Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01555

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 05 210/МА2024/01555

 

 

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

........ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/02348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох,

 

18,337,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Иргэн Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай Ө ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан ........ дүүргийн .......... хорооны ...... байрны 2 давхрын .... тоотын 112 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж Орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Б.Б нь уг сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ 2020 оны 10 дугаар сард шилжүүлэн авч, сууцаа хүлээн авч байрандаа өнөөг хүртэл амьдарч байна.

Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ...хүсэлтүүдийг тус тус гаргасан учраас манай Ө ХХК нь удаа дараагийн хүсэлтийг нь хангаж, итгэж итгэлцлийн үндсэн дээр төлбөрийн дутуу төлөлттэй байсан ч үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаж нэр шилжүүлж өгсөн, байрыг нь хүлээлгэн өгч амьдрах ашиглах боломжийг нь хангасан, үнийн хөнгөлөлт үзүүлсэн, 6 хувийн зээлд орох боломж гаргасан, төлбөр төлөх хувилбаруудыг гаргаж дэмжлэг үзүүлсэн, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан, мөн өнөөдрийг хүртэл алданги нэхээгүй хүлээцтэй хандсан юм.

...Захиалагч Б.Б нь орон сууц захиалгын Б57 дугаар гэрээний 6.2-д зааснаар орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан байдаг.

Б57 дугаар гэрээний хавсралт 1-ийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгах ёстой байсан боловч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 249 хоногийн хугацаатайгаар хоцруулсан, үүнээс хойш төлбөр огт нэмж төлөөгүй учраас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 57 гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулж төлөлтийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж дуусгахаар график гарган хойшлуулсан боловч мөн л хугацаа хоцруулж төлөөгүй юм...

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэвэл 4,650,000 төгрөгийн алдангийг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 9,300,000 төгрөгийн хамт нийт 13,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...Үндсэн төлбөрийн 9.300.000 төгрөгийн тухайд: Миний бие Б.Б нь Ө ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/57 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, ........ дүүрэг, .......... хороо, Юнескогийн гудамж, ...... байрны .... тоот дахь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Тус гэрээний 2.2-т Захиалагч байрны төлбөрийг хавсралт №1-д заасны дагуу төлнө гэж заасан бөгөөд хавсралт №1-д зааснаар 1, 2, 3 дугаар төлөлтүүдийг зохих ёсоор төлсөн 4 дүгээр төлөлт буюу 24,500,000 төгрөгийн үнийн дүнд БНСУ-д үйлдвэрлэсэн хаалганы дижитал цоож нийлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд Ө ХХК-тай 24,500,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөх тухай нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх тул мөнгөн хэлбэрээр төлөхийг шаардсан нь үндэслэлгүй юм.

Иймд 9,300,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин уг үнийн дүнд Хавсралт №1-д зааснаар БНСУ-д үйлдвэрлэсэн хаалганы дижитал ухаалаг цоож нийлүүлэхэд татгалзах зүйлгүй болно.

Алданги 9.037.500 төгрөгийн тухайд, миний бие Хавсралт №1-д заасан хугацаанд, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон дижитал ухаалаг цоожийг Ө ХХК-д нийлүүлэх гэсэн боловч Ө ХХК нь түүнийг хүлээн аваагүй байдаг.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх тул алданги шаардсан нь үндэслэлгүй. Иймд Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бээс 13,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Б.Б нь Ө ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №Б57 гэрээгээр ........ дүүргийн .......... хорооны ...... байрны 2 давхарын .... тоотын 112 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 308.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан.

Энэхүү гэрээний 2.2 дах хэсэгт Захиалагч байрны төлбөрийг хавсралт №1-д заасны дагуу төлнө хэмээн Хавсралт №1-д 24,500,000 төгрөгийг Ө ХХК-д Солонгос улсад үйлдвэрлэсэн дижитал хаалганы цоожоор бартерлана ... хэмээн тохиролцож, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлнө хэмээн заасан байдаг.

Гэвч, Ө ХХК нь дижитал хаалганы цоожоор төлбөрийг тооцож авахгүй, зарагдах нь муу хэмээн талууд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах Б57 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт-г байгуулсан. Тус нэмэлт өөрчлөлтийн 1-д Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 19,500,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу бэлэн мөнгөөр төлж барагдуулах үүрэгтэй байна хэмээн гэрээний нөхцөлөө шинэчилсэн байдаг.

Ийнхүү, Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9.300.000 төгрөг, алданги 4.650.000 төгрөг нийт 13.950.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрх гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу шаардах эрхээ тодорхойлсон. Уг нэхэмжлэлийн шаардлагад алданги 4.650.000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрхгүй хэмээн хариуцагч үзэж байна. Учир нь, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд алданги авахаар харилцан тохиролцсон зүйл байдаггүй.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 236.2-д Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасны дагуу гэрээний нөхцөлийг шинээр тохиролцсоноор өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн зохицуулалт нь мөн дуусгавар болсон гэж үзнэ. Иймд, алданги 4,650,000 төгрөг шаардах эрхгүй билээ.

Гэтэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 14-т: Зохигчид гэрээний 6.2-т захиалагч нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид гэж тохирсон нь Иргэний хуулийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг хангаагүй байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин миний бие 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус дүүргийн шүүхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй, ... шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг үл харгалзан шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 25.3-д ... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхийг зөрчсөн.

Тус хуулийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно гэж заасан нь хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлгүй байхыг ойлгодог. Гэтэл миний бие хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлтэй байсан хэдий ч түүнийг нотлох баталгаажуулах ямар ч бодит нөхцөл байдал байгаагүй атал хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн миний бие Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Батжаргалыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгчөөр авсан хэдий ч, 2024 оны 06 дүгээр сарын 11-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхийн зүгээс шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаа хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана гэж заасныг зөрчсөн.

Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/02348 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 13,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар Ө ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.Бтэй орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, ........ дүүрэг, .......... хороо, Олимпын гудамж, ...... байр, .... тоот хаягт байрлах 112 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.

 

Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ө ХХК-аас гэрээний зүйл болох 4 өрөө орон сууцны түлхүүрийг хүлээн авч, улмаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 298,700,000 төгрөгийг төлж, орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар маргаагүй байна.

 

Харин зохигчид худалдах, худалдан авах гэрээний үлдэх 9,300,000 төгрөгийг мөнгө, аль эсхүл эд зүйлээр төлөх болон алданги төлөх үүрэгтэй эсэх талаар маргажээ.

 

5. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөх хуваарьт Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 205,500,000 төгрөгийг тус тус мөнгөөр төлж, үлдэх 24,500,000 төгрөгт БНСУ-д үйлдвэрлэсэн хаалганы цоожийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгөхөөр тохирсон байна.

 

Гэвч зохигчид дээрх гэрээнд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Б.Б нь төлөх ёстой байсан 24,500,000 төгрөгөөс 5,000,000 төлснийг хасаж, тэрээр үлдэх 19,500,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ.

 

6. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол тэрхүү үүрэг дуусгавар болж, өөр үүрэг үүсэх бөгөөд зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэх хэсгийг мөнгөөр бус эд зүйлээр төлөхөөр тохирсон нь энэ гэрээний үүрэг солигдсон гэсэн ойлголтод хамаарахгүйгээс гадна хожим зохигчид 19,500,000 төгрөгийг мөнгөөр төлөхөөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Улмаар талууд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан алданги төлөх тохиролцоог хүчингүй болгоогүй, тухайн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэнээс гадна гэрээний нэмэлт, өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй хэсэг байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн талаарх тохиролцоо үйлчлэхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч Б.Бийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 9,300,000 төгрөг, алдангид 4,650,000 төгрөгийг тус тус төлөх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг, 2024 оны 0.......... сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн өвчтэй гэсэн эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн хойшлуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

 

Үүнээс үзвэл шүүх хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүрэгтэй.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ойрын хамаатан нас барсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хувьд хожим үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ........ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/02348 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР