Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Д.Т,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч М овогт Д-ийн Тд холбогдох эрүүгийн 19100 0110 0094 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 3, эхнэр, охин нарын хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 1-6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 4-63 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д-ийн Т /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 4 дүгээр байрны 63 тоот дахь гэртээ эхнэр Г.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, улмаар ээжийгээ өмөөрсөн охин Т.Б-тай маргалдах явцдаа нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр түүнээс олон хүнийг”, 2.8 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай урьд гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа.

2018 оны 12 сарын 31-ны орой гэрт манай хүү найз охинтойгоо ирсэн, бид гэр бүлээрээ шинэ жилийн баяраа тэмдэглэх гээд ширээ зассан байсан ба шампанск, виски задалж уусан тул бага зэргийн согтолттой байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Удалгүй хүү маань яваад эхнэр, охин, бид гурав гэртээ үлдсэн байсан. Эхнэр бид хоёр өөрсдийн байраа зараад хүүхдүүдээ мөнгийг нь хувааж өгсөн тул одоогоор охин Б-ын нэг өрөө байранд хамт амьдарч байгаа юм. Тэгээд байрны асуудлаас болж охинтой жаахан маргаантай, таарамжгүй байдаг тул өөрт дарамттай ч юм шиг санагдаад байдаг. Тухайн үед эхнэртэйгээ хамаатан садан, ах, дүү нарынх нь тухай ярилцаж байгаад бид хоёр хоорондоо маргаснаас би уурлаж эхнэр Одончимэгийн зүүн шанаа, хамар орчимд тус тус гараараа нэг удаа цохисон. Тэгтэл эхнэр гэрээс гараад явсан ба эхнэрийг гарсны дараа охин уурлаж, намайг гэрээсээ хөөсөн. Тэгээд охинтой маргаан үүсгэж хамар луу гараараа нэг удаа цохитол охины хамраас нь цус гарсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ичиж байна. Одоо эхнэр, охинтойгоо эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0110 0094 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О-ийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 4 дүгээр байрны 63 тоот дахь гэртээ нөхөр Т, охин Б-, хүү Хантамир, түүний найз охины хамтаар шинэ жилээ тэмдэглэсэн. Орой 22 цагийн үед хүү Хантамир найз охиныхоо хамт гадуур гарч, гэрт охин Б-, нөхөр Т бид гурав үлдээд ширээ тойрч сууж байхад Т надад “танай аав амьд ахуйдаа надтай таардаггүй, үг хэлээ ололцдоггүй гээд дандаа том ахынд байдаг гэж олон ах дүү нарын дэргэд том бэр эгч Эрдэнэчимэг ярьж байна лээ, танай аав дандаа манай гэрт байдаг байсан биз дээ” гээд хэрүүл өдөж, агсарч эхэлсэн.

Тэгэхээр нь би “миний аав тийм зүйл хэлэх хүн биш, чи өөрөө мэдэж байгаа биз дээ” гэхэд “мэдэж байгаа, тэгсэн ч гэсэн танай ах, дүү нар намайг тийм гэж ойлгосон” гээд маргасан. Тэгээд гэнэт босож ирсэнээ “чи дуугүй бай, новш чинь” гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод буцаж суугаад үргэлжлүүлэн надтай маргаж байснаа миний хамар орчим газар гараа атгаж байгаад нэг удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Энэ үед Т миний толгойн баруун хэсэг рүү гараа зангидаж байгаад дахиад 2-3 удаа цохихоор нь би түүнээс зугтаад гэрээсээ гарч, хажуу байшинд байдаг хадам аав Дэлэгийн гэрт очиж хадам аав Дэлэг, хадам ээж Дашням нарт болсон асуудлыг хэлээд хадам ээжийн хамт гэр рүү явж байхад манай хүү Хантамир над руу утасдаж “ээж ээ, юу болсон юм бэ, аав эгч, та хоёрыг зодсон юм уу, Б- эгч цусандаа хутгалдсан гэртээ байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би хадам ээжийнхээ хамт гэрт ороход манай охин Б- ганцаараа байсан ба түүний хамарны нурууны баруун хэсэг язраад цус гарсан. Мөн хамарнаас нь цус гарсан, ванны өрөө, том өрөөний шал орчмоор цус болсон байдалтай байсан. Тэгж байтал хүү Хантамир ирж, 102 дугаарт утасдаж дуудлага өгсөн. Т тухайн үед зугтсан байсан.

Т тухайн өдөр 350 грамм виски уусан ба өөрийн хийж байсан үйлдлээ хянах чадвартай байсан. Манай нөхөр намайг зодож байхыг манай охин харсан, гэхдээ Т охин Б-ыг зодож байхыг харсан хүн байхгүй. Би Ттай 30 гаран жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд түүнтэй маргалдах үе зөндөө байсан ба одоогоос 10 гаран жилийн өмнө буюу 2007 онд Т намайг зодож, хоёр нүд хөхрүүлж байсан. Сая эмнэлэгт үзүүлэхэд “баруун нүдний ухархай яс хугарч бороолсон байна” гэсэн онош тавьсан. Мөн 2 жилийн өмнө буюу 2017 оны 6 дугаар сард ойр зуурын хэрүүл маргаан хийж байгаад миний толгой, бие рүү гараараа цохиж байсан. Үүний улмаас бие бага зэрэг хөндүүрлэж, хөхөрч байсан. Өөр бусад гэмтэл учраагүй. Энэ асуудлыг хүү Хантамир, Анхтамир нарт тухай үед нь хэлж байсан. Үүнээс хойш Т намайг цохиж зодсон асуудал болоогүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Одоо Ттай эвлэрсэн болохоор гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х/, 

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Дэлэгийн Т нь миний төрсөн эцэг байгаа юм. 2016 оны 03 дугаар сараас эхлэн манай ээж Одончимэг, аав Т нар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 4 дүгээр байрны 63 тоот болох манай гэрт надтай хамт амьдарч байгаа.

2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед аав, ээж бид гурав гэрт байхад манай дүү Хантамир, найз охин Анхмаагийн хамт шинэ жил тэмдэглэх гэж ирж, бид шампанск задалж уугаад хоол идсэн. Аав, бид хоёр тус бүр 200 грамм виски уусан. Орой 22 цагийн үед дүү Хантамир, Анхмаа нар явсан ба аав, ээж, бид 3 ширээ тойроод сууж байхад аав, ээжтэй хэрүүл өдөж, ах дүүсийн талаар ярьж “хоёр нүүртэй тэнэг хүүхэн” гэж доромжилсон. Тэгсэнээ гараа атгаж байгаад ээжийн зүүн нүд орчимд нэг удаа цохиход ээж “нүд сохоллоо” гээд орилсон. Аав дахин гараа атгаж байгаад ээжийн нүүр рүү нэг удаа, толгойны ар дагз хэсэгт гараараа дахин нэг удаа цохиход ээж ширээ тойроод зугтаагаад, гадуур хувцасаа өмсөөд гэрээс гарсан.

Би ээжийг гарсаны дараа “яаж байгаа юм бэ” гээд ээжийг өмөөрч аавтай маргалдсан. Аав намайг “хамгийн тэнэг хүүхэд, ах дүүтэйгээ таардаггүй, ачлал мэддэггүй” гэж хэл амаар доромжилж байснаа дух руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би аавтай барьцалдаж авахад миний үснээс зулгааж, ар дагз руу гараараа цохиод, хамар руу нэг удаа цохиход хамарнаас цус гарсан. Аав мөн миний хацар руу алгадсан. Би аавыг гэрээсээ хөөтөл надаас 5.000.000 төгрөг нэхэж байснаа хувцасаа өмсөөд гараад явсан. Би аавыг гарсаны дараа дүү Хантамир луу утсаар ярьж болсон асуудлын талаар хэлээд байж байтал ээж, эмээ Дашнямын хамт орж ирсэн.

Ээжийн хамар хугарсан, миний хамар хугарч, дух хавдаад хоёр гар, зүүн өвдөг хөхөрсөн. Өөр гэмтэл, шарх учраагүй. Тухайн үед бид бүгдээрээ бага зэргийн согтолттой байсан. Аав ээжийг зодож байхыг нь би харсан, харин намайг аав зодож байхыг харсан хүн байхгүй. Урьд нь аав намайг зодож байгаагүй, харин ээжийг 2014 онд зодож, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж байсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, дүгнэлттэй холбоотой хэлэх санал хүсэлт байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Хантамирын гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ очиж гэрийнхэнтэйгээ шинэ жилээ тэмдэглээд 22 цаг өнгөрөөгөөд хадмынхаа гэрт очоод байж байтал эгч Б- утасдаж, эмээгийн утсыг асуугаад “аав, ээж бид хоёрыг зодчихлоо” гэхээр нь би утсаа салгаад эмээ рүү залгахад ээж утас авсан. Тэгээд би “аав эгчийг зодсон байна, та зүгээр үү, аав гэрээс гараад явсан байна” гэхэд ээж “гэртээ ороод залгая, миний хүү хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Ээж гэртээ ороод над руу дахин утасдаж “эгчийг чинь аймар болгочихсон байна, эмнэлэг явъя” гэхээр нь би найз охиныхоо аав, ээж хоёрыг гэрт нь хүргэж өгчихөөд яваад очиход манай ээж, эгч гэрт байсан ба ээжийн нүд улайж хөхөрсөн, хамар нь хөхөлбөр туяатай болчихсон, муруй юм шиг харагдаж байсан.

Харин эгчийн хамар нь хавдаж хөхөрсөн, нүдний шилний зөөлөвч нь дотогш орсон, дух нь хавдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн алба хаагч ирж үзээд яаралтай Гэмтэл согог үндэсний төв рүү явуулсан. Тухайн үед бид нар оргилуун дарс, аав виски уусан. Аав, ээж хоёр яагаад маргалдсаныг би мэдэхгүй байна. Намайг ухаан орохоос хойш аав ээжийг зоддог, миний мэдэхийн жилд нэгээс хоёр удаа зоддог байсан. Хоёр жилийн өмнө мөн аав ээжийг зодож, ээж гэрээсээ зугтсаныг би санаж байна. Аав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ зоддог юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,

 

4. ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 879 тоот:

1. Г.Оийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 21х/,

 

5. ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 878 тоот:

1. Т.Б-ын биед духны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсэг, хажуу хэсэг, зүүн бугалганы урд доод хэсэг, зүүн тохойн гадна хэсэг, баруун бугалганы дотор доод хэсэг, баруун тохойн гадна хэсэг, зүүн ташаан толгойд, зүүн өвдөгний доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,

 

6. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн 54-60х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Тын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би Г.Отэй 1984 оноос эхлэн хамтран амьдарч байна. Бид гэр бүлийн баталгаатай ба дундаасаа 29-34 насны 3 хүүхэдтэй. Одончимэг бид хоёр өөрсдийн амьдарч байсан 3 өрөө байраа зараад мөнгийг нь хүүхдүүддээ хуваагаад өгсөн. Ингээд сүүлийн 4 жилийн хугацаанд дунд охин Б-ын гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 4-р байрны 63 тоот дахь байранд хамт амьдарч байна.

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ эхнэр Одончимэг, охин Б-, хүү Хантамир болон түүний эхнэр Анхмаа нарын хамтаар шинэ жилээ тэмдэглэсэн. Би бага зэрэг виски уугаад, шампанск задалж уусан. Хантамир орой 22 цагийн үед эхнэрийнхээ хамт хадам аав, ээж рүү гээ яваад гэрт охин, эхнэр бид 3 үлдсэн. Тухайн би Одончимэгтэй аав, ээж, ах, дүү нарын талаар ярилцаж байхад тэрээр уурлаад “чи манай аав, ээж, ах, дүүг мууллаа” гэхээр нь “аав, ээжийг чинь муулаагүй, ах, дүүг чинь муулж байна” гээд маргалдсан. Миний уур хүрээд Одончимэгийн зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохитол “нүд сохоллоо” гэж орилохоор нь гараа атгаж байгаад түүний хамар руу дахин нэг удаа цохиход Одончимэг гадуур хувцасаа өмсөөд гэрээс гараад явсан.

Охин Б- ээжийгээ гарсаны дараа намайг гэрээсээ хөөгөөд “гар, зайл, таныг дахиж гэртээ оруулахгүй” гэж хашгираад байхаар нь би уурлаад “энэ байрыг авахад ээж, бид хоёр чинь хувь нэмэрээ оруулсан” гэхэд “хэдэн төгрөг өгвөл зайлах юм бэ” гэсэн. Тэгэхэд нь би “5.0 сая төгрөг өгчих, тэгвэл би байр түрээслээд сууна” гэж хэлээд уур хүрээд гараа атгаж байгаад охиныхоо дух руу цохитол түүний дух нь овойгоод хавдчихсан.

Би Б-т “чи дандаа намайг гэр орноосоо хөөж туудаг” гэж маргалдахад “гар, зайл, чи намайг зодлоо” гээд байхаар нь хамар орчимд нь гараа атгаж байгаад нэг удаа цохиход хамарнаас нь цус гарсан. Б- над руу дайраад миний баруун нүд, зүүн шанаа, зүүн гарын шуу орчимд гараа зангидаж байгааад цохихоор нь би түүнийг заамдтал түүний үс нь давхар атгагдсан. Би түүнийг заамдсан чигээрээ цааш нь түлхэж, шал руу унагасан. Энэ асуудал 2-3 минутын дотор болж өнгөрсөн. Б-ын хамарнаас нилээн өтгөн цус гарч, гэрийн шалаар цацаад байхаар нь би ширээн дээр байсан 300 орчим грамм вискиг уугаад гэрээс гараад явсан.

Намайг яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би урьд өмнө нь охиноо зодож байгаагүй, харин эхнэр Одончимэгтэй маргалдаж зодож байсан. Охин Б-, эхнэр Одончимэг нар надтай сайн дураар эвлэрсэн, надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-15х, 43х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 54х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 47х/, Д.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 49х/, 1988 оны 02 сарын 25-нд төрсөн охин Т.Б-, 1990 оны 4 сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Анхтамир нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 52х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно. 

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Г.О, Т.Б- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хэргийн 66, 67х/ ба шүүгдэгч Д.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос Д.Тд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулан /хэргийн 68-70х/, түүнд холбогдох эрүүгийн 19100 0110 0094 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоосон тул  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Тын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

 Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 4 дүгээр байрны 63 тоотод эхнэр Г.Отэй үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан  үүсгэн агсамнаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон биед нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт”  гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Улмаар тухайн цаг хугацаанд, тухайн газарт ээжийгээ өмөөрсөн охин Т.Б-тай маргалдах явцад түүний толгойн тус газар цохих, нүүр тус газарт нь цохих зэргээр зодож биед нь “духны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсэг, хажуу хэсэг, зүүн бугалганы урд доод хэсэг, зүүн тохойн гадна хэсэг, баруун бугалганы дотор доод хэсэг, баруун тохойн гадна хэсэг, зүүн ташаан толгойд, зүүн өвдөгний доод хэсгүүдэд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:    

- хохирогч Г.Оийн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 4 дүгээр байрны 63 тоот дахь гэртээ ...охин Б-, нөхөр Т бид гурав ...байхад Т надад “танай аав амьд ахуйдаа надтай таардаггүй, үг хэлээ ололцдоггүй гээд дандаа том ахынд байдаг гэж олон ах дүү нарын дэргэд том бэр эгч Эрдэнэчимэг ярьж байна лээ, танай аав дандаа манай гэрт байдаг байсан биз дээ” гээд хэрүүл өдөж, агсарч эхэлсэн. Тэгэхээр нь би “миний аав тийм зүйл хэлэх хүн биш, чи өөрөө мэдэж байгаа биз дээ” гэхэд “мэдэж байгаа, тэгсэн ч гэсэн танай ах, дүү нар намайг тийм гэж ойлгосон” гээд маргасан. Тэгээд гэнэт босож ирсэнээ “чи дуугүй бай, новш чинь” гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод буцаж суугаад үргэлжлүүлэн надтай маргаж байснаа миний хамар орчим газар газар атгаж байгаад нэг удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Энэ үед Т миний толгойн баруун хэсэг рүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохихоор нь би түүнээс зугтаад гэрээсээ гарч, хажуу байшинд байдаг хадам аав Дэлэгийн гэрч очиж хадам аав Дэлэг, хадам ээж Дашням нарт болсон асуудлыг хэлээд хадам ээжийн хамт гэр рүү явж байхад манай хүү Хантамир над руу утасдаж “ээжээ, юу болсон юм бэ. Аав эгч, та хоёрыг зодсон юм уу. Б- эгч цусандаа хутгалдсан гэртээ байна гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би хадам ээжийнхээ хамт гэрт ороход манай охин Б- ганцаараа байсан ба түүний хамарны нурууны баруун хэсэг язраад цус гарсан. Мөн хамарнаас нь цус гарсан, ванны өрөө, том өрөөний шал орчмоор цус болсон байдалтай байсан. Тэгж байтал Хантамир ирж, 102 дугаарт утасдаж дуудлага өгсөн. Т тухайн өдөр 350 грамм виски уусан ба өөрийн хийж байсан үйлдлээ хянах чадвартай байсан. ...Одоо Ттай эвлэрсэн болохоор гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х/, 

- хохирогч Т.Б-ын: “...Дэлэгийн Т нь миний төрсөн эцэг байгаа юм. 2016 оны 03 дугаар сараас эхлэн манай ээж Одончимэг, аав Т нар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 4 дүгээр байрны 63 тоот болох манай гэрт надтай хамт амьдарч байгаа. 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед аав, ээж бид гурав гэрт байхад манай дүү Хантамир найз охин Анхмаагийн хамт шинэ жил тэмдэглэх гэж ирж, бид шампанск задалж уугаад хоол идсэн. Аав бид хоёр тус бүр 200 грамм виски уусан. Орой 22 цагийн үед Хантамир, Анхмаа нар явсан ба аав, ээж, бид 3 ширээ тойроод сууж байхад аав ээжтэй хэрүүл өдөж ах дүүсийн талаар ярьж “хоёр нүүртэй тэнэг хүүхэн” гэж доромжилсон. Тэгсэнээ гараа атгаж байгаад ээжийн зүүн нүд орчим газарт нэг удаа цохиход ээж “нүд сохоллоо” гээд орилсон. Аав дахин гараа атгаж байгаад ээжийн нүүр орчим газарт нэг удаа, толгойны ар дагз хэсэгт гараараа дахин нэг удаа цохиход ээж ширээ тойроод зугтаагаад, гадуур хувцасаа өмсөөд гэрээс гарсан.

Би ээжийг гарсаны дараа “яаж байгаа юм бэ” гээд ээжийг өмөөрч аавтай маргалдсан. Аав намайг “хамгийн тэнэг хүүхэд, ах дүүтэйгээ таардаггүй. Ачлал мэддэггүй” гэж хэл амаар доромжилж байснаа дух руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би аавтай барьцалдаж авахад миний үснээс зулгааж, ар дагз руу гараараа цохиод хамар руу нэг удаа цохиход хамарнаас цус гарсан. Аав мөн миний хацар руу алгадсан.

...Ээжийн хамар хугарсан, миний хамар хугарч, дух хавдаад хоёр гар, зүүн өвдөг хөхөрсөн. Өөр гэмтэл, шарх учраагүй. Тухайн үед бид бүгдээрээ бага зэргийн согтолттой байсан. ...Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х/,

- гэрч Т.Хантамирын: “...Ээжийн нүд улайж хөхөрсөн, хамар хөхөлбөр туяатай болчихсон, муруй юм шиг харагдаж байсан. Харин эгчийн хамар нь хавдаж хөхөрсөн, нүдний шилний зөөлөвч нь дотогш орсон, дух нь хавдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн алба хаагч ирж үзээд яаралтай Гэмтэл согог үндэсний төв рүү явуулсан.

Тухайн үед бид нар оргилуун дарс, аав виски уусан. Аав, ээж хоёр яагаад маргалдсаныг би мэдэхгүй байна. Намайг ухаан орохоос хойш аав ээжийг зоддог, миний мэдэхийн жилд нэгээс хоёр удаа зоддог байсан. Хоёр жилийн өмнө мөн аав ээжийг зодож, ээж гэрээсээ зугтсаныг би санаж байна. Аав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ зоддог юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,

- Шүүх эмнэлэгийн шинжээчийн: “...Г.Оийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 879 тоот дүгнэлт /хэргийн 21х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн:  “..Т.Б-ын биед духны зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн урд хэсэг, хажуу хэсэг, зүүн бугалганы урд доод хэсэг, зүүн тохойн гадна хэсэг, баруун бугалганы дотор доод хэсэг, баруун тохойн гадна хэсэг, зүүн ташаан толгойд, зүүн өвдөгний доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 878 тоот дүгнэлт /хэргийн 25х/ болон шүүгдэгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 13-15х, 43х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Нэр бүхий хохирогч нарын биед учирсан, шинжээчийн дүгнэлт нэрлэн заасан хөнгөн гэмтлүүд нь шүүгдэгч тэдгээр хохирогч нарыг зодож цохисон гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн болох нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч Г.О, шүүгдэгч Д.Т нар нь 1984 оны 06 сарын 25-нд гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 1985 оны 05 сарын 04-ны өдөр бүртгүүлэн бүртгүүлж, гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч байгаа эхнэр, нөхөр болох ба 1988 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн охин Б-ын төрүүлсэн  нь эцэг Дэлэгийн Т, эх Гомбын Одончимэг нар болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 47х/, төрсний гэрчилгээний хуулбар баримтаар /хэргийн 52х/ нотлогдсон. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар “Гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг гэрлэгчид” гэж, “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл сандангийн хүнийг гэр бүлийн гишүүн” гэж тодорхойлсон ба “эхнэр, нөхөр, гэр буүлийн бусад гишүүн” нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харицлаатай этгээдэд тооцогдох юм.

 

Түүнчлэн хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэж тодорхойлох тул шүүгдэгч Д.Т, хохирогч Г.О, Т.Б- нар хамтран амьдрах гэр бүлийн гишүүд болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд юм.

 

Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай

 

Шүүгдэгч Д.Т нь өөрийн эхнэр Г.О болон төрсөн охин Т.Б- нарыг үснээс нь зулгаах, хамар, дух, нүд рүү нь цохиж зодох зэргээр эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

 

Прокуророос Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

 

Иймд Д.Тыг дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй.

 

 

Хэргийн шүүгдэгч Д.Т нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Г.О, Т.Б- нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.    

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Г.О, Т.Б- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогоогдон мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” /хэргийн 07х, 10х/ хэмээн тус тус мэдүүлж баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Түвшижаргал нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 54х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.      

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.О, Т.Б- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. М овогт Д-ийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн зүйлийн 2.6 дахь заалтад заасан “хоёр...хүний”, 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.О, Т.Б- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД