Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2024/00020

 

  

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 144/ШШ2024/00040 дугаар шийдвэртэй,

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ******* ХХК-д холбогдох

 Гэрээний үүрэгт ******* төгрөг, алданги 9 562 500 төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-ийн 17 150 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч ******* генетек ХХК-ийн захирал Л.******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Д.Батдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн хүсэлт, захиалгын дагуу 2022.12.01-ний өдөр Лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээгээр ******* ******* ХХК нь 80 хайрцаг буюу 8000 ширхэг оношлуурыг нэг хайрцгийг 1,450,000.00 төгрөгөөр нийлүүлэх, ******* ******* ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, үнийг төлөх эрх үүргийг харилцан хүлээсэн. Манай тал захиалсан барааг 2022.12.28-ны өдөр ******* ******* ХХК-д бүрэн нийлүүлсэн ба ******* ******* ХХК нь эхний 3000 оношлуурын үнийг хөнгөлөлтгүй үнээр бүрэн төлсөн, үлдэгдэл 5000 ширхэг оношлуурыг үндсэн үнээс 6 хувиар хөнгөлж нийлүүлэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 17,150,000.00 төгрөгийг төлсөн, түүнээс хойш нэмж төлбөр төлөөгүй байна. 5000 ширхэг оношлуурын 6 хувийн хөнгөлөлттэй үнээр төлөх нийт үнэ 68,150,000.00 төгрөг үүнээс урьдчилгаа төлбөрт 17,150,000.00 төгрөг төлсөн ба үлдэгдэл 51,000,000.00 төгрөг байна.Гэрээ байгуулах хэлцлийн явцад манай зүгээс ******* ******* ХХК-д "... захиалсан оношлуурын тоо их байна, оношлуурыг хэрэглэж амжих эсэх, оношлуурын хүчинтэй хугацаа богино... талаар мэдэгдэхэд ******* ******* ХХК нь "... оны өмнө хуучин захисан оношлуураа авъя, оны дараа шинэ оношлуур захиалъя... гэдэг хариуг өгч энэхүү захиалгын дагуу талуудын хооронд оношлуур нийлүүлэх гэрээ байгуулагдаж, манай компани оношлуурыг гэрээнд заасан тоо хэмжээ, стандартад нийцүүлэн нийлүүлсэн. Гэтэл ******* ******* ХХК нь 2023.01.04-ний өдөр манайд урьдчилан мэдэгдэлгүйгээр, манайтай харилцан зөвшилцөлгүйгээр манай нийлүүлсэн 50 хайрцаг оношлуурыг Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандар баатарын гудамж 32, Гялс төв хаягт байрлах манай компанийн агуулахад аваачиж буулгасан байсан. Буулгахын өмнө бидэнтэй ямар нэг байдлаар холбогдож асуудлыг ярилцаагүй ба буулгасны дараа урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн үнийг манайхаас нэхэмжлэх болсон. Манай компанийн зүгээс талуудын хооронд үүссэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх саналыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй болно. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба оношлуур нийлүүлэх харилцаа гэрээний зохицуулалтын дагуу хэрэгжих учиртай. Иргэний харилцаа нь шударга, эрх тэгш, эрх, үүргийг шударгаар хэрэгжүүлэх зарчимд үндэслэдэг. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани захиалсан барааг нийлүүлсэн, ******* ******* ХХК төлбөрийг төлөх үүрэгтэй.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 1. Нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 51,000,000.00 төгрөг,

2. Гэрээний 4.1, 2-д заасан алданги 9,562,500.00 төгрөг, Нийт 60,562,500.00 төгрөгийг ******* ******* ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 2. Хариуцагчийн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын Засгийн газар, Өмнөговь цагаан хадны боомтын захиргааны 2022 оны 12- сарын 2&-ны өдрийн хамтарсан шийдвэрээр нүүрс тээврийн жолооч нараас хил, гаалиар нэвтрэхэд ПГУ шинжилгээний хариу шаардахгүй болсонтой холбоотой нэхэмжлэгч компаниас худалдан авсан оношлуурыг цаашид хэрэглэхгүй болсон.

Иймд ******* ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р жороо, Гялс төвийн агуулахад ******* ******* ХХК-ийн төлөөллийг байлцуулан тоолж 50 хайрцаг буюу 5000 ширхэг оношлуурыг буцаан өгсөн. Энэ хугацаанаас хойш ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн эмч нар харилцан тохиролцож, тухайн оношлуурыг худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулах талаар хэлцэл (амаар) хийсэн.

******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар албан бичгээр хүсэлт гаргаж ******* ******* ХХК-ийн нягтлан бодогчтой урьдчилан тохиролцсоны дагуу буцаалт хийх мөнгөн дүнг шилжүүлэх талаар хандсан байдаг. Тухайн албан бичигт ямар нэгэн хариу ирүүлээгүй болно.

Мөн гаалийн байгууллагад Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй гэдэг үндэслэлээр ******* ******* ХХК-ийн нийлүүлэх оношлуур хугацаа алдсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 17.150.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК-д олгохоор, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гаргасан хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг, алдангид 9.562.500 төгрөг, нийт 60.562.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461.965 төгрөгийг, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243.700 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243.700 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК-д олгохоор, хариуцагчийн 2024 оны 03 дугаар 05-ны өдөр 100111600941 дугаартай дансанд тушаасан 243.700 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч ******* ******* ХХК-д олгож,

 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 144/Ш32024/00122 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 144/Ш32024/00233 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: Нэг. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаагүй тухайд:

Шүүх бүрэлдэхүүн:

Хариуцагч "******* *******" ХХК-ийн 2023.01.03-ны өдрийн 01 дугаартай "Буцаалт хийх тухай" албан бичгийг гэрээнээс татгалзах санал гэж үзэж,

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "******* *******" ХХК-ийн зүгээс "******* *******" ХХК-д урьдчилан мэдэгдэлгүйгээр, барааг хүлээн авах эсэх тухай худалдагч талын зөвшөөрөл авалгүйгээр, ямар нэг хариу хүсэл зориг илэрхийлэх боломж олголгүйгээр гэрээний дагуу худалдан авсан бараагаа нэхэмжлэгч талын оффис дээр аваачиж буулгасан хэргийн үйл баримтыг "...худалдагч тал гэрээний татгалзлыг хүлээн авсан гэж дүгнэсэн". Иргэний хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзах саналыг нөгөө тал хүлээн авсан бол хүлээн авсан тухай мэдэгдэж, эсвэл тодорхой хугацаа тогтоож хариу өгөх эрх татгалзал гаргаагүй талд хуулиар олгогдсон.

"******* *******" ХХК-ийн зүгээс гэрээний татгалзлыг хүлээж авах хариу мэдэгдэл өгөөгүй. Татгалзлыг хүлээж аваагүй. "******* *******" ХХК гэрээнээс татгалзах эсэх хариуг аваагүй, барааг албан ёсоор хүлээлцэж, хүлээлгэн өгөөгүй. "******* *******" ХХК-ийн ажилчид 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "******* *******"ХХК-ийн оффис дээр барааг буулгасан, барааны мэргэжилтэн Мөнхзул түүний оффис дээр нь авчирч буулгасан барааг -20 хэмд хадгалах горим алдагдуулахгүйн тулд эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах зориулалт бүхий хөргүүрт хийсэн үйлдлийг барааг хүлээн авсан, татгалзлыг хүлээн авсан гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон. Гэрээний татгалзлыг хуульд заасан журмын дагуу гаргаж, хуульд заасан журам үйлчилж байж татгалзал хуулийн хүчин төгөлдөр болох учиртай.

Тодруулбал, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд "Гэрээнээс татгалзах" журмыг зохицуулсан. Хариуцагч "******* *******" ХХК нь дээрх хуулийн журмыг хэрэгжүүлээгүй байхад шүүх бүрэлдэхүүн хариуцагч "******* *******" ХХК-ийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй болохыг тодорхой харуулж байна.

Хоёр: Хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 144/ШШ2024/00040 дугаартай шийдвэрийн 10 дахь тал Үндэслэх нь хэсгийн 3-д: "... Дээрхийг дүгнэж үзвэл худалдан авагч "******* *******" ХХК нь гэрээнээс татгалзаж буй саналаа 2023.01.03-ны өдөр 01 дугаартай албан бичгийг хүргүүлж илэрхийлсэн, үүнд худалдагч тал ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй, улмаар гэрээний татгалзлыг хүлээн авч, худалдсан 5000 ширхэг оношлуурыг өөрийн эзэмшилд 2023.01.04-ний өдөр буцаан авсан үйлдлээр илэрхийлэгдэж байна..." гэж үзэж худалдан авагч талыг гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзах эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн гэж дүгнэж Иргэний хуулийн 205.1, 243.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүх бүрэлдэхүүн гэрээнээс татгалзалтай холбоотой хуулийг буруу хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргажээ. Үүнд:

Иргэний хуулийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол үүсэх үр дагаврыг зохицуулсан. Энэ нь гэрээнээс татгалзаж байгаа тал нь хууль буюу гэрээнд заасан журмын дагуу татгалзах ойлголтыг агуулна. Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарны 01-ний өдөр байгуулсан 011222-135 дугаартай "Лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ"-д талууд гэрээнээс татгалзах журмыг зохицуулаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээнээс татгалзах журмыг тохиролцоогүй бол Иргэний хуулиар зохицуулсан гэрээнээс татгалзах журам, үндэслэл үйлчлэх учиртай.

Иргэний хуулийн: 204.1 Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. 204.2 Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана. (******* ******* ХХК нь гэрээнээс татгалзах тухай дахин мэдэгдээгүй.) 209.1 Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.

Дээрх хуулийн зохицуулалтаар нөгөө тал нь хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө гэрээнээс татгалзаж болно гэж зохицуулсан ба "******* *******" ХХК болон "******* *******" ХХК-ын хооронд байгуулсан гэрээгээр нийлүүлэгч тал үүргээ бүрэн биелүүлж барааг худалдан авагч талд 100 хувь нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл худалдан авагч тал гэрээнээс татгалзахаас өмнө худалдагч тал үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн. Худалдагч талын үүрэг дуусгавар болсон. Энэ тохиолдолд худалдан авагч тал гэрээнээс татгалзах эрхгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан. Нэхэмжлэгч "******* *******" ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний ямар нэг үүргийг зөрчөөгүй. Гэрээний дагуу нийлүүлэх барааг гэрээнд заасан хугацаанд бүрэн нийлүүлсэн. Хариуцагч "******* *******" ХХК-ийн буцаалт хийх албан бичигт " БНХАУ-ын Засгийн газар, Өмнөговь аймгийн Цагаан хадны шуурхай штабын шийдвэрээр 2022.12.30-ны өдрөөс Цагаан хад дахь суурьшлын бүсийн нүүрс тээврийн жолооч нараас ПГУ шинжилгээ авахгүй болсноос үүдэн манай компанийн үйл ажиллагаа зогсож байна. Иймд авсан бараагаа буцааж байна..." гэсэн байх ба барааг буцаах, гэрээнээс татгалзах асуудалд худалдагч тал буюу "******* *******" ХХК буруугүй болохыг энэхүү албан бичиг нотолно.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг, 205 дугаар зүйлд татгалзсанаас үүсэх үр дагаврыг, 209 дүгээр зүйлд гэрээнээс татгалзаж болох нөхцөл буюу татгалзал гаргаж байгаа тал нь нөгөө тал үүргээ гүйцэтгэхээс өмнө татгалзаж болохыг зохицуулсан. Үүргээ гүйцэтгэхээс өмнө татгалзаж болно гэсэн хуулийн журам нь үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд татгалзаж болохгүй гэсэн утгыг агуулна. Түүнчлэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах журмыг, 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан. Дээр дурдсан Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан хэм хэмжээнүүд "******* *******" ХХК болон "******* *******" ХХК-ийн хооронд болсон үйл баримтын тухайд худалдан авагч тал буюу "******* *******" ХХК-д гэрээнээс татгалзах хуулиар зохицуулсан эрх үүсээгүй болохыг тодорхой харуулж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Худалдан авагч тал худалдан авсан барааг буцаасан тул урьдчилгаа төлбөрт төлсөн үнийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн: 227.1 Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. 227.2 Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1- д заасан үндэслэл хамаарахгүй гэж зохицуулсан. Гэрээнээс татгалзах болсон үндэслэл нь "******* *******" ХХК-аас шалтгаалаагүй, БНХАУ-ын Засгийн газрын шийдвэр гарч цаашид оношлуур хэрэглэх шаардлагагүй болсон учир барааг буцаасан түл "******* *******" ХХК гэрээнээс татгалзсаны хохирлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Дээр дурдсан хуулийн журмууд, талууд хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад болсон үйл баримтыг дүгнэхэд анхан шатны шүүх хариуцагч буюу "******* *******" ХХК-ийн татгалзал хуулийн дагуу хэрэгжсэн гэж үзэж Иргэний хуулийн 205.1-д заасан журмыг баримтлан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар үүссэн гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Эцэст нь дурдахад талууд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, иргэний хууль болон гэрээнд заасан журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэрээ байгуулсан хэн нэг этгээд "... манай тал худалдан авсан бараагаа хэрэглэх шаардлагагүй боллоо..." гээд худалдан авсан бараагаа буцаах, гэрээнээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа, бизнесийн харилцаа үүссэн, бараа захиалсан, нийлүүлэгч тал барааг нийлүүлсэн, худалдан авагч тал нийлүүлсэн барааны үнийг төлөх л үүрэгтэй. Худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан этгээд өөрийн үйлдэл, шийдвэрийнхээ үр дагавар, хариуцлагыг хүлээх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт ******* төгрөг, алданги 9 562 500 төгрөг, нийт ******* төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд хандан гаргасан байна.

Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 17 150 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг ******* ******* ХХК-д холбогдуулан гаргажээ.

******* ******* ХХК болон ******* ******* ХХК-нар нь 2022 оны 12-р сарын 1-ний өдөр Лаборторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр ************** ХХК нь 80 хайрцаг буюу 8000 ширхэг оношлуурыг нэг хайрцгийг 1,450,000.00 төгрөгөөр нийлүүлэх, ******* ******* ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, үнийг төлөх үүрэг тус тус гэрээгээр хүлээжээ.

 ************** ХХК нь 2022.12.28-ны өдөр ******* ******* ХХК-д оношлуурыг нийлүүлж, ******* ******* ХХК нь эхний 3000 оношлуурын үнийг хөнгөлөлтгүй үнээр бүрэн төлсөн ба 3000 ширхэг оношлуур дээр талууд маргаангүй байна.

 Үлдсэн 5000 ширхэг оношлуурыг үндсэн үнээс 6 хувиар хөнгөлж нийлүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 17,150,000.00 төгрөгийг ******* ******* ХХК нь төлсөн байна.

5000 ширхэг оношлуурын нийт үнэ 68,150,000.00 төгрөг ба урьдчилгаа төлбөрт төлсөн 17,150,000.00 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 51,000,000.00 төгрөгийг, алданги 9 562 500 төгрөгийн хамт нийт 60, 562, 500 төгрөгийг ************** ХХК нь ******* ******* ХХК-иас нэхэмжилжээ.

 ******* ******* ХХК нь 2023.01.04-ний өдөр 50 хайрцаг буюу 5000 ширхэг оношлуурыг Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандар баатарын гудамж 32, Гялс төв хаягт байрлах тус компанийн агуулахад хүлээлгэн өгч улмаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн үнэ болох 17,150,000 төгрөгийг ************** ХХК-иас нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Лабораторийн урвалж оношлуур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 Худалдан авагч ******* ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай БНХАУ-ын Засгийн газар, Өмнөговь аймгийн Цагаан хадны шуурхай штабын шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Цагаан хад дахь суурьшлын бүсийн нүүрс тээврийн жолооч нараас ПГУ шинжилгээ авахаа больсоноос үүдэн манай компанийн үйл ажиллагаа зогсож байна. Иймд 12 сарын 28-нд авсан ...нийт 50 хайрцагийг буцааж байна. Мөн танай байгууллага руу урвалжийн төлбөрөөс шилжүүлсэн 17.150.000 төгрөгийг манай ХААН банкны 5124057803 тоот дансанд шилжүүлж өгнө үү гэх албан бичгийг худалдагч ******* ******* ХХК-д хүргүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхзул нь өөрийн компанийн агуулахад лацтай, 5.000 ширхэг оношлуурыг буцаан хүлээн авсан болох нь ******* ******* ХХК-ийн албан бичиг, зохигчийн тайлбар, гэрч Л.Амарбаясгалангийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн: ******* ******* компанийн оффист бараагаа аваачиж өгсөн. ...Бараагаа аваачаад би цуг өргөж оруулаад, ороод очиход нягтлан нь цайндаа гараад явсан байсан, хүлээж байгаарай гэсэн. Хүлээж байгаад нягтланг нь орж ирэхэд үүдэнд нь авчраад тавьсан байж байгаад, нягтлангийнх нь авчраад тавьчих гэсэн газар нь аваачиж өгөөд, манай Д.Хонгорзул эмч тоолоод, 5.000 мянган ширхэг байна гээд хүлээлгэж өгөөд гарсан, нягтлан нь өөрөө тоолж аваад үлдсэн...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхзулын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн: ******* ******* ХХК-ийн авчирсан гээд байгаа бараа бүтээгдэхүүн манай агуулахын оффист буусан. Гялс барилгын 2 давхарт манай оффис байдаг. Агуулах Б1 давхарт байдаг. Барааг буулгахдаа манайх буцаах гэж байгаа гээд хоёр хүн орж ирсэн. Буцааж авчирч байгаа оношлуур тусгай температурт байх ёстой бараа, хасах 20 хэмд хадгалах ёстой. Би хайрцгийг онгойлгож хараад -20-д хадгалах учраас удаан тасалгааны температурт байлгаж болохгүй учраас хөргүүртээ хийсэн байгаа. Миний үүрэг бараа, материалын мэргэжилтэн учраас ямар төрлийн хэдэн ширхэг бараа байна вэ гэдгийг нүдээр харж авсан. Нийт 2 төрлийн оношлуур байсан. Пиа Яиь аззау 40 ширхэг, тазТег аззау нь 10 ширхэг байсан. Хадгалах ёстой температур нь -20 градуст хадгалах ёстой. Дуусах хугацааг тухайн үед хараад цээжилж авсан. 10 ширхэг Маз1ег аззау нь 2023 оны 04 сард дуусахаар байсан. 40 ширхэг Пиа Т1иЬ нь 2023 оны 09 дүгээр сарын 09-нд дуусахаар байсан. Лац нь задраагүй, бүрэн бүтэн, 50 хайрцаг гэдэг нь 5.000 ширхэг оношлуур байсан. Оношлуур буцаая гээд авчихаар нь би борлуулалтын менежер Б.Уянга эгчтэй холбогдсон. ******* ******* ХХК-ээс оношлуураа буцаая гэнэ гээд тэгэхэд ямар оношлуур байна гээд надаас асууж байсан. Тухайн үед -20 оношлуур байна гэсэн чинь наадах чинь удаан тасалгаанд байлгаж болохгүй шүү дээ. Чи хөргүүрт гялс хий, агуулахдаа хүлээгээд авчих гэхээр нь би за гээд хүлээж аваад ******* *******-ийн 2 хүн буцаад гараад явсан, оношлуур хүлээлцсэн акт бол үйлдээгүй...гэх мэдүүлгээр тус тогтоогдож байна. /шүүх хуралдааны тэмдэглэл ХХ-ийн р хуудас/

 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "******* *******" ХХК-ийн зүгээс гэрээний татгалзлыг хүлээж авах хариу мэдэгдэл өгөөгүй. Татгалзлыг хүлээж аваагүй. "******* *******" ХХК гэрээнээс татгалзах эсэх хариуг аваагүй, барааг албан ёсоор хүлээлцэж, хүлээлгэн өгөөгүй. гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэв.

 Түүнчлэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, иргэний хууль болон гэрээнд заасан журмын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэрээ байгуулсан хэн нэг этгээд "... манай тал худалдан авсан бараагаа хэрэглэх шаардлагагүй боллоо..." гээд худалдан авсан бараагаа буцаах, гэрээнээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа, бизнесийн харилцаа үүссэн, бараа захиалсан, нийлүүлэгч тал барааг нийлүүлсэн, худалдан авагч тал нийлүүлсэн барааны үнийг төлөх л үүрэгтэй. Худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан этгээд өөрийн үйлдэл, шийдвэрийнхээ үр дагавар, хариуцлагыг хүлээх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдол гаргасан боловч худалдан авагч ******* ******* ХХК нь гэрээнээс татгалзаж буй саналаа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай албан бичгээр хүргүүлж, улмаар 5.000 ширхэг оношлуурыг хариуцагчийн эзэмшлийн агуулахад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буцаан хүлээлгэн өгсөн, өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр гэрээний саналыг хүлээн авсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Ийнхүү энэ өдрөөс эхлэн дээрх тооны оношлууруудыг ******* ******* ХХК-ний эзэмшилд шилжүүлсэн бөгөөд өөрийн эзэмшилд шилжсэн эд зүйлийн үнийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

 Өөрөөр хэлвэл талуудын хооронд байгуулагдсан Лабораторийн урвалж оношлуур худалдах, худалдан авах гэрээнээс худалдан авагч тал болох ******* ******* ХХК нь татгалзсан байна, талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх нь зүйтэй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 144/ШШ2024/00040 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 Л.УГТАХБАЯР