Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Э-ын Н, Т овогт Б-ын Ц нарт холбогдох эрүүгийн 18100 2649 0014 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч, хохирогч Б.Ц, шүүгдэгч, хохирогч Э.Н нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Төгөлдөр” үсчний салонд ажилладаг гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7в дугаар байрны 68 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ын Ц /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Улаанбаатар телевизэд ажилладаг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, Хувьсгалчидын 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ын Н /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн хохирогч, шүүгдэгч Э.Н, Б.Ц нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан тул хохирогч болон шүүгдэгч нарын ”өөрөө өөрийгөө өмгөөлж” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн хэрэг гардаг өдөр би гэрийн гадаа байхад Э.Н татаж, “хоёулаа эмэгтэй хүмүүс шиг ярилцъя” гэхээр нь “за” гэхэд “миний нэр чамд ямар гай болсон юм бэ” гээд маргаан зодоон эхлүүлсэн. Гэр дотор маргалдсан, зодоон цохион болсон зүйл байхгүй. “Намуунаа гэдэг чинь нам ууна” гэдэг үг гэж би хэлээгүй, гэр дотор байсан хүмүүсийн хэн нэг нь хэлсэн байх. Гэрт байхад Намуунаа нь надтай муухай харьцаад байхаар нь би “чи яагаад надтай муухай харьцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би хүмүүст архи шахсан асуудал байхгүй. Урьд өмнө нь Э.Нг би таньж мэддэггүй байсан. Энэ асуудлын хувьд би анхнаасаа хуулийн байгууллагаар явахыг хүсээгүй, хэрэг болох өдрийн маргааш нь Э.Нтай холбогдоод “хоёулаа тохиролцоод эвтэйхэн салъя” гэж хэлж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Э.Н-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц мэдүүлэхдээ:

“...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Чингис хааны хүрээ” амралтын газарт хоносон ба өглөө нь босоод нүүрээ харахад хумсны тав тогтсон байсан. Тэгээд би Э.Нд “хоёулаа уулзъя” гэж хэлэх гэсэн боловч надтай холбоо бариагүй учир би Цагдаагийн байгуулалагад гомдол гаргасан. Прокурорын шатанд эвлэрэх гээд “надад хохирол учирсан, гэхдээ би чамааас мөнгө нэхэхгүй. Чи бололцоогоороо хэдэн төгрөг өгчих гэтэл Э.Н “Эхлээд 80.000 төгрөг ав. Тэгээд 100.000, 100.000 төгрөгөөр хохирол төлнө” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би Э.Н шиг 2 удаа маажуулсан байсан бол хүмүүст хүндрэл учруулахгүй байх байсан.

Э.Н хүний гоо сайханд халдсан хэрнээ гэмшсэн байдалгүй “80.000 төгрөг өгье” гэж басамжилсан. Би “Гайхам” гэдэг гоо сайханы эмнэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн арьс нөхөн сэргээх, гуужуулах үйлчилгээг нийт 6 удаа хийлгээд, сорви арилгах 10 удаагийн лазер эмчилгээ хийлгэхээр болоод одоогийн байдлаар 4 дэх удаагийн лазер эмчилгээг хийлгэсэн. Лазерийн эмчилгээний төлбөр нь 1.500.000 төгрөг, арьс нөхөн сэргээх, гуужуулах үйлчилгээний 1 удаагийн оролт 80.000 төгрөг буюу 6 удаагийн оролт 480.000 төгрөг, нийт 1.980.000 төгрөг эмчилгээний төлбөрт нэхэмжилж байна.

Гэхдээ ийм байдалд хүрч, үл ойлголцож, харилцан зодолдсон, миний өөрийн буруу бас байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, баримт бүхий бодит гарсан лазер эмчилгээний зардлын 1.500.000 нэхэмжилж байна. Эмчилгээний төлбөр мөнгөө авчихвал гомдол санал гэх зүйл алга байна. Би шархны тос, эмнэлэг явж үзүүлсэн шатахуун, түлшний мөнгийг нэхэмжлэх байсан. Гэхдээ Э.Н-г бодоод нэхэмжлээгүй юм.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Н мэдүүлэхдээ:

“...Б.Цийн найз нь фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд миний овог, нэр, ажлын хаяг зэргийг бичээд миний зургийг 13.000.000 хүний дагагчтай группт тавьж, миний нэр хүндэд халдсан. Тухайн мэдээллийг хараагүй хүн байхгүй байх. Би сэтгэл зүйн хувьд гутралд орж, ажил хийхэд хэцүү байдалд орсон. Б.Цийн ах, эгч нар нь миний утас руу 1 цагийн зайтай залгаж “чамайг шоронд оруулна, ажил дээр чинь очино” гэж дарамталдаг байсан. Мөн манай ажлын албаны дарга руу залгасан байдаг. Надад Б.Ц-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 18100 2649 0014 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 11-ний өдөр гэртээ байж байхад манай найз Болороо над руу залгаад “Чингисийн хүрээ” амралтын газарт хүрээд ир гэхээр нь би 21 өнгөрөөгөөд яваад очиход манай найз Болороо, Хишигжаргал, Ганбаа болон Халиунаа нар архи ууж байсан. Би тэд нартай хамт сууж байхад Халиунаа найзуудыгаа утсаар дуудаж удалгүй Намуунаа гэдэг эмэгтэй, өөр 3 хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид нар ууцгаагаад байж байхад тэнд байсан хүмүүс “Намуунаа гэдэг чинь нам ууна гэсэн үг шүү дээ” гээд инээлдэж байсан. Би гэртээ харих гээд дуудлагын жолооч дуудаад бие засах гээд гэрээс гарахад миний араас Намуунаа гэдэг эмэгтэй дагаж гарч ирээд намайг дуудхаар нь би эргээд хартал “чи намайг доромжиллоо, миний нэр чамд ямар гай болсон юм бэ” гэхэд нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд эргээд явах гэхэд тэр эмэгтэй намайг хойноос үсдэж татаад газарт унагаачихсан.

Тэгээд бид хоёр ноцолдоод дээр доороо ороод байж байтал хүмүүс гарч ирж салгасан ба хэн байсныг нь санахгүй байна. Намуунаа миний нүүрийн нилээн хэдэн удаа хумсаараа маажсан. Тэгээд би тэр амралтын газарт өөр гэр авч хоносон юм.

Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй, миний биед учирсан гэмтлүүдийг Намуунаа гэдэг эмэгтэй маажиж учруулсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Тэр эмэгтэй надаас уучлалт гуйж, эмчилгээний зардлыг төлж барагдуулвал гомдолгүй. Би Намуунаа гэдэг эмэгтэйг цохиж зодоогүй. Тухайн үед би 200 грамм орчим архи уусан байсан ба айхтар согтсон асуудал байхгүй, халамцуу л байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Н-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 10-ны өдөр 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад спиннинг-д хамт явдаг хүмүүстэйгээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Чингис хааны хүрээ” амралтын газарт очсон. Тэгээд бид нар архи уугаад сууж байхад Ц гэдэг эмэгтэйтэй танилцсан ба тэр эмэгтэй намайг очиход согтсон байсан. Түүний байгаа байдал нь надад таалагдаагүй. Тэгээд нилээн сууж байгаад явах дөхөөд гарах гэтэл тэр эмэгтэй нэг залууд архи шахаад байхаар нь “чи болиоч, эмэгтэй хүн байж” гэж хэлэхэд хүндээр тусгаж аваад “чи яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ, дээрэлхэх гээд байгаа юм уу” гээд би хоёр маргалдаад, би түүнийг ор руу түлхэж, дээр нь гараад үснээс нь зулгаасан.

Тэгэхэд Ц миний үснээс зөрүүлж зулгаагаад зүүн гарын долоовор хурууг хазаж, зүүн шанаа хэсэгт маажихаар нь би цохих гэхэд хүмүүс салгасан юм. Миний уур хүрээд тэр эмэгтэйд хандаж “чи намайг илүү зодсон юм чинь би чамайг дахин нэг удаа цохиод хоорондоо эвлэрцгээе” гэхэд тэр зөвшөөрсөн болохоор нь бид хоёр гадаа гарч, би түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, үснээс нь зулгааж газарт унагаагаад нуруунд нь нэг удаа өшиглөсөн.

Хүмүүс бид хоёрыг дахин салгах үед би түүний нүүрийг нь гараараа нилээн хэдэн удаа хумсаараа базаж маажсан юм. Ц газар унасан байхдаа миний гуя, шуу хэсэгт өшиглөөд байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Ц, харин түүний биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шарх эдгэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

 

3. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13531 тоот актын:

“1. Б.Ц-н биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн хэсэг, баруун, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт шалбаралт, баруун сарвууны 1-р хурууны ар дээд хэсэгт шарх, жавьжинд язралт, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна дээд, дотор дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,

 

4. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13595 тоот актын:

“1. Э.Н-гийн биед хацар шанаа, хөмсөг, уруул, цээжинд шалбаралт, зүүн шуу, гуя, зүүн гарын долоовор хуруунд шарх, цус хуралт, зулайн хуйханд гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц-ийн яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Н гэдэг эмэгтэй намайг ямар нэгэн шалтгаангүйгээр хэрүүл өдөж, үснээс зулгаагаад нүүр маажсан. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Тэр эмэгтэйтэй хэрэг гарах өдөр танилцсан бөгөөд би түүнийг сайн танихгүй. Одоо миний нүүр хумсны шархтай болсон бөгөөд будаад байхад дарагдахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Н-гийн яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа, гэм буруугаа ойлгож байна..” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болох урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29, 35х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /30, 33х/ баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн болон  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хууль ёсны гэж үнэлж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны хүрээ амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “чи намайг доромжиллоо, миний нэр чамд ямар гай болсон юм бэ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан Б.Цтэй маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түлхэх, үснээс нь зулгаах, өшиглөх, маажих зэргээр зодож биед нь “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн хэсэг, баруун, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт шалбаралт, баруун сарвууны 1-р хурууны ар дээд хэсэгт шарх, жавьжинд язралт, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна дээд, дотор дээд хэсгүүдэд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны хүрээ амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ надтай дээрэлхэж харьцлаа” гэсэн шалтгаанаар Э.Нтай маргалдаж, үл ойлголцол үүсгэн, улмаар үснээс нь зулгаах, өшиглөх, хазах зэргээр зодож түүний биед “хацар шанаа, хөмсөг, уруул, цээжинд шалбаралт, зүүн шуу, гуя, зүүн гарын долоовор хуруунд шарх, цус хуралт, зулайн хуйханд хавантай” гэмтэл бүхий хөнгөн хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

- хохирогч Э.Нгийн: “...Би 2018 оны 11 сарын 10-ны өдөр 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад спиннинг-д хамт явдаг хүмүүстэйгээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Чингис хааны хүрээ” амралтын газарт очсон. Тэгээд бид нар архи уугаад сууж байгаад Ц гэдэг эмэгтэйтэй танилцсан ба тэр эмэгтэй намайг очиход согтсон байсан. Түүний байгаа байдал нь надад таалагдаагүй. Тэгээд нилээн сууж байгаад явах дөхөөд гарах гэтэл тэр эмэгтэй нэг залууд архи шахаад байхаар нь “чи болиоч, эмэгтэй хүн байж” гэж хэлэхэд хүндээр тусгаж аваад “чи яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ, дээрэлхэх гээд байгаа юм уу” гээд би хоёр маргалдаад, би түүнийг ор руу түлхэж, дээр нь гараад үснээс нь зулгаасан. Тэгэхэд Ц миний үснээс зөрүүлж зулгаагаад зүүн гарын долоовор хурууг хазаж, зүүн шанаа хэсэгт маажхаар нь би цохих гэхэд хүмүүс салгасан юм. Миний уур хүрээд тэр эмэгтэйд хандаж “чи намайг илүү зодсон юм чинь би чамайг дахин нэг удаа цохиод хоорондоо эвлэрцгээе” гэхэд тэр зөвшөөрсөн болохоор бид хоёр гадаа гарч, би түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, үснээс нь зулгааж газарт унагаагаад нуруунд нь нэг удаа өшиглөсөн. Хүмүүс бид хоёрыг дахин салгах үед би түүний нүүрийг нь гараараа нилээн хэдэн удаа хумсаараа базаж маажсан юм. Ц газар унасан байхдаа миний гуя, шуу хэсэгт өшиглөөд байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Ц, харин түүний биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шарх эдгэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-16х/,

- хохирогч Б.Ц-ийн: “...Би 2018 оны 11 сарын 11-ний өдөр гэртээ байж байхад манай найз Болороо над руу залгаад “Чингисийн хүрээ” амралтын газарт хүрээд ир гэхээр нь би 21 өнгөрөөгөөд яваад очиход манай найз Болороо, Хишигжаргал, Ганбаа болон Халиунаа нар архи ууж байсан. Би тэд нартай хамт сууж байхад Халиунаа найзуудыгаа утсаар дуудаж удалгүй Намуунаа гэдэг эмэгтэй, өөр 3 хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид нар ууцгаагаад байж байхад тэнд байсан хүмүүс “Намуунаа гэдэг чинь нам ууна гэсэн үг шүү дээ” гээд инээлдэж байсан. Би гэртээ харих гээд дуудлагын жолооч дуудаад бие засах гээд гэрээс гарахад миний араас Намуунаа гэдэг эмэгтэй дагаж гарч ирээд намайг дуудхаар нь би эргээд хартал “чи намайг доромжиллоо, миний нэр чамд ямар гай болсон юм бэ” гэсэн. Би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд эргээд явах гэхэд тэр эмэгтэй намайг хойноос үсдэж татаад газарт унагаачихсан. Тэгээд бид хоёр ноцолдоод дээр доороо ороод байж байтал хүмүүс гарч ирж салгасан ба хэн байсныг нь санахгүй байна. Намуунаа миний нүүрийн нилээн хэдэн удаа хумсаараа маажсан. Тэгээд би тэр амралтын газарт өөр гэр авч хоносон юм.

Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй, миний биед учирсан гэмтлүүдийг Намуунаа гэдэг эмэгтэй маажиж учруулсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Тэр эмэгтэй надаас уучлалт гуйж, эмчилгээний зардлыг төлж барагдуулвал гомдолгүй. Би Намуунаа гэдэг эмэгтэйг цохиж зодоогүй. Тухайн үед би 200 грамм орчим архи уусан байсан ба айхтар согтсон асуудал байхгүй, халамцуу л байсан. Эмчилгээний төлөрөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-10х/,  

- Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13531 дугаартай: “Б.Ц-н биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн хэсэг, баруун, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт шалбаралт, баруун сарвууны 1-р хурууны ар дээд хэсэгт шарх, жавьжинд язралт, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна дээд, дотор дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн” шинжээчийн дүгнэлт /хэргийн 22х/ ,

- Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13595 дугаартай:  “Э.Нгийн биед хацар шанаа, хөмсөг, уруул, цээжинд шалбаралт, зүүн шуу, гуя, зүүн гарын долоовор хуруунд шарх, цус хуралт, зулайн хуйханд гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 26х/  болон шүүгдэгч Б.Ц, Э.Н нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Ц-ийн биед учирсан “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун, зүүн хэсэг, баруун, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт шалбаралт, баруун сарвууны 1-р хурууны ар дээд хэсэгт шарх, жавьжинд язралт, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна дээд, дотор дээд хэсгүүдэд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Э.Н түүнийг цохиж, зодсон, маажсан үйлдэлтэй,

мөн хохирогч Э.Н-гийн биед учирсан “хацар шанаа, хөмсөг, уруул, цээжинд шалбаралт, зүүн шуу, гуя, зүүн гарын долоовор хуруунд шарх, цус хуралт, зулайн хуйханд гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Ц түүнийг цохисон, маажсан, хазсан үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь нотлогдож тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь тус бүрдээ Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Ц, Э.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Ц, Э.Н нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гоо сайханы лазерь эмчилгээний төлбөр 1.500.000 төгрөг, арьс нөхөн сэргээх, гуужуулах 1 удаагийн үйлчилгээнд 80.000 төгрөг буюу 6 удаагийн үйлчилгээний 480.000 төгрөг, нийт 1.980.000 төгрөг гаргуулах гомдлын шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, сорви арилгах лазерь эмчилгээний зардал 1.500.000 нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээний төлбөр төлсөн орлогын баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн гар карт, учирсан гэх гэмтлийг харуулсан фото зураг 9 ширхэг баримт сэлтийг тус тус шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж, хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан нь “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай баримт бичиг, бусад мэдээллийг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.9 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий байна.

Иймд хохирогч Б.Цийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжилсэн эмчилгээний зардлын төлбөр болох 1.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, шүүгдэгч шүүгдэгч Э.Нгаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Хохирогч Э.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа прокурорын хяналтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн /хэргийн 16х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай тул шүүгдэгч Б.Цийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Э.Н, Б.Ц нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 29, 35 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна.     

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад нэр бүхий хохирогч, шүүгдэгч нар нь шалтаг шалгаангүйгээр архидан согтуурч, олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явж чадаагүй, ялимгүй асуудлыг дэврээн үл ойлголцол үүсгэн, асуудлыг эв зүйгээр зохицуулах арга хэмжээ авах боломжийг эрэлхийлэхийн оронд харилцан бие биедээ хүндэтгэлгүй хандаж, хүч хэрэглэн эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж буй нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүгдэгч Э.Н, Б.Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, мөн эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тухай гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай байдал нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан, шүүгдэгч Э.Н, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон хохирогч Б.Ц нь гомдол саналгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ын Н, Т овогт Б-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Н, Б.Ц нарт тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц, Э.Н нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Э.Нгаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ___ оршин суух хаягтай, Т овогт Б-ын Ц-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт Э.Н, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, хохирогч Б.Ц нь “гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Ц, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       С.БАЗАРХАНД