Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/0345

 

 

“Х о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:       Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х О К” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х О К” ХХК-ийн NE-026*** дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05  дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0280 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0353 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05  дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0280 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Х о к” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х О К” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х О К” ХХК-ийн NE-026*** дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0353 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0280 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х о к” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х о к” ХХК-ийн NE-026*** дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 353 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16-г буруу хэрэглэсэн. Аймгийн Засаг дарга нараас ирсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргахдаа хянах үүрэгтэй байсан. Гэтэл анхан шатны шүүх хянах үүрэггүй байсан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх энэ талаарх гомдлыг хяналгүй орхисон.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас  бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмууд үйлчлэх ёстой.

7. Өөрөөр хэлбэл аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл Кадастрын дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал бүхий, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Төв аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын даргын өөрийнх нь шийдвэр “хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш” шийдвэр болж байна. 

8. Иймээс Кадастрын дарга өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байлгахын тулд аймгийн Засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй.

9. Энэхүү үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-оор үүрэг болгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-т Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий юу, үгүй юу гэдгийг хянаж байхаар оруулсан байдаг.

10. Захиргааны ерөнхий хуулийн 24.1“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох Засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль олгосон.

11. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй, “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байдаг.

12. Эдгээрээс харахад төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан.

13. Аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй байсан болохыг Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн байдаг.

14. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 353 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

16. Нэхэмжлэгч “Х о к” ХХК-иас “Манай компани нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэлгэр нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026*** дугаарт бүртгэн, ...дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн ...талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан... Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 39 тоот дэмжихгүй гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” гэж, хариуцагчаас “...Уг саналд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1401 тоот албан бичгээр NE-026*** дугаартай өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг 39 дугаартай дэмжихгүй санал ирүүлсэн...” гэж тус тус маргажээ.

17. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 360 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч  “Хо к” ХХК-д Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-аар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

18. Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Д” нэртэй 3260.38 гектар, планшетийн L-49-13, өргөдлийн бүртгэлийн NE-026*** /ХА-019***/ дугаартай талбайд хамаарах газар нь  өвөлжөө хаваржаа бүхий тус сумын малын бэлчээрийн өвөл, хаврын голлох нутаг гэсэн Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоол болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэжээ.

19. Тухайн тохиолдолд Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7772 тоот албан бичгийн хариуг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасан хуулийн хугацаанд ирүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

20. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасны дагуу “...Засаг дарга татгалзсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж ойлгохоор байх тул маргаан бүхий акт гаргасан хариуцагчийг буруутгах боломжгүй...Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хариуцагч нь тухайн санал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах үүргийг хуулиар хүлээгээгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш юм.

21. Нэхэмжлэгч “Х о к” ХХК-иас “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолын “Х о к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 026401 дугаарт бүртгэгдсэн “Д” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу “дэмжсэн” санал гаргахыг хариуцагч нарт даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, уг шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 123/ШШ2017/0032 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

22. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад Засаг даргын саналыг хянах бүрэн эрхийг хуулиар тухайлан олгоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргахдаа хянах үүрэгтэй байсан...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

23. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна. 

24. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0353 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН