Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2024/00019

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2024/00092 дугаар шийдвэртэй,

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

И.*******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт *******.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.*******, хамтран зээлдэгч И.******* нар нь ******* *******тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 12864550.75 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүрийн 25-ны өдөр зээл хүүгийн төлбөр төлөх нөхцөлөөр зээлж авсан.

Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, пин, зурагт, хөргөгч зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 3846199.87 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3482265.71 төгрөг, нийт 7328465.58 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Ч.******* нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан ба уг зээл 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус *******наас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг "Зээл буцаан төлөх хуваарь"-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна.

Ч.*******ийн төрсөн дүү Ч.******* зээлийг ах дүү нараараа хамтарч төлж дуусгах талаар *******ин дээр уулзаж ярьсан боловч удаа дараа шаардуулж 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээл хүүгийн төлбөрөөс хэсэгчлэн төлөлт хийснээс хойш зээл төлөхөө больж, холбоо барихгүй болсон.

Мөн хамтран зээлдэгч И.*******тай холбоо барьж, уулзаж удаа дараа шаардсан боловч ах дүү нар болон төрсөн охинтой нь ярьж төлүүлнэ гэсээр зээл төлөх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрээд байна.

Зээлдэгч Ч.*******, хамтран зээлдэгч И.******* нарын авсан зээлийн үлдэгдэл 2023 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 9018350.88 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4300520.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 385501.77 төгрөг, нийт төлөх дүн *******.61 төгрөг байна. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь нэмэлт зээлийн гэрээ биш. Барьцаат зээлийн гэрээ болж явж байгаа. Ямар үндэслэлээр И.*******ыг хариуцагчаар татсан бэ гэхээр зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан учраас И.*******аас нэхэмжилж байгаа. Энэ гэрээнд хэрэглэсэн эсвэл ашигласан, нэмж авсан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн зүйл байхгүй.

Үндсэн зээлдэгчийн авсан дүнтэй адилхан үүрэг хүлээсэн учраас И.*******т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлдэгч Ч.******* нас барсан учраас хамтран зээлдэгч И.*******аас *******.61 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл нь 9018350 төгрөг байсан.

Үндсэн зээлдэгч нас барснаас хойш 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс зээл нь төлөгдөхгүй болсон. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн хүү нь 4300520.96 төгрөг байсан. Энэ хугацаанд бодогдсон нэмэгдүүлсэн хүү нь 385501.77 төгрөг байсан.

Ингээд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар *******.61 төгрөг байсан. Барьцаа хөрөнгөд цалингаас гадна 4 ханатай гэр, зурагт, хөргөгч, пин гэсэн хөрөнгүүдийг барьцаалсан байсан. *******.61 төгрөгийг гаргуулах буюу зээлийн барьцаанд авсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

 2. Хариуцагч И.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамт ажилладаг байсан иргэн Ч.******* тус *******наас зээл авах гэж байгаа тул хамтран зээлдэгчээр оролцоод гарын үсэг зураад өгөөч гэсэн хүсэлт гаргаж тухайн зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан. Энэхүү мөнгөнөөс би огт хэрэглээгүй бөгөөд Ч.******* өөртөө зарцуулсан.

Харин Ч.******* нь 2020 онд нас барсан бөгөөд зээл төлөгдөөгүй гэдгийг сүүлд би мэдсэн юм. Энэ талаар Ч.*******ийн охин нь тухайн зээлийг төлөхөө илэрхийлж байсан ч өнөөг хүртэл төлөөгүй хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан намайг хохирооход хүргэж байна. Миний бие бодит байдал дээр зээлийг өөртөө зарцуулаагүй тул энэхүү гэрээний үүргийг бүрэн хариуцах, зээлийг төлөх үндэслэлгүй тул Ч.*******ийн өв залгамжлагчаар энэхүү төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Талийгаач Ч.*******тэй би нэг байгууллагад хамт ажилладаг байсан. Гэрээнд гарын үсэг зурах үед 4 жил гаруй хугацаанд хамт ажилласан байсан. Ч.******* нь тухайн үед оюутан хүүхэдтэй, мөн шинэ нөхөр авсан, тэр нь зодож нүддэг, өөрийн гэсэн гэр оронгүй, гэр орон авах гэсэн юм гээд намайг гарын үсэг зураад хамтран зээлдэгч болоод өгөөч гээд гуйхаар нь би гарын үсэг зурж өгсөн.

Гарын үсэг зурснаар чамд төвөг учруулахгүйгээр би өөрөө цалин дээрээсээ төлнө гэж гуйсан учир ******* *******ны зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж өгсөн ба би нэг ч төгрөг аваагүй. Би 3 удаа гарын үсэг зурснаа санахгүй байгаа. Хоёр зээлийн гэрээн дээр нь би яалт ч үгүй гарын үсэг зурсан.

Ингэхдээ тус бүр 1000000 төгрөг авлаа шүү, гарын үсэг зураад өгөө гэж надаар гарын үсэг зуруулсан. Талийгаач Ч.*******ийн өөрийнх нь охин, нөхөр, эгч, дүү, ээж нар нь байгаа учир эдгээр хүмүүс төлж өгөх нь шударга ёсонд нийцэх байх гэж дотроо бодож байна. Иймд намайг зээлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт *******.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө.Чулуунчимэгт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...И.******* зээл авахыг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд зээлийн мөнгийг зээлдэгч нарын хэн ашигласан эсэх нь гэрээний үүргийг хариуцан төлөхөд саад болохгүй, мөн үндсэн зээлдэгч Ч.******* нас барснаар түүнийг үүрэг дуусгавар болох боловч хамтран зээлдэгчийн хүлээх үүргийн хувьд И.******* нь өөрт хамаарагдах зээлийн үүргээс чөлөөлөгдөх учиргүй байна... гэж дүгнэсэн, талуудын хэн аль нь гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр юм.

Иргэний хуулийн 43 дугаар зүйл. Хэлцэл хийсэн гэж үзэх 43.2.Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;

Иргэний хуулийн 196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох 196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар

Иргэний хуулийн 451 дүгээр зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 451.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж заажээ.

Иргэний хуулийн 43.2.1, 196.1, 451.1, 451.2-т заасны дагуу хариуцагчтай байгуулсан Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, хариуцагч тус гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451.1, 453.1, 242.1-т заасантай нийцэхгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч И.******* нь зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн, тухайн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн атлаа хариуцагчийг үүргээс чөлөөлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч И.*******тай байгуулсан ******* тоот: 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 2.1.1 ...Нийт зээлийн хэмжээ: 10622674.90 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 2.1.1...Нийт зээлийн хэмжээ: 11983715.43 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 2.1.1...Нийт зээлийн хэмжээ: 12864550.75 төгрөг гэж тус тус заасан бөгөөд талууд тус нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээний хавсралтаар эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулсан.

Иргэний хуулийн 236.1.Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно 236.1.3. талууд өмнөх үүргийг солихоор тоxиролцсон... гэж заасан бөгөөд И.*******тай байгуулсан зээлийн гэрээгээр өмнөх хамтран зээлдэгчдийн хүлээх үүрэг дуусгавар болж талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.1-т заасан нөхцөлийн дагуу хамтран зээлдэгч И.*******т зээлийн гэрээний дагуу бүх үүрэг шилжсэн байдаг. Иймээс нэхэмжлэгч хариуцагчаас ******* тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2024/00092 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, И.*******т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь зээлдэгч И.*******аас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт *******.61 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч И.******* нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №******* дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч И.*******аас бүхэлд нь шаардаж байх ба уг гэрээгээр нэг талаас ******* *******ны Өмнөговь салбар, нөгөө талаас зээлдэгч Ч.Хишигбаяр, хамтран зээлдэгч И.******* нар зээлийн үлдэгдэл 11864550.75 төгрөг, нэмэлт зээл 1000000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 12864550.75 төгрөг гэж жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн гэрээ байгуулжээ.

Дээрх маргаан бүхий харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнд хамаарч байна.

Өмнө нь нэхэмжлэгч тал зээлдэгч Ч.*******, хамтран зээлдэгч Ц.Өлзийсайхан болон Ч.******* нартай 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн зээлийн гэрээг байгуулан нэмж зээл олгосон ба ******* ******* ХК нь өмнөх гэрээнүүдийн төлөгдөөгүй 11864550 төгрөгийн үүргийг хожим нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болгож өөрчлөн, улмаар хамтран зээлдэгч И.*******ыг оролцуулан нэмж 3 удаагийн зээлийн гэрээгээр нийт 5000000 төгрөг олгоход зээлдэгч талаас Ч.*******, хамтран зээлдэгч И.******* нар гарын үсэг зуржээ. /хавтас хэргийн 41-49 дүгээр хуудас/

2018 оны 09 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 26, 12 дугаар сарын 10-ны өдрүүдийн зээлийн гэрээгээр хариуцагч И.******* нь хамт ажилладаг Ч.*******ийг ******* ******* ХК-иас цалингийн зээл нэмж авахад зориулж дээрх гэрээнүүдийг байгуулсан боловч өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг шинээр авах зээлд нэмж, улмаар нийт 12864550 төгрөг зээлэх, уг зээлийн хүүг төлөх нөхцөлийн талаар И.*******ыг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь түүний гаргасан тайлбараар өөр зээлийн гэрээтэй холбоотой өр төлбөрийн үүргийг шилжүүлэн авч гүйцэтгэх агуулга илэрхийлэгдээгүй байна.

Нөгөө талаар бусдын өрийг шилжүүлэн авч гүйцэтгэхэд өрийн эзэмшигч ******* ******* ХК-тай тохиролцохоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан ба хариуцагч И.*******тай ийнхүү тохиролцсон гэж үзэх баримт авагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч И.******* нь дээр дурдсанаар зээлдэгч Ч.*******ийн өмнөх зээл дээр нэмж нийт 5 000 000 төгрөг зээлсэн, энэ мөнгөн хөрөнгийн хэмжээнд И.******* зээл авахыг хэлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд зээлдэгч нарын хэн ашигласан эсэх нь гэрээний үүргийг хариуцан төлөхөд саад болохгүй.

Мөн үндсэн зээлдэгч Ч.******* нас барснаар түүний үүрэг дуусгавар болох боловч хамтран зээлдэгчийн хүлээх үүргийн хувьд И.******* нь өөрт хамаарах зээлийн үүргээс чөлөөлөгдөхгүй боловч барьцаат зээлийн гэрээний 3.2.4-т Монгол улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн барагдуулах гэж заасны дагуу гэрээний нийт үүргийн үнийн дүн болох 5000000 төгрөгийн тал хувь болох 2500000 төгрөгийг И.*******аас гаргуулан ******* ******* ХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь И.*******ын хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулсан 5000000 төгрөгийн зээлтэй холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч тооцож нэхэмжлээгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчаас дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон тогтоох боломжгүй байна.

Барьцааны зүйлд дөрвөн ханатай гэр, 32 инчийн зурагт, хоёр хаалгатай босоо хөргөгч, 2х3-ын хэмжээтэй пин зэрэг эд хөрөнгийг зээлийн гэрээгээр барьцаалжээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* ...Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байгаа. Цалингаар 100 хувь хангуулаад хөшүүрэг болгох үүднээс барьцаа хөрөнгө авдаг гэсэн тайлбарыг гаргасан байна. /хавтаст хэргийн 157 хуудас/,

Барьцаат зээлийн гэрээний 7.5 дахь хэсэгт Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн болон хэсэгчлэн хангагдаж чадахгүйд хүрсэн гэж ******* үзвэл барьцааны зүйлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хамгаалалтад авах бөгөөд энэ тухай шийдвэр, арга хэмжээ авч эхлэх огноог дурдсан мэдэгдлийг барьцаалгуулагчид хүргүүлнэ гэж заасан байна.

Зээлийн гэрээнд тусгагдсан эд хөрөнгүүдийг ******* өөрөө хамгаалахаар тусгагдсан бөгөөд одоо тухайн эд хөрөнгүүд хаана, хэнд хадгалагдаж байгаа нь тодорхойгүй, бүрэн бүтэн байгаа эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, түүнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296672 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2024/00092 дугаартай шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 13704343.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.*******аас 2500000 төгрөгийг гаргуулан ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11204343,61 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 54950 төгрөгийг гаргуулан ******* ******* ХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296672 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 Х.ГЭРЭЛМАА