Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 203/МА2024/00017

 

 

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 онд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт статистик, бага эмчээр анх ажилд ороод 2002 оноос эхлэн хүний нөөцийн хангалтын мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдсөний дараа ажил олгогч Эрүүл мэндийн газраас та буцаад Хүний нөөцийн мэргэжилтний ажлыг үргэлжлүүлэн хийгээч гэх санал тавьсныг хүлээн авч харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.

Тухайн ажил үүргийг гүйцэтгэж байтал Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн ба уг тушаалыг надад гардуулан өгөлгүй байсаар байгаад 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.*******аас гардан авсан. Тушаал гарсан цаг хугацаанаас хойш тушаалаа гардан авч танилцах хүртэл хугацаанд тушаалын үндэслэл, яагаад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нөхцөлийг асууж лавлан уулзах гэхээр ******* дарга уулздаггүй, утсаа авдаггүй байсан. Тушаалыг миний хувьд хууль зүйн үндэслэлээ зөв баримтлан гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болох нөхцөлүүдийг тодорхойлон зааж тохиролцсон ба гэрээгээр тохиролцсон зүйлүүдийн аль нэгийг тушаалдаа тусгаагүй, мөн Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтуудын аль нэгийг үндэслэл болгон тушаалд заагаагүй нь тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй цаашлаад миний хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал ахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгайлан хуульчилсны дагуу би ажиллаж хөдөлмөрлөж байсан ба ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох тохиолдолд тус хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой байсан.

Иймд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгон, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 8 446 804 төгрөгийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү. Цаашид нэхэмжлэлийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацааны цалинг тухай бүр нэмэгдүүлэн нэхэмжилнэ гэжээ.

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн иргэн Цэрмаа овогтой *******ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт Төрийн захиргааны албан тушаалын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтад зааснаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан түр хугацаагаар томилогдсон. Уг тушаал нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд тус хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.

Мөн нэхэмжлэгч Ц.******* нь Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг хүргүүлсэн.

Захиалгын дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан Г.*******ыг Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Өмнөговь аймаг Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 20 дугаартай тогтоолын хамт ирүүлсэн. Энэхүү тогтоолын дагуу Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтнийг түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байсан Ц.*******ыг ажлаас чөлөөлж, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн, хамгийн өндөр оноо авсан Г.*******ыг Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон.

Нэхэмжлэгч Ц.******* нь энэ талаар нэхэмжлэлийн утгад огт дурдаагүй, мөн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаал нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэсэн буюу хүчингүй болсон хуулийн заалттай, Төрийн захиргааны албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ байгуулж түр хугацаагаар гүйцэтгэж байсан нь анхнаасаа хууль зөрчсөн томилгоо байсан.

Төрийн захиргааны албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ байгуулж түр хугацаагаар томилдоггүй бөгөөд зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсгийн дагуу сул орон тоог нөхөх тусгай шалгалтын дагуу сонгон шалгаруулж Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн нэр дэвшүүлэх тухай тогтоолын дагуу томилдог. Иймд Ц.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр 27-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга болоод нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эрх зүйн дүгнэлтийг хийхдээ үгүйсгэсэн няцаагаагүй, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй.

А. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дугаар шийдвэр (Шийдвэр)-ийн Үндэслэх хэсэгт /шийдвэрийн 8 дугаар тал/ нэхэмжлэгч шаардах эрхээ:....Б/19 тоот тушаал нь хууль эрх зүйн үндэслэлгүй, тэтгэвэрт тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал дахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаар ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн дагуу ажиллаж байсан тул дээрх хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой, ...намайг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа Хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр авсан, ....хоёр ялгаатай орон тоо гэж тайлбарласан гэх зүйлийг дурдсан бий.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч тушаалын үндэслэл болсон зүйлийнхээ талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлийг хуралдаан дээр өмгөөлөгч бид хамтдаа маргаж мэтгэлцсэн боловч маргаж буй үйл баримтад ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй юм. ХХ-ийн 5-9 дүгээр талд авагдсан 2022 оны 01 дүгээр 03-ны өдрийн ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан баримт авагдсан. Тус хөдөлмөрийн гэрээгээр 2 тал гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д ажлын байрны нэршил: Хүний нөөцийн мэргэжилтэн, 1.5 дахь заалт хөдөлмөрийн гэрээний хугацаа:...хугацаа бичээгүй, 3 дугаар зүйлийн 3.1-т:..Ажилтантай тохиролцож зайлшгүй шаардлагаар ....энэхүү гэрээг цуцлах, дуусгавар болгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж тус тус харилцан тодорхойлдог. Эдгээр гэрээний заалтын хүрээнд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нөхцөлийг Хөдөлмөрийн хуульд тусгайлан хуульчилсан байхад шүүх Ц.*******ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах болсон нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиа баримталсан эсэхийг дүгнэлгүй орхигдуулсан, эрх зүйн дүгнэлтийг зөв хийж чадаагүй.

Б. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ материаллаг эрхийг бий болгож байгаа нотлох баримтын уялдаа холбоог бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хэргийн зохигч нараас Иргэнийх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийнхээ хүрээнд гарган өгсөн нотлох баримтуудыг ялангуяа түүний агуулгын ач холбогдол нь нэхэмжлэлийн шаардлагад хэр уялдсан, хариуцагч талын шүүхэд гаргасан нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн шаардлагыг хэрхэн үгүйсгэж чадаж байгаа эсэх талаас бодитой үнэлээгүйд гомдолтой.

Нэхэмжлэгч Ц.*******, өмгөөлөгч бид шүүхэд гаргасан өгсөн нотлох баримтынхаа хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарласан. Хууль эрх зүйн үндэслэлтэй тайлбарыг гаргадаг боловч бидний мэтгэлцсэн нотлох баримтуудад заагдсан ажлын байрны нэршил нь Ц.*******ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан ажлын байрны нэршил 2 өөр нэршил, албан тушаал байсаар атал сул орон тоо зарлагдсан нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гуйвуулан дүгнэлт хийж, хэт нэг талын шийдвэр гаргасан нь материаллаг эрхийг бий болгож байгаа нотлох баримтын уялдаа холбоог тал бүрээс нь үнэлээгүй гэж үзнэ. / хх-ийн 4, 10, 11, 32-33, 35, 36, 57 / Нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм.

Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.

Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул бодитойгоор харьцуулан үзэх гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны нэг хэсэгт / Монгол улсын Дээд шүүх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг үнэлэх шүүгчийн ажиллагаа 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж/.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдсан байдаг боловч тодорхойлох хэсэгт тусгасан, дурдсан нэхэмжлэгчээс талаас гаргасан баримтууд, хариуцагч талаас гарган өгсөн баримтуудыг шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль эрх зүйн дүгнэлт хийхдээ аль ч нотлох үнэлээгүй, үнэлсэн эсэх нь тодорхой бус болох нь шийдвэрийн 7-10 дугаар талд бичигдсэн бичвэрүүдээс харагдана.

Хоёр. Шийдвэрийн 10 дугаар талд хийсэн эрх зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүх Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь заалтын агуулгыг дурдан бичсэн атлаа тухайн хуулийн заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон заалтын хууль зүйн үндэслэлтэй хэр нийцсэн заалт вэ гэдгийг анхаараагүй, хуулийг буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, талуудын тэнцвэрт харилцааг ажил олгогч нь өөрт давуу байдал олох, хуулиар олгосон талууд харилцан тохиролцохоор заасан эрхийг нь нэг талдаа хязгаарлагдсан гэж үзнэ. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ гэрээний 2 талын эрх, үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх, эрх хязгаарлагдсан эсэх, ажил олгогчоос давуу байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан эсэх, хууль үйлчлэх эрэмбэ, хүчин чадал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. /Талуудын тэгш байдал чухал/

Өмгөөлөгчийн зүгээс Ц.*******ыг ажил албан тушаал эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйл, 80 дугаар зүйл, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасан заалтууд нь уг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой холбогдох талаар тайлбараа гаргасан бий. Эдгээрт шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд хэд хэдэн зүйл заалтыг шинээр батлан мөрдүүлж эхэлсэн. Үүний нэгээхэн хэсэг болох Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын үйлчлэх эрэмбэ болоод уг актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх, цаашлаад ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг мөн шинээр зохицуулсан ба ахмад настны хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход тус хуулийн 80 дугаар зүйл заалтыг баримтлах эрх зүйн зохицуулалтыг хуульчлан өгсөн онцлог заалтууд бий.

Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага болоод хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалууд нь хариуцагч талаас гарган өгсөн нотлох баримтуудтай хоорондоо зөрчилдсөн бий.

Жишээлбэл: Ажлын байрны нэршил, хөдөлмөрийн гэрээний хугацаа, ажил албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох, шалтгаан нөхцөл, байгууллагын бүтэц орон тоо баталсан албан тушаалын нэршил өөр, сул орон тоонд нэр дэвшүүлж буй албан тушаалын нэршил өөр гэх мэт маш олон нотлох баримтын зөрчилдсөн байгааг шүүх анхаарч үзээгүй, зөрчилдсөн нотлох баримтын талаар шийдвэртээ үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүхийн энэхүү алдаа нь Монгол улсын Хөдөлмөрийн эрх зүйн салбарт тэгш бус байдлыг бий болгох, шинэ кэйс болох эрсдэлтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан болно. Гурав. Тушаалын баримталсан зүйл заалтыг шүүхээс хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. /шийдвэрийн 10 дугаар тал/

Тушаалын хууль зүйн үндэслэл болсон заалт нь хариуцагч талаас нэхэмжлэлд маргаж буй үйл баримт нь тэс өөр зөрүүтэй материаллаг эрхийг үүсгэж буй үйл баримтаа тайлбарлан шүүх хуралдаанд оролцсон. Хариуцагч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа материаллаг эрхийг үүсгэж буй үйл баримтыг шүүхээс үнэлээд байгаа боловч уг үйл баримт нь тушаалын баримталсан үйл баримттай тэс өөр уга агуулга байгааг шүүхээс зөвтгөн эрх зүйн дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий болоогүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.*******ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Эрүүл мэндийн газарт холбогдуулан Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* нь 2023 оны 05-р сарын 01-ний өдрийн б/19 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Цэрмаагийн ******* тэтгэвэрт гарсан тул 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Ц.*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

 Нэхэмжлэгч Ц.******* нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2021 оны 12-р сарын 23-ны өдрийн өдрийн б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн боловч Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Шижиртуяагийн 2022 оны 1-р сарын 03-ны өдрийн б/04 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтыг үндэслэн Ц.*******ыг Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтнээр түр хугацаагаар ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2023 оны 5-р сарын 1-ний өдөр Ц.*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай дээрх тушаалыг гаргасныг нэхэмжлэгч Ц.******* эс зөвшөөрч шүүхэд ханджээ.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хугацаа дуусгавар болсон эсэх үйл баримтыг зөв тогтоосон байна.

 Ажил олгогчоос Ц.*******ыг удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтнээр 2022 оны 1-р сарын 03-ны өдрөөс түр хугацаагаар томилсон буюу төрийн албаны тусгай шалгалт явагдаж, төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 505, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д зааснаар зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлсон хугацаатай хөдөлмөрийн харилцаа үүсэж, хугацааг сунгахгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох агуулгатай байна... Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл байдлын улмаас ажил олгогч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага хангаагүй Ц.*******ыг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж, хугацаатай томилсныг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй гэснийг зөрчсөн гэж үзэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Нэхэмжлэгч болон түүний өмгөөлгөгчийн давж заалдах гомдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөр эрхлэлт, мөн хуулийн 80 дугаар зүйл, 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтууд нь уг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэх агуулга байх бөгөөд ажил олгогчоос Төрийн албаны салбар зөвлөлд тус газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалгыг хүргүүлж, Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолд Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан Г.*******ыг Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тул 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс Г.*******ыг томилж, мөн өдрөөс Ц.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, Ц.******* нь тэтгэвэр тогтоолгох 55 насанд хүрч тэтгэврээ тогтоолгосон, түр хугацаагаар ажилд томилогдон ажиллаж байсан ба ажилтны хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, ахмад настан нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцох улмаар энэхүү албан тушаалд ажиллах эрх хуулиар олгогдоогүй тул хууль зөрчөөгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 Л.УГТАХБАЯР