Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 318

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Э 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар  

Гуравдагч этгээд: "К" ХХК 

Гуравдагч этгээд: "М" ХХК  

Нэхэмжлэлийн шаардлага: "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхонд байрлах  44А байрны 1...., 1.. тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-2206014143, Ү-2206014144 дугаартай бүртгэлийг болон 000106606, 000106607 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгингохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны 102/ШШ2016/0.... тоот шүүгчийн захирамжийг үндэслэн тус авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн З.Э-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн З.Э-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд "К" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, гуравдагч этгээд "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн З.Э миний бие 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр "М" ХХК-тай 174 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэхээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Блью Скай” хотхоны 44А байрны зоорийн даврхын 176, 177 тоот авто машины зогсоолыг захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр "М" ХХК-тай “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, авто машины зогсоолыг өөрийн эзэмшил ашиглалтанд хүлээн авсан. 

Улмаар "М" ХХК нь авто машины авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолыг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/0.... дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хандахад “Капитрон банк”-ны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн. Мөн Улсын бүртгэл, статистикийн  ерөнхий газарт гомдол гаргахад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөн л бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн. 

Гэтэл "М" ХХК нь "К" ХХК-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью Скай” хотхоны 44А байрны зоорийн даврхын 176, 177 тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь “Иргэний хууль”-ийн 183 дугаар зүйлийн 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд "М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхоны 44А байрын зоорийн давхрын 176, 177 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийг гэрчилгээг хүчингүй болгож, тус 44А байрны 176, 177 тоот автозогсоолын улсын бүртгэлийг иргэн З.Э миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийг улсын бүртгэлийг З.Э миний нэр дээр бүртгэх гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Э “М”  ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Blue Sky” хотхоны 44А байрны орон сууц болон 176, 177 тоот авто зогсоолуудыг захиалан бариулахаар тохиролцон орон сууц болон авто зогсоолуудын үнийг бүрэн төлж барагдуулсан. "М" ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлсэн тул шүүхэд хандсаны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн шүүгчийн захирамжаар орон сууц болон авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.  Улмаар иргэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргатал бүртгэлийн хэлтэс бүртгэхээс татгалзсан. Бүртгэхээс татгалзсан үндэслэлээ "К" ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, "М" ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гэх үндэслэлээр татгалзсан. Хууль ёсны хугацаанд дээд шатны байгууллагад хандсан.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад бүртгэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.8-д заасны дагуу улсын бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгох бүрэн боломжтой юм. З.Э 2009 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан ба төлбөр тооцоо болох 19 ам.долларыг бүрэн төлсөн гэдгийг "М" ХХК хүлээн зөвшөөрдөг. 

Иргэн "М" ХХК-тай гэрээ байгуулсан тул өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан шийдвэрлүүлсэн. Иргэн өмчлөх эрхээ хуульд зааснаар баталгаажуулах гэхээр улсын бүртгэлийн байгууллага татгалзаж байгаа нь хууль бус юм. 

Өмчлөх эрх хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгэх ёстой. Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэл үнэн зөв байх ёстой. Иймд иргэний эрхийг зөрчиж байгаа улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан хууль бус үйлдэл болохыг тогтоож, иргэний нэр дээр гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн З.Э-ийн нэхэмжлэлд дурдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014143, Ү-2206014144 дугааруудад бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44А байрны зоорийн давхрын 176, 177 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь "М" ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн К-тай байгуулсан Т07/141 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичиг, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 124 тоот захирамжаар захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, 18.1.10 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, 32.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44А байрны зоорийн давхрын 176, 177 тоот авто зогсоолын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох боломжгүй байна. 

Иймд З.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Э-ийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Blue Sky” хотхоны 44А байрны 176, 177 тоот авто зогсоолууд нь "М" ХХК-ийн нэр дээр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "К" ХХК-ийн барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байдаг.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/160, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 124 тоот захирамжаар тус тус захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн учир иргэн З.Эийн нэр дээр шилжүүлэн бүртгэх боломжгүй юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу "К" ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул "К" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр дээрх авто зогсоолуудыг иргэн З.Эийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “К" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А-аа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус банк нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

- Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;

- 205 автомашины гараж;

- 3 өрөө орон сууц, гаражийн хамт;

- Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 “Зээлийн барьцааны гэрээ”-г “С” ХХК-тай байгуулж, “С” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд: 

- "М" ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 

- "М" ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44Б тоотод байрлах 1962 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, 

- "М" ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар, 

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд 44А, 44Б, 44В, 44Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 44А,Б,В,Г дүгээр байрны 1-205 тоот автозогсоол нэг бүрийг барьцаалсан байна.

Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. 

Гэтэл “М” ХХК нь иргэн З.Этэй 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 174 тоот  “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Бпью Скай” хотхоны 44А байрны зоорийн давхрын 176, 177 тоот авто зогсоолуудыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч З.Э нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01405 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Э-ийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг З.Э-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Капитрон банкнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч З.Э нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч З.Э нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч З.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд "К" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч тал "М" ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, "К" ХХК-ийн барьцаа хөрөнгө, эрх түдгэлзүүлсэн гэх гурван үндэслэлээр нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж ойлгож байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болох үндэслэлийг дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн үзэж байгаагаар эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд "К" ХХК-иас зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргах ёстой. Мэдүүлэг гаргахдаа гуравдагч этгээдээс зөвшөөрөл аваагүй байдаг. Тиймээс "К" ХХК-ийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд "М" ХХК-ийн захирал Б.Чинзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...З.Э нь 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай компанитай 174 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Блью скай” хотхоны 44А байрны 8 тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах 176, 177 тоот авто зогсоолуудын хамт худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/0.... дугаар шүүгчийн захирамжаар З.Э-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44А байрны зоорийн давхарт байрлах 176, 177 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

"М" ХХК, "К" ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг "М" ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Blue sky” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. 

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд "М” ХХК нь 205 авто машины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. 

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “С” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд "М" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 44А тоотод байрлах 1692  м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын  дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг "К" ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “Блью скай” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусгаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн. 

Манай компани "К" ХХК-аас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, "К" ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөг өгсөн зээлийг доллар, юанд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээ оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. 

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид "К" ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүслэт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор "К" ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн З.Эийн “Blue sky” хотхоны 44А байрын зоорийн давхарт байрлах 176, 177 тоот авто зогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд З.Э-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44А байрны зоорийн давхарт байрлах 176, 177 тоот авто зогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

Гуравдагч этгээд "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э нь "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхонд байрлах  44А байрны 176, 177 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-2206014143, Ү-2206014144 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000106606, 000106607 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн З.Э-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн З.Э-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүргийн эрхийн бүртгэлийн тасагт даалгууулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхонд байрлах  44А байрны 176, 177 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-2206014143, Ү-2206014144 дугаартай бүртгэлийг болон 000106606, 000106607 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгингохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны 102/ШШ2016/0... тоот шүүгчийн захирамжийг үндэслэн тус авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн З.Эийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн З.Э-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” гэж тодруулсан болно. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “... “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ....захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу захиргааны дур зоргын үйл ажиллагаанаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох явдал юм. 

Захиргааны хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалж биш өөр бусад шалтгаанаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрхийг Захиргааны хэргийн шүүх хамгаалахгүй юм.

Тодруулбал бүртгэлийн байгууллагын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдохгүй бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох боломжгүй.

Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч З.Э нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж хохирсон эсэхэд буюу бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдлээс шалтгаалж эрх нь зөрчигдсөн эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх болно. 

Улсын бүртгэлийн байгууллагын мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан буюу З.Э нь авто зогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ. 

“М” ХХК болон "К" ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээ ” болон 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ ”, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б "К" ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот “Зээлийн гэрээ ” болон 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ ”-г байгуулан, барьцааны зүйлийн бүрэлдэхүүнд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, 205 автомашины зогсоолыг, газар, дэд бүтцийн хамт барьцаалсан байна.  

Улмаар зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүгийн хэмжээ, болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр гэрээний талууд тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулахаар 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ  байгуулсан байна. 

Маргаан бүхий 176, 177 тоот авто зогсоолуудыг "М" ХХК-ийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг  2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон байна. 

Ийнхүү 205 автомашины зогсоол тус бүр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсантай холбогдуулан өмнөх зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ -г байгуулсан байна.  

З.Э болон "М" ХХК-ийн хооронд 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №174 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ   байгуулагдаж 176, 177 тоот авто зогсоолуудыг худалдаж авсан байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд З.Э-тэй 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” №174 тоот гэрээг байгуулахаас цаг хугацааны хувьд өмнө буюу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” гэрээгээр "М" ХХК нь маргаан бүхий авто зогсоолуудыг "К" ХХК-д барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс цаг хувьцааны хувьд өмнө "М" ХХК нь маргаан бүхий авто зогсоолуудыг Капитрон банкинд барьцаанд бариулан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул З.Э-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Капитрон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичиг -ээр дээрхи үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийн хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д ”улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолуудыг зээлийн гэрээний барьцаанд бариулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд холбогдох этгээдийн зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглосон байна. 

Мөн дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хийхдээ түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авахаар хуульчилсан ба маргаан бүхий энэ тохиолдолд "К" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй байна. 

Иймд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн байна. 

З.Э нь улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдлээс биш "М" ХХК-ийн зээл болон барьцааны гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж өдийг хүртэл авто зогсоолуудаа улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй хохирсон гэж үзэхээр байна. 

Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчаас биш харин "М" ХХК болон "К" ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүйгээс шалтгаалж маргаан бүхий авто зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадахгүй хохирч байна. 

Иймд З.Э-ийн авто зогсоолуудыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй буюу бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй байна. 

Хэдийгээр маргаан бүхий авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн З.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг "М" ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дугаар 102/ШШ2016/0.... тоот шүүгчийн захирамж гарсан байх боловч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банкны барьцаанд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар зохицуулсан хэдий ч  уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэхийн тулд 19.2-т заасан хуулийн шаардлага хангагдсан байх ёстой. 

Тодруулбал дээрх хуулийн 19.2-т заасан “нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх” хуулийн шаардлага хангагдсан байх шаардлагатай буюу "К" ХХК-ийн зөвшөөрлийг үндэслэн бүртгэхээр хуульчилсан байх тул бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй байна. 

Иймд З.Э-ийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудтай нийцсэн байх бөгөөд мэдүүлэг гаргах үед өмнө нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн, бүртгэл хууль ёсны бөгөөд хүчинтэй байх тул бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн байна. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхонд байрлах  44А байрны 176, 177 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-2206014143, Ү-2206014144 дугаартай бүртгэлийг болон 000106606, 000106607 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгингохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны 102/ШШ2016/0..... тоот шүүгчийн захирамжийг үндэслэн тус авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн З.Э-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн З.Эийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч З.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.Б