| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0142/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х овогт Г-ын Г-д холбогдох эрүүгийн 19100 0154 0084 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 2 настай охины хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 122-259 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ын Г- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Маршал” таун хотхоны орчим эхнэр Б.Ц-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Г-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Хэрэг гарахын урьд шөнө би архи уусан байсан. Тэгээд өглөө нь хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх замдаа таксин дотор эхнэртээ гар хүрч гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж байна. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ явдлаас хойш архи огт уухгүй байгаа. Манай эхнэр, бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдраад 3 жил болж байна. Эхнэр бид хоёр маргах үе байдаг боловч өмнө нь ямар нэг байдлаар эхнэртээ гар хүрч, зодож цохиж байсан удаа байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Одоо манай эхнэрийн бие, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0154 0084 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-гийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн үед нөхөр Г, охин Ц-ий хамт таксинд суугаад охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байсан ба манай нөхөр Г тухайн үед согтуу, охиноо өвөр дээрээ аваад сууж явсан. Тэгээд машин донслох үед охин толгойгоо машины цонхонд цохих гээд байхаар нь би “охиноо надад өгчих” гээд араас нь гар руу нь 2-3 удаа цохиход Г уурандаа эргэж хараад миний толгой руу цохихоор нь би эргүүлээд алгадсан чинь өмсөж явсан куртикны малгайгаар доош нь дарж байгаад намайг цохиод байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Дараа нь манай нөхөр машинаас буугаад явчихсан.
Би шинжээч эмчийн дүгнэлттэй уншиж танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Тухайн өдөр Г согтуу байсан. Миний толгой руу гараараа цохиж, гартаа барьж байсан утсаараа миний хамар руу цохисон. Урьд өмнө нь гэртээ согтуу ирээд агсам тавиад байхаар нь цагдаад дуудлага өгдөг байсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,
- мөн хохирогчийн гэрчээр өгсөн:
“...Г бид хоёрт гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдраад 3 жил болж байна, бид хоёр дундаасаа нэг охинтой. Тухайн өдөр Г үүрээр гарч яваад архи уучихсан ирсэн. Тэгээд өглөө хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөх гэсэн чинь согтуу нь гараагүй “би хүргэж өгнө” гээд байхаар нь би уурласан. Тэгэхэд намайг “уурлалаа” гээд зодсон. Миний хамар хавдаж хөхөрсөн, зулгарч, шалбарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,
2. Хүчирхийллийн Аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшин “дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 56х/,
3. Ган-Эрдэнийн Ц- 2016 оны 05 сарын 05-ны өдөр төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 46х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 1128 дугаартай:
1. Б.Ц-гийн биед хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 122 дугаар байрнаас дуудлагын таксинд суугаад эхнэр Цолмон, охин Ц-ий хамтаар охиныг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байсан. Би охиноо өвөр дээрээ аваад сууж байсан ба машин донслох үед манай эхнэр “охин чинь толгойгоо машины цонхонд цохичих гээд байна, надад өгчих” гээд миний гар, толгой руу 2-3 удаа гартаа барьж байсан утсаар цохисон. Би машинаас буух гэж байхад араас цохиод байхаар нь би уурандаа эргэж хараад баруун гараараа нүүр рүү нь хүчтэй самардаж түлхчээд, өмсөж явсан куртикний малгайгаар нь доош нь дарчихаад машинаас буугаад явсан.
Удалгүй 10:00 цагийн үед Маршал таунд байрлах кофе шопоос намайг цагдаа нар аваад эрүүлжүүлэх байранд хийсэн. Би урьд шөнө нь архи уугаад, миний уусан архи гараагүй байсан. Тэгээд кофе шопд би вино нэмж уусан. Би Цолмонгийн хамар тус газар нь баруун гараараа нэг удаа хүчтэй самардаж түлхсэн. Урьд өмнө гэр бүлийн маргаан болдог байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 47х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 39х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 43х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 43х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Ц- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл шаардлага гаргаагүй, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 60, 61х/ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Маршал” таун хотхоны орчимд хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр явах замдаа, машин дотор эхнэр Б.Ц-гийн “донсолгооны явцад хүүхдийн толгой машины цонхонд цохигдох гээд байна, хүүхдээ би өөрөө аваад сууя” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргаж, улмаар түүний нүүр тус газарт нь гараараа цохих, толгойг нь дарж цохих зэргээр зодон, биед нь “...хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгө хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:
- хохирогч Б.Ц-гийн: “...Г бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамтран амьдраад 3 жил болж байна, бид хоёр дундаасаа нэг охинтой. Тухайн өдөр Г үүрээр гарч яваад архи уучихсан ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гэсэн чинь согтуу “би хүргэж өгнө” гээд байхаар нь би уурласан. Тэгээд нөхөр Г, охин Ц-ий хамт таксинд суугаад охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байсан ба манай нөхөр Г тухайн үед согтуу, охиноо өвөр дээрээ аваад сууж байсан. Тэгэхэд машин донслох үед охин толгойгоо машины цонхонд цохих гээд байхаар нь би “охиноо надад өгчих” гээд гар руу нь 2-3 удаа цохиход Г уурандаа эргэж хараад миний толгой руу цохихоор нь би эргүүлээд алгадсан чинь өмсөж явсан куртикны малгайгаар доош нь дарж байгаад намайг цохиод байсан. Г толгой руу гараараа цохиж, гартаа барьж байсан утсаараа миний хамар руу цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Дараа нь манай нөхөр машинаас буугаад явсан. Г намайг “уурлалаа” гээд зодсон. Миний хамар хавдаж хөхөрсөн, зулгарч, шалбарсан. Би шинжээч эмчийн дүгнэлттэй уншиж танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х, 13-14х/,
- Хүчирхийллийн Аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшин дунд гэж тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 56х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 1128 дугаартай:
1. Б.Ц-гийн биед хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,
- шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 122 дугаар байрнаас дуудлагын таксинд суугаад эхнэр Цолмон, охин Ц-ий хамтаар охиныг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байсан. Би охиноо өвөр дээрээ аваад сууж байсан ба машин донслох үед манай эхнэр “охин чинь толгойгоо машины цонхонд цохичих гээд байна, надад өгчих” гээд миний гар руу 2-3 удаа гартаа барьж байсан утсаар миний толгой руу цохисон. Би машинаас буух гэж байхад араас цохиод байхаар нь уурандаа эргэж хараад баруун гараараа нүүр рүү нь хүчтэй самардаж, түлхчээд өмсөж явсан куртикны малгайгаар нь доош нь дараад буугаад явсан. Удалгүй 10:00 цагийн үед Маршал таунд байрлах кофе шопоос намайг цагдаа нар аваад эрүүлжүүлэх байранд хийсэн...Гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:
Шүүгдэгч Г.Г, хохирогч Б.Ц- нар нь хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 05 сарын 05-ны өдөр төрсөн Ган-Эрдэнийн Ц- төрсөн, тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн хэдий ч шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн зүгээс хохирогч Б.Ц-той хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн гишүүдийн эрх тэгш байх эрхийг зөрчсөн, хязгаарласан, “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар тодорхой үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнгад чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай.
Хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч Т.Г нь хохирогч буюу өөрийн эхнэр Б.Ц-г “охиноо надад өгчих, охин чинь машин донслох үед толгойгоо машины цонхонд цохих гээд байна” гэснээс маргаан үүсч, улмаар хохирогч Б.Ц-г зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд прокуророос Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Дээр дурьдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь хэргийн шүүгдэгч, хохирогч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” журам болон “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцнэ гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийн шүүгдэгч Г.Г нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Б.Ц- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж /хэргийн 11х/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Г.Гэс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ц- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахв хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокуророос Х овогт Г-ын Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Харчу овогт Ганболдын Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Г.Г цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ц- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД