Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ийн Б-од холбогдох эрүүгийн 18100 2009 0906 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Соёлмаа, хохирогч Г.Т, хохирогчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Этүгэн дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 65 дугаар байрны 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З овогт Б-ийн Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа Г.Т-г “тамхи нэхлээ, надаас холд” гэх шалтгаанаар барьж авч, шидэж газарт унагаан эрүүл мэндэд нь “хоншоор ясны түүшин хэсгийн зөрүүтэй хугарал, дээд үүдэн голын хоёр шүдний /21, 11/ булгарал, баруун дээд 2, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, язрал, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед баарны гаднах байдлыг харах зорилгоор гарж явтал манай хамгаалалтын албаны дарга Энхмандах нь Тг “их хэмжээний согтолттой байна, баарнаас гаргачих, дахиж битгий оруулаарай” гэж хэлэхээр нь би гаргаж явуулах гэхэд надаас тамхи нэхсэн. Т надад “ална шүү, түлхүүрээр цохиж нүдийг чинь нухална шүү” гэж хэлээд миний баруун шуунаас барихаар нь түлхүүрээрээ цохих гэж байна гэж бодоод зууралдаж байхад Т ах газар унасан.

Би Т ахыг өшиглөж унагаагүй, түлхээгүй. Тэгээд Т ах цагдаа дуудсан байсан ба цагдаа ирээд зөрчил гараагүй учраас буцаад явсан. Би шөнийн цагаар ажил хийдэг оюутан хүн. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа Т ах надад эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгчих гэж хэлж байсан.

Би архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Тухайн өдөр хохирогч маш их согтолттой байсан. Шинжээчийн дүгнэлтэд шүд хугарсан гэж дурдагдсан байна, шүд хугарсан тохиолдолд ямар хэмжээний цус гарах талаар тодруулах хүсэлттэй байсан. Би хохирогчид хохирол төлбөр төлөөгүй. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байгаа. Би хэрэг болох өдөр хамгаалагчаар хамгаалалтын албанд ажиллаж байсан бөгөөд албаны даргын өгсөн үүргийг биелүүлсэн. Тухайн үед хохирогчийн шүд нь хугарсан байсан бол би буруугаа хүлээх байсан, тийм зүйл ажиглагдаагүй. Мөн би харааны шилээ зүүгээгүй байсан ба миний хараа +9-өөс +10 байдаг.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Хохирогч Г.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийн хоёр найзтайгаа Минт бааранд орж үйлчлүүлсэн. Манай хоёр найз “гадагшаа гараад ирье” гэж хэлээд гараад явсан. Би бааранд ганцаараа сууж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас унтсан байсан. Нэг сэрсэн чинь бааранд ганцаараа, маш их согтолттой байсан. Би Б.Б-од “түлхүүрдэнэ шүү” гэж огт хэлээгүй, тамхи асуусан нь үнэн. Тамхи асуух гээд очиход намайг үүрч аваад шидсэн. Би энэ залуутай нэрийг нь асуух зорилгоор очиж танилцсан. Газар шидүүлснээс болоод миний үүдэн хоёр шүд гэмтсэн. Хохирол төлбөрийн хувьд шүдний эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг нэхэмжилж байна.

Тухайн шөнө би согтуу хадам аавын гэрт очсон байсан ба хамгаалагчтай маргалдаж байсан талаар санаж байгаа. Би маш их хэмжээний согтолттой байсан учир “тэр хүн чинь хаана байгаа вэ” гэж асуухад цагдаад хэлж чадаагүй. Өөр хүнтэй маргалдсан асуудал болоогүй. Хоншоорын ястайгаа хамт шүд хугарсан учраас бага хэмжээний цус гарсан байх. Шүд хугарсан талаар газарт унасныхаа дараа мэдсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2009 0906 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Т-гийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 22:00 цагийн үед найз Дамдинжав, Батнасан, Оюунхүү нартай Хүүхдийн 100 орчимд байрлах бааранд уулзаж, 0.5 литрийн задгай пиво хүн тус бүр 2-3 ширхэгийг уусан. 24:00 цагт баар хаалаа гэхээр нь бид нар гарч “Минт” диско баар руу такси барин найз Дамдинжав, түүний эмэгтэй найз нарын хамт очоод 0.33 литрийн Хайнекан пиво хүн тус бүр 1 шилийг захиалж уусан. Би бааранд Эрдэнэбат гэдэг найзтайгаа таарч 0.7 литрийн Балантайс нэртэй виски захиалж, Эрдэнэбаттай хамт явж байсан найзуудтай нь хувааж ууж дуусаад сууж байтал Эрдэнэбат “би найз нараа аваад явлаа” гээд яваад өгсөн. Дамдинжав, найз эмэгтэйгийнхээ хамт “тамхи татаад ирье” гэж гараад ирэхгүй удаад байхаар нь би ширээн дээр байсан архинаас 1 хундага ууснаа санаж байна.

Нэг мэдэхэд баарны хамгаалагч “гар” гээд гадаа гаргасан, гадаа байсан хамгаалагч тамхи татаад зогсож байхаар нь би “тамхинаасаа өгөөч” гэхэд өгөөгүй, би “мөнгөөр нь тамхи өгчих” гэж хэлэх санаатай дахин дөхөж очоод гарнаас нь татахад намайг мөрнөөс зуурч эргүүлээд газар шидчихсэн. Тэгээд би босож ирэхэд амнаас бага зэрэг цус гараад, үүдэн дээд 2 шүд байхгүй, унасан байсан. Би нөгөө хамгаалагч залуу дээр очиход “надаас хол бай” гэхээр нь тамхинаас нь дахин нэхэхэд хамгаалагч залуу татаж байсан тамхиа өгөөд баар руу яваад орсон. Би нилээн хугацаа өнгөрсөний дараа араас нь орох гэхэд нөгөө хамгаалагч залуу “оруулахгүй” гээд зогсож байхаар нь би царайг нь сайн хараад, өөр рүү нь заагаад буцаж гарч гэртээ харьсан.

Хамгаалагч залуу намайг цементэн зам дээр шидэхэд би өвдөглөж унаад 2 гараараа тулж, амаараа цементен шал мөргөж үүдэн 2 шүд булгарч унасан. Хэрэг болох үед би бага зэргийн ухаантай байсан.

...Би гомдолтой байна. Баарны хамгаалагч залуутай цагдаагийн хэлтэр дээр тааралдахад амьдрал хүнд байдаг талаар яриад буруугаа хүлээхээр нь би түүнийг бодоод эмчилгээний зардлын 4.500.000 төгрөгнөөс 2.500.000 төгрөгийг нь нэхэмжилсэн. Тэгтэл тэр залуу намайг өөрөөр яриад байгаа бол би хохирол төлбөрөө бүрэн буюу 4.500.000 төгрөг нэхэмжилнэ. ...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Уг хэргийн улмаас унасан хоёр шүднийхээ оронд “Сонне” шүдний эмнэлгээр хугарсан хоншоор ясандаа яс нөхүүлэн, шүд суулгах суурь төмрөө буйл ясандаа суулгуулсан байгаа. Одоо энэ төмөрийг авахуулж, оронд нь таарсан шүдийг хийлгэхээр захиалга өгсөн. Уг хоёр шүдийг хийлгэх эмчилгэний зардал 4.500.000 төгрөг болж байна. Үүнийг би нэхэмжилж байна. Намайг Б авч шидэн, газар унагаахад надтай хамт хүн байгаагүй. Би ганцаараа байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 18-19х, 39х/,  

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Машбаярын гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 24-ний орой 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл 12 цагаар “Арцат-112” чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр олон дуудлагатай байсан. Би 2 удаа бүтэн наркозонд орсон болохоор одоо тухайн үед болсон асуудлыг санахгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн томилгоо болон “Минт” клубын хяналтын камерын бичлэг зэргийг үзэхэд би “Т гэгч нь бусдад зодуулсан” гэх дуудлагад очиж, хохирогч залуутай уулзсан нь харагдаж байна. Гэхдээ тухайн үед Т гэгч залуугийн эрүүл мэндэд ямар хохирол учирсан байсныг одоо санахгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Дамдинжавын гэрчээр өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед найз Т, Батнасан, Оюунхүү болон Оюунхүүгийн найз Мөнхчимэг нартай Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим байх пабд уулзсан. Бид 500 граммын савалгаатай, задгай пиво тус бүр 2-3 ширхэгийг ууж, нилээн ярилцаж суусан. Ингээд Батнасан, Оюунхүү нар яваад Т, Мөнхчимэг бид гурав үлдсэн. Шөнийн 00 цаг өнгөрч байхад сууж байсан пабнаасаа гарч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” нэртэй пабд очоод Тгийн найз Эрдэнэбаттай тааралдаж, 750 граммын савалгаатай, нэг шил виски хувааж уугаад бүжиглэсэн. Тухайн үед би нилээн согтоод, Мөнхчимэгтэй хамт гадагшаа гарч тамхи татчихаад, бид хоёр буцаж оролгүй Тг орхиод манай гэр рүү явсан.

Түүнээс хойш ямар асуудал болсоныг мэдэхгүй байна. 1-2 хоногийн дараа Ттэй ярихад “бөөн хэрэг мандсан, би үүдэн хоёр шүдгүй болсон, толгойгоо компьютер томографид харуулах хэрэгтэй байна” гэсэн зүйл ярьсан. Тухайн өдөр би өөрөө согтуу байсан болохоор Тг хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй, ямар ч байсан бааранд байж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,  

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Энхмандахын гэрчээр өгсөн:

“...Би 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд “Чин хута өндөр” ХХК-ийн “Эрчим” хамгаалалтын албанд салбарын менежерээр ажиллаж байсан.

2018 оны 08 дугаар сарын 25-ны шөнө хамгаалагч нар долгионы станцаар “дотор муудалцаад байгаа нэг хүнийг гаргаж байна” гэж хэлээд байж байхад 2 давхарын шатан дээр түрүүний гаргасан хүн буцаж орж ирээд “орно” гээд хэл ам хийгээд байхаар нь би очиход 30 орчим насны, хар бараан өнгийн хувцастай залуу байсан.

Би тэр залууд “өнөөдөр чамд үйлчлэх боломжгүй, чи дотогшоо орохоор хүмүүстэй маргалдаад байна, чи их согтолттой байна” гэж хэлээд бугуйнд нь байсан таксыг нь тасалж аваад хамгаалагч Бод “энэ хүнийг гарга” гэж хэлсэн. Б тэр залууг хойноос нь тэвэрч гаргаад удалгүй орж ирсэн. Түүнээс нэг цаг орчимын дараа нөгөө согтуу залуу гаднаас орж ирсэн ба аль нэг завьжнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан.

Тэгээд тэр залуу “гомдолтой байна, танай хамгаалагч намайг зодсон” гээд Быг заасан. Тухайн үед тэр залуу нилээн согтуу, бараг тасарчихсан шахуу байсан ба түүний аль нэг завьжнаас бага зэрэг цус гарсанаас өөр ил харагдах шарх, гэмтэл гэх зүйл ажиглагдаагүй. Би Боос “юу болсон бэ” гэхэд “би энэ залууг цохиж зодсон зүйл байхгүй, аль түрүүн баарнаас гаргасан” гэж хэлсэн.

Тэгээд би тэр залуутай ярилцаж байгаад “манайх хяналтын камертай юм чинь, цагдаад гомдолоо гарга”  гэж хэлээд баарнаас гаргаж явуулсан. Тухайн үед тэр залуугийн шүд бүрэн бүтэн байсан эсэхийг анзаарч хараагүй. Тэрээр “танай хамгаалагч намайг зодсон” гэснээс өөрөөр яаж гэмтсэн гэдгээ хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-66х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10450 тоот актын:

1. Г.Тгийн биед хоншоор ясны түүшин хэсгийн зөрүүтэй хугарал, дээд үүдэн голын хоёр шүдний /21, 11/ булгарал, баруун дээд 2, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, язрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 25х, 27х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэлд:

“..Шинжээчийн 10450 дугаартай дүгнэлтэд дурдагдсан хоншоор ясны түүшин хэсгийн хугарал нь 2 ба түүнээс дээш зэрэгцээ байрласан шүдний хугарлын улмаас үүсэх боломжтой. Тийм болохоор шүдний булгаралын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь авч шидэхэд нүүрээрээ газарт унаж, шүдэнд гадны хүч үйлчилсэний улмаас үүснэ. Хоншоор ясны түүшийн хэсгийн хугарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53х/,

 

7. Хэрэг гарсан өдрийн “Минт” баарны орчмын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 2 ш диск, хохирогчоос гаргасан компьютер томографийн зургийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 56-57х, 58-59х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би “Минт” баарны “Эрчим” хамгаалалтын албанд хамгаалагчаар 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм. 2018 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн үед хамгаалагчаар ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан Энхмандах “хүнийг дарамталж, хэл амаар доромжилсон асуудал гаргасан, үйлчлэх боломжгүй” гээд нэг үйлчлүүлэгч залууг надад өгөөд “энэ хүнийг гаргачих, дотор хүнийг хэл амаар доромжлоод асуудал гаргаад байна. Үйлчлэх боломжгүй, дахиж оруулж болохгүй шүү“ гэж хэлсэн. Үүний дагуу тэр хар өнгийн савхин хүрэмтэй залууг аваад баарнаас гаргаад тамхи татаж байхад тэр залуу ирээд “тамхи өгчих” гэхээр нь “би тамхи өгөхгүй, өөрөө худалдаж ав” гэсэн.

Тэгэхэд нөгөө залуу “нүдийг чинь түлхүүрдэнэ шүү” гэхээр нь “та яв, надаас холд” гэхэд нөгөө залуу нэг хэсэг юм ярилгүй, тэр хавиар байж байсанаа дахиж ирээд миний баруун гарын шуунаас базаад “одоо чамайг түлхүүрдэнэ” гэхээр нь би тэр залуугийн гарыг өчөөд, гарт байгаа түлхүүрийг нь авъя гэж бодсон боловч хүч хүрэхгүй байсан болохоор тэр залуугийн өмдний тэлээ, бүсэлхий орчимоос нь барьж байгаад газар унагаагаад гарыг нь үзэхэд түлхүүр байгаагүй.

Тэгэхээр нь би холдоод тамхи татсан газраа байж байхад нөгөө залуу ирээд “ажилд чинь хүндрэл учруулсан бол уучлаарай” гээд надтай танилцахаар нь би нэрээ хэлээд хоорондоо жоохон юм ярьж байгаад салсан. Тэгэхэд тэр залуу Баянмонгол хороолол руу явган явж байх шиг байсан. Үүнээс 30-40 орчим минутын дараа би “Минт” баарны 2 давхарын таксан дээр Энхмандахтай хамт зогсож байхад нөгөө миний унагаасан залуу хүрч ирээд “баар руу оръё” гэхээр нь “оруулах боломжгүй” гэсэн. Тэгтэл “Намайг хүмүүс зодох гээд байна. Би ороод найзуудыгаа дуудчихаад ирье” гэхээр нь “та цагдаад мэдэгд” гээд оруулаагүй. Тэр залуу намайг занаж нэг юм хэлчихээд, буцаад яваад өгсөн ба дахиж үзэгдээгүй.  Би тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Би өөрөө хараа муутай хүн болохоор тэр залуугийн түлхүүрийг нь булааж авахаар гарыг нь өчөөд хүчрэгдэхгүй болохоор нь Тгийн гартай нь ноцолдоод, тойрч эргүүлээд газар унагаасан. Тойрч эргэлдэх хүчинд Т цементэн талбай дээр унасан. Тэр залуугийн тэлээ бүсэлхийнээс нь барьж байгаад унагаасан, яг яаж унагааснаа санахгүй бйана. Би тэр залуутай маргалдсан зүйл байхгүй, урьд өмнө түүнийг таньдаггүй байсан.

Миний ойрын хараа муу бөгөөд нэг нүд +4.5, нөгөө нүд +5-ын шил зүүдэг. Тухайн үед би шилгүй ажиллаж байсан. Мөн Тгийн амнаас цус гарсан эсэхийг би анзаараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х, 48х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой “Этүгэн” Их Сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн тодорхойлолт /хэргийн 31х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 32х/, шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63х/ баримт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 75х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Минт” баарны хамгаалалтын албанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа тус газарт үйлчлүүлсэн Г.Тг “хэт их согтуурхан, хэвийн бус байна” гэх шалтгаанаар үйлчилгээний танхимаас гаргасны дараа Б.Б нь тамхилан Минт баарны гадна талбайд зогсож байхад нь Г.Т нь түүнээс тамхи нэхэхэд тэрээр байхгүй гэж татгалзсан, улмаар дахин тамхи нэхэж, явах гэхэд нь гарын шуунаас барьж татах үед  шүүгдэгч нь хохирогч Г.Тг барьж дүүгүүрдэн эргүүлж газарт унагаснаас хохирогчийн биед “хоншоор ясны түүшин хэсгийн зөрүүтэй хугарал, дээд үүдэн шүдний голын хоёр шүдний /21,11/ булгарал, баруун дээд 2, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, язрал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаандд шинжлэн судлагдсан:

- хохирогч Г.Тгийн: “...2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өөрийн хоёр найзтайгаа Минт бааранд орж үйлчлүүлсэн. ...Би Б.Бод “түлхүүрдэнэ шүү” гэж огт хэлээгүй, тамхи асуусан нь үнэн. Тамхи асуух гээд очиход намайг үүрч аваад шидсэн. Би энэ залуутай нэрийг нь асуух зорилгоор очиж танилцсан. Газар шидүүлснээс болоод миний үүдэн хоёр шүд гэмтсэн. Хохирол төлбөрийн хувьд шүдний эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 18-19х, 39х/,

- гэрч Ч.Машбаярын: “...Би 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл 12 цагаар “Арцат-112” чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр олон дуудлагатай байсан. Би 2 удаа бүтэн наркозонд орсон болохоор одоо тухайн үед болсон асуудлыг санахгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн томилгоо болон “Минт” клубын хяналтын камерын бичлэг зэргийг үзэхэд би “Т гэгч нь бусдад зодуулсан” гэх дуудлагад очиж, хохирогч залуутай уулзсан нь харагдаж байна. Гэхдээ тухайн үед Т гэгч залуугийн эрүүл мэндэд ямар хохирол учирсан байсныг одоо санахгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49/,

- гэрч Э.Дамдинжавын: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний орой ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” нэртэй пабд очоод Тгийн найз Эрдэнэбаттай тааралдаж, 750 граммын савалгаатай, нэг шил виски хувааж уугаад бүжиглэсэн. Тухайн үед би нилээн согтоод, Мөнхчимэгтэй хамт гадагшаа гарч тамхи татчихаад, бид хоёр буцаж оролгүй Тг орхиод манай гэр рүү явсан. ...1-2 хоногийн дараа Ттэй ярихад “бөөн хэрэг мандсан, би үүдэн хоёр шүдгүй болсон, толгойгоо компьютер томографид харуулах хэрэгтэй байна” гэсэн зүйл ярьсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/, 

- гэрч Б.Энхмандахын: “...2018 оны 08 дугаар сарын 25-ны шөнө хамгаалагч нар долгионы станцаар “дотор муудалцаад байгаа нэг хүнийг гаргаж байна” гэж хэлээд байж байхад 2 давхарын шатан дээр түрүүний гаргасан хүн буцаж орж ирээд “орно” гээд хэл ам хийгээд байхаар нь би очиход 30 орчим насны, хар бараан өнгийн хувцастай залуу байсан.

Би тэр залууд “өнөөдөр чамд үйлчлэх боломжгүй, чи дотогшоо орохоор хүмүүстэй маргалдаад байна, чи их согтолттой байна” гэж хэлээд бугуйнд нь байсан таксыг нь тасалж аваад хамгаалагч Бод “энэ хүнийг гарга” гэж хэлсэн. Б тэр залууг хойноос нь тэвэрч гаргаад удалгүй орж ирсэн. Түүнээс нэг цаг орчимын дараа нөгөө согтуу залуу гаднаас орж ирсэн ба аль нэг завьжнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Тэгээд тэр залуу “гомдолтой байна, танай хамгаалагч намайг зодсон” гээд Быг заасан. Тухайн үед тэр залуу нилээн согтуу, бараг тасарчихсан шахуу байсан ба түүний аль нэг завьжнаас бага зэрэг цус гарсанаас өөр ил харагдах шарх, гэмтэл гэх зүйл ажиглагдаагүй. Би Боос “юу болсон бэ” гэхэд “би энэ залууг цохиж зодсон зүйл байхгүй, аль түрүүн баарнаас гаргасан” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай ярилцаж байгаад “манайх хяналтын камертай юм чинь, цагдаад гомдолоо гарга”  гэж хэлээд баарнаас гаргаж явуулсан. Тухайн үед тэр залуугийн шүд бүрэн бүтэн байсан эсэхийг анзаарч хараагүй. Тэрээр “танай хамгаалагч намайг зодсон” гэснээс өөрөөр яаж гэмтсэн гэдгээ хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-66х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10450 тоот актын: “Г.Тгийн биед хоншоор ясны түүшин хэсгийн зөрүүтэй хугарал, дээд үүдэн голын хоёр шүдний /21, 11/ булгарал, баруун дээд 2, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, язрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 25х, 27х/,

- шинжээч эмч Т.Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэлд: “..Шинжээчийн 10450 дугаартай дүгнэлтэд дурдагдсан хоншоор ясны түүшин хэсгийн хугарал нь 2 ба түүнээс дээш зэрэгцэээ байрласан шүдний хугарлын улмаас үүсэх боломжтой. Тийм болохоор шүдний булгаралын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь авч шидэхэд нүүрээрээ газарт унаж, шүдэнд гадны хүч үйлчилсэний улмаас үүснэ. Хоншоор ясны түүшийн хэсгийн хугарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53х/,

- Хэрэг гарсан өдрийн “Минт” баарны орчмын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 2 ш диск, хохирогчоос гаргасан компьютер томографийн зургийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 56-57х, 58-59х/,

- шүүгдэгч Б.Бын: “...Би тэр залуугийн гарыг нь өчөөд хүчрэгдэхгүй болохоор нь Тгийн гартай нь ноцолдоод, тойрч эргүүлээд газар унагаасан. Тойрч эргэлдэх хүчинд Т цементэн талбай дээр унасан. Тэр залуугийн тэлээ бүсэлхийнээс нь барьж байгаад унагаасан, яг яаж унагааснаа санахгүй байна. Би тэр залуутай маргалдсан зүйл байхгүй, урьд өмнө түүнийг таньдаггүй байсан...”  гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Г.Тгийн биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хүндэвтэр гэмтэл бүхий хохирол нь шүүгдэгч Б.Б түүнийг барьж авч, шидэн газарт унагааснаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бын хохирогч Г.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэл хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.      

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас: “...хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэх үйл баримттай шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдоогүй,  мөн шүүгдэгч нь хэрэг гарах тухайн цаг хугацаанд ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байсан байхад иргэний хариуцагчаар ажил олгогч байгууллагыг татааагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй зэргээс холбогдох эрүүгийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй” хэмээн санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй юм. Учир нь: шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт илт үндэслэлгүй буюу эргэлзээтэй гэсэн нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь хэрэг гарсан тухай өдөр “Минт” баарны хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан хэдий ч тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй, өөрөөр хэлбэл: хохирогч түүнээс тамхи нэхсэн, өгөхгүй гээд явах гэхэд нь хохирогч шүүгдэгчийн гарын шуунаас зуурч барих үед шүүгдэгч түүнийг барьж авч дүүгүүрдэн газарт унагааснаас хохирогч биедээ гэмтэл авсан, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон тул иргэний хариуцагчаар шүүгдэгч Б.Бод ажил олгогч байгууллагыг татан оролцуулах хуульд заасан үндэслэл үүсээгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх” хүсэлтийг шүүх хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Г.Тгийн эрүүл мэндэд учирсан “...хоншоор ясны түүшин хэсгийн зөрүүтэй хугарал, дээд үүдэн голын хоёр шүдний /21, 11/ булгарал, баруун дээд 2, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, язрал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна. 

 

Хэргийн хохирогч Г.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүдний эмчилгээний зардал 4.500.000 нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээний төлбөр төлсөн орлогын баримт 2 ширхэг баримт сэлтийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж, хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай баримт бичиг, бусад мэдээллийг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.9 дэх заалт, 8.5 дугаар зүйлд заасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх үүрэгт харшлаагүй, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Г.Тгийн эмчилгээний зардлын төлбөрт нэхэмжилсэн 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Боор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 63х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нь архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж, согтуурхан биеэ зүй зохистой авч явж чадаагүй, шүүгдэгчийг өдөж хоргоосон зэрэг нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хохирогчийн “Натур” эмнэлэгт компьютер томографийн оношилгоо шинжилгээ хийлгэсэн гэх рентген зургийг хохирогч Г.Тд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх эхэсг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                               ТОГТООХ нь:

 

1. З овогт Б-ийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон Б.Б-оос 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч .... тоотод оршин суух Ц овогт Г-ын Т /РД:/-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Минт баарны хяналтын камерийн бичлэг бүхий сиди 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, “Натур” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Тд буцаан олгож тус тус шийдвэрлэсүгэй.

 

6. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД