| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 116/2019/0009/З/Т |
| Дугаар | 221/МА2019/0533 |
| Огноо | 2019-10-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0533
2019 оны 10 сарын 10 Дугаар 221/МА2019/0533 Улаанбаатар хот
“Н” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э нарыг оролцуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2019/0027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлын дагуу “Н” ХХК-ийн гомдолтой, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 116/ШШ2019/0027 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-ийн, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулсан 0165734 дүгээр шийтгэлийн хуудас”, мөн өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 12-058-031/95 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
“Н” ХХК нь ----- тусгай зөвшөөрлийг 1998 оноос хойш эзэмшиж, ашиглаж Дорнод аймгийг нүүрсээр хангаж байгааг шүүх болон хариуцагч бүгд мэдэж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр бүрэн тогтоогдож байгаа. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүрдүүлдэг бүхий л бичиг баримтууд бүрдсэн, нэмэлт тодотголууд хийгдээд явж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд уг тусгай зөвшөөрлийн талбайд “А” ХК олборлолт явуулж байсан. Энэ хугацаанд ямарваа нэгэн зөрчлийн акт, шийтгэвэр тавигдаж байгаагүй.
Гэтэл “Н” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт явуулаад эхэлмэгц л Мэргэжлийн хяналтын газрынхан өрсөлдөгч компанийн захиалгаар зөрчил илрүүлсэн болж хааж, торгож эхэлсэн. Төрийн хяналт шалгалтын байгууллага илэрхий нэг талд үйлчилж байгаа баримтууд хавтаст хэрэгт авагдсаар байтал анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг ойлгохдоо хэт явцуурч ойлгон шийдвэрээ гаргалаа. Учир нь дийлэнх уурхай хот суурин газраас зайдуу байрладаг. Харин манай уурхай Чойбалсан хотоос 7 км-ийн зайтай байрладаг. Мөн бид үйл ажиллагааны менежментийг хийхдээ заавал уурхай дээр байрлахгүйгээр хот дотроо оффислон сууж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг хуулиар хориглоогүй. Уурхай дээр ажилчдын хувцас солих амрах болон наряд зааварчилгаа өгөх байр, харуул хяналтын байр л байдаг. Тэнд бичиг баримт болон бусад зүйлийг хадгалах боломжгүй юм. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох бичиг баримтуудыг уурхай дээр байлгана гэснийг заавал уурхайн нутаг дэвсгэр дээр байлгах мэтээр ойлгосон. Ингэж шууд утгаар нь ойлгох нь буруу юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Э-ийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн дугаар 12-05-031/95 эрх бүхий албан тушаалтны даалгавар, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн №0165734 тоот шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Э, бусад холбогдох улсын байцаагч нартай хамтран төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалт явуулан “Н” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0165734 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000 нэгж буюу 10 сая төгрөгийн торгууль ногдуулж, уг шийтгэлийг хэрхэн биелүүлэх талаар мөн өдрийн 12-05-031/95 дугаартай даалгавраар мэдэгджээ.
Дээрх шийтгэлийн хуудсаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь хэсэгт заасан “... зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө”-г уурхай дээр байлгах ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үүргээ зөрчсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй” гэж заасныг баримтлан торгууль оногдуулжээ.
“Н” ХХК нь “Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.2-т заасныг заавал уурхайн нутаг дэвсгэр дээр байлгах ёстой мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн, манай уурхай Чойбалсан хотоос 7 км-ийн зайтай байрладаг тул үйл ажиллагааны менежментийг хийхдээ заавал уурхай дээр байрлахгүйгээр, хот дотроо оффист сууж үйл ажиллагаагаа явуулдаг, уурхай дээр бичиг баримт болон бусад зүйлсийг хадгалах боломжгүй” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг хүчингүй болгуулахаар шаардсан байх ба мөн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр “2018 оны уулын ажлын төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт хянуулахаар хүргүүлсэн боловч тус газар нь хянаж батлаагүй” гэж маргасан.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид тус төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар илэрсэн дутагдлуудыг арилгуулахаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Дутагдал арилгуулах тухай” 12-04-003-246 дугаартай албан шаардлага хүргүүлсэн байх ба Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 116/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр уг албан шаардлагыг хуульд нийцсэн байна хэмээн шийдвэрлэсэн байна.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана” гэсэн нь тус зүйлд заасан (энэ тохиолдолд уулын ажлын төлөвлөгөө) тухайн уурхайд явагдаж буй үйл ажиллагаанд байнга баримтлан ажиллах баримт бичгүүдийг уурхай дээр байлгах шаардлагыг хуульчилжээ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан уулын ажлын төлөвлөгөө нь уурхайг тухайн жилд ашиглах үйл ажиллагаанд удирдлага болгон ажиллах баримт бичиг гэж үзэхээр байна.
Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан холбогдох бичиг баримтуудыг уурхай дээр байлгана гэснийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
2. “Н” ХХК-ийн 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь нийт 8 удаа засварт буцаасан байх бөгөөд “Н” ХХК нь заасан хугацаанд засвар хийн ирүүлж байсан ба сүүлд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “олборлолтын үйл ажиллагаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн гадна төлөвлөгдсөн”[1] гэх үндэслэлээр хүлээн авч, батлаагүй байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал ашиглахдаа тус хуульд заасан шаардлагыг зөрчихгүй байх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээхээр байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “… зохих байгууллагаар хянуулсан …” гэж тодорхой хуульчилж өгсөн ба тус компани уулын ажлын төлөвлөгөөгөө эрх бүхий байгууллагаар хянагдаж, хууль болон бусад эрх зүйн актад заасан шаардлага хангасан хэлбэрээр батлагдсанаар уурхай дээр олборлох үйл ажиллагаанд ашиглагдаж, хэрэглэгдэж байх ёстой тул улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасан байгаа тул хариуцагч Зөрчлийн тухай хуулийг баримтлан шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.
Түүнчлэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасны дагуу Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч нь аж, ахуйн нэгж байгууллагын өргөдөл, гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах эрхтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд хэрэглэгдээгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримталсан нь буруу байх тул залруулсан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг баримтлан
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 116/ШШ2019/0027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Д.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Хэргийн 104-105-р тал