Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2024/00018

 

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 143/ШШ2024/00055 дугаар шийдвэртэй,

М.*******ын нэхэмжлэлтэй,

Д.*******д холбогдох,

 Бүртгэлийн 1173, 1172 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж ******* ӨМҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл, дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газрыг гаргуулах, бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Октябрийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ч.******* миний бие талийгаач аав *******тай хамтран амьдарч байсан Д.******* гэх хүнд өөртэй нь харилцан тохиролцож ямар нэгэн хариу төлбөргүйгээр өөрийн эзэмшлийн ******* ӨМҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл, манай өвөө Ж.*******гийн өмчлөлийн Даланзадгад сумын 1-р баг ******* ******* 8-22 тоот 750м2, ******* нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, бэлэн 4 000 000 төгрөгийг Д.*******д шилжүүлэн өгсөн.

Гэтэл Д.******* нь манай өвөөгийн ажлын газрынх нь Маяти маркийн тээврийн хэрэгслийг авч явчхаад буцааж өгөхгүй, энэ машин та нарын нэр дээр байдаггүй хятад хүний нэр дээр байдаг, та нар нэхэмжилж авч чадахгүй, аав чинь нас бараад бурхан надад тусалж байна гэх мэтээр биднээр тоглоом тохуу хийж, бидэнд ямар ч хамааралгүй өвөөгийн ажлын газрын эд хөрөнгийг авч нуучхаад энэ машиныг чинь өгөхгүй чаддаг юм бол олж аваарай гэж биднийг дарамталж, даажигнаж байгаад маш их гомдож байна.

Бидний зүгээс энэ хүнтэй маргалдаж муудалцах хүсэлгүй, хэдэн жил аавтай минь хамт амьдарсан болохоор огт эд хөрөнгө өгөлгүй явуулах бодол байгаагүй тийм учраас өөрөөс нь асууж зөвлөлдөж байгаад дээрх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэглэлийн журмаар өгсөн өөрөөр тухайн үед зөвшөөрч дээрх эд хөрөнгийг хүлээн авсан дахин эд хөрөнгө нэхэмжилж, маргаан хийхгүй гэсэн атлаа бидэнд хамааралгүй эд хөрөнгийг авч нуучхаад биднээр тоглоом тохуу хийж, нас барсан аавын маань ясыг өндөлзүүлэн, нас барсан нь надад аз завшаан болж байна, бурхан надад тусалж байна гэж хэлж байгаад үр хүүхдээ алдсан өндөр настай өвөө, эмээ, үр хүүхэд бидний сэтгэлийг маш их шархлуулж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. Бидний зүгээс энэ хүнд сайн сайхныг хүсэж эд зүйлээ ямар нэгэн муу санаа тээлгүй, бичгээр гэрээ хэлцэл байгуулалгүй шилжүүлэн өгсөн. Д.*******д шилжүүлж өгсөн портер маркийн тээврийн хэрэгсэл, гэр бүлийн хэрэгцээний газрыг шилжүүлэн өгөхдөө бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэхийг хүссэн боловч нотариатч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр дараа нь зарах, барьцаалах боломжгүй болчихдог юм худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлчих гэсэн учир Д.******* эгчийг бодоод зөвшөөрч худалдан худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн.

Гэхдээ худалдан худалдан авах гэрээнд заасан мөнгийг бид аваагүй.

Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээр өгсөн ******* ӨМҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл, Даланзадгад сумын 1-р баг ******* ******* 8-22 тоот 750м2, ******* нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, бэлэн 4 000 000 төгрөгийг Д.Октябраас гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний нөхөр болох Б.******* зуурдаар нас барсан. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хадам аав ******* хүү ******* нар хоорондоо ярилцаж байгаад хятад эзэнтэй маяти маркийн авто машиныг бичиг баримтыг янзлаад ав гээд машины хоёр түлхүүр, бичиг баримтыг надад гаргаж өгсөн.

Ингээд би уг машины эзнийг олох гэж хөөцөлдөөд одоо хүртэл хариу сонсоогүй байна. Тэгээд хүү ******* руу эгч нь 4, 5 сар айлаар амьдраад явж байна. Хашаандаа очиж гэртээ амьдаръя гэтэл та яаран наашаа ирэх гээд яах вэ ганц портер газар хоёр өгье гээд хадам аав хүү ******* бид гурав тохиролцож уг эд хөрөнгийг надад хүлээлгэн өгсөн тэгээд портероо миний нэр рүү шилжүүлж өгсөн өдрөө хашаандаа аваачиж тавиад маяти авчирч тавиад ав гэсэн тэд маяти авто машинаа буцааж авъя би ч өгөхгүй гэж огт юм ярилцаагүй байгаа. Портерыг барьцаалсанд би маш их гомдсон тэгээд л намайг маяти авч явсан гээд цагдаад шалгуулсан би энэ хятад эзэнтэй машиныг залилах, худлаа хэлэх хулгай хийх аль ч замаар аваагүй өөрсдөө портер газар хоёрыг өгөөд маятигаа буцааж авъя гээд ярьж болно доо тэгээгүй болохоор би та нар хуулиар нь яваад аваа гэсэн өнөөдөр ийм байдал үүсчхээд байгаа. Ингээд одоо энэ машин ачаатайгаа унаж гарсан хэвээр, айлын хашаанд байж байгаа. Энэ машиныг зарж үрэх, өгөхгүй гэсэн бодол байгаагүй. Эр нөхрөөс үлдсэн нь болно гэж бичсэн нь ор үндэслэлгүй хүнийг ингэж хэлж ярьж байгаад нь их гайхаж байлаа одоо би группт байдаг. 11 дүгээр сарын эхээр хот явж хагалгаанд орох гэж байгаа шүүхээр явах боломжгүй болоод байна.

Иймд уг хятад эзэнтэй маяти машиныг хүү *******т хүлээлгэж өгч газар портероо өөрөө авч үлдэх бодолтой байна. Хүү *******тай тохиролцъё гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан бүртгэлийн 1172, 1173 дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож,

Нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Октябраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Октябрийн давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ёстой байх хуулийн шаардлага тавигддаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитоор нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас нэхэмжлэгчийг хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэж худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон.

Гэтэл Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх заалт бол хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд хэлэхийг хүсээгүй зүйлээ хэлэх, илэрхийлэхдээ алдаа гаргах. Буруу алдаатай бичих эсхүл хэлсэн тохиолдол мөн алдаа гаргасан, анзааргагүй байсан, андуурсан үед ноцтой төөрөгдсөн гэж үзэж болохоор хууль, дээд шүүхийн тайлбарт заасан байдаг ба харин нэхэмжлэгч Ч.*******ын хувьд мэргэжлийн хуульчаас зөвлөгөө аваад тухайн гэрээнээс гарах эрх зүйн үр дагаврыг нь ойлгож, бэлэглэлийн гэрээ хийхүү худалдах худалдан авах гэрээ хийх үү гэдгээс өөрөө сонгож дээрх худалдах худалдах авах гэрээг өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хийсэн байдаг.

Энэ нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч нотариатч Цэндоогийн гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

Анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийн үндэслэлээ мөн тайлбарлахдаа: нэхэмжлэгч Ч.******* нь нас барагчийн өв хөрөнгийг хуваах асуудлаар түүний хамтран амьдрагч Д.*******тай тохиролцон тодорхой хөрөнгүүдийг түүний өмчлөлд шилжүүлж, цаашид энэ талаар маргахгүй байхаар баталгаа гаргуулсан болох нь талуудын тайлбар, 2023.09.27-ны өдрийн Д.Октябрийн баталгаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь баталгаагаа зөрчвөл өвийн талаар маргаан үүсгэж болох эрх зүйн дагавартай гэрээ байгуулах хүсэлтэй байсан болох нь түүний тайлбар, Д.Октябрийн баталгаагаар тогтоогдож байна. Тэрээр төөрөгдөлд орж худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь түүний хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.******* нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 17 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан талийгаач нөхрийнхөө өв хөрөнгөөс энийг авна, авахгүй гэж Ч.*******тай тохиролцсон, маргасан зүйл байхгүй бөгөөд хүү ******* ч мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өвийн асуудлаар Д.*******тай ийм байдлаар тохиролцсон талаар тайлбар хэлдэггүй ба харин ах болон өвөөтэйгөө ярилцаад талийгаачтай хамтран амьдарч байсан Д.*******т амьдрах гэр орон, газар, машин өгье/' гэж ярилцаад л өгсөн талаар хэлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хэргийн байдалд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.******* нарыг талийгаачийн өв хөрөнгийн талаар тохиролцсон мэтээр дүгнэж бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн уг иргэний хэрэгт гэрчээр нотариатч А.Цэндоо мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчээс Ч.*******, Ж.******* нар нь Д.*******д эд хөрөнгө шилжүүлэх худалдах худалдан авах гэрээ хийсний төлөө Д.******* өвийн хүсэлтээсээ татгалзсан уу гэж асуухад Д.******* нь сайн дураараа хүсэлтээсээ татгалзсан талаар хэлжээ.

Иймд анхан шатны шүүх үндэслэлийн гол нотлох баримтаа хариуцагч Д.Октябрийн баталгааг үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

 2. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэлийн дугаар 1172 тоот ******* тоот нэгж талбарын дугаартай ******* сайхны 8-22 тоот, 750м2 талбайтай газрыг худалдах худалдан авах гэрээг иргэн Ж.*******, Д.******* нар хоорондоо хийжээ.

Гэтэл Ч.******* гэх гуравдагч этгээд гарч ирж Ж.*******гийн өмнөөс тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж нэхэмжилж байгаа нь нэхэмжлэх эрхгүй этгээд байна гэж үзэж байна. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2- т зааснаар төлөөлүүлэгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно.

Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. Мөн хуулийн 36.3-т төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус заажээ. Хэргийн материалд Ж.*******гаас Ч.*******т өгсөн ямарваа нэгэн итгэмжлэл байхгүй бөгөөд Ж.******* 76 настай эрх зүйн чадамжтай этгээд тус худалдах худалдан авах гэрээг хийсэн байх тул Ч.******* 2023.09.27-ны өдрийн бүртгэлийн дугаар 1172 тоот худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 143/ШШ2024/00055 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ******* гэх эмэгтэй манай аавтай хамтран амьдарч байсан. Аав маань 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Миний бие Ч.******* нь өвөө ахтайгаа ярилцаж байгаад аавын хамтран амьдрагч ******* гэх эмэгтэй 5 ханатай гэр, газар, портер машин өгөхөөр болсон. ******* ч эдгээр эд хөрөнгийг аваад өөр эд хөрөнгө нэхэхгүй маргаан үүсгэхгүй гэж баталгаа бичиж өгсөн учир өвөө бид хоёр өөрсдийн нэр дээрх газар, портерыг үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн. Гэтэл ******* нь хэлсэн үгэндээ хүрэхгүй өөр эд хөрөнгө болох өвөөгийн ажлын газрын машин болох Маяти машиныг авчхаад өгөхгүй байгаа. Мөн аавын маань бусдаас авах өр авлагыг бүгдийг нэхэж авчхаад бусдад өгөх байсан багахан өр төлбөрийг би мэдэхгүй хүүгээс нь ав гэж над руу явуулдаг.

Бидний зүгээс сайн санаж *******д амьдрах гэр орон, газар, машин бүх зүйлийг нь үнэ төлбөргүй өгч байхад биднээс илүү зүйл нэхэж, хэл амаар доромжилж, хөгшин өвөөг минь дарамтлан сүрдүүлж нас барсан аавын маань ясыг өндөлзүүлж байгаад маш их харамсаж гомдож байна.

Тиймээс бид хүнд хэл амаар доромжлуулан байж үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа тул өгсөн эд хөрөнгөө буцааж авах хүсэлтэй байна.

Өвөө бид хоёр газар болон машинаа үнэ төлбөргүй бэлэглэлийн журмаар *******д шилжүүлэн өгсөн ч нотариат дээр очиж гэрээ хийхдээ Октябрийг бодож хүссэн гэрээнээс өөр гэрээ хийсэн тул бидний ******* сэтгэлийг үл тоож гомдоосон ******* гэх хүнээс шилжүүлэн өгсөн газар, машинаа буцаан авч чадахгүйд хүрсэн тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 6. Нэхэмжлэгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хотод байх манай өвөө өөрөө шийдээд хариуцагчид газар, портер хоёроо өгнө гэж хэлсэн. Тэгээд оронд нь ажлын газрын Маяти маркийн тээврийн хэрэгслийг өгчихлөө гэж ярьсан. Тэгэхээр нь би Маяти маркийн тээврийн хэрэгсэл өвөөгийн өөрийн нэр дээр байдаггүй компанийн машин шилжүүлж өгч болохгүй. Газар, портер хоёроо өгдгөөрөө өг гэж хэлсэн. Хариуцагч ч хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Д.******* газар болон портер машинаа шилжүүлж авсны маргаашаас нь Маяти маркийн тээврийн хэрэгслийг өгөхгүй чаддаг юм бол олж аваарай гээд нуучихсан. Мөн манай аавын бусдаас авах өр төлбөрийг бүгдийг нь нэхэж авчхаад багахан хэмжээний өр төлбөрийг надад хамаагүй асуудал хүүхдүүдээс нь ав гэж явуулсан зэрэг нь бид нарыг маш их гомдоосон. Тиймээс шүүхэд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэл гаргасан. Өвтэй холбоотой асуудал дээр өв нээгдсэн. Одоогоор аавын нэр дээр байсан хашаа байшин зэргийг өөр лүүгээ шилжүүлж аваагүй байгаа. Тэгэхээр Октябрийн өвлөх эрхийг нээлгүүлж болно. Өвлөх эрхийг нь цуцлуулчхаад газар портер хоёроо буцаагаад авчихъя гэсэн санаа байгаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс ямар ч хариу төлбөргүйгээр тухайн эд хөрөнгүүдээ шилжүүлээд өгсөн. Тэгэхээр энэ 2 хүний хооронд Иргэний хуулийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ хийгдсэн байх боломжтой байна. Эд хөрөнгөө шилжүүлж өгөхдөө худалдах, худалдан авах гэрээ хийсэн бэ гэхээр ямар ч гэрээ хийсэн дараа нь Ч.*******т баталгаа бичиж өгнө гэсэн. Д.******* өгч байгаа эд хөрөнгүүдийг чинь авъя. Өөр эд хөрөнгө авахгүй, ямар нэгэн маргаан хэлцэл гаргахгүй гэж баталгаа бичиж өгсөн учраас Ч.******* баталгаанд нь итгээд маргаан гаргахгүй гэсэн учраас шилжүүлж өгөхдөө ямар ч гэрээ хийсэн дараа нь маргаан үүсгээд хэлсэн үгэндээ хүрэхгүй бол эд зүйлээ буцаагаад авч болох байх гэсэн санаагаар Д.*******д ашигтай байдлаар гэрээг нь хийх байдлаар худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрөөд хийсэн.

Гэтэл Д.******* хэлсэндээ хүрэхгүй өвөөгийнх нь ажлын машиныг өгөхгүй байгаа. Анхан шатны шүүх хурал дээр Маяти маркийн тээврийн хэрэгслийг өгнө л гэж хэлдэг. Гэтэл одоо болтол өгөөгүй хаана байгааг нь хэлэхгүй байгаа.

Тэгэхээр Д.******* барьцаалаад байгаа гэдэг нь үнэн. Хариуцагч тайлбартаа портер машиныг барьцаалаад маяти машин авчирч өгсний дараа ав гэж хэлсэнд гомдсон гэж ярьж байна. Гэтэл Д.******* портер машиныг яаж авсан бэ гэхээр бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авангуутаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад өндөр настай өвөө дээр нь цагдаа дагуулж очоод портер машинаа хураагаад аваад явсан байдаг. Д.******* өгье гэсэн эд хөрөнгөөс нь илүү зүйлийг шаардаж авсан учраас нэхэмжлэгч тал энэ үйлдэлд нь гомдоод төөрөгдөж хийсэн гэрээгээ хүчин төгөлдөрт бусдад тооцуулж, тухайн эд хөрөнгийг бэлэглэлийн журмаар шилжүүлэхээр бол дараа нь бэлэглэлийн гэрээгээ албан ёсоор нь хийж шилжүүлэх асуудал яригдана гэсэн. Бусдаар Д.*******д эд хөрөнгө өгөхгүй гэдэг зүйл яриагүй. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эвлэрэх саналыг олон удаа гаргасан. Ингэхдээ газар, портер машинаа өгдгөөрөө өгнө Маяти машиныг буцаагаад өгчих тэгвэл бид нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзъя гэдэг саналыг тавьж байсан. Гэтэл Д.******* Маяти машиныг буцааж өгөөгүй. Гараад гараад авсан ч болно гэдэг хэр нь хаана байгааг нь хэлдэггүй түлхүүрийг нь ч өгдөггүй. Тиймээс Иргэний хуулийн 58.2.1 дэх хэсэгт зааснаар хийхийг хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хариуцагчийг бодож зөвшөөрөөд хийсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 8. Хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талийгаачийн өв хөрөнгөөс надад ноогдох хэсэг байгаа талаар судалж үзээд нотариатад өвлөгчөөр орох хүсэлтээ өгсөн байснаасаа ******* худалдах худалдан авах гэрээ хийхээс болж сайн дураараа татгалзсан. Ингээд хүү ******* 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хандсан. Тэгэхээр том машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд надад портер газар хоёроо өгч байна гэж худалдах, худалдан авах гэрээ хийснээ эргээд намайг гомдоосон гэх үндэслэлээр шүүхэд өгснөөс харахад намайг анхнаасаа хууран мэхэлсэн гэж бодож байна. Би гомдоох зүйл ерөөсөө хийгээгүй. Би хөдөлмөрийн чадвараа 60% алдаад 3-4 жил болж байна. Бид 2 хамтран амьдраад 15 жил болсон. Ингээд нэг л өдөр амьдрал байхгүй орох орон гэр ч үгүй дүүгийндээ толгой хоргодоод амьдарч байна. Би өмнө нь нөхөртэйгөө хамт амьдарч байхдаа бууз, баншны цех ажиллуулаад хүнээс дутахааргүй ******* амьдарч байсан. Нотариатч болон миний зүгээс Ч.*******ыг төөрөгдөлд оруулаад хуурч мэхлэн гэрээг хүчээр хийсэн зүйл байхгүй. Надад хүү Ч.******* маань газар портер өгч байгаа учраас том машиныг нь заруулахыг нь зөвшөөрөөд талийгаачийн эд хөрөнгөөс авах гэж маргаад байсан зүйл байхгүй. Тиймээс дээрх баталгааг бичиж өгсөн. ******* намайг өвлөх эрхийн хүсэлтээс татгалзуулаад дээрээс нь том машиныг зарах зөвшөөрлийг бичүүлчхээд ямар ч буцаах боломжгүй үйлдэл хийсний өгсөн зүйлээ авна гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Тиймээс зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

9. Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 502.3-д зааснаар тухайн хүний асрамжид, хөдөлмөрийн чадваргүй иргэн нэгээс доошгүй жилийн хугацаанд байсан бол хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох хуулийн шаардлагын дагуу Д. ******* бичиг баримтаа бүрдүүлээд нотариатад хүсэлтээ өгчихсөн байсан. Гэтэл ийм шийдвэр гарлаа, буцаад өвийн хүсэлтээ өгье гэхээр нотариат жилийн хугацаа өнгөрчихсөн авахгүй гэдэг асуудал ярьдаг. Мөн 2 хүний өмчлөлд байсан нүүрс тээврийн машиныг Ч.******* зарчихдаг. Тухайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөр зарсан. Тэгэхээр Ч.******* ямар ч буцаах боломжгүй ийм үйлдлүүдийг хийлгэчхээд буцаагаад худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж байгаа нь хүн чанарын хувьд ч жоохон хэцүү л асуудал болчхоод байгаа юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 143/ШШ2024/00055 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.   

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан бүртгэлийн 1173, 1172 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ******* ӨМҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл, Даланзадгад сумын 1-р баг, **************ы 08-22 тоотод байрлах 750м******* нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:  

2.1. Ч.******* нь Д.*******тай 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1173 дугаартай гэрээ /хх-9/ байгуулсан бөгөөд уг гэрээгээр ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 000 000 төгрөгөөр худалдахаар, Ж.******* нь Д.*******тай 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1172 дугаартай гэрээ /хх-7/ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, ************** 8 гудамжны 22 тоотод байрлах 750 мкв талбайтай газрыг 1 500 000 төгрөгөөр худалдахаар, Д.******* нь 5 ханатай гэр, 4 000 000 төгрөгийг авсан болох нь зохигчдын тайлбар болон худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.     

2.2. Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээгээр Д.*******д шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгсэл болон гэр бүлийн хэрэгцээний газрыг бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэхийг хүссэн боловч дараа нь зарах барьцаалах боломжгүй болчихдог юм гэж нотариатч хэлсэн учир худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

2.3. Хариуцагч Д.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ... дээрх хөрөнгийг хүү *******т өвлүүлэх тул хүүтэй харилцан тохиролцож дараах хөрөнгийг өөрийн нэр лүү шилжүүлэн авсан болно. Үүнд 1. Портер ӨМҮ *******, 2. Нөхрийн аав болох Ж.*******гийн Г-******* бүртгэлтэй 750 мкв газрыг, 3. 5 ханатай гэр тавилгын хамт, 4. Нөхөр бид 2-н Нямаагаас авах авлага 4 000 000 төгрөгийг хүлээн авсан. Одоо цаашид хөрөнгөний асуудал үүсэхгүй, маргаан гаргахгүй. гэсэн баталгааг гаргасан байна. /хх-6/  

3. Ж.******* нь нэхэмжлэгч Ч.*******ын өвөө, хариуцагч Д.Октябрийн хадам эцэг бөгөөд өөрийн өмчлөлийн газрыг худалдах, худалдан авах гэрээгээр Д.*******д шилжүүлжээ. /хх-7-8/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно.

32.2 дахь хэсэгт Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна гэж заасан ба нэхэмжлэгч Ч.******* нь өвөө Ж.*******гийн хариуцагч Д.Октябрьтай байгуулсан 1172 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түүний хөрөнгийг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

3.1. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 4 000 000 төгрөг зэрэг хөрөнгүүд нь нас барагч Б.*******ын хөрөнгө мөн эсэх, Ч.******* нь тухайн хөрөнгүүдийг шаардах эрхтэй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Учир нь нэхэмжлэгч нь энэ талаар холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

4. Ч.******* нь Д.*******тай 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1173 дугаартай гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн ба гэрч А.Цэндоогийн ... гэрээнээс ямар ямар үр дагавар үүсэх тал дээр бүх талуудад тайлбарыг өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээний үр дагаврыг хэлсэн. Энэ хүмүүс худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хоёр тал гарын үсэг зурсан. гэсэн мэдүүлэг /хх-91-92/-ээр нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчид шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. 

4.1. Учир нь нэхэмжлэгчийг хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан  үндэслэл тогтоогдохгүй байх тул 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1173 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч талаас автомашин худалдах, худалдан авах гэрээний агуулгыг эндүүрсэн буюу хүсэл зоригоо илэрхийлэхдээ утга санааг бүрэн ойлголгүйгээр үр дагаврын талаар төөрөгдсөн гэж үзэхгүй ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иймд уг гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж байгуулаагүй гэх нөхцөл байдал байгаа талаар нэхэмжлэгч талаас баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.  

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг дурдах нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 143/ШШ2024/00055 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.*******ын бүртгэлийн 1173, 1172 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ******* ӨМҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл, Даланзадгад сумын 1-р баг, **************ы 08-22 тоотод байрлах 750 мкв ******* нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар болон бүрэн тавилгатай 5 ханатай монгол гэр, 4 000 000 төгрөгийг тус тус Д.Октябриас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.УГТАХБАЯР