| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0076/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, Х.Одбаяр, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ш-ийн Уут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810 0205 40541 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, иргэдийн төлөөлөгч Д.Болормаа, шүүгдэгч Ш.Уу, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат, О.Баярбаясгалан, гэрч Х.Г-, шинжээч эмч О.Баатаржав, Э.Амгалан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга В.Орхон шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Мишээл” гэр бүлийн саун ажиллуулдаг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 87-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Ш-ийн Уу /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ш.Уу нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоотод иргэн Г.Быг салсан эхнэр Х.Г-тэй хардан зодож, толгойн тус газарт нь ир үзүүртэй төмөр зүйлээр цохиж, биед нь “баруун зулайн ясанд цөмөрсөн хугарал, тархины няцрал, хуйх, хүзүү, зүүн бугуй, зүүн чигчий хуруунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.Уу-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би өөрийн эхнэр Г-тэй 2005 оноос үерхэж эхлээд 2007 онд нэг гэрт ороод 2009 онд А гэдэг охинтой болсон. Би эхнэр Г-тэй 10 жил хамт амьдарсан. Сүүлийн 5 жилд манай эхнэр Солонгос улс явж, бидний харилцаа таарамжгүй болсон. Гэхдээ бид хоёрын гэр бүл салсан зүйл байгаагүй. Би зундаа хөдөө явж ажиллаад өвөл нь хувийн бизнес хийдэг байсан. Ажил ихтэй гэр бүлдээ зарцуулах цаг бага байсан учраас ийм хэрэг үүссэн. Хэрэг гарах үед би хувийн бизнес хийхээр нэг объект түрээслээд тэндээ 1 сар гаруй хугацаанд засвар хийгээд гэртээ очоогүй байсан. Гэхдээ 2018 оны 5-6 дугаар саруудад Нисэхийн 702 дугаар байрны 45 тоот байранд хадам аав, эхнэр Г- нарын хамт амьдарч байсан. Нисэхийн 702 дугаар байрны 45 тоот байрыг би өөрөө түрээслээгүй, манай хадам аав болох Хишигбаатар, эхнэр нар түрээслэж байсан. Би байрны түрээсийн мөнгийг зарим үед төлдөг байсан. Заримдаа манай эхнэр төлдөг байсан.
Би эхнэрийнхээ сэтгэл санааг хувирсан гэдгийг мэдээгүй байсан. Өмнө нь надад сэтгэл нь хөрсөн болон надаас салах талаараа огт хэлж байгаагүй. Энэ хэрэг гарахаас өмнө эхнэр бид хоёр охин Ариун-Эрдэнийн сургуулийн хэрэгслийг бэлдээд Орхон аймаг руу эмээ рүү нь охиноо хүргэж өгсөн байсан юм. Манай охиныг миний төрсөн ээж ажлынхаа зав чөлөөгөөр сургуульд нь хүргэж өгдөг, харин эхнэр Г- бид хоёр Улаанбаатар хотод ажлаа хийдэг байсан.
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 08 цагийн үед ажлаасаа буугаад амрахаар Нисэхийн 702 дугаар байрны 45 тоотод гэртээ машинтайгаа очоод гэрийнхээ хаалгыг тогшиход нэг нүцгэн залуу гэрийн хаалга онгойлгож өгөхөд нь би түүнээс “чи хэн бэ” гэж асуухад юм хэлээгүй. Тухайн үед нь би хадам аавын дүү юм уу, эсвэл эхнэр Г-ийн дүүгийн найз нь юм байх гэж бодсон. Гэтэл нөгөө залуу намайг хараад царай нь хувираад сонин болоод цаашаа хараад явсан. Тэгэхээр нь би араас нь дагаад “чи хэн бэ, юун хүн бэ” гэж асуухад нөгөө залуу дуугарахгүй алхаад гэрийн тагтан дээр гарахаар нь би араас нь тагт руу гарсан. Гэтэл нөгөө залуу тагтан дээр гараад тамхи татаад миний урдаас тамхины утаагаа үлээсэн. Тухайн үед надад хохирогч Б-ыг цохих санаа зорилго байгаагүй, уур бухимдал төрж, бачимдсан байдлаасаа болоод Б-ыг 1-2 удаа цохисон. Гэтэл Б- шалдан гараад гүйсэн. Би “хүн зодчихлоо” гэж бодоод араас нь гартал Б- байхгүй байсан. Тэгээд эхнэр Г- рүү залгаад “энэ юун хүн бэ” гэж асуухад “би чамд хэлж амжаагүй байсан юм аа” гэж хэлэхээр нь би “хоёулаа нүүр, нүүрээ хараад ярилцах хэрэгтэй байна” гэхэд Г- намайг ажил дээрээ дуудсан, дараа нь Яармагийн гүүрэн дээр уулзахаар дуудсан боловч ирээгүй.
Дараа нь Нисэхийн 702 дугаар байрны 45 тоот гэртээ хүрээд ир дуудахад утасны цаана зөндөө эрэгтэй хүмүүсийн дуу гараад байсан. Би хүн зодчихсон болохоор над руу гэрт байгаа залуучуудыг дайрах байх гэж бодоод барилга дээрээс төмөр аваад орсон. Харин заазуурыг хаанаас авсанаа санахгүй байна. Заазуур нь манай гэрийн заазуур байгаа, миний машин дотор байдаг байсан. Би заазуурыг ил гаргаагүй, хүмүүс айчих байх гэж бодож байсан. Би ийм зүйл болно гэж бодоод маш их гомдсон. Эхнэр бид хоёр 16 наснаасаа хойш хамт үерхэж, хамт амьдарсан тул маш их бачимдаж, бухимдсан байсан.
Би хохирогч Б-ыг огт танихгүй, тухайн хэрэг гарсан өдөр царайг нь анх харсан боловч одоо царайг нь сайн санахгүй байна. Би хохирогчийг зодож гэмтэл учруулах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Харин тухайн өдрийн орой нь нэг лааз “Сэнгүүр” пиво уусан. Би Г-тэй хамт амьдарч байсан болохоор аль болох боломжоороо байрны түрээсийн мөнгийг төлдөг байсан бөгөөд 2018 оны 5, 6 дугаар сарын түрээсийн мөнгийг би төлсөн. Надад хүнийг алах санаа зорилго байгаагүй. Г- өөр хүнтэй болсон талаар надад хэлж байгаагүй. Би хохирогчид эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг төлсөн. Би хүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Тухайн үед намайг гутаан доромжилж байгаа мэт санагдаж, маш их бухимдсан байсан.” гэсэн мэдүүлэг,
2. Гэрч Х.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Нисэхийн 702 дугаар байрны 45 тоотод 2016 оны 09 дүгээр сараас эхлэн түрээслэн амьдарч эхэлсэн, уг байрны түрээсийн мөнгийг Уу төлж байгаагүй. Уу бид хоёр тусдаа амьдраад 4-5 жил болсон ба бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүүхдийнхээ төрсөн өдрийг Орхон аймагт тэмдэглээд, Уу 1-2 удаа манай гэрт ирж, хамт 2-3 хоносон байх. Тэгээд бид хоёр уулзаж хүүхдийнхээ сургуулийн хэрэгслийг бэлдсэн. Манай охины аав учраас би Уутай хааяа уулздаг байсан. Уу хохирогч Б-ыг танихгүй.
Би Б-тай 2018 оны 07 дугаар сараас хамтран амьдарч байгаа, гэхдээ би Уут энэ талаар хэлээгүй. Харин хүнтэй болсон, хамт амьдарч байгаа гэдгээ хэлж байсан. Манай гэрт үзүүртэй төмөр харагдаагүй, гэхдээ би тагтаа цэвэрлээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай байрны түлхүүр Уут байхгүй, би түүнд түлхүүр огт өгч байгаагүй. Энэ явдлаас хойш би хохирогч Г.Бтай харилцаа холбоогүй болсон.” гэсэн мэдүүлэг,
3. Шинжээч эмч О.Баатаржавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Манай байгууллага санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах хэсэгт дүгнэлт гаргаж болдог. Эрүүл хүнд санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах гэсэн асуудал тохиолддог, харин согтуу хүнд санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл согтуурсан үедээ хийж байгаа үйлдэл нь буруу байдаг. Бодит байдал дээр хардалтаас болж санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах үйлдэл байж болно. Дүгнэлт гаргах үед энэ асуудлыг бид асуугаагүй. Хэрэг гарсан тухайн цаг хугацаанд Ш.Уу-ын хувьд санаа сэтгэл хүчтэй зочирдон давчдах зүйл байхгүй гэж үзэж байна.
Хүний санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах нь гэнэтийн байдаг учир цаг хугацааны шинж байдлаар тодорхойлдог. Огцом, түр зуурын шинжтэй байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа болон хардалт, тамхины утаа үлээснээс болж хүний сэтгэл санаа хүчтэй цочирдож давчдах байсан эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь туслах чанартай, хэргийг шийдвэрлэх хэмжээнд хариулт өгөх боломжгүй. Гэхдээ тамхины утаа үлээх асуудал нь хүний сэтгэл санааг хүчтэй цочирдох, давчдахад хүргэхгүй.
Шинжлэх ухааны хувьд энгийн болон эмгэг сэтгэл санаа зочирдох давчдах гэж байдаг. Энгийн нь эрүүл хүнд үүсэх боломжтой. Харин эмгэг нь тодорхой хэмжээний сэтгэцийн өвчтэй хүмүүст үүсдэг. Тухайн эмгэг шинж илэрсэн үедээ хүн өөрийн ухаан санаа удирдах чадварыг алдсан байдаг. Эмгэг шинжийн хугацаа нь минутын дотор байдаг.” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Э.Амгалангаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Миний хувьд Баатаржав эмчтэй санал нэг байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810020540541 дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт /Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 6-16х/,
2. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах мөрдөгчийн тогтоол, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 08, 09 дугаартай тогтоолууд /хэргийн 1-р хавтас 20-22х, 24-25х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зодуулж гэмтлийн эмнэлэг дээр очоод маргааш өглөө нь толгойны ар дагз хэсэгт яс дотогшоо цөмөрч орсон, тэрийг гаргаад оронд нь титан төмөр тавина гэж хэлээд бүтэн наркозонд ороод нилээд хэдэн цаг хагалгаанд орсон. Хагалгаанд орсон өдрийн орой нь ухаан осрон. Би Ууыг огт танихгүй, зүс таних байтугай зургийг нь ч харж байгаагүй. Г- манай нөхрийг Уу гэдэг байсан гэж л хальт ярьж байсан. Тэрнээс тэр хүн ямар дүр төрхтэй талаар надад ямар ч төсөөлөл байгаагүй, салаад олон жил болж байгаа гэж хэлж байсан юм.
Тухайн өдөр өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоотод байхад хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгоход хар биеийн тамирын хувцастай, махлаг залуу “Хүрэлбаатар байна уу” гэж асуугаад гэрт ороод ирсэн. Тэгээд том өрөө рүү орж ирээд “Г-ийг таних уу” гэхээр нь “би танина” гэж хэлэхэд “чи Г-ийн юу нь юм” гэж асуухаар нь би “найз залуу нь байна” гэж хэлсэн. Согтуу хүн айл андуурсан юм байлгүй гэж бодоод ерөөсөө юм бодолгүй тагтны тавцан дээр байсан тамхиа авах гээд тонгойлтол араас шууд ир үзүүртэй хатуу зүйлээр цохисон. Угсруулаад 3-4 удаа цохихоор нь “чи хүн аллаа шүү дээ хөөе” гэж орилсон чинь “би угаасаа чамайг алах гэж ирсэн юм” гэж хэлсэн. Бүр болихгүй шинжтэй цохиод байхаар нь зүүн гараараа толгойгоо хаатал зүүн гарын гаднах шуу хэсгээр нөгөө ир үзүүртэй юмаар цохиод миний шуунаас нилээн цус гарсан. Гараараа хаагаад, дараа нь нөгөө үзүүртэй юмыг нь бушуухан барьж аваад хүчтэй татсан чинь гартаа барьсан төмрөө алдчихсан, төмрийг нь аваад цонх онгорхой байхаар нь шууд шидээд, гэрээс гарч зугтаахдаа толгой эргээд нэг хальтирч унаад, дахиж босоод гараад гүйсэн. Би гараараа хаах үед миний шууны гаднах хэсгээр цохисон бөгөөд эмнэлэгт очоод үзүүлэх үед шууг гаднаас нь дотогшоо нэвт цоолсон байсан. Мөн зүүн гарын чигчий хуруунд 2 оёдол тавьсан. Хурууг яаж гэмтээсэн эсэхийг ёстой санахгүй байна. .
... Би “юугаар цохичихвоо” гээд болиулах гээд гараас нь барихад нь шовх үзүүртэй, бөөрөнхий, 10 орчим см урттай төмөр барьчихсан байсан. Тухайн барьж байсан төмрийг цонхоор шидсэний дараа тэр залуу намайг хананд шахаж боогоод тохойгоороо нүүр лүү нэг удаа цохисон. Намайг цохисон тэр төмөр манай гэрт байхгүй, тэр залуу өөрөө барьж орж ирсэн. Би тэр төмрийг харвал танина.
Би Г-тэй 2018 оны хавар танилцаад 2018 оны 07 дугаар сараас ХУД-ийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоотод хамт амьдарч байна. Г- надад нөхөртэй гэдгээ хэлж байсан, салаад 4-5 жил болж байгаа гэж хэлсэн.
Миний толгойн дагзны яс цөмөрсөн, зүүн гарны шуунд оёдол тавиулсан, хүзүүниы хойд хэсэгт 3 оёдол, чигчий хуруунд 2 оёдол тус тус тавиулсан, хурууг яаж гэмтээсэн эсэхийг санахгүй байна. Би гомдолтой байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд зарцуулсан 800.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.
Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зодуулж гэмтлийн эмнэлэг дээр очоод маргааш өглөө нь толгойны ар дагз хэсэгт яс дотогшоо цөмөрч орсон байна, тэрийг гаргаад оронд нь титан төмөр тавих хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Би Ш.Ууыг огт танихгүй, зүс таних байтугай зургийг нь ч харж байгаагүй. Г- манай нөхрийг Уу гэдэг байсан гээд хальт ярьж байсан. Өөрөөр тэр хүн нь ямархуу дүр төрхтэй байдаг эсэх талаар надад ямар нэгэн төсөөлөл байгаагүй, салаад олон жил болж байгаа гэж хэлж байсан юм.
Манай гэрт тийм төмөр байгаагүй, Уу орж ирэхдээ гартаа юм барьсан харагдаагүй. Халаасандаа хийсэн байх. Гэрийн цонхны тавцанд тамхи, асаагуур хоёр л байсан. Тухайн байрны түлхүүр Г-, бид хоёрт л байдаг юм. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ш.Уу манай гэрээс дараахь эд зүйлсийг авсан байсан. Үүнд:
1. Huawei загварын цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг. Уг утсыг би 2018 оны 8 дугаар сард дүүгээсээ бэлгэнд авсан. Уг утасны дэлгэц нь хагархай, гэхдээ ажилладаг. 3.000 төгрөгөөр үнэлнэ.
2. Гэрт байсан хар өнгийн иштэй заазуур 1 ширхэг. Уг зазуурыг 3.000 төгрөгөөр үнэлнэ.
3. Гэрийн бүргэд хаалганы түлхүүрийг 3.500 төгрөг,
4. Автобусны карт 3.000 төгрөг,
5. Хаан банкны виза карт 6.000 төгрөгөөр авч байсан.
6. Бэлэн байсан 12.000 төгрөгийг авсан байсан. 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 1.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 30-32х, 33-35х, 36х/,
4. Хохирогч Г.Б-т Huawei загварын цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, Б- Г гэсэн бичигтэй “Хаан” банкны виза карт 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 18х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Г-ийн гэрчээр өгсөн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө ажлын газрын охин Болор гэх найзын гэр болох 1 дүгээр хороололд байж байгаад Чингэлтэй дүүргийн хажуу талд байрлах UB-M нэртэй зочид буудалд ажилдаа 9:00 цаг болж байхад очсон.
Өглөөний 10 цагийн үед “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас ярьж байна, та цагдаагийн хэлтэст хүрээд ир, асууж тодруулах зүйл байна” гэхээр нь би ажлаасаа гараад явж байтал цагдаагийн газраас дахин яриад “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороололд байх гэртээ хүрээд ир, танай найз залуу хүнд хутгалуулсан байна” гэхээр нь би шууд түрээсэлж байгаа гэртээ очсон юм. Тэгээд болсон асуудлын талаар мэдсэн. Б- бид хоёр 2018 оны 5 дугаар сард танилцаад найзлан нөхөрлөж байгаа, миний найз залуу байгаа юм. Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот байрыг 2017 оны 08 дугаар сараас түрээслэн амьдарч байгаа бөгөөд тухайн байранд би өөрийн төрсөн эцэг Хишигбаатарын хамт амьдардаг.
Миний төрсөн охин А нь манай салсан нөхрийн төрсөн эх дээр байдаг. Тэгээд зуны амралтаар над дээр ирж байдаг болохоор Уу миний түрээслэн амьдардаг байрыг мэдэх болсон. Уу-ын төрсөн эцэг нь Ш, эх Э нар нь Эрдэнэт аймагт амьдардаг.
Би Б-тай 2018 оны 07 дугаар сараас эхлэн миний түрээслэн амьдарч байгаа байранд цуг амьдарч эхэлсэн. Б нь миний салсан нөхөр болох Уу-ыг өмнө нь харж байгаагүй болохоор танихгүй. Гэхдээ би Б-т, Уу-ын талаар өмнө нь ярьж байсан. Би Уутай 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уулзсан. Тухайн үед хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг цуг явж бэлдсэн юм. Бид хоёр салаад 5 жил болж байна. Одоо Уу хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг талаар надад мэдэх зүйл байхгүй.
Уу бид хоёр 2005 онд танилцаж, гэр бүл болж дундаасаа нэг охинтой болсон. Тэгээд 2013 онд би Ууаас салсан юм. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Намайг Б-тай найзалж байгааг Уу мэдээгүй.
Би Уу бид хоёр 2005 онд танилцаад, 2008 онд гэр бүл болон 2013 он хүртэл нэг гэрт хамт амьдарсан. 2013 онд Ууын ааш зан эвдрээд надад гар хүрч эхэлсэн болохоор бид хоёр салсан. Хамт амьдрах хугацаанд 1-2 удаа гар хүрч байсан. Хамгийн анх 2012 оны үед миний нүд, толгой руу гараараа цохиод доргилт өгч байсан. Үүний дагуу би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулж байсан. Нийт 3 удаа Уут зодуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байсан ба хамгийн сүүлд миний өгсөн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээр хэргийг нь шийдвэрлэж, тэнсэн харгалзсан гэж байсан.
Харин салсаны дараа ажил дээр, эсхүл гэрт ирээд “чи надаас салахгүй, чи надаас салвал чамайг ална, өөр хүнтэй суухгүй шүү” гэх зэргээр байнга дарамталдаг болсон.
2018 оны 04 дүгээр сард нэг удаа Уу намайг гэрт хүргэж өгөхөөр нь гэртээ оруулж байсан. Тэрнээш хойш миний амьдарч байсан байранд 3-4 удаа ирсэн байх. Бид хоёрын дунд 9 настай хүүхэд байдаг болохоор хүүхэд дээрээ ирдэг юм. Уу нь огцом, түргэн ааштай хүн учраас би аажмаар, тойруу байдлаар “өөр хүнтэй хамт амьдарч байгаа шүү” гэж хэлж байсан. Уу, Б- нар нэг нэгнийгээ танихгүй, хоорондоо уулзаж байгаагүй. Намайг хардаад Уу Б-ыг зодсон байх, өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.
...Уу хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын дундуур өглөө үүрээр манайд ирсэн. “хөдөөнөөс ирлээ” гэж хэлээд ороод ирсэн. Тухайн үед би Б-тай хамт амьдарч байсан бөгөөд Ууын ирсэн өдөр Б- хөдөө ажлаар явсан, эзгүй байсан үе таарсан. Хөдөөнөөс явж байна гэж хэлээд охин унтаж байхад нэг үнсчихээд, гэрт 2-3 минут орчим болоод цай ч уулгүй, хоол ч амсалгүй гараад явчихсан. ...Би Уутай 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гадуур явж охиныхоо хичээл номны юмнуудыг цуглуулаад гэр лүүгээ хүргүүлээд машинаас буухын өмнө өөр хүнтэй болсон гэж тайван байдлаар хэлсэн. Тэгэж хэлэх үед Уу “аан тийм үү, тэгвэл нөхөр чинь одоо гэрт чинь чамайг хүлээж байгаа юм байна, тиймээ” гэхэд нь би хариу хэлээгүй. Б- бид хоёрыг хамт амьдарч байгаа талаар манай гэрийнхэн бүгд мэдэж байсан.
Уу нь намайг байнга харддаг болохоор 8 сарын дундуур үүрээр ирдэг нь намайг өөр хүнтэй байна уу, үгүй юу гээд шалгах гэж л ирсэн байх. Түүнээс биш хар үүрээр хүн амьтан унтаж байхад орж сууж амарсан ч юм байхгүй, хоол цай идэж уухгүй, юу хийгээд явхав дээ.
Б-ын толгойг цохисон шовх үзүүртэй төмөр зүйл манайд огт байхгүй, би түрээсийн байранд амьдарч байгаа хүн, хувцас хунар, ойр зуурын хэрэглээний зүйлээс өөр илүү дутуу зүйл огт байгаагүй. Б- ч тийм зүйл авчирч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 40-42х, 43-45х, 172-173х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мөнхзаяагийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 703 дугаар байрны дэргэд байршилтай “V” нэртэй хүнсний дэлгүүрт 2015 оноос хойш худалдагчаар ажиллаж байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөөний 08 цаг 30 минутын үед дэлгүүрээ дөнгөж нээж байхад манай дэлгүүрт байнга орж ирдэг цагдаа ах орж ирээд хүнсний юм авч байсан.
Тэгтэл удалгүй араас нь хөл, цээж нүцгэн, богино өмд өмссөн, толгойноос нь цус гарсан байдалтай 30 орчим насны эрэгтэй хүн дэлгүүрт орж ирээд шууд миний сууж байсан кассын араар ороод ирсэн. “Чи яах гээд байгаа юм бэ” гэхэд “би нуугдахгүй бол намайг хайгаад байна, цагдаа дуудаад өгөөч, би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Толгойноос нь их хэмжээний цус гараад тэр хавиар нэг цус болгоод бохирдуулаад байхаар нь цаас өгөөд “толгойгоо дар” гэж хэлэхэд “миний араас хүн ирж байгаа байх” гэхээр нь дэлгүүрт орж ирээд зодоон хийх юм болов уу гэж айгаад дэлгүүрийн үүдээр дөнгөж гарч байтал өндөр нуруутай, биерхүү залуу өөдөөс гарч ирээд “Сая энүүгээр нүцгэн залуу явсан уу” гэхээр нь “мэдэхгүй” гэж хэлсэн.
Тэгэхэд нөгөө залуу дэлгүүрт оролгүй байрны ар тал, дэлгүүрийн хойд хэсгээр хайж байгаад яваад өгсөн. Тэгээд би дэлгүүрт ороход цагдаа ах “би утасгүй байна, чи утсаа өгөөч, цагдаад дуудлага өгье” гэхээр нь утсаа өгсөн. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үү, түргэн тусламж дуудсан уу би сайн мэдэхгүй байна.
Цагдаа ахын нэрийг нь мэдэхгүй. 704 дүгээр байранд амьдардаг, тухайн үед энгийн хувцастай байсан. Дэлгүүр дөнгөж онгойж байсан болохоор өөр хүн байгаагүй. Манай дэлгүүр гадна талдаа хяналтын камергүй, харин дотроо хяналтын камертай боловч зөвхөн 72 цагийн бичлэгийг хадгалдаг. Тэр өндөр нуруутай, биерхүү залуугийн хувцсыг нь анзаараагүй. Миний өөдөөс гарч ирэх үед ганцаараа байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Лхамсүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа-1 хорооллын” Д4” СӨХ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 09 цаг 10 минутын орчим би 701 дүгээр байрыг шалгаад гараад иртэл 702 дугаар байрны үүдэнд нэг машин маш хүчтэй хаз өгөөд, аймаар дуу гаргахаар нь “ямар учиртай юм бол” гэж бодоод дөхөж очоод хартал хар хөх өнгөтэй Тоёота Кроун загварын автомашин огцом байрнаасаа хөдлөөд, өөдөөс нь байрлуулаад тавьсан байсан цагаан өнгийн 36-60 улсын дугаартай Тоёота Приус 20 загварын машины хаалгыг мөргөчихсөн. Би дөхөж очоод “хөөе, чи хүний машин мөргөчихлөө шүү дээ” гэсэн чинь дахиад маневар хийгээд, дахин 2 дахь удаа мөргөөд буцаж ухраад, хойд талын дугуйг нь шүргээд цаашаа яваад өгсөн. Би наанаас нь гараа өргөөд “зогс” гээд хэлсэн боловч тоохгүй явахаар нь араас нь хартал 84-14 УБИ улсын дугаартай Кроун загварын машин байсан. Тэгээд байж байтал хүнд зодуулсан гээд нэг залуу цагдаагийн машинаар ирээд бууж байсан ба тархи толгой нь битүү цус болсон байсан. Хүний машин шүргэчихсэн болохоор тэрэнд нь санаа зовоод “зогсооч ээ” гэж хэлэх хооронд явчихсан. Жолооч нь ямар хүн байсныг би анзаараагүй. 702 дугаар байрны гадна хяналтын камер байдаггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 49х/,
8. Насанд хүрээгүй У.Ариун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:
“...Би 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Манай аав, ээж хоёр хоорондоо муудалцаад, би 4 настайгаасаа хойш эмээтэйгээ хамт Эрдэнэт аймагт амьдарч байгаа. Манай аав зуны эхэн сард ээж, бид хоёртой 1 сар орчим хамт байгаад “ажлаас дуудаад байна” гээд явсан. Тэгээд манай аав явсаны дараа хэд хоногийн дараа Б- ах ирээд манай ээжийн найз залуу гэсэн. Б- ахыг манай гэрт байхад аав нэг ч удаа ирээгүй, аав Б- ахыг танихгүй. Б- ах манайд байгаа талаар би ч гэсэн юм хэлээгүй. Б- ах хувцас хунараа авчираад манайд байнга байдаг байсан. Манай аав гэрт байхдаа хэрүүл маргаан хийдэггүй, би аавдаа маш их хайртай. Аав гэртээ байхдаа өдөржин унтаад, шөнө ажилдаа явдаг. Ямар ажил хийдэг юм бэ гэж асуухад бааранд хамгаалагч хийдэг гэж хэлсэн. Би ээжээсээ илүү аавдаа хайртай. Манай ээж намайг “яагаад гэрээ цэвэрлээгүй юм бэ” гэж загнадаг, гэхдээ гэрт дагуулж ирсэн ээжийн найзууд болон Б- ах намайг загнаж үзээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ганбаатарын гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 704 дүгээр байранд амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын эхээр өглөө 08 цаг дөнгөж өнгөрч байхад би байрны хажуу талын “V” нэртэй хүнсний дэлгүүрт ороод сүү, талх аваад кассанд бичүүлэх гээд зогсож байтал гаднаас нилээд айж сандарсан байдалтай, цээж, хөл нүцгэн залуу “намайг хүн алах гээд байна, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлээд гүйгээд ороод ирэхэд худалдагч “гар, чи наад юм заваартууллаа” гэсэн.
Тэгэхэд нөгөө залуу “эгчээ, би бүгдийг нь өөрөө цэвэрлэж өгнө, та цагдаа дуудаад өгөөч, намайг хүн алах гээд байна” гэхээр нь дэлгүүрийн худалдагч надад “Би таны юмыг кассанд бичиж байя, та миний утсаар цагдаа дуудчих” гэсэн. Тухайн үед би өөрөө утасгүй байсан юм. Тэгээд дэлгүүрийн худалдагчийн утсаар 102 руу залгаад “дэлгүүрт нэг залуу хүнд зодуулчихсан, тархи толгойноос нь цус гарсан байна” гэж хэлж өгөөд гараад явсан.
Намайг дэлгүүрт байх хугацаанд болон дэлгүүрээс гарах үед тэр хавьд өөр хүн харагдаагүй. Зодуулсан гэх залуугийн толгойны ар хэсгээс нь нилээн их цус гарч байсан ба би тэр залуугаас нэг их юм асуугаагүй. Намайг гарч явахад тэр залуу дэлгүүрт үлдсэн. Тэгээд гэртээ дөнгөж орж ирээд санамсаргүй цонхоор харахад 702 дугаар байрны гадаа цагдаагийн машин ирсэн байсан. Би шинжилгээний албанд 30 жил ажилласан. Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн хурандаа цолтой өндөр насны тэтгэвэрт гарсан. Би тухайн дэлгүүрт цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай зөндөө орж гарч байсан учир дэлгүүрийн худалдагч намайг таних байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Хишигбаатарын гэрчээр өгсөн:
“...Г- нь миний өргөмөл охин байгаа юм. Г- нь хувийн дээд сургуульд сурч байгаад жирэмсэн болсон гээд сургуулиа орхисон. Тэгээд Уу, Г- нарт гэр авч өгөөд, манай хамаатны хашаанд амьдрах болсон. Одоо миний санаж байгаагаар 4-5 жил л тэр хоёр хамт амьдарсан байх. Хамт амьдрах үедээ ихэнхидээ л хэрүүл маргаантай байсан. Уу нь хилээд архи дарс ууна, уусан үедээ охиныг минь хэд хэдэн удаа зодож байсан. Тэгэж байгаад л салаад тус тусдаа болсон. Уу нь архи уусан үедээ их тогтворгүй, хүнд гар хүрчих гээд байдаг зантай хүүхэд. Охиныг минь зоддог байсан учир би Уут дуртай байгаагүй ээ. Уу энэ хоёр сүүлийн хэдэн жил дандаа тусдаа амьдарсан. Би 2017 оны 09 сараас 018 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл охин Г-тэй хамт Буянт ухаа 1 хорооллын 702-45 тоотод хамт амьдарсан. Энэ хугацаанд л лав Уу нэг ч удаа гэрт ирж байгаагүй. Охин А нь Эрдэнэт аймагт сурдаг, амралтаараа ирдэг байсан. Ариун-Эрдэнийн төрсөн өдөр хавар тохиодог бөгөөд Г- тэр хоёр нэг удаа хамт явж охиноо хот руу авчирсан гээд гэрт хамт нэг удаа ирцгээж байсан. Охиных нь төрсөн өдрөөр Ууыг ганц удаа харсан. Бусдаар бол огт эргэж тойрдоггүй, ирдэггүй ш дээ. Харин намайг зусланруугаа явсан хойгуур Уу Г- рүү очдог эсэхийг мэдэхгүй байна. Би охиныхоо хувийн асуудалд ороод, асууж шалгаагаад байдаггүй. Охин Г-ийн найз Б-ыг муухан мэднэ. Манай зусланд 2 удаа дагуулж ирж байсан. Манай найз байгаа юм гэж байсан. Яг хамт амьдардаг эсэх талаар ярьж байгаагүй. ...Г- бид хоёрын амьдарч байсан гэрт шовх үзүүртэй, тугны оройд тавьдаг төмөр мэт зүйл огт байгаагүй. Охин маань өглөө гараад их орой ирдэг, би өдөржин гэртээ байж, хоол ундаа хийгээд, гэр орноо цэвэрлэж, цэгцэлж янзлаад байдаг учир сайн мэдэж байна. Ердөө ганц өрөө байр учир тэнд байгаа эд зүйлсийг мэдэж ядаад байх зүйл байхгүй ээ. Миний ярьсан үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 174-175х/,
11. Мөдөн шалгах ажиллагааны явцад Ц.Отгонбаярын гэрчээр өгсөн:
“...Би Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Хан-Уул дүүрэг дэх Криминалистикийн шинжилгээний хэлтэст шинжээчээр ажилладаг, цагдаагийн ахлах дэслэгч цолтой. ...2018 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн жижиүүрийн бүрэлдэхүүнд шинжээчийн үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд одоо миний санаж байгаагаар 09 цагийн орчимд “Буянт-Ухаа 1 хороололд зодуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тус хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Мөнхнаран, эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч О.Нямбаяр, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Гэрэлт-Од нарын хамт хэргийн газарт очсон. Хэрэг 702 дугаар байрны 45 тоотод болсон байсан ба бид нарыг очих үед зодуулсан гэх хохирогчийг 103-ын машин ирээд аваад явсан, гэрт нь хүнгүй, цоожтой байсан. Тэгээд хохирогчийн эхнэр гэх Г- гэдэг эмэгтэйг утсаар дуудсан. Тэр эмэгтэй хэсэг хугацааны дараа ирээд гэрээ онгойлгож өгсөн. Тэгээд гэрт нь үзлэг хийсэн. Тэр эмэгтэйтэй уулзаж байхад “хуучин салсан нөхөр нь одоогийн хамт амьдарч байгаа нөхрийг зодсон байна” гэсэн бөгөөд салсан нөхрөө Уу гэж байсан. Тэгээд Г-ээр Уу луу залгуулаад тус байранд нь ирүүлсэн. Юу гэж хэлүүлснийг мэдэхгүй байна, манай мөрдөгч уулзаад байсан. Хэргийн газрын үзлэгээ дуусгаад байж байтал Уу ирсэн. Тухайн үед гэрт нь мөрдөгч Мөнхнаран, гэрийн эзэн Г- гэх эмэгтэй, бид гурав гэр дотор байсан ба эрүүгийн мөрдөгч Нямбаяр гадаа хүлээж байсан юм. Хаалга тогшиход мөрдөгч Мөнхнаран хаалга нээж өгтөл Уу гэх залуу гартаа лоом барьчихсан, далайгаад зогсож байсан. Цагдаа хувцастай хүн хаалга онгойлгосон чинь нөгөө залуу бага зэрэг хойшоо ухарсан ба Мөнхнаран бид хоёр тэр залууг барьж тайвшруулах оролдлого хийсэн. Тэгтэл гартаа барьсан лоомоо бид нарт өгөхгүй, эхнэр гэх Г- гэдэг эмэгтэй рүү дайраад “би чамайг ална аа, ал руу чинь лоом чихнэ” гэх зэргээр хэлээд хараалын үгс хэрэглэж дайраад байхаар нь Г- нь гэртээ ороод хаалгаа түгжчихсэн. Тухайн үед Ууаас нилээд архи үнэртэж байсан. Тэгээд “чи одоо наад лоомоо хая” гэж хэлсэн чинь өөрөө лоомоо хаясан. Тэр үед нь ойртож очоод биед нь үзлэг хийж байхад дахиж “гэрт орно” гэж дайраад байсан. Эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч, бид гурав тал талаас нь бариад зогсоосон. Мөрдөгч үргэлжлүүлээд биед нь үзлэг хийж байтал өмдний ташаанд заазуур хавчуулсан байсныг гаргаж ирээд “чи одоо болиоч” гэж хэлээд заазуурыг нь шууд хурааж авсан. Мөн хамт амьдарч байсан гэх зодуулсан залууг “тэрийг ална шүү” гээд орилоод л байсан. Уу нь ер нь бол эхнэр лүүгээ дайраад байсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн, бид нарын биед халдсан, шаардлага эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэсэн асуудал болоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 177-178х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Чимэддоржийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн офицерээр ажилладаг. Болсон асуудлын талаар гэвэл 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Эрхэс-112 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал өглөө 9 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололд “зодуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очсон. Яваад очтол зодуулсан гэх залуу орцонд байсан ба хөл нүцгэн, толгойноос нь нилээд их хэмжээгээр цус гарсан байсан. Ямар асуудал болсныг тодруулахад “намайг гэртээ унтаж байхад хүүн хаалга тогшсон, эхнэрээ ирж байна гэж бодоод хаалгаа тайлтал нэг танихгүй залуу шууд орж ирээд учиргүй зодож эхэлсэн, үзүүртэй зүйлээр толгой руу хэд хэдэн цохисон, толгой шаг гээд хэд хэдэн удаа дуугарахаар нөгөө цохиод байсан юмыг нь аваад цонхоор шидсэн” гэж хэлсэн. Одоо санаж байгаагаар тэр залуу утасгүй байсан болохоор би өөрөө дуудлага өгсөн. Тэгээд гэрийг нь заалгаад 7 дугаар давхарт байсан тоотыг нь санахгүй байна, гадна хаалга нь хагас хаалттай, байсан дотогш ороход хаалга, үүд, шал нь нил цус болсон байсан. 103-ын эмч ирээд “яаралтай гэмтлийн эмнэлэг авч явахгүй бол болохгүй, толгой нь цоорсон юм шиг байна” гэж хэлээд шууд аваад явсан. Удалгүй манай жижүүрийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Би цонхоор шидсэн гэх төмрийг нь хайгаагүй. Зодсон гэх залуу нь ойролцоо байж магадгүй гэж бодоод хохирогчийн дэргэдээс холдоогүй. Ямар ч байсан үзүүртэй зүйлээр толгой руу цохиод байхаар нь булаацалдаж байгаад аваад цонхоор шидсэн гэж хэлсэн. Тэр цохиулсан гэх зүйлийг хаанаас авсан талаар яриагүй. Хохирогч залуу цоо эрүүл байсан. Өглөөгүүр байсан болохоор тэр хавиар бараг хөл хөдөлгөөн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 182х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Шагдарсүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Уу нь айлын том хүүхэд, доороо нэг дүүтэй. Уу нь дуу цөөнтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, шударга зантай. Хүн цохисон гэхэд үнэхээр итгэхгүй байна. Яагаад тэгсэн юм бол гайхаж л байна. Ууын эхнэр нь гэвэл цочмог ууртай, тогтворгүй хүн байдаг. Муулж байгаа юм биш байгаа байдал нь тийм. Энэ асуудал эхнэртэй ч бас холбоотой байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 52х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Эрдэнэтуяагийн гэрчээр өгсөн:
“...Уу нь 1989 оны 07 сарын 27-нд төрсөн, айлын ууган хүү. ...дээрээ ах, эгчгүй болохоор багаасаа л биеэ даасан, сэргэлэн цовоо, ... ажилд сургаж, ажлаар хүмүүжүүлсэн хүүхэд юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаанбаатар хотод оюутан болж, хувийн сургуульд орсон. Ямар нэртэй сургуульд орсныг нь одоо санахгүй байна. Эхний жил нь сураад, 2 дахь жилээс нь цагдаа болно, цагдаагийн академид орно гэж зүтгээд сураагүй. Дараа нь Шихихутаг сургуульд нэг жил суралцаад, энэ хугацаандаа Г-тэй танилцаж үерхэж байгаад Г- нь жирэмсэн болчихсон байсныг надад хэлээгүй яваад байсан байдаг. Уу нь эхнэрийгээ тэжээх гэж сургуулиа орхиод ажил хийж эхэлсэн. Тэгээд охиноо 4 нас хүртэл нь хамт амьдраад, тэрнээс хойш хоёр тийшээ болсон юм. Охин нь одоо 9 настай. Орхон аймагт 15 дугаар сургуулийн сурагч. Уу, Г- хоёр яагаад маргаж муудалцсан гэхээр миний хүү янз бүрийн ажил хийгээд заримдаа баар ажиллуулдаг байсан, тэгээд түрээсийн байранд амьдардаг, өөрсдийн гэх орон гэргүй, мөртлөө эхнэр нь өдрийн 40.000 төгрөг үрдэг, өөрөө сардаа 400.000 төгрөгийн цалин авдаг, ямар ч тооцоогүй амьдралтай эмэгтэй байгаа юм. Миний хүү уг нь их сэргэлэн цовоо, бие хаа том, энд тэнд харуул хамгаалалтын ажил хийгээд боломжоороо мөнгө олоод ирдэг, олсон мөнгийг нь эхнэр нь юм болгоод аваад явчихаж чадахгүй, цацаад үрчихдэг, тэрнээс болж маргаж муудсаар байгаад сүүлдээ салж сарнихдаа хүрсэн. Уу, Г- хоёр 2013 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хоёрын нарийн ширийн асуудлыг нь би мэдэхгүй байна.
Би Орхон аймагт өвөл зунгүй мах зараад, унтах завгүй ажиллаад хүүхдээ эрдэм боловсролтой хүн болгочих юмсан гээд зүтгээд явж байхад Уу ойлгохгүй, сургалтын төлбөр гээд явуулсан мөнгийг дураараа үрж, цацаад явсан байгаа юм. Би тэрнийг нь мэдэхгүй, миний хүү сургууль соёлын газар сурч байгаа гээд л баярлаад яваад байдаг. Охин нь бие нь өвдөөд бүр бөөрний рхаг үрэвсэл өвчтэй болоод Орхон аймгаас ирж, Эх нялхсын эмнэлэгт хэвтээд 20 гаран хонож байхад 4-хэн настай хүүхдээ нэг ч удаа эргэж тойрч хоол унд дөхүүлж үзээгүй хүн шүү дээ. Г- нь хааяа хэд хоногоор хүүхдээ өөр дээрээ байлгана гээд аваад явдаг. Тэгээд түрээсийн байран дээрээ янз бүрийн болж бүтэхгүй хүн цуглуулдаг, тэр хүмүүстэйгээ орхиод явдаг гэж байгаа, гэтэл нөгөө хамт үлдээж байгаа хүн нь ямар ч хүн юм билээ, эх хүн байж ер нь тийм юм тоодоггүй сонин л хүн байгаа юм. Уу ч ялгаагүй хүүхэд нь ханиад хүрчихвэл хаяад л явчихдаг хүн. Би уг нь өрх толгойлсон эмэгтэй, чадлаараа өсгөж хүмүүжүүлсэн, сүүлд нь ийм хүн болно гэж бодоогүй. 30 нас хүрчихээд байхад одоо хүртэл тогтсон амьдралгүй л явна даа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 46-47х/,
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батцоожийн гэрчээр өгсөн:
“...Би Уутай 2018 оны 06 дугаар сард танилцсан. Над дээр ирж үсээ байнга засуулдаг байсан ба орж гарсаар байгаад танилцаж хоорондоо ах дүүгийн холбоотой болсон. ...Тухайн үед би 10 дугаар хороололд гэр бүлийн саун ажиллуулдаг, түүнийгээ болих санаатай байж байгаа гэж Уут ярихад “би түрээслэж ажлуулъя” гэж хэлээд эзэнтэй нь уулзуулж түрээслэж өгсөн юм. Уу нь итгэл даах чадвартай, хүнтэй зөв боловсон харьцдаг, дуу цөөтэй, баргийн хүнтэй юм яриад байдаггүй, залуу хүн гэхэд нилээд буурь суурьтай гэж бодоод би итгэсэн.
Хэрэг болдог өдөр Ууын сауны газарт 18 цаг гэж ороод орой 23 цаг хүртэл хамт суугаад ойр зуурын юм ярьсан. Тэгэхэд эхнэртэйгээ нийлэх гэж байгаа гээд ярьж байсан. Тэгэхэд би зөв шүү дээ, хүүхдийг та хоёр ингэж байлгаад байж болохгүй гэж хэлж байсан. Уу ер нь эхнэртэйгээ уулздаг байсан. Би сайн санаж байна. Учир нь 2018 оны 08 сарын 30-ны өдөр эхнэртээ өгөх гэж байгаа гэж хэлээд надаас 300.000 төгрөг, түүнээсөмнө 7 дугаар сард 500.000 төгрөг тус тус авч байсан. Хочр удаа мөнгө зээлэхдээ бэлнээр авч байсан. Эхнэр хүүхэд дээрээ очлоо, юм авч өгнө гэж ярьдаг байсан. Саун дээрээ хоноод гэртээ харьлаа гээд явдаг байсан. Хамт явж байгаагүй болохоор яг гэртээ харьж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. ...Ямар ч байсан түр хугацаагаар тусдаа амьдарч байгаа, эргээд нийлэх гэж байгаа л гэж ярьж байсан. Эхнэр Г-ийг нь танихгүй, уулзаж байгаагүй. Гэр нь Нисэхэд байдаг гэж байсан. 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед байх найз Цэрэннадмидтай хамт гэр рүүгээ хүргүүлнэ гээд явж байхад нь би замдаа бууж үлдэж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 179-180х/,
16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цэрэннадмидын гэрчээр өгсөн:
“...Уу нь 2018 оны 09 сарын 05-ны өглөө нөгөө хохирогч гэх залууг зодсон хэрэг гарсан урьд шөнө буюу 9 сарын 04-ний орой 02 цагийн орчим надтай хамт бид хоёрын түрээслэн ажиллуулдаг Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байдаг сауны газарт байж байгаад “би ерөөсөө эхнэр, хүүхэд дээрээ оччихоод ирье” гэхээр нь би “ийм орой болсон хойно яах гэж байгаа юм, өглөө эртхэн очооч” гэж хэлсэн чинь “үгүй ээ би эхнэр хүүхэд дээрээ очмоор байна” гээд машиныхаа түлхүүрийг аваад явсан. Хар хөх өнгөтэй, конфорт кроун загварын машинтай бөгөөд өөрийнхөө машинтай явсан. Тухайн өдөр би өөрөө архи огт уудаггүй болохоор Уу бид хоёр ажил дээрх архи дарс уусан зүйл болоогүй. Уу ажлаас гарах үед удлаа гэхэд шөнийн 03 цаг л болж байсан байх. Тэгээд би ажил дээрээ унтаж байтал өглөө Уу өөрөө над руу залгаад “Хан-Уул дүүргийн цагдаа дээр байна, эрүүлжүүлэхэд орчихлоо” гэж хэлсэн. Яваад очсон чинь болсон асуудлын талаар товчхон ярьсан. Ямар ч байсан “машин цагдаа дээр журамлуулсан, манай байцаагчтай очиж уулз” гэж хэлсэн. Маргааш нь Ууыг 48 цаг саатуулаад гаргасан. Гарсаных нь дараа би “яагаад хүн зодсон юм бэ” гэж асуухад “эхнэр хүүхэд дээрээ очоод хаалга тошгсон чинь танихгүй нүцгэн залуу хаалга онгойлгож өгсөн, тэгээд хэн бэ чи гэж асуухад Ганаагийн найз залуу байна гэж хэлсэн, юу гэсэн үг вэ би нөхөр нь байна гэж хэлээд маргалдаад зодолдсон” гэж л ярьсан. Би нарийн ширийн учрыг нь асуугаагүй. Уу маш бүрэг, дуу цөөтэй хүн. Өглөө хүн юм асуухад тэрийг сонсоод өдөржин бодож байгаад орой гэхэд л хариу өгдөг тийм дуу шуу цөөтэй, даруухан зантай. Гадуур явахдаа ч хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хүнтэй зөрүүдлээд байдаггүй, тэгэхээр тэр зодуулсан гэх залуу нь Ууын дургүйг маш их хүргэж байж л зодуулсан байх, тэрнээс шууд учир зүггүй хүн нүдэж эхлэх хүн бишээ. Би найзыгаа тэгнэ гэхэд ёстой итгэхгүй байна.
...Уу, Г- нарын хувийн амьдралын талаар сайн мэдэхгүй, асууж шалгаагаад байдаггүй. Хэрэг болохын урьд өдөр Уу нь гэртээ харьчихаад ирье, өглөө ирнэ гэж хэлсэн. Очоод зүгээр уулзах гэж байгаа юм уу хонох гэж байгаа юм уу энэ талаар нарийн ширийн юм яриагүй. Сүүлийн хэдэн өдөр машиныг нь унаж ажил төрлөө амжуулаад явж байсан болохоор машинд нь янз бүрийн зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл огт байгаагүй. Би 3-4 удаа Г-ийн амьдардаг гэрт нь Ууыг хүргэж өгч байсан. Цаг хугацааны хувьд гэвэл 2018 оны 7 дугаар сараас хойшхи хугацаанд байх. Би гэр лүү нь хамт ордоггүй байсан бөгөөд Уу гэртээ ороод хэсэг байж байгаад л гараад ирдэг байсан. Тэнд хонож өнжиж байгаагүй. Хамгийн удлаа гэхэд л 2 цаг болчихоод л гараад ирдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53х, 181х/,
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №10938 тоот актын:
1. Г.Бын биед баруун зулайн ясанд цөмөрсөн хугарал, тархины няцрал, хуйх, хүзүү, зүүн бугуй, зүүн чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 61х/,
18. Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 839 тоот актын:
1. Ш.Уу нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Ш.Уу нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэх чадвартай байна.
3. Ш.Уу нь өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байна.
4. Ш.Уу нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн
дүгнэлт /хэргийн 1-р хавтас 63-64х/,
19. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5549 дугаартай актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн 54.5 см урт төмөр 1 ширхэг, 14 см урт төмөр 1 ширхэг, хар бариултай заазуур 1 ширхэг зэрэг объектуудын гадаргуугаас гарын мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 66-67х/,
20. ШШҮХ-ийн биологийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9985 дугаартай актын:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн лентээр ороосон иштэй 54.5 см урттай төмөр, 14 см урттай үзүүртэй төмөр зүйл, 10 см хар өнгийн хуванцар иштэй 27.5 см урттай, 7.7 см өргөнтэй заазуур дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 68х/,
21. Хохирогч Г.Бын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд болон хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 127-136х, 165х/,
22. Шүүгдэгч Ш.Ууаас эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр өгснийг хүлээн авсан гэх, одоо ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаархи хохирогч Г.Бын тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 1-р хавтас 165х, 2-р хавтас 93х/,
23. Шүүгдэгч Ш.Ууын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот гэртээ очоод гэрийнхээ хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ хийхэд онгойхгүй байсан ба хаалгаа тогшиход нэг үл таних нүцгэн эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Тэгээд би гэртээ ороод “чи хэн бэ, эхнэрийн хамаатан нь юм уу” гэж асуухад тэр залуу миний өөдөөс тамхи асааж басамжилж, дорд үзсэн байдлаар харьцаж “намайг Батаа гэдэг юм, би Ганаагийн найз залуу” гэж өөрийгөө танилцуулсан.
Тэгээд тэр эрэгтэй тухайн байрны тагтан дээр алцайгаад суучихсан байхаар нь миний уур хүрээд, босож очоод гарт баригдсан хатуу зүйлээр толгой хэсэг рүү нь 2 удаа цохиход тэр залуу хувцасгүй зугтаагаад гараад явсан. Би араас нь гарахад тэр залуу байхгүй байхаар нь би явсан.
Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот байранд жилийн өмнөөс эхнэр Г-, охин нарын хамт амьдарч байгаа. Би эхнэртэйгээ маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Би 2 сарын өмнөөс ажлын шаардлагаар ажил дээрээ хонодог болсон ба 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа тараад гэртээ амрах гэж ирсэн. Би Б- гэдэг залууг урьд өмнө нь огт харж байгаагүй. Б-ын толгой руу цохисноос өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр залуу миний гэр бүлийг доромжилсонд гомдолтой байна. Г.Б гэх залууд гар хүрч зодсондоо гэмшиж харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 85-87х/,
Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:
“...Би эхнэр Х.Г-тэй 2007 онд гэр бүл болоод Эрдэнэт аймагт амьдардаг байсан. Г- бид хоёр Эрдэнэт аймагт хөрш зэргэлдээ амьдарч байсан болохоор бүр багаас нь буюу 6 дугаар ангид байх үеэс нь эхлэн таньж мэддэг байсан. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа 2009 онд дундаасаа 1 хүүхэдтэй болсон, хүүхэд маань одоо 9 настай. Нэрийг нь А гэдэг. Манай охин одоо Эрдэнэт аймагт миний ээжтэй хамт амьдарч, тэндээ сурч байгаа.
Г- бид хоёр ер нь салж нийлсээр байгаад өдий хүрсэн. Тэрнээс бүр салаад хоёр тийшээ болсон зүйл байхгүй. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй ч хүүхэд надаар овоглодог. “Хурим хийе, тэр үед гэрлэлтээ батлуулъя” гэж төлөвлөж байсан ч хуримаа хийж чадалгүй өдий хүрсэн болохоор гэрлэлтээ батлуулаагүй.
2018 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед ажил дээрээ буюу Мишээл нэртэй миний хувиараа ажиллуулж байгаа гэр бүлийн саун дээр байж байгаад гэртээ очиж амрахаар явсан. Би урьд шөнө саун дээр хамт ажилладаг манай ажилчид болох Бааска хочтой Баасанжав, Батцоож ах, туслах ажилтан Ууганзаяа, бүтэн нэрийг нь мэдэхгүй Нараа, Цэрэннадмид нартай хамт засварын ажил хийж хоносон юм.
Өдрийн цагаар саун дээр хүн ихтэй, унтаж амрах боломжгүй байдаг учир гэртээ эртхэн очиж амръя гэж бодсон. Одоогийн амьдарч байгаа гэр болох Буянт-Ухаа 1 хороололд байдаг 302 дугаар байрны 7 дугаар байрны 45 тоотод байдаг гэртээ очоод гэрийн хаалга тогшсон. Надад ер нь гэрийн түлхүүр байдаггүй юм.
Тэгтэл үл таних залуу надад хаалга онгойлгож өгсөн. Тэр хаалганы цаанаас “хэн бэ” гэж огт хэлээгүй, шууд л хаалга тайлсан. Намайг харахад дотуур хувцастай, турсикнээс өөр хувцасгүй нүцгэн байсан. Би тэр залууд “чи хэн бэ, Хишгээ ахын хамаатан уу” гэж асуухад нөгөө залуу юм дуугараагүй. Үл тоомсорлосон байдлаар буруу харж алхаад том өрөөнөөс тамхиа аваад тагтны үүдэнд тамхиа асаасан.
Би нөгөө залуугаас “Чи хэний хамааралтай хүн бэ” гэж асуутал нөгөө залуу “Ганаагийн найз залуу нь байна” гэж хэлээд надруу тамхиа үлээсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд цонхны тавцан дээр байсан гарт тааралдсан хатуу зүйлийг аваад нөгөө залууг айлгах санаатай баруун гараараа далайтал нөгөө залуу миний хэвлий хэсгээр хамж аваад дайрсан. Тэгэхээр нь салгах зорилгоор хатуу биетээр толгойн орой хэсэг рүү 2 удаа цохисон. Миний гартаа барьсан хатуу биет ямар өнгөтэй, юу байсныг хараагүй, нилээд хүнд зүйл байсан. Яг ямар хэлбэртэй байсан эсэхийг анзаараагүй.
Тэр залуу намайг дайрч унагаагаад би гартаа барьсан зүйлээ газар хаятал нөгөө залуу мөн нүцгэн чигээрээ байрнаас гараад зугтаасан ба толгойноос нь цус гарсан байхыг би араас нь харсан. Би толгойг нь хагалсанаа мэдээд санаа зовсон. Мөн өөрийгөө Г-ийн нөхөр гэдгийг хэлэхийн тулд араас нь дагаж гарсан.
Гадаа гарахад нөгөө залуу орцны үүдэнд байгаагүй, хажуу талын дэлгүүр рүү ороод “сая эндээс гарсан нүцгэн залуу яасан юм бэ” гэж асуухад дэлгүүрт дунд орчим насны эмэгтэй хүн байсан бөгөөд “байхгүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэрт орсон. Хаалга хааж гэрийн түлхүүрийг авсан.
Мөн гэрт ширээн дээр байсан цагаан өнгийн Huawei загварын гар утас, Хаан банкны ногоон өнгөтэй виза карт байсныг авсан. Өөрийн утас руу залгаж надтай уулзах байх гэж бодоод утсыг нь авсан. Харин хэн гэдгийг нь мэдэхийн тулд виза картыг авсан. Мөн тэр залуу энд амьдардаг эсэхийг шалгаж, гэр доторх шүүгээнд байсан хувцас хунарыг онгичсон, гэхдээ хувцас хунар болон өөр эд зүйл аваагүй. Тэгээд гарахдаа гэрийг цоожлоод гарсан.
Би өөрийн 8803-3515 дугаартай утсаараа эхнэр Г- рүү залгаад “энэ юу болоод байгаа юм бэ” гэхэд “одоо чи надад хэрэггүй болсон” гэхээр нь “хоёулаа ярилцъя” гэсэн. Тэгэхэд Г- намайг “ажил дээр хүрээд ир” гэсэн болохоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын зүүн талын барилга буюу UBIN гэсэн нэртэй зочид буудал руу очиход байхгүй байсан. Дахиж утасдаад “чи хаана байгаа юм бэ” гэхэд “Нарны зам дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би яваад очсон. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 84-14 УБИ улсын дугаартай Тоёота кроун загварын машинтай явж байсан бөгөөд нарны зам дээр очиход мөн байхгүй байсан.
Тэгээд дахин залгаад “одоо чи хаана байна вэ” гэхэд “гэрт хүрээд ир” гэж хэлсэн болохоор Нисэх рүү гэрт нь очсон. Байрны гадаа машинаа тавиад, гэрт олуулаа байж магадгүй гэж бодоод, биеэ хамгаалах зорилгоор байрны гаднаас богинохон төмөр авч орсон. Заазуур бол машинд байсан бөгөөд би уг заазуураар хөдөө, гадаа явахдаа шорлогны мод хагалдаг байсан юм.
Тэгээд эхнэрийнхээ гэрт нь ирээд хаалга тогшиход хаалга онгойлгоод 3 цагдаа гарч ирэхээр нь би гартаа байсан юмнуудаа шууд гаргаад өгсөн. Тэгээд би “та нар намайг авч явалгүй 2 минут хүлээчих, би эхнэртэйгээ уулзмаар байна” гэсэн боловч намайг шууд аваад явсан. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шовх үзүүртэй зүйл Г.Быг цохисон хатуу биет мөн байна. Би нөгөө залууг цохиж дууссаны дараа хэлбэрийг нь харсан юм. Харин анх барьж авахдаа ямар ч гэсэн гартаа хатуу биет зүйл барьсан гэдгээ мэдсэн, хэлбэрийг нь хараагүй.
Хоёр дахь удаа эхнэрийнхээ гэрт очихдоо лоом төмрийг машин руу авч ороод машинд лент байхаар нь бариул хийгээд лентээр ороосон. Би хүн зодсон юм чинь намайг олуулаа нийлээд зодож магадгүй гэж бодоод биеэ хамгаалах зорилгоор барьж орсон. Учир нь намайг хөдөө ажил дээрээ байх үед манай охин байнга уйлж залгадаг байсан. Та хурдан ирж намайг аваачээ, би энд баймааргүй байна гэдэг байсан болохоор ямар нэгэн буруу хүмүүсийн дарамтанд байгаа юм биш биз гэж боддог байсан болохоор гартаа юм барьж орсон юм. Тухайн өдөр би гэрт ирэхдээ эрүүл байсан. Харин 2 дахь удаа ирэхдээ 0.5 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг уусан байсан.
Би хохирогч Г.Бт “гадаа арван залуу чамайг алахаар ирсэн”, мөн “би чамайг алахаар ирсэн” гэсэн зүйл огт хэлээгүй. Зөвхөн “чи хэн бэ, ямар учиртай хүн бэ” гэж асуусан бөгөөд өөрөөр бид хоёрын хооронд яриа өрнөөгүй. Би ганцаараа ирсэн. Би эхнэртэйгээ хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр уулзсан. Хүүхэддээ хичээлийн хэрэгслийг хамт явж бэлтгэж өгсөн. Тэр үед Солонгос Улс руу явж ажил хийх тухай ярьж байсан. Г- надад өөр хүнтэй хамт амьдарч байгаа талаар огт яриагүй, мөнгө олсон уу, Солонгос руу явна шүү гэж хэлж байсан.
Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот байранд нэг их удаан байгаагүй, хааяа нэг ирэхдээ 7 хоног орчим хоноод явдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын сүүлээр ирж 7 хоносон. Г- надад “ажил дээрээс хувцаснуудаа авч ир” гэж хэлэхэд нь би “үгүй ээ, хэрэггүй” гэж авч ирээгүй. 6 дугаар сарын сүүлээр ирж хоносноос хойш огт хоноогүй. Харин 7 хоногт 1 удаа ирж хүүхэддээ хүнсний зүйл бэлтгэж өгдөг байсан.
Миний охин хүнд маш их нээлттэй хүүхэд байсан бөгөөд эхнэртэй хамт амьдардаг болсоноос хойш маш их дуугүй, ганцаардмал, юманд цочимтгой болсон байсан. Хүүхэд ийм болсон шалтгаан нь манай эхнэр явалддаг залуугийнхаа харьцааг нуухын тулд сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсантай холбоотой гэж үзэж байна. Хүүхэд ийм болсон асуудалд би сэтгэл дотроо эмзэглэж явдаг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 89-91х/,
Мөн яллагдагчаар дахин өгсөн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ний шөнийн 02 цагаас 08 цагийн хооронд10 дугаар хороололд байх Мишээл нэртэй гэр бүлийн саунд ажлынхан болон Ууганзаяа, Батцоож ах нарын хамт байсан. Ажил дээрээ их цэвэрлэгээ хийгээд гэрлийн чийдэнгүүдээ сольсон. 702-45 тоот руу ороход авч явсан лоом нь байрны гадаа, зүүн талд нь овоолсон барилгын хог дээр байсан. Заазуур бол 702-45 тоот, эсхүл машин хоёрын аль нэгэнд байсан байх, яг хаанаас авснаа санахгүй байна. Би тухайн үед маш их айсан, дотор давчидсан байсан бөгөөд хүний толгой хагалснаа мэдэж байсан болохоор буцаад намайг зодож магадгүй гэж бодоод амиа хамгаалах, Б-ыг айлгах зорилгоор авч орсон. Мөн гэрт олуулаа байж магадгүй гэж бодсон. Харин Б-ын толгой руу цохисон шовх үзүүртэй зүйл тэнд, гэрийн тагтан дээр байсан байх гэж бодож байна. Би уг гэрт амьдарч байхдаа тэнд тагтанд байсныг харж байсан. Тагтны аль хэсэгт байсныг санахгүй байна. Миний хувьд Б-ыг танихгүй, тэр өдөр анх удаа харсан. Мөн тухайн өдөр гэрт байсан эсэхийг огт мэдээгүй, шалдан хүн тэнд байна ч гэж бодоогүй. Тухайн үедээ тэр хүний алах, зодох ямар нэг санаа зорилго байгаагүй. Зүгээр л гэртээ унтаж амрах зорилготой орсон. Гэтэл нүцгэн залуу хаалга онгойлгохоор нь “чи хэний хамаатан бэ” гэхэд нөгөө залуу дотуур өмдөө гүйцэт татаад юм дуугараагүй, намайг таньдаг юм шиг харцаа буруулаад байсан, тэгээд тагтан дээр очоод тамхины утаагаа над руу үлээхээр нь миний бие огцом давчдаж, тэр залууг цохьчих шиг болсон. Эхнэрийн чинь найз залуу байна гэж хэлсэн. Би маш их давчдаад ухаан балартсан. Нэг мэдэхэд хаалга дуугарах шиг болоод нөгөө залуу байхгүй болчихсон байсан.Тэрүүхэн хугацаанд юу болоод өнгөрснийг мэдээгүй, санахгүй байсан.
Би тэр байранд хүн зодох гэж очоогүй, тэнд байгааг мэдээгүй. Надад гэрийн түлхүүр байхгүй, би түлхүүрээ эхнэр Г-т өгсөн байсан. Хаалга тогшиж орсон. Эхнэр Г- “Уу бид хоср 2018 оны 06 сард Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоотод хамт 2 хонож байсан. Тэрнээс хойш нэг ч удаа ирээгүй, нэг ч удуу хамт хоноогүй” гэж худал мэдүүлэг өгсөн байна. Би байнга ирж очдог, заримдаа хонодог байсан. Тэрийг манай хүүхэд А, мөн хадам аав Хишигбаатар мэднэ. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92-94х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 137х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 1-р хавтас 140-141х/, СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тоот /хэргийн 1-р хавтас 118х/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 1-р хавтас 123х/, иргрэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 124х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт баримт /хэргийн 2-р хавтас 2х/, охин Ууын Ариун-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 2-р хавтас 51х/, шүүгдэгч Ш.Ууаас “өөрийн охин болон эхнэр Х.Г- нартай холбоотой, харилцаатай байсан гэх байдлыг тодорхойлно” гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гэрэл зураг, фейсбүүк чатаар харьцсан захидал зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №10938 тоот, Шүүх сэтгэц эмгэг судлалын 839 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч нар гаргасан тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.Ууын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Уу нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 08 цагийн үед салсан эхнэр Х.Г-ийн түрээслэн амьдарч буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоот дахь гэрт нь ирж, түүнд хаалга тайлж өгсөн иргэн Г.Быг салсан эхнэр Х.Г-тэй хардаж, толгойн тус газарт нь ир үзүүртэй төмөр зүйлээр цохиж зодон, “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн, уг үйлдлийн улмаас хохирогч Г.Бын биед амь биед аюултай хүнд гэмтэл болох “баруун зулайн ясанд цөмөрсөн хугарал, тархины няцрал, хуйх, хүзүү, зүүн бугуй, зүүн чигчий хуруунд шарх” бүхий гэмтэл учирч, Г.Б нь тухайн цаг хугацаанд хэрэг болсон газраас гарч зугтааж, улмаар хохирогч Г.Б нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан, Ш.Ууын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- Хэргийн газарт /Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 6-16х/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах мөрдөгчийн тогтоол, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 08, 09 дугаартай тогтоолууд /хэргийн 1-р хавтас 20-22х, 24-25х/,
- Хохирогч Г.Бын: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зодуулж гэмтлийн эмнэлэг дээр очоод маргааш өглөө нь толгойны ар дагз хэсэгт яс дотогшоо цөмөрч орсон, тэрийг гаргаад оронд нь титан төмөр тавина гэж хэлээд бүтэн наркозонд ороод нилээд хэдэн цаг хагалгаанд орсон. Хагалгаанд орсон өдрийн орой нь ухаан осрон. Би Ууыг огт танихгүй, зүс таних байтугай зургийг нь ч харж байгаагүй. Г- манай нөхрийг Уу гэдэг байсан гэж л хальт ярьж байсан. Тэрнээс тэр хүн ямар дүр төрхтэй талаар надад ямар ч төсөөлөл байгаагүй, салаад олон жил болж байгаа гэж хэлж байсан юм. ...Би Г-тэй 2018 оны хавар танилцаад 2018 оны 07 дугаар сараас ХУД-ийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоотод хамт амьдарч байна.
Тухайн өдөр өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоотод байхад хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгоход хар биеийн тамирын хувцастай, махлаг залуу “Хүрэлбаатар байна уу” гэж асуугаад гэрт ороод ирсэн. Тэгээд том өрөө рүү орж ирээд “Г-ийг таних уу” гэхээр нь “би танина” гэж хэлэхэд “чи Г-ийн юу нь юм” гэж асуухаар нь би “найз залуу нь байна” гэж хэлсэн. Согтуу хүн айл андуурсан юм байлгүй гэж бодоод ерөөсөө юм бодолгүй тагтны тавцан дээр байсан тамхиа авах гээд тонгойтол араас шууд ир үзүүртэй хатуу зүйлээр цохисон. Угсруулаад 3-4 удаа цохихоор нь “чи хүн аллаа шүү дээ хөөе” гэж орилсон чинь “би угаасаа чамайг алах гэж ирсэн юм” гэж хэлсэн. Бүр болихгүй шинжтэй цохиод байхаар нь зүүн гараараа толгойгоо хаатал зүүн гарын гаднах шуу хэсгээр нөгөө ир үзүүртэй юмаар цохиод миний шуунаас нилээн цус гарсан. Гараараа хаагаад, дараа нь нөгөө үзүүртэй юмыг нь бушуухан барьж аваад хүчтэй татсан чинь гартаа барьсан төмрөө алдчихсан, төмрийг нь аваад цонх онгорхой байхаар нь шууд шидээд, гэрээс гарч зугтаахдаа толгой эргээд нэг хальтирч унаад, дахиж босоод гараад гүйсэн. Би гараараа хаах үед миний шууны гаднах хэсгээр цохисон бөгөөд эмнэлэгт очоод үзүүлэх үед шууг гаднаас нь дотогшоо нэвт цоолсон байсан. Мөн зүүн гарын чигчий хуруунд 2 оёдол тавьсан. Хурууг яаж гэмтээсэн эсэхийг ёстой санахгүй байна. ... Би “юугаар цохичихвоо” гээд болиулах гээд гараас нь барихад нь шовх үзүүртэй, бөөрөнхий, 10 орчим см урттай төмөр барьчихсан байсан. Тухайн барьж байсан төмрийг цонхоор шидсэний дараа тэр залуу намайг хананд шахаж боогоод тохойгоороо нүүр лүү нэг удаа цохисон. Намайг цохисон тэр төмөр манай гэрт байхгүй, тэр залуу өөрөө барьж орж ирсэн. Би тэр төмрийг харвал танина...
Миний толгойн дагзны яс цөмөрсөн, зүүн гарны шуунд оёдол тавиулсан, хүзүүний хойд хэсэгт 3 оёдол, чигчий хуруунд 2 оёдол тус тус тавиулсан, хурууг яаж гэмтээсэн эсэхийг санахгүй байна. Би гомдолтой байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд зарцуулсан 800.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зодуулж гэмтлийн эмнэлэг дээр очоод маргааш өглөө нь толгойны ар дагз хэсэгт яс дотогшоо цөмөрч орсон байна, тэрийг гаргаад оронд нь титан төмөр тавих хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Би Ш.Ууыг огт танихгүй, зүс таних байтугай зургийг нь ч харж байгаагүй. Г- манай нөхрийг Уу гэдэг байсан гээд хальт ярьж байсан. Өөрөөр тэр хүн нь ямархуу дүр төрхтэй байдаг эсэх талаар надад ямар нэгэн төсөөлөл байгаагүй, салаад олон жил болж байгаа гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 30-32х, 33-35х, 36х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №10938 тоот актын: “...Г.Бын биед баруун зулайн ясанд цөмөрсөн хугарал, тархины няцрал, хуйх, хүзүү, зүүн бугуй, зүүн чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 61х/,
- Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 839 тоот актын “Ш.Уу нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, Ш.Уу нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэх чадвартай байна, Ш.Уу нь өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байна, Ш.Уу нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 63-64х/,
- Хохирогч Г.Бын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд болон хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 127-136х, 165х/,
- Хохирогч Г.Бт Huawei загварын цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, Б- Гартаам гэсэн бичигтэй “Хаан” банкны виза карт 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 18х/,
- гэрч Х.Г-ийн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө ...10 цагийн үед “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас ярьж байна, та цагдаагийн хэлтэст хүрээд ир, асууж тодруулах зүйл байна” гэхээр нь би ажлаасаа гараад явж байтал Цагдаагийн газраас дахин яриад “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороололд байх гэртээ хүрээд ир, танай найз залуу хүнд хутгалуулсан байна” гэхээр нь би шууд түрээсэлж байгаа гэртээ очсон юм. Тэгээд болсон асуудлын талаар мэдсэн. Б- бид хоёр 2018 оны 5 дугаар сард танилцаад найзлан нөхөрлөж байгаа, миний найз залуу байгаа юм. Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот байрыг 2017 оны 08 дугаар сараас түрээслэн амьдарч байгаа бөгөөд тухайн байранд би өөрийн төрсөн эцэг Хишигбаатарын хамт амьдардаг.
Би Б-тай 2018 оны 07 дугаар сараас эхлэн миний түрээслэн амьдарч байгаа байранд цуг амьдарч эхэлсэн. Б- нь миний салсан нөхөр болох Ууыг өмнө нь харж байгаагүй болохоор танихгүй. ...2018 оны 04 дүгээр сард нэг удаа Уу намайг гэрт хүргэж өгөхөөр нь гэртээ оруулж байсан. Тэрнээс хойш миний амьдарч байсан байранд 3-4 удаа ирсэн байх. Бид хоёрын дунд 9 настай хүүхэд байдаг болохоор хүүхэд дээрээ ирдэг юм. Уу нь огцом, түргэн ааштай хүн учраас би аажмаар, тойруу байдлаар “өөр хүнтэй хамт амьдарч байгаа шүү” гэж хэлж байсан. Уу, Б- нар нэг нэгнийгээ танихгүй, хоорондоо уулзаж байгаагүй. Намайг хардаад Уу Б-ыг зодсон байх, өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.
...Харин салсаны дараа ажил дээр, эсхүл гэрт ирээд “чи надаас салахгүй, чи надаас салвал чамайг ална, өөр хүнтэй суухгүй шүү” гэх зэргээр байнга дарамталдаг болсон. ...Б-ын толгойг цохисон шовх үзүүртэй төмөр зүйл манайд огт байхгүй, би түрээсийн байранд амьдарч байгаа хүн, хувцас хунар, ойр зуурын хэрэглээний зүйлээс өөр илүү дутуу зүйл огт байгаагүй. Б- ч тийм зүйл авчирч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 40-42х, 43-45х, 172-173х/,
- гэрч Д.Мөнхзаяагийн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 703 дугаар байрны дэргэд байршилтай “V” нэртэй хүнсний дэлгүүрт 2015 оноос хойш худалдагчаар ажиллаж байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөөний 08 цаг 30 минутын үед дэлгүүрээ дөнгөж нээж байхад манай дэлгүүрт байнга орж ирдэг цагдаа ах орж ирээд хүнсний юм авч байсан. Тэгтэл удалгүй араас нь хөл, цээж нүцгэн, богино өмд өмссөн, толгойноос нь цус гарсан байдалтай 30 орчим насны эрэгтэй хүн дэлгүүрт орж ирээд шууд миний сууж байсан кассын араар ороод ирсэн. “Чи яах гээд байгаа юм бэ” гэхэд “би нуугдахгүй бол намайг хайгаад байна, цагдаа дуудаад өгөөч, би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Толгойноос нь их хэмжээний цус гараад тэр хавиар нэг цус болгоод бохирдуулаад байхаар нь цаас өгөөд “толгойгоо дар” гэж хэлэхэд “миний араас хүн ирж байгаа байх” гэхээр нь дэлгүүрт орж ирээд зодоон хийх юм болов уу” гэж айгаад дэлгүүрийн үүдээр дөнгөж гарч байтал өндөр нуруутай, биерхүү залуу өөдөөс гарч ирээд “Сая энүүгээр нүцгэн залуу явсан уу” гэхээр нь “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу дэлгүүрт оролгүй байрны ар тал, дэлгүүрийн хойд хэсгээр хайж байгаад яваад өгсөн. Тэгээд би дэлгүүрт ороход цагдаа ах “би утасгүй байна, чи утсаа өгөөч, цагдаад дуудлага өгье” гэхээр нь утсаа өгсөн. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үү, түргэн тусламж дуудсан уу би сайн мэдэхгүй байна. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48х/,
- гэрч М.Лхамсүрэнгийн: “...хар хөх өнгөтэй Тоёота Кроун загварын автомашин огцом байрнаасаа хөдлөөд, өөдөөс нь байрлуулаад тавьсан байсан цагаан өнгийн 36-60 улсын дугаартай Тоёота Приус 20 загварын машины хаалгыг мөргөчихсөн. Би дөхөж очоод “хөөе, чи хүний машин мөргөчихлөө шүү дээ” гэсэн чинь дахиад маневар хийгээд, дахин 2 дахь удаа мөргөөд буцаж ухраад, хойд талын дугуйг нь шүргээд цаашаа яваад өгсөн. Би наанаас нь гараа өргөөд “зогс” гээд хэлсэн боловч тоохгүй явахаар нь араас нь хартал 84-14 УБИ улсын дугаартай Кроун загварын машин байсан. Тэгээд байж байтал хүнд зодуулсан гээд нэг залуу цагдаагийн машинаар ирээд бууж байсан ба тархи толгой нь битүү цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 49х/,
- гэрч Н.Ганбаатарын: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 704 дүгээр байранд амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын эхээр өглөө 08 цаг дөнгөж өнгөрч байхад би байрны хажуу талын “V” нэртэй хүнсний дэлгүүрт ороод сүү, талх аваад кассанд бичүүлэх гээд зогсож байтал гаднаас нилээд айж сандарсан байдалтай, цээж, хөл нүцгэн залуу “намайг хүн алах гээд байна, цагдаа дуудаач өгөөч” гэж хэлээд гүйгээд ороод ирэхэд худалдагч “гар, чи наад юм заваартууллаа” гэсэн. Тэгэхэд нөгөө залуу “эгчээ, би бүгдийг нь өөрөө цэвэрлэж өгнө, та цагдаа дуудаад өгөөч, намайг хүн алах гээд байна” гэхээр нь дэлгүүрийн худалдагч надад “Би таны юмыг кассанд бичиж байя, та миний утсаар цагдаа дуудчих” гэсэн. Тухайн үед би өөрөө утасгүй байсан юм. Тэгээд дэлгүүрийн худалдагчийн утсаар 102 руу залгаад “дэлгүүрт нэг залуу хүнд зодуулчихсан, тархи толгойноос нь цус гарсан байна” гэж хэлж өгөөд гараад явсан. Зодуулсан гэх залуугийн толгойны ар хэсгээс нь нилээн их цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57х/,
- гэрч С.Хишигбаатарын: “...Г- нь миний өргөмөл охин байгаа юм. ... Би 2017 оны 09 сараас 018 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл охин Г-тэй хамт Буянт-Уухаа 1 хорооллын 702-45 тоотод хамт амьдарсан. Энэ хугацаанд л лав Уу нэг ч удаа гэрт ирж байгаагүй. Охин А нь Эрдэнэт аймагт сурдаг, амралтаараа ирдэг байсан. Ариун-Эрдэнийн төрсөн өдөр хавар тохиодог бөгөөд Г- тэр хоёр нэг удаа хамт явж охиноо хот руу авчирсан гээд гэрт хамт нэг удаа ирцгээж байсан. Охиных нь төрсөн өдрөөр Ууыг ганц удаа харсан. Бусдаар бол огт эргэж тойрдоггүй, ирдэггүй ш дээ. Харин намайг зуслан руугаа явсан хойгуур Уу Г- рүү очдог эсэхийг мэдэхгүй байна. Би охиныхоо хувийн асуудалд ороод, асууж шалгаагаад байдаггүй. Охин Г-ийн найз Б-ыг муухан мэднэ. Манай зусланд 2 удаа дагуулж ирж байсан. Манай найз байгаа юм гэж байсан. ...Г- бид хоёрын амьдарч байсан гэрт шовх үзүүртэй, тугны оройд тавьдаг төмөр мэт зүйл огт байгаагүй. Охин маань өглөө гараад их орой ирдэг, би өөржин гэртээ байж, хоол ундаа хийгээд, гэр орноо цэвэрлэж, цэгцэлж янзлаад байдаг учир сайн мэдэж байна. Ердөө ганц өрөө байр учир тэнд байгаа эд зүйлсийг мэдэж ядаад байх зүйл байхгүй ээ. Миний ярьсан үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 174-175х/,
- гэрч Ц.Отгонбаярын: “...Би Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Хан-Уул дүүрэг дэх Криминалистикийн шинжилгээний хэлтэст шинжээчээр ажилладаг, цагдаагийн ахлах дэслэгч цолтой. ...2018 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн жижиүүрийн бүрэлдэхүүнд шинжээчийн үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд одоо миний санаж байгаагаар 09 цагийн орчимд “Буянт-Ухаа 1 хороололд зодуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тус хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Мөнхнаран, эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч О.Нямбаяр, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Гэрэлт-Од нарын хамт хэргийн газарт очсон. Хэрэг 702 дугаар байрны 45 тоотод болсон байсан ба бид нарыг очих үед зодуулсан гэх хохирогчийг 103-ын машин ирээд аваад явсан, гэрт нь хүнгүй, цоожтой байсан. Тэгээд хохирогчийн эхнэр гэх Г- гэдэг эмэгтэйг утсаар дуудсан. Тэр эмэгтэй хэсэг хугацааны дараа ирээд гэрээ онгойлгож өгсөн. Тэгээд гэрт нь үзлэг хийсэн. Тэр эмэгтэйтэй уулзаж байхад “хуучин салсан нөхөр нь одоогийн хамт амьдарч байгаа нөхрийг зодсон байна” гэсэн бөгөөд салсан нөхрөө Уу гэж байсан. Тэгээд Г-ээр Уу луу залгуулаад тус байранд нь ирүүлсэн. Хэргийн газрын үзлэгээ дуусгаад байж байтал Уу ирсэн. Тухайн үед гэрт нь мөрдөгч Мөнхнаран, гэрийн эзэн Г- гэх эмэгтэй, бид гурав гэр дотор байсан ба эрүүгийн мөрдөгч Нямбаяр гадаа хүлээж байсан юм. Хаалга тогшиход мөрдөгч Мөнхнаран хаалга нээж өгтөл Уу гэх залуу гартаа лоом барьчихсан, далайгаад зогсож байсан. Цагдаа хувцастай хүн хаалга онгойлгосон чинь нөгөө залуу бага зэрэг хойшоо ухарсан ба Мөнхнаран бид хоёр тэр залууг барьж тайвшруулах оролдлого хийсэн. Тэгтэл гартаа барьсан лоомоо бид нарт өгөхгүй, эхнэр гэх Г- гэдэг эмэгтэй рүү дайраад “би чамайг ална аа, ал руу чинь лоом чихнэ” гэх зэргээр нилээд хараалын үгс хэрэглэж дайрад байхаар нь Г- нь гэртээ ороод хаалгаа түгжчихсэн. Тухайн үед Ууаас нилээд архи үнэртэж байсан. Тэгээд “чи одоо наад лоомоо хая” гэж хэлсэн чинь өөрөө лоомоо хаясан. Тэр үед нь ойртож очоод биед нь үзлэг хийж байхад дахиж “гэрт орно” гэж дайраад байсан. Эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч, бид гурав тал талаас нь бариад зогсоосон. Мөрдөгч үргэлжлүүлээд биед нь үзлэг хийж байтал өмдний ташаанд заазуур хавчуулсан байсныг гаргаж ирээд “чи одоо болиоч” гэж хэлээд заазуурыг нь шууд хурааж авсан. Мөн хамт амьдарч байсан гэх зодуулсан залууг “тэрийг чинь ална шүү” гээд орилоод л байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 177-178х/,
- гэрч Ч.Чимэддоржийн: “...Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн офицерээр ажилладаг. Болсон асуудлын талаар гэвэл 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Эрхэс-112 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал өглөө 9 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололд “зодуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очсон. Яваад очтол зодуулсан гэх залуу орцонд байсан ба хөл нүцгэн, толгойноос нь нилээд их хэмжээгээр цус гарсан байсан. Ямар асуудал болсныг тодруулахад “намайг гэртээ унтаж байхад хүн хаалга тошсон, эхнэрээ ирж байна гэж бодоод хаалгаа тайлтал нэг танихгүй залуу шууд орж ирээд учиргүй зодож эхэлсэн, үзүүртэй зүйлээр толгой руу хэд хэдэн удаа цохисон, толгой шаг гээд хэд хэдэн удаа дуугарахаар нөгөө цохиод байсан юмыг нь аваад цонхоор шидсэн” гэж хэлсэн. Одоо санаж байгаагаар тэр залуу утасгүй байсан болохоор би өөрөө дуудлага өгсөн. Тэгээд гэрийг нь заалгаад 7 дугаар давхарт байсан тоотыг нь санахгүй байна, гадна хаалга нь хагас хаалттай, байсан дотогш ороход хаалга, үүд, шал нь нил цус болсон байсан. 103-ын эмч ирээд “яаралтай гэмтлийн эмнэлэг авч явахгүй бол болохгүй, толгой нь цоорсон юм шиг байна” гэж хэлээд шууд аваад явсан. Удалгүй манай жижүүрийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Би цонхоор шидсэн гэх төмрийг нь хайгаагүй. Зодсон гэх залуу нь ойролцоо байж магадгүй гэж бодоод хохирогчийн дэргэдээс холдоогүй. Ямар ч байсан үзүүртэй зүйлээр толгой руу цохиод байхаар нь булаацалдаж байгаад аваад цонхоор шидсэн гэж хэлсэн. Тэр цохиулсан гэх зүйлийг хаанаас авсан талаар яриагүй. Хохирогч залуу цоо эрүүл байсан. Өглөөгүүр байсан болохоор тэр хавиар бараг хөл хөдөлгөөн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 182х/,
- гэрч М.Эрдэнэтуяагийн: “...Уу нь 1989 оны 07 сарын 27-нд төрсөн, айлын ууган хүү. ...дээрээ ах, эгчгүй болохоор багаасаа л биеэ даасан, сэргэлэн цовоо, ... ажилд сургаж, ажлаар хүмүүжүүлсэн хүүхэд юм. Уу, Г- хоёр 2013 оноос тусдаа маьдарч эхэлсэн. Энэ хоёрын нарийн ширийн асуудлыг нь би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 46-47х/,
- гэрч Б.Цэрэннадмидын: “...Уу нь 2018 оны 09 сарын 05-ны өглөө нөгөө хохирогч гэх залууг зодсон хэрэг гарсан урьд шөнө буюу 09 сарын 04-ны орой 02 цагийн орчим надтай хамт бид хоёрын түрээслэн ажиллуулдаг Баянголд дүүргийн 10 дугаар хороололд байдаг сауны газарт байж байгаад “би ерөөсөө эхнэр, хүүхэд дээрээ оччихоод ирье” гэхээр нь би “ийм орой болсон хойно яах гэж байгаа юм, өглөө эртхэн очооч” гэж хэлсэн чинь “үгүй ээ би эхнэр хүүхэд дээрээ очмоор байна” гээд машиныхаа түлхүүрийг аваад явсан. Хар хөх өнгөтэй, конфорт кроун загварын машинтай бөгөөд өөрийнхөө машинтай явсан. Тухайн өдөр би өөрөө архи огт уудаггүй болохоор Уу бид хоёр ажил дээрх архи дарс уусан зүйл болоогүй.
Уу ажлаас гарах үед удлаа гэхэд шөнийн 03 цаг л болж байсан байх. Тэгээд би ажил дээрээ унтаж байтал өглөө Уу өөрөө над руу залгаад “Хан-Уул дүүргийн цагдаа дээр байна, эрүүлжүүлэхэд орчихлоо” гэж хэлсэн. Яваад очсон чинь болсон асуудлын талаар товчхон ярьсан. Ямар ч байсан “машин цагдаа дээр журамлуулсан, манай байцаагчтай очиж уулз” гэж хэлсэн. Маргааш нь Ууыг 48 цаг саатуулаад гаргасан. Гарсаных нь дараа би “яагаад хүн зодсон юм бэ” гэж асуухад “эхнэр хүүхэд дээрээ очоод хаалга тогшсон чинь танихгүй нүцгэн залуу хаалга онгойлгож өгсөн, тэгээд хэн бэ чи гэж асуухад Ганаагийн найз залуу байна гэж хэлсэн, юу гэсэн үг вэ би нөхөр нь байна гэж хэлээд маргалдаад зодолдсон” гэж л ярьсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53х, 181х/,
- Шүүгдэгч Ш.Ууаас эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр өгснийг хүлээн авсан гэх, одоо ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаархи хохирогч Г.Бын тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 1-р хавтас 165х, 2-р хавтас 93х/,
- шүүгдэгч Ш.Ууын: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702 дугаар байрны 45 тоот гэртээ очоод гэрийнхээ хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ хийхэд онгойхгүй байсан ба хаалгаа тогшиход нэг үл таних нүцгэн эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Тэгээд би гэртээ ороод “чи хэн бэ, эхнэрийн хамаатан нь юм уу” гэж асуухад тэр залуу миний өөдөөс тамхи асааж басамжилж, дорд үзсэн байдлаар харьцаж “намайг Батаа гэдэг юм, би Ганаагийн найз залуу” гэж өөрийгөө танилцуулсан.
Тэгээд тэр эрэгтэй тухайн байрны тагтан дээр алцайгаад суучихсан байхаар нь миний уур хүрээд, босож очоод гарт баригдсан хатуу зүйлээр толгой хэсэг рүү нь 2 удаа цохиход тэр залуу хувцасгүй зугтаагаад гараад явсан. Би араас нь гарахад тэр залуу байхгүй байхаар нь би явсан. ...2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа тараад гэртээ амрах гэж ирсэн. Би Б- гэдэг залууг урьд өмнө нь огт харж байгаагүй. Б-ын толгой руу цохисноос өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр залуу миний гэр бүлийг доромжилсонд гомдолтой байна. Г.Б гэх залууд гар хүрч зодсондоо гэмшиж харамсаж байна.
... Одоогийн амьдарч байгаа гэр болох Буянт-Ухаа 1 хороолд байдаг 302 дугаар байрны 7 дугаар байрны 45 тоотод байдаг гэртээ очоод гэрийн хаалга тогшсон. Надад ер нь гэрийн түлхүүр байдаггүй юм. ... Намайг харахад дотуур хувцастай, турсикнээс өөр хувцасгүй нүцгэн байсан. Би тэр залууд “чи хэн бэ, Хишгээ ахын хамаатан уу” гэж асуухад нөгөө залуу юм дуугараагүй. Үл тоомсорлосон байдлаар буруу харж алхаад том өрөөнөөс тамхиа аваад тагтны үүдэнд тамхиа асаасан. Би нөгөө залуугаас “Чи хэний хамааралтай хүн бэ” гэж асуутал нөгөө залуу “Ганаагийн найз залуу нь байна” гэж хэлээд надруу тамхиа үлээсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд цонхны тавцан дээр байсан гарт тааралдсан хатуу зүйлийг аваад нөгөө залууг айлгах санаатай баруун гараараа далайтал нөгөө залуу миний хэвлий хэсгээр хамж аваад дайрсан. Тэгэхээр нь салгах зорилгоор хатуу биетээр толгойн орой хэсэг рүү 2 удаа цохисон. Миний гартаа барьсан хатуу биет ямар өнгөтэй, юу байсныг хараагүй, нилээд хүнд зүйл байсан. Яг ямар хэлбэртэй байсан эсэхийг анзаараагүй.
Тэр залуу намайг дайрч унагаагаад би гартаа барьсан зүйлээ газар хаятал нөгөө залуу мөн нүцгэн чигээрээ байрнаас гараад зугтаасан ба толгойноос нь цус гарсан байхыг би араас нь харсан. Би толгойг нь хагалсанаа мэдээд санаа зовсон. Мөн өөрийгөө Г-ийн нөхөр гэдгийг хэлэхийн тулд араас нь дагаж гарсан. ... Тухайн үед би өөрийн эзэмшлийн 84-14 УБИ улсын дугаартай Тоёота кроун загварын машинтай явж байсан. Байрны гадаа машинаа тавиад, гэрт олуулаа байж магадгүй гэж бодоод, биеэ хамгаалах зорилгоор байрны гаднаас богинохон төмөр авч орсон. Заазуур бол машинд байсан бөгөөд би уг заазуураар хөдөө, гадаа явахдаа шорлогны мод хагалдаг байсан юм.
Тэгээд эхнэрийнхээ гэрт нь ирээд хаалга тогшиход хаалга онгойлгоод 3 цагдаа гарч ирэхээр нь би гартаа байсан юмнуудаа шууд гаргаад өгсөн. Тэгээд би “та нар намайг авч явалгүй 2 минут хүлээчих, би эхнэртэйгээ уулзмаар байна” гэсэн боловч намайг шууд аваад явсан. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шовх үзүүртэй зүйл Г.Быг цохисон хатуу биет мөн байна. Би нөгөө залууг цохиж дууссаны дараа хэлбэрийг нь харсан юм. Харин анх барьж авахдаа ямар ч гэсэн гартаа хатуу биет зүйл барьсан гэдгээ мэдсэн, хэлбэрийг нь хараагүй.
Хоёр дахь удаа эхнэрийнхээ гэрт очихдоо лоом төмрийг машин руу авч ороод машинд лент байхаар нь бариул хийгээд лентээр ороосон. Би хүн зодсон юм чинь намайг олуулаа нийлээд зодож магадгүй гэж бодоод биеэ хамгаалах зорилгоор барьж орсон. ...Г- надад өөр хүнтэй хамт амьдарч байгаа талаар огт яриагүй, мөнгө олсон уу, Солонгос руу явна шүү гэж хэлж байсан.
...702-45 тоот руу ороход авч явсан лоом нь байрны гадаа, зүүн талд нь овоолсон барилгын хог дээр байсан. Заазуур бол 702-45 тоот, эсхүл машин хоёрын аль нэгэнд байсан байх, яг хаанаас авснаа санахгүй байна. Би тухайн үед маш их айсан, дотор давчидсан байсан бөгөөд хүний толгой хагалснаа мэдэж байсан болохоор буцаад намайг зодож магадгүй гэж бодоод амиа хамгаалах, Б-ыг айлгах зорилгоор авч орсон. Мөн гэрт олуулаа байж магадгүй гэж бодсон. Харин Б-ын толгой руу цохисон шовх үзүүртэй зүйл тэнд, гэрийн тагтан дээр байсан байх гэж бодож байна. Би уг гэрт амьдарч байхдаа тэнд тагтанд байсныг харж байсан. Тагтны аль хэсэгт байсныг санахгүй байна. Миний хувьд Б-ыг танихгүй, тэр өдөр анх удаа харсан. Мөн тухайн өдөр гэрт байсан эсэхийг огт мэдээгүй, шалдан хүн тэнд байна ч гэж бодоогүй. Тухайн үедээ тэр хүний алах, зодох ямар нэг санаа зорилго байгаагүй. Зүгээр л гэртээ унтаж амрах зорилготой орсон. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 85-87х, 89-91х, 92-94х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч болон хохирогч хэн аль нь бие биенээ огт танихгүй, тухайн хэрэг гарсан өдөр анх харсан гэх, мөн тэдний хооронд урьдын харилцааны түүх байхгүй нөхцөл байдал тогтоогдсон ба хохирогч Г.Бын биед учирсан “баруун зулайн ясанд цөмөрсөн хугарал, тархины няцрал,хуйх, хүзүү, зүүн бугуй, зүүн чигчий хуруунд шарх” бүхий амь биед аюултай хүнд гэмтэл нь шүүгдэгч Ш.Уу нь түүний зодож толгойн тус газарт нь ир үзүүртэй төмөр зүйлээр цохиж зодсон олон удаагийн үйлчлэлээр үүссэн, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон, хохирогчийн хувьд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаар түүний амь нас нь аврагдсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Ш.Уу нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 839 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 63-64х/ баримтаар нотлогдсон ба түүний үйлдэлд сэтгэл санаа гэнэт цочрон давчидсан болон тухайн гэмт хэргийг үйгүйсгэх өөр нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ш.Уу нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоотод иргэн Г.Быг салсан эхнэр Х.Г-тэй хардан зодож толгойн тус газарт нь ир үзүүртэй төмөр зүйлээр цохиж биед нь баруун зулайн ясанд цөмөрсөн хугарал, тархины няцрал, хуйх, хүзүү, зүүн бугуй, зүүн чигчий хуруунд шарх бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй гэм буруутай үйлдэлд нь Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хуулийн үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Ш.Ууыг ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “Ш.Уут прокуророос сонсгосон ялыг зөвшөөрөхгүй, түүний үйлдэлд хохирогч Г.Быг алах санаа зорилго, сэдэлт байгаагүй, мөн хүний биед гэмтэл учруулж болох зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг зориуд бэлтгээгүй, мөн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авч хангах боломжгүй гэж дүгнэснийг тэмдэглэв.
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч нь 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн /хэргийн 1-р хавтас 165х/, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар тус шүүхэд бичгээр хүсэлтээ 2019 оны 02 сарын 01-ны өдөр гаргасан баримттай тул шүүгдэгч Ш.Ууаас гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах баримт бүхий төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Уу нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 137х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 1-р хавтас 140-141х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уут 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Уу нь 2018 оны 09 сарын 06-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2018 оны 09 сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагчаар нийт 106 /нэг зуун зургаа/ цагдан хоригдсоныг /хэргийн 1-р хавтас 74х, 80х, 83х, 191х, 193х, 231х, 233х/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шовх үзүүртэй төмөр зүйл 1 ширхэг, лоом 1 ширхэг, хар бариултай заазуур 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ш-ийн Уу-ыг Хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ууыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Уут оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ууын цагдан хоригдсон нийт 104 /нэг зуун дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.Уут урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шовх үзүүртэй төмөр зүйл 1 ширхэг, лоом 1 ширхэг, хар бариултай заазуур 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт Ш.Ууын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ш.Уут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧИД Х.ОДБАЯР
Д.АЛТАНЖИГҮҮР