улмаас Г.Цд 33,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй.

 

Иймд, анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул зохигч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байхад гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардахад хамааралтай болон хуульд зааснаар үүсэх буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь зохимжтой биш байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

7. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01909 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 5.... зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Цгээс .... дүүрэг, .... хороо, 10 дугаар хороолол /16080/, Чингүнжавын гудамж, 52б байр, 16 тоот хаягт байрлах 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон хохирол 13,681,818.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ө ХХК-иас гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 33,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Цгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,222,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 325,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Б.МАНДАЛБАЯР