Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 521

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01136 0820 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт П.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ресторанд зөөгч ажилтай гэх, ам бүл гурав, эмэг эх, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 25 хоногийн баривчлах ял,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж  байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төв дээр байрлах “Акорт” баарны үүдэнд цагдаагийн албаны үүрэг гүйцэтгэж байсан Л.Б-г буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Б овогт П.М нь 2018 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө, согтууруулсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Acord” караоке баарны үүдэнд цагдаагийн албан хаагч Л.Б-гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн зодсон, улмаар эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйх, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, хоёр хөмсөгний голд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа сайн дураараа хүлээж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төв, “Бүргэд-81” постод үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 02:30 минутын орчимд постын баруун талд 3 эмэгтэй, 3 эрэгтэй хоорондоо маргалдаж байгаад М гэгч залуу хамт явж байсан эмэгтэйнхээ гар утсыг булааж аваад “Их хайрхан” цайны газрын дээвэр дээр гаргаад шидчихээр нь би постын хаалгаа онгойлгоод “больцгоо, та нар одоо тар, явцгаа” гэж хэлсэн. М “муусайн лалрын цагдаа, та нарт ямар ч хамаа байхгүй, гэр бүлийн хоорондох асуудал, чи цаашаа зайл, эсвэл хүрээд ир” гээд орилоод байсан. Би очоод “чи боль, битгий орилоод бай” гэж хэлэхэд гараа далайгаад цохих гэхээр нь би цахилгаан бороохойгоо гаргаж ирээд далайсан гар луу нь цохиулах гэтэл гарыг нь оноогүй, мөр лүү нь цахилгаан бороохой шүргэсэн. Тэгтэл М өмсөж байсан пальтогоо тайлж шидээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиод авахаар нь М-г бариад автал хоёр найз нь буюу Т, хамт явж байсан залуутай хажуугаар ороод миний гараас бариад зууралдахад М дахиж цаашаа гүйж яваад өмсөж явсан цамцаа татаж ураад “муу лалрын цагдаа ална, хоёулаа зодолдох уу” гээд хашхираад дахин над руу дайрч ирээд миний шилбэ, цээж, зүүн талын шанаа, чих, чамархай хэсэгт гараараа 3-4 удаа цохихоор нь М-ийн хоёр гараас бариад авахад мөргөх гээд дайраад байхаар нь цээж рүү нь наалдаад хойшоо хашаа уруу түлхээд хашаа налуулсан. М орилж хашхираад “хогийн муу цагдааг ална” гээд байсан. Тэгээд би гаваа гаргаж ирээд М-ийн баруун гарыг нь төмөр хашаатай холбон гавлаад холдсон. Гэтэл найз Т нь М-ийн хажууд яваад очтол “чи цагдаад намайг гавлууллаа” гээд Т лүү агсарч байгаад Т-ийн нүүр лүү нь толгойгоороо мөргөхөдТ доошоо тонгойгоод суухад хөлөөрөө 3-4 удаа нүүр лүү нь өшиглөсөн. ТэгээдТ босож ирчхээд “би энэ цагдааг одоо шаагаад унагах уу, чи харах уу” гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байхад би нэмэлт цагдаа дуудсан. Мөн би мэдээлэл өгөх гээд гар утсаа гаргаж ирэхэд гар утасны дэлгэц хагарсан байсан. Би албан үүргээ гүйцэтгэж байгаад М,Т хоёрт зодуулан албаны хувцас, гар утсаа эвдүүлсэндээ гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-22, 23-25 дугаар хуудас);

3. Гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М нэлээд согтсон байсан учир орилоод агсраад эхлэхээр нь цагдаа ирээд “ахын дүү чи нэлээд согтсон байна, одоо явчих” гэсэн. Согтуурхаад орилоод байхаар нь цагдаагийн ажилтан очоод цахилгаан бороохойгоор гуянд нь цохиулаад гарыг нь Голомт банкны хашаанд гавласан. М-д хандаж цагдаа “би чамд сануулсан, чи олон нийтийн газар орилоод байхаар чинь би гавласан шүү” гэж байсан. Тэр үед М гараараа цагдаагийн ажилтныг цохих гээд гар далайхадТ М-г татаад хальт цохиулаад салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.28-ны өдрийн 2934 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...1.Б-ийн биед тархи доргилт, хуйх, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, хоёр хөмсөгний голд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас);

5. “Дамно” ХХК-ийн 2018.07.30-ны өдрийн СХ3-18-396 дугаартай “...Тус үнэлэгдэж буй (Samsung J-5 маркийн гар утас) хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018.07.09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 192,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 41 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч П.М-ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бааранд архи уугаад нэлээд согтсон байсан, гэхдээ болж байгаа үйл явдлыг санаж байсан. 02-03 цагийн үед гарцгаасан. Би найз охин Г-тай маргалдсан. Тэгээд би уурласандаа орилоод Г-ийн гар утсыг аваад “Их хайрхан” зоогийн газрын дээвэр дээр шидчихсэн. Тэгтэл цаанаас цагдаа ирээд “чи яаж байгаа юм” гэж хэлээд цахилгаан бороохой гаргаад ирсэн. Би маргалдаад баруун гараараа зүүн шанаа чамархай хэсэгт нэг удаа цохисон.Тхажуугаас салгах гээд байсан. Цагдаа ирээд гавлах гэж зууралдах үед нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд намайг хашаатай гавлаад холдсон. Удалгүй цагдаагийн машин ирээдТ бид хоёрыг авч явсан.Т Б-г цохиж зодоогүй. Би Б гэх цагдаагийн хохирлыг бүрэн барагдуулна. Хэргийг хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хх-ийн 52-56 дугаар хуудас);

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60); АСАП сангийн лавлагаа (хх-64-66); урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67); 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70-72); 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 73-76); хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл (хх-ийн 97) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Б-г  гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч П.М-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” шинжийг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг нэг удаагийн үйлдлээр нэгэн зэрэг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч П.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Энэ гэмт хэргүүд нь 2018 оны 2 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө буюу цаг тооллоор 24-ний өдөр үйлдэгдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн бол шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй тул энэхүү нөхцөл байдлыг шүүх хянаж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээ нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад хамаарч байх тул энэ гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол шүүгдэгч П.М-д энэ зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байна.

Шүүгдэгч П.М нь “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу хуулиар үүрэг хүлээсэн атал уг хэрэг давж заалдах шатны шүүхэд очих болон анхан шатны шүүхэд буцаж ирэх үед хаана байгаа нь тодорхойгүй алга болсон тул шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, шүүгдэгчийг эрэн сурвалжилж цагдан хорих шийдвэр гаргасны үр дүнд цагдаагийн байгууллага 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр түүнийг цагдан хорих байранд хүлээлгэн өгч, шүүхэд мэдэгдсэнээр шүүх мөн сарын 03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолсон тул хөөн хэлэлцэх хугацаа дуусахад 15 хоног дутуу буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмээг гурван жилийн хугацаагаар тогтоосон нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...хорих ялын ... дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэж заасанд хамаарч байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тооцно. Түүнчлэн, уг гэмт хэрэгт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын доод, дээд хэмжээ нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад хамаарч байна.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч П.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болон “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн 485,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хохиролд 485,000 төгрөг хүлээн авсан. Хохирлын талаар маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт (хх-106) гаргасан байх тул шүүгдэгч П.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.М нь урьд хоёр удаа гэмт хэрэг үйлдэж, тус бүрд нь баривчлах ял шийтгүүлж байсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Хохирогч Л.Б-г нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч бөгөөд түүнийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж болон зүйлчлэгдсэн тул үүнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...Шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нийт 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай...” байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 22 хоног буюу 176 цагийг уг ялаас хасаж өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.М-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх боловч тэрээр нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хэрэглэх шүүхийн эрх хэмжээний заалт юм.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, хууль сахиулагчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн), шүүгдэгчийн хувийн байдал (урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийсэн) зэргийг харгалзан шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд шүүх шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч П.М-д мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоногоор тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт урьд 11 хоног, шүүхийн шатанд 11 хоног, нийт 22 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт П-ийн М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” болон “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч П.М-д мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ийн цагдан хоригдсон нийт 22 (хорин хоёр) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинТболох хүртэл шүүгдэгч П.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                  

 

               

ШҮҮГЧ                                             Б.БАТАА