| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0151/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т овогт Б-ийн Од холбогдох эрүүгийн 19100 0083 0057 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дуурийн дуулаач мэргэжилтэй, Хилийн цэргийн чуулгат дагалдан ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хорооллын 615 дугаар байрны 35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ийн О /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хорооллын 615 дугаар байрны 35 тоотод хамтран амьдрагч Б.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн урд, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, 2 талын завжинд шарх, цус хуралт, зүүн шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих
зүйл байхгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Тухайн үед оройтож ирэхээр нь би уурлаад эхнэрээ гараараа цохиж, хоолойг нь боож зодсон нь үнэн. Бид хоёр хамтран амьдраад 4 жил болж байна, дундаасаа нэг охинтой. Би хэрэг болох үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0083 0057 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-ийн хохирогчоор өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны шинэ жилийн арга хэмжээ болж, би оролцсон юм. Тэгээд шөнө 02 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд нөхөр маань хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь 88090582 дугаарын утас руу нь залгаж хаалга нээхийг шаардахад нээхгүй удаж байгаад хаалгаа нээж, үгийн зөрүүгүй намайг “оройтож, архи үнэртүүлсэн байдалтай ирлээ” гэх шалтгаанаар миний зүүн шанаа тус газарт гараа атгаж байгаад хүчтэй нэг удаа цохисон. Би тухайн үед баруун талаараа хана мөргөсөн, тэгэхэд миний хоолойг боож газар унагааж дээрээс цохиод байсан. Тэгээд ам руу гараа хийж татаад байсан, би босоод аль болох холдоод охинтойгоо явах гэхэд гаргахгүй байсан. Миний хамарнаас цус гарсан болохоор ариун цэврийн өрөөнд орж, цусаа угааж ах руу ярьж тусламж дуудах гэхэд миний үснээс зулгааж чирж гаргасан. Тэгээд хоолой боож унагаахад би ухаан алдсан. Нэг мэдэхэд нойтон алчуур миний цээжин дээр тавьсан байсан. Тэгээд “би чамайг алж чадна, чамайг алчихвал хэн чиний амийг нэхэх юм бэ” гээд байсан.
Тухайн үед хөрш айлын хүмүүс цагдаад дуудлага өгсөн юм байна лээ, шатаар хүн өгсөх чимээ гарах үед миний болон охины амыг таглаад “чимээгүй бол” гээд байхаар нь би гарнаас нь мултарч гараад хаалгаа дотор талаас нь тогшиж, арай гэж хаалга нээлгэсэн юм. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Миний баруун нүд хөхөрч хавдаад зүүн нүдний дээд хэсэгт хөхөрч хавдсан. Баруун гуяны ард хэсэгт хөхөрч хавдсан. Өөр гэмтэл, шарх учраагүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг тухайн өдөр манай нөхөр Б.О намайг зодож учруулсан. Дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-11х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 0 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 779 дугаартай:
1. Б.Ц-ийн биед тархи доргилт, зүүн чамархайн урд, духны зүүн хэсэг, шанаа, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүний зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, хоёр талын завжинд шарх, цус хуралт, зүүн шуу, баруу гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,
3. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хэргийн 52-55х/,
4. Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ Өргөө хорооллын 615 дугаар байрны 35 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Тухайн хэрэг болох өдөр Б.Ц- орой 01 цагийн үед утасдаж “юу хийж байна, охиноо унтуулсан уу” гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ, утсаа авдаггүй шигээ явахгүй юу” гэж хэлэхэд “надад мөнгө өг, тэгээд би явна” гэсэн.
Би Б.Ц-ийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлээд гэртээ унтаж байхад 03 цагийн орчим хаалга цохиод байхаар нь очоод хаалгаа нээхэд гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би нүүр рүү нь нэг удаа алгадахад миний нүүрийг маажихаар нь ор рууу түлхээд унагаасан. Б.Ц- газар байсан шилээр миний толгой руу нэг удаа цохисон юм. Би шилийг булааж аваад гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед гаднаас цагдаа орж ирсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Манай өрхийн орлого нийт 1.850.000 төгрөг. ...Бид хоёр танилцаад 8 жил болж байгаа бөгөөд нэг гэрт ороод 1 жил болж байна. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа 3 настай нэг охинтой. Би урьд өмнө Б.Ц-ийг цохиж зодсон асуудал байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х, 34-36х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Огийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хорооллын 625 дугаар байрны 35 тоотод хамтран амьдрагч Б.Ц-ийг “архи үнэртүүлэн оройтож ирлээ” гэснээр шалтаглан цохиж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чамархайн урд, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, 2 талын завжинд шарх, цус хуралт, зүүн шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:
- хохирогч Б.Ц-ийн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны шинэ жилийн арга хэмжээ болж, би оролцсон юм. Тэгээд шөнө 02 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд нөхөр маань хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь 88090582 дугаарын утас руу нь залгаж хаалга нээхийг шаардахад нээхгүй удаж байгаад хаалгаа нээж, үгийн зөрүүгүй намайг “оройтож, архи үнэртүүлсэн байдалтай ирлээ” гэх шалтгаанаар миний зүүн шанаа тус газарт гараа атгаж байгаад хүчтэй нэг удаа цохисон. Би тухайн үед баруун талаараа хана мөргөсөн, тэгэхэд миний хоолойг боож газар унагааж дээрээс цохиод байсан. Тэгээд ам руу гараа хийж татаад байсан, би босоод аль болох холдоод охинтойгоо явах гэхэд гаргахгүй байсан. Миний хамарнаас цус гарсан болохоор ариун цэврийн өрөөнд орж, цусаа угааж ах руу ярьж тусламж дуудах гэхэд миний үснээс зулгааж чирж гаргасан. Тэгээд хоолой боож унагаахад би ухаан алдсан. Нэг мэдэхэд нойтон алчуур миний цээжин дээр тавьсан байсан. Тэгээд “би чамайг алж чадна, чамайг алчихвал хэн чиний амийг нэхэх юм бэ” гээд байсан.
Тухайн үед хөрш айлын хүмүүс цагдаад дуудлага өгсөн юм байна лээ, шатаар хүн өгсөх чимээ гарах үед миний болон охины амыг таглаад “чимээгүй бол” гээд байхаар нь би гарнаас нь мултарч гараад хаалгаа дотор талаас нь тогшиж, арай гэж хаалга нээлгэсэн юм. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн.
Миний баруун нүд хөхөрч хавдаад зүүн нүдний дээд хэсэгт хөхөрч хавдсан. Баруун гуяны ард хэсэгт хөхөрч хавдсан. Өөр гэмтэл, шарх учраагүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг тухайн өдөр манай нөхөр Б.О намайг зодож учруулсан. Дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-11х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Б.Ц-ийн биед тархи доргилт, зүүн чамархайн урд, духны зүүн хэсэг, шанаа, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүний зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, хоёр талын завжинд шарх, цус хуралт, зүүн шуу, баруу гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн 2019 оны 0 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 779 дугаартай дүгнэлт /хэргийн 26х/, шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Б.Ц-ийн биед учирсан “тархи доргилт, зүүн чамархайн урд, духны зүүн хэсэг, шанаа, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүний зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, хоёр талын завжинд шарх, цус хуралт, зүүн шуу, баруу гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.О түүнийг гараараа цохих, хана мөргүүлэх, хоолойг нь боох, өшиглөх зэргээр цохиж зодсон нэг бус удаагийн үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагвар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Б.Ц-, шүүгдэгч Б.О нар нь хамтын амьдралаар амьдардаг, дундаасаа охинтой, гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтын амьдралаар амьдарч буй хамтран амьдрагч нар болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд юм.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн хамтран амьдаргч Б.Ц-ийг “архи үнэртүүлж, оройтож ирлээ” гэх шалтгааны улмаас алгадаж, зодож, улмаар бие эрх чөлөөнд нь халдан цохиж, зодон бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч Б.Ц- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 13х/ гэдгээ илэрхийлэн гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Огээс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 39х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.О-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Б.Ц- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Б-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Б.Ц- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД