| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0133/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа /тээвэр/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Л-ын Дд холбогдох эрүүгийн 18030 0877 0484 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, хохирогчийн өмгөөлөгч Б.Даваахүү, иргэний хариуцагч “Ай ай жэй эй эй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, өмгөөлөгч Н.Санчиндорж, шүүгдэгч Л.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин ашиглалтын инженер мэргэжилтэй, “Ган шүтээн” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 24-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Л-ын Д /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” хороолол, 24 дүгээр гудамжны 12 тоот хашааны зүүн замд нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;” гэсэн заалтыг зөрчиж, Beiben ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас баригдаж байгаа барилгын блокон хашааг мөргөж, улмаар уг блокон хашаанд явган зорчигч Ж.Т дарагдаж, ам нас хохирсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д-ын өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчимд хашааруугаа орох гэж байхад захирал Эрдэнэбат над руу утасдаж “хөдөөнөөс хоёр машин ирж байгаа, чи хашаандаа оруулаад байлгаж байх уу” гэж хэлсэн. Би хашаанд байсан машиныг гаргах гэсэн боловч машины тоормос ажиллахгүй, урагшаа өнхөрч урд талын блокон хашааг мөргөөд зогссон. Блокон хашааны цаана талийгаач байсныг мэдээгүй. Би 2006 онд жолооч болсон юм. Тэрнээс хойш жижиг болон том тээврийн хэрэгсэл байнга жолоодож байсан. Би техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Талийгаачийн оршуулгын зардал болон бусад хохиролд нийт 6.275.000 төгрөг төлсөн. Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.0 сая төгрөгөөс 7.0 сая төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 3.000.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-аас өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн учир одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би талийгаачийн том хүү нь байгаа юм, насанд хүрээгүй хүүхэд нь байхгүй. Манай ээж Ж.Т нь 4 дүгээр цахилгаан станцад инженер хийж байгаад 2014 оноос хувийн компанид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байсан. Шүүгдэгч Л.Д болон иргэний хариуцагч нараас талийгаачийн оршуулахтай холбоотой, мөн хоног хураахад гарсан зардлыг бүрэн хүлээж авсан. Сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөг нэхэмжилснээс 7.0 сая төгрөгийг хүлээж авсан. Үлдэх 3.000.000 төгрөгийг Д нь даруй төлж барагдуулахаар тохирсон байгаа. Одоо гомдол санал байхгүй. Шүүгдэгч нь залуу хүн, өөрийн алдаагаа ойлгож, ухамсарлаж байгаа тул хорихоос өөр хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалаас өгсөн:
“...Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашин “Ай ай жэй эй эй” ХХК-ийн эзэмшлийн автомашин юм. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн захирал Эрдэнэбат нь өөрийн найз Л.Дын хашаанд 2 машинаа орхиод “худалдаж авах хүн байвал үзүүлж байгаарай” гэж хэлсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл уурхай дээр ажиллаж байхдаа хэвийн ажиллагаатай байсан. Би уг компанид механикийн ажил хийдэг. Манай байгууллагын хувьд Сонгинохайрхан дүүргийн оношилгооны төвийн техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид компаниас оршуулгын зардалд 5.0 сая төгрөг хүлээлгэн өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18030 0877 0484 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-9х, 10-11х, 12-16х/,
2. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, техник ашиглалтын паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа /хэргийн 20х, 128-132х, 183-184х/,
3. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 28-30х/,
4. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 17-19х/,
5. Талийгаачийн өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 24х/,
6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2325 дугаартай дүгнэлтэд:
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:
1/. Гавал тархины гэмтэл: Гавлын орой суурь ясны олон сэлтэрхийт хугарал. Тархины бяцрал. Хатуу хальсны урагдал. Баруун шанаа хацрын төвгөрийн зулгаралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх.
2/. Артерийн судас хатуурах өвчин. Гол судасны товх. Умайн булчингийн хоргүй хавдар. Хүнд зэргийн согтолт.
Дүгнэлт:
1. Талийгаачийн гавлын орой суурь ясны олон сэлтэрийт хугарал, тархины бяцрал, хатуу хальсны урагдал, баруун шанаа хацрын төвгөрийн зулгаралт, барууун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу цохигдох, дарах, шахах үйлдлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинжилгээгээр гол судасны хатуурал, умайн булчингийн хоргүй хавдартай байна. Энэ өвчин нь үхэл хүргээгүй.
4. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтэл гавлын ясны олон сэлтэрхийт хугарал, тархины бяцралын улмаас нас баржээ.
5. Шинжилгээ хийх үед нас бараад 10 орчим цаг болжээ.
6. Цус нь 2-р бүлэг байна.
7. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 136-138х/,
7. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжилгээний 6223 тоот актын:
1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:
- хар цамцанд гарсан 4х4 мм, бор шаргал хүрмэнд гарсан товчны тасарсан гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Хар цамцанд гарсан 4х4 мм хэмжээтэй цоорхой хуучин цоорхой байна. Харин бор шаргал хүрэмний товчны тасарсан гэмтэл шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.
- Хөх өмдөнд гарсан 1.3х1.3 см хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад автомашины дугуйны мөр илрэхгүй байв.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 143-146х/,
8. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11499 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн Ж.Т-ын гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 148х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ы өгсөн:
“...Би талийгаач Ж.Т-ын төрсөн хүү нь байгаа юм. Талийгаачийг Ж-ын Т гэдэг, 1969 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй хүн байсан. Манай ээж элдэв муу зангүй, хүнд аль болох тусалчих гэсэн сэтгэлтэй, ажлыг хийсэн шиг хийдэг хүн байсан. Ээж маань дээд боловсролтой, барилгын инженжер мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-12 тоотод хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. Талийгаач эрүүл саруул, элдэв хууч өвчин байхгүй хүн байсан ба өнгөрсөн зун олгой авахуулсан. Ээж маань хамгийн сүүлд Цайз-16 дугаар хороололд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн их засварын ажил дээр хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсан. Талийгаач осолд орох үедээ гэр рүүгээ харьж байсан юм байна лээ.
Ажил нь хол байдаг учир сургууль дээрээ хонож ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой гэрээсээ гарч, “найзынхаа гэрт очиж хоноод ажил руу явна” гэж хэлээд гарсан. Манай ээж хааяадаа баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Би осол болох өдрийн 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд улбар шар өнгийн Хово маркийн автомашин блокон хашаа мөргөөд, чигээрээ яваад барилгын суурь мөргөж зогссон, цагдаа болон Шүүхийн шинжилгээний машин ирсэн байсан ба нэг эмэгтэй цагдаа зураг дараад зогсож байсан. Би хажуугаар нь зөрж өнгөрөөд гэртээ орсон юм.
Талийгаачийн ажил явдалд ойролцоогоор 15.0 сая төгрөг зарцуулсан. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 99-101х, 103-104х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Батжаргалын гэрчээр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Д-ын гэрт байж байхад Д гэнэт гаднаас чичирсэн, сандарсан байдалтай гүйж орж ирээд “том машинаа оролдож байгаад алдаад хашаагаа дайрчихлаа” гэсэн. Тэгэхэд эхнэр нь гүйгээд гараад явсан ба буцаж орж ирээд “хашааны цаад талд нэг хүн хэвтэж байна шүү дээ” гэхэд Д чичрээд сонин болоод байхаар нь шкафан дотор байсан архины үлдэгдлийг рюмканд хийгээд “энийг уучих” гээд өгсөн юм.
Тэгээд байж байтал Замын цагдаа нар ирж үзлэг, хэмжилт хийсэн. Нэг цагдаа надад “та архи уусан уу” гээд драйгер багаж үлээлгэхэд 0 хувь гарсан. Дараа нь Дыг үлээлгэхэд 0.80 хувийн согтолттой гэж гарсан. Би шкафанд байсан архины үлдэгдлийг хийж өгсөн гэдгээ хэлсэн. Би осол аваарыг хараагүй. Д тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Түүний биеэр нь дүүрэн яр гарсан байсан учир тэрнийгээ эмчлүүлнэ гэж намайг Баянхонгор аймгаас дуудаж авчирсан байсан юм. Би өвчнийг нь эмчлээд 7 хонож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 106х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Сайхан-Уянгын гэрчээр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 19-ний орой гэртээ дөнгөж ирээд байж байхад Д гаднаас орж ирээд “том машиныг хөдөлгөж, зам чөлөөлөх хэрэгтэй боллоо” гээд буцаад гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд “барилгын хашаа мөргөөд, хүний машин эвдчихлээ” гэхээр нь гарсан чинь араас Д гарч ирээд машин дээр очиход машины дугуй нь эргээд хаймар үнэртэй байсан.
“Машинаа унтраагаач” гэхэд “харин унтрахгүй байгаа юм, түлхүүрийг нь хариулахад унтрахгүй. Албадан унтраагч гэдэг юмыг нь гишгээд унтрахгүй, аккумляторыг нь салгахад унтрахгүй байна” гээд миний нүдэн дээр хийж үзүүлээд “лоом аваад ирье” гээд үйлдвэр рүү гүйгээд буцаж нэг ажилчинтайгаа цуг ирээд лоомоор нэг юм хөшиж байгаад унтраасан.
Тухайн үед Д чичрээд зүрхний хэм нь алдагдаад байхаар нь “чи гэрт ороод байж бай, би машинаа хараад зогсож байя” гээд жижиг машиндаа суугаад урд гэрлээ асаагаад сууж байтал хажуугаар 2 хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн явж байсанаа, зог тусаад “энд хүн хэвтэж байна шүү дээ” гээд 2 хүүхдээ татахад нь би сонсож “хаана вэ” гээд буугаад харахад унасан блокны цаана нь нэг хүн толгой нь хашаа руу харсан байдалтай, толгойноос нь цус гарсан, ухаангүй хэвтэж байсан.
Тэгэхээр нь би гэр рүүгээ эргэж ороод “тэнд хүн хэвтэж байна шүү дээ” гэхэд Д улам сандарч, бие нь чичрээд эхэлсэн. Би өөрийн 99095318 дугаарын утаснаас түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түргэн ирээд “нас барсан байна” гээд нарийн цаас өгөөд “цагдаа ирэхээр нь өгөөрэй, дуудлага ихтэй байна” гэж хэлээд яваад өгсөн.
Би осол аваар хэрхэн, яаж болсоныг хараагүй. Д нь жолоо барих “В,С,Е” ангилалын эрхийн үнэмлэхтэй. Тухайн үед Д архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Цагдаа нар ирээд драйгер багаж үлээлгэхэд 0.80 хувийн согтолттой гарсан. Тэгэхээр нь би гайхаад “чи хэдийдээ архи уучихсан юм бэ” гэхэд гэрт эмчилгээ хийлгэхээр Баянхонгор аймгаас ирсэн бариач өвгөн “бие нь чичирч салганаад унах гээд байхаар нь би гэрт байсан архины үлдэгдлийг өгсөн юм” гэсэн. Тэгэхэд нь “та яаж байгаа юм бэ, болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Д согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, хэрэглэсэн бол надад мэдэгдэнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 108-109х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн:
“...Би өөрийн үндсэн ажлынхаа хажуугаар хувиараа гагнуур хийдэг юм. ...2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим санагдаж байна, зааландаа гагнуур хийгээд байж байтал Д сандарсан байдалтай орж ирээд “машин унтраах хэрэгтэй байна, трубаны зүйл байна уу. Машины тормос барихгүй явсаар байгаад хашаа мөргөөд зогсчихлоо” гэсэн. Тэгээд труба авч гараад машин дээр очиход асаалттай, дугуй нь эргээд утаа, хиншүү үнэртэж байсан. Тэгээд шууд машины доогуур нь аппаратурыг нь трубагаар хөшиж унтраасан. Нэг харахад цагдаа нар ирсэн байсан. Би Д хашаа мөргөх үед дотор байсан болохоор хараагүй. Ажлын байран дотор компрессор дуугараад ажлаа хийж байсан болохоор ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Тухайн үед харанхуй болсон байсан болохоор ямар нэгэн хүн хэвтэж байсан нь мөн харагдаагүй юм. Д архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай ажлын байр руу 2-3 удаа орж гарахад архи уусан зүйл мэдэгдээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 111х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Эрдэнэбатын гэрчээр өгсөн:
“...Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашин “Ай ай жэй эй эй” ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа. 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдийн үед санагдаж байна, тухайн автомашиныг зарах зорилгоор Дын хашаанд тавьсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Төв аймгийн постын орчим Д руу утсаар яриад “хот руу орж байна, хашаандаа байгаа Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашиныг жоохон зайчлаад тавьчихаа, 2 ковшоо тавьчихъя” гэсэн. Тэгээд явсаар байгаад ирэхэд осол болоод цагдаа хэмжилтээ хийгээд Дыг аваад явсан байсан.
Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн автомашины эвдрэл, гэмтлийн талаар мэдэх зүйл байхгүй. Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 115х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Золзаяагийн гэрчээр өгсөн:
“...Би талийгаачийн төрсөн охин нь байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 19-ний 15 цагийн үед ээж маань гэртээ орж ирээд “өвлийн хувцасаа авчирлаа” гээд тэрийгээ үлдээгээд цай унд уугаад “таньдаг хүнтэйгээ таарсан, найзтайгаа уулзаад ирье” гээд гараад явсан. Түүнээс хойш уулзалдаагүй. Хэнтэй уулзах талаар нь би мэдээгүй, манай ээж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба “орой ирнэ” гээд явсан. Ээж гэрээсээ гарахдаа дээгүүрээ бор үстэй богино нэхий куртик, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, бор өнгийн зузаан ултай гуталтай, дотуураа улаан эрээн ноосон цамцтай байсан.
2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим гэртээ байж байтал гадаа барилгын хашаа түжигнэх чимээ гарч, машин ээрэх чимээ гарсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад хашааныхаа завсараар харахад Хово машин барилгын хашаа руу урдуураа дайраад орсон байдалтай, эргэн тойронд нь хүмүүс тойроод зогссон байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор очиж хараагүй, эргээд гэртээ орсон. Тухайн машин хэрхэн, яаж хашаа мөргөсөн талаар нүдээрээ хараагүй. 2018 оны 9 дүгээр сард ээжтэйгээ хамт тухайн байгууллагын хашаа руу ороод хаях шороо байгаа эсэх талаар асуухад байхгүй гэж хэлж байсан хүн нь Д байсан юм байна лээ. Өөрөөр түүнийг танихгүй, тухайн осол гарсан газартай ойрхон амьдардаг болохоор сэтгэл санааны хувьд хэцүү байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 113х/,
15. Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашин “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэн, хаана, ямар зорилгоор уг автомашиныг унаж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт уурхай дээр байсан. Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашиныг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай захирал Эрдэнэбат өөрийн найз болох Дын хашаанд зарах зорилгоор аваачиж тавиулсан ба жолоочид нь машины түлхүүрийг үлдээсэн байсан. Би Д-ыг танихгүй, 1-2 удаа зүс харж байсан. Хэний зөвшөөрлөөр Д автомашиныг унасныг нь би мэдэхгүй байна. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд бага хэмжээний эвдрэл учирсан байсан ба уг эвдрэлийн зардалыг нэхэмжлэхгүй. Автомашины урд салхины шил цуурсан, холын гэрэл бүдэг байсан ба тормосны хувьд хэвийн ажиллагаатай, сайн барьж байсан. Мөн тухайн өдөр коонсны дээд аппаратыг сольж, шинийг тавьсан. Өөр бусдаар бол гайгүй байсан. Манай байгууллага буруугүй учир хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардлыг манай байгууллага төлөхөөс татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 119х/,
16. Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 070875 дугаартай:
1. BEIBEN маркийн 39-81 УНГ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Зүүн урд их гэрэл хол ажиллахгүй, ослын дохионы гэрлүүд ажиллахгүй, тэвшний улсын дугаар байхгүй, дугаарын гэрлийн ажиллагаа хэвийн бус, баруун толь доод буландаа хагархай, спидометр ажиллахгүй, салхины шил цуурсан (гол хэсэгтээ), хөдөлгүүр тос гоожилттой, хянах самбарын гэрэл ажиллахгүй, урд буфер баруун хэсэгтээ хонхойсон, урд нүүр баруун хэсэгтээ хагарсан гэх эвдрэл, гэмтэлтэй байна.
3. Ослын дохионы гэрлүүд ажиллахгүй, тэвшний улсын дугаар байхгүй, дугаарын гэрлийн ажиллагаа хэвийн бус, баруун толь доод буландаа хагархай, спидометр ажиллахгүй, салхины шил цуурсан (гол хэсэгтээ), хөдөлгүүр тос гоожилттой, хянах самбарын гэрэл ажиллахгүй гэх эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлөх боломжгүй юм. Урд буфер хэсэгтээ хонхойсон, урд нүүр баруун хэсэгтээ хагарсан гэх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байх гэмтэл юм. Зүүн урд их гэрэл хол ажиллахгүй, спидометр ажиллахгүй, 1-р тэнхлэг тоормосны хүч зүүн талдаа 14.7 кН, баруун талдаа 2.8 кН, зөрүү нь 66.6% (стандарт <30%) 3-р тэнхлэг тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй гэх эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлж болзошгүй гэмтлүүд юм.
4. Зүүн урд их гэрэл холын тусгал дээр ажиллахгүй нь үзэгдэх орчин хангалтгүй үед жолоочид харагдах орчин хязгаарлах байдлаар осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм. Спидометр ажиллахгүй байх нь жолооч тухайн тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй болох учир хурднаас үүдэлтэй зам тээврийн осол үүсч болзошгүй гэмтэл юм. Мөн уг тээврийн хэрэгслийн тоормосны хүч сул, стандарт шаардлага хангахгүй байгаа нь тоормос өрөөлдөж барих, улмаар хальтиргаа гулгаа үүсэх, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм.
5. ABS хийн дамжуулгат тоормосны системтэй.
6. Тоормосны ажиллагаа хэвийн бус байна. Уг хэвийн бус ажиллагааг хэзээ, яаж үүссэн болохыг шинжээч тогтоох боломжгүй юм.” гэсэн дүгнэлт, тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас, техникийн зураг /хэргийн 152-159х/,
17. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 820 тоот:
1. BEIBEN ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь МУ-ын ЗХД-ийн 9.2.-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Жолооч Л.Д автомашиныг хөдөлгөөнд блокон хашаа мөргөх хүртэл 28.5 метр замыг туулсан байдал схем зургаас харагдаж байна. Энэ хооронд жолооч зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой бөгөөд автомашины бүрэн бүтэн байдлын талаар ШШҮХ-ийн 2325 тоот дүгнэлтийн 3, 4-р хариултанд бүрэн хариулсан байна. Мөн жолооч Л.Д нь 2006 онд “В” ангилалын жолооч, 2016 онд “ВСЕ” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байна. Энэ нь ачааны автомашин жолоодох тодорхой хэмжээний туршлагатай байдлыг харуулж байна.
/явган зорчигч Ж.Т нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
2. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн техникийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /ШШҮХ-ийн 2325 тоот дүгнэлтийн 3, 4-р асуултанд тусгагдсанаар/
3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 161-162х/,
18. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 820 дугаартай актын нэмэлт:
1. BEIBEN ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай автомашины “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №070875 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. BEIBEN ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай автомашины “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №070875 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөх үндэслэл болохгүй боловч МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын “А”-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 167-168х/,
19. Амь хохирогч Ж.Тын иргэний үнэмлэх болон нас барсан бүртгэлийн №0000219426 дугаартай гэрчилгээ баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хаас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, хавсаргах баримтуудыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, зардлын баримтууд /хэргийн 33-35х, 41-92х, 93-96/,
20. Шүүгдэгч Л.Даас хохирогчийн хууль ёсны төлөлөгч Б.Хд хохирол төлбөр шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт:
- 2018 оны 11 сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг,
- 2018 оны 11 срын 19-ний өдөр 300.000 төгрөг,
- 2018 оны 11 сарын 28-ны өдөр 500.000 төгрөг,
- 2018 оны 12 сарын 05-ны өдөр 1.480.000 төгрөг,
- 2018 оны 12 сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 6.280.000 төгрөг шилжүүлсэн баримтууд /хэргийн 195-197х/,
21. Иргэний хариуцагч “Ай ай жэй Эй эй” ХХК-ийн төлөөлөгч Б.Түвшинжаргалаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хд 5.0 сая төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай 2018 оны 12 сарын 27-ны өдрийн баримт /хэргийн 198х/,
22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эдийн бус гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.0 сая төгрөгөөс 7.0 сая төгрөгийг нөхөн төлснийг 2018 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авсан, үлдэх 3.0 сая төгрөгийг нөхөн төлөх хугацаа тогтоосон тухай хэлцэл болон “шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хохирогчийн төлөөлөгчийн хүсэлт өргөдөл /хэргийн 204х,
23. Шүүгдэгч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 19-ний 21 цагийн орчим Эрдэнэбат над руу залгаад “Төв аймгийн постон дээр явж байна, хашаан дотор байгаа Beiben маркийн 39-81 УНГ улсын дугаартай автомашиныг холдуулаад тавьчих. Наад зогсоол дээр чинь 2 ширхэг ковш машиныг тавъя” гэхээр нь тухайн автомашиныг асаагаад тоормосны хийг 10 орчим секунд хурааж, консноос хөлөө автал урагшаа ухас хийгээд хөдөлсөн. Тухайн үед тоормос гишгэсэн боловч тоормос нь барихгүй байсан тул түлхүүрийг нь хариулж унтраах гэхэд мөн унтраагүй.
Тэгэхээр нь суудлын хажууд байдаг албадан унтраагч дээр нь гишгэсэн боловч мөн унтрахгүй урагшаа яваад байсан. Тэгээд хашааныхаа өгсүүр газар руу дараад явчихъя гэж бодсон боловч хоёр автомашин зогсож байгаа харагдахаар нь кабин дотроосоо үсэрч буугаад аккумлятор залгагчийг салгатал мөн унтрахгүй яваад байсан. Тэгэхээр нь хашаан дотор хураасан байсан блокноос 2 ширхэгийг авч автомашины урд хоёр дугуй доор эвэхэд блок бяцарч, дээгүүр нь гарч яваад хашааг мөргөөд, тэр чигээрээ явж байгаад “Элеганс” компанийн байшин мөргөөд зогссон боловч унтрахгүй, дугуй нь хий эргээд зогсоод байсан.
Тухайн үед би шууд үйлдвэрийн байр луу гүйж ороод Мөнх-Эрдэнэ гэдэг залуугаар турба олуулаад, машин дээр очиж аппаратурыг нь трубагаар хөшиж тэр машиныг унтраасан. Гэртээ ороод эхнэр Сайхан-Уянгад “чи гараад хүний машин харж бай, эзэн нь одоо ирж байгаа, ирэхээр нь буцаагаад оруулж тавъя” гэхэд эхнэр гарч яваад хэдэн минутын дараа эргэж орж ирэхдээ “машины цаана хүн хэвтэж байна, 2 хүүхэд дагуулсан эмэгтэй хэллээ, цагдаа дуудъя” гэж хэлээд цагдаа болон түргэн тусламж дуудсан.
Тухайн мөргөсөн хашаа нь миний өөрийн эзэмшлийн хашаа юм. Би жолоо барих эрхийн үнэмлэхтэй. Осол болох үед ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй ба би хохирогчийг ерөөсөө хараагүй. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан, хашаа мөргөж зогсоод гэртээ орж ирэхэд бие хаа салганаад нэг л эвгүй байсан. Тэр үед надад эмчилгээ хийж байсан Батжаргал гэдэг хүн манай хөргөгчинд байсан архинаас жижиг хундаганд хийж өгсөнийг нь уусан юм. Би тухайн автомашиныг “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэбатын зөвшөөрлөөр жолоодсон. Би оршуулгын зардалд 6.275.000 төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 176-178х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 192х/, Хороо, багийн Засаг даргын тодорхойлолт баримт /хэргийн 191х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, Шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Дын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 21:25 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” хороолол, 24 дүгээр гудамжны 12 тоот хашааны зүүн замд Beiben ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн “а”-д заасан “...жолооч нь хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөнөөс баригдаж байгаа барилгын блокон хашааг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч Ж.Т блокон хашаанд дарагдаж биедээ “...гавал тархины амьдрах боломжгүй гэмтэл, гавлын ясны олон сэлтэрхийт хугарал, тархины бяцрал...” бүхий гэмтэл авч нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-9х, 10-11х, 12-16х/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, техник ашиглалтын паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа /хэргийн 20х, 128-132х, 183-184х/, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 28-30х/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 17-19х/, Талийгаачийн өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 24х/,
- Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2325 дугаартай “... Талийгаачийн гавлын орой суурь ясны олон сэлтэрхийт хугарал, тархины бяцрал, хатуу хальсны урагдал, баруун шанаа хацрын төвгөрийн зулгаралт, барууун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу цохигдох, дарах, шахах үйлдлэлээр үүсгэгдэнэ, шинжилгээгээр гол судасны хатуурал, умайн булчингийн хоргүй хавдартай байна. Энэ өвчин нь үхэлд хүргээгүй. талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтэл гавлын ясны олон сэлтэрхийт хугарал, тархины бяцралын улмаас нас баржээ, шинжилгээ хийх үед нас бараад 10 орчим цаг болжээ, цус нь 2-р бүлэг байна, нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 136-138х/, ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжилгээний 6223 тоот дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 143-146х/, ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11499 дугаартай дүгнэлт /хэргийн 148х/,
- Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 070875 дугаартай “...BEIBEN маркийн 39-81 УНГ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна, Зүүн урд их гэрэл хол ажиллахгүй, ослын дохионы гэрлүүд ажиллахгүй, тэвшний улсын дугаар байхгүй, дугаарын гэрлийн ажиллагаа хэвийн бус, баруун толь доод буландаа хагархай, спидометр ажиллахгүй, салхины шил цуурсан (гол хэсэгтээ), хөдөлгүүр тос гоожилттой, хянах самбарын гэрэл ажиллахгүй, урд буфер баруун хэсэгтээ хонхойсон, урд нүүр баруун хэсэгтээ хагарсан гэх эвдрэл, гэмтэлтэй байна, ...Зүүн урд их гэрэл хол ажиллахгүй, спидометр ажиллахгүй, 1-р тэнхлэг тоормосны хүч зүүн талдаа 14.7 кН, баруун талдаа 2.8 кН, зөрүү нь 66.6% (стандарт <30%) 3-р тэнхлэг тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй гэх эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлж болзошгүй гэмтлүүд юм, ...Зүүн урд их гэрэл холын тусгал дээр ажиллахгүй нь үзэгдэх орчин хангалтгүй үед жолоочид харагдах орчин хязгаарлах байдлаар осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм. Спидометр ажиллахгүй байх нь жолооч тухайн тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй болох учир хурднаас үүдэлтэй зам тээврийн осол үүсч болзошгүй гэмтэл юм. Мөн уг тээврийн хэрэгслийн тоормосны хүч сул, стандарт шаардлага хангахгүй байгаа нь тоормос өрөөлдөж барих, улмаар хальтиргаа гулгаа үүсэх, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм, ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа хэвийн бус байна...” гэсэн дүгнэлт, тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас, техникийн зураг /хэргийн 152-159х/,
- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 820 дугаартай: “... BEIBEN ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь МУ-ын ЗХД-ийн 9.2.-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Жолооч Л.Д автомашиныг хөдөлгөөнд блокон хашаа мөргөх хүртэл 28.5 метр замыг туулсан байдал схем зургаас харагдаж байна. Энэ хооронд жолооч зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой..., мөн жолооч Л.Д нь 2006 онд “В” ангилалын жолооч, 2016 онд “ВСЕ” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байна. Энэ нь ачааны автомашин жолоодох тодорхой хэмжээний туршлагатай байдлыг харуулж байна, явган зорчигч Ж.Т нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна, ...зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 161-162х/,
- Мөн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 820 дугаартай дүгнэлтийн нэмэлт: “...BEIBEN ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай автомашины “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №070875 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна, BEIBEN ND3253 маркийн 39-81 УНГ улсын дугаартай автомашины “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №070875 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөх үндэслэл болохгүй боловч МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын “А”-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 167-168х/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ы:“...Би талийгаач Ж.Тын төрсөн хүү нь байгаа юм. Талийгаачийг Ж-ийн Т гэдэг, 1969 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй хүн байсан. Манай ээж элдэв муу зангүй, хүнд аль болох тусалчих гэсэн сэтгэлтэй, ажлыг хийсэн шиг хийдэг хүн байсан. Ээж маань дээд боловсролтой, барилгын инженжер мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-12 тоотод хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. Талийгаач эрүүл саруул, элдэв хууч өвчин байхгүй хүн байсан ба өнгөрсөн зун олгой авахуулсан. Ээж маань хамгийн сүүлд Цайз-16 дугаар хороололд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн их засварын ажил дээр хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсан. Талийгаач осолд орох үедээ гэр рүүгээ харьж байсан юм байна лээ. Ажил нь хол байдаг учир сургууль дээрээ хонож ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой гэрээсээ гарч, “найзынхаа гэрт очиж хоноод ажил руу явна” гэж хэлээд гарсан. Манай ээж хааяадаа баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Би осол болох өдрийн 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд улбар шар өнгийн Хово маркийн автомашин блокон хашаа мөргөөд, чигээрээ яваад барилгын суурь мөргөж зогссон, цагдаа болон Шүүхийн шинжилгээний машин ирсэн байсан ба нэг эмэгтэй цагдаа зураг дараад зогсож байсан. Би хажуугаар нь зөрж өнгөрөөд гэртээ орсон юм. Талийгаачийн ажил явдалд ойролцоогоор 15.0 сая төгрөг зарцуулсан. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 99-101х, 103-104х/,
- амь хохирогч Ж.Т-ын иргэний үнэмлэх болон нас барсны бүртгэлийн №0000219426 дугаартай гэрчилгээ баримт /хэргийн 33-35х/,
- гэрч Б.Золзаяагийн: “...Би талийгаачийн төрсөн охин нь байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 19-ний 15 цагийн үед ээж маань гэртээ орж ирээд “өвлийн хувцасаа авчирлаа” гээд тэрийгээ үлдээгээд цай унд уугаад “таньдаг хүнтэйгээ таарсан, найзтайгаа уулзаад ирье” гээд гараад явсан. Түүнээс хойш уулзалдаагүй. Хэнтэй уулзах талаар нь би мэдээгүй, манай ээж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба “орой ирнэ” гээд явсан. Ээж гэрээсээ гарахдаа дээгүүрээ бор үстэй богино нэхий куртик, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, бор өнгийн зузаан ултай гуталтай, дотуураа улаан эрээн ноосон цамцтай байсан. 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим гэртээ байж байтал гадаа барилгын хашаа түжигнэх чимээ гарч, машин ээрэх чимээ гарсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад хашааныхаа завсараар харахад Хово машин барилгын хашаа руу урдуураа дайраад орсон байдалтай, эргэн тойронд нь хүмүүс тойроод зогссон байсан. ...тухайн осол гарсан газартай ойрхон амьдардаг болохоор сэтгэл санааны хувьд хэцүү байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 113х/,
- гэрч Ж.Батжаргалын: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Дын гэрт байж байхад Д гэнэт гаднаас чичирсэн, сандарсан байдалтай гүйж орж ирээд “том машинаа оролдож байгаад алдаад хашаагаа дайрчихлаа” гэсэн. Тэгэхэд эхнэр нь гүйгээд гараад явсан ба буцаж орж ирээд “хашааны цаад талд нэг хүн хэвтэж байна шүү дээ” гэхэд Д чичрээд сонин болоод байхаар нь шкафан дотор байсан архины үлдэгдлийг рюмканд хийгээд “энийг уучих” гээд өгсөн юм.Тэгээд байж байтал Замын цагдаа нар ирж үзлэг, хэмжилт хийсэн. Нэг цагдаа надад “та архи уусан уу” гээд драйгер багаж үлээлгэхэд 0 хувь гарсан. Дараа нь Дыг үлээлгэхэд 0.80 хувийн согтолттой гэж гарсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 106х/,
- гэрч Н.Сайхан-Уянгын: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний орой гэртээ дөнгөж ирээд байж байхад Д гаднаас орж ирээд “том машиныг хөдөлгөж, зам чөлөөлөх хэрэгтэй боллоо” гээд буцаад гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд “барилгын хашаа мөргөөд, хүний машин эвдчихлээ” гэхээр нь гарсан чинь араас Д гарч ирээд машин дээр очиход машины дугуй нь эргээд хаймар үнэртэй байсан. “Машинаа унтраагаач” гэхэд “харин унтрахгүй байгаа юм, түлхүүрийг нь хариулахад унтрахгүй. Албадан унтраагч гэдэг юмыг нь гишгээд унтрахгүй, аккумляторыг нь салгахад унтрахгүй байна” гээд миний нүдэн дээр хийж үзүүлээд “лоом аваад ирье” гээд үйлдвэр рүү гүйгээд буцаж нэг ажилчинтайгаа цуг ирээд лоомоор нэг юм хөшиж байгаад унтраасан.
Тухайн үед Д чичрээд зүрхний хэм нь алдагдаад байхаар нь “чи гэрт ороод байж бай, би машинаа хараад зогсож байя” гээд жижиг машиндаа суугаад урд гэрлээ асаагаад сууж байтал хажуугаар 2 хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн явж байсанаа, зог тусаад “энд хүн хэвтэж байна шүү дээ” гээд 2 хүүхдээ татахад нь би сонсож “хаана вэ” гээд буугаад харахад унасан блокны цаана нь нэг хүн толгой нь хашаа руу харсан байдалтай, толгойноос нь цус гарсан, ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ эргэж ороод “тэнд хүн хэвтэж байна шүү дээ” гэхэд Д улам сандарч, бие нь чичрээд эхэлсэн. Би өөрийн 99095318 дугаарын утаснаас түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түргэн ирээд “нас барсан байна” гээд нарийн цаас өгөөд “цагдаа ирэхээр нь өгөөрэй, дуудлага ихтэй байна” гэж хэлээд яваад өгсөн. ... Д согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, хэрэглэсэн бол надад мэдэгдэнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 108-109х/,
- гэрч Г.Мөнх-Эрдэнийн: “...Би өөрийн үндсэн ажлынхаа хажуугаар хувиараа гагнуур хийдэг юм. ...2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим санагдаж байна, зааландаа гагнуур хийгээд байж байтал Д сандарсан байдалтай орж ирээд “машин унтраах хэрэгтэй байна, трубаны зүйл байна уу. Машины тормос барихгүй явсаар байгаад хашаа мөргөөд зогсчихлоо” гэсэн. Тэгээд труба авч гараад машин дээр очиход асаалттай, дугуй нь эргээд утаа, хиншүү үнэртэж байсан. Тэгээд шууд машины доогуур нь аппаратурыг нь трубагаар хөшиж унтраасан. Нэг харахад цагдаа нар ирсэн байсан. ...Тухайн үед харанхуй болсон байсан болохоор ямар нэгэн хүн хэвтэж байсан нь мөн харагдаагүй юм. Д архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 111х/,
- гэрч С.Эрдэнэбатын: “...Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашин “Ай ай жэй эй эй” ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа. 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдийн үед санагдаж байна, тухайн автомашиныг зарах зорилгоор Дын хашаанд тавьсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Төв аймгийн постын орчим Д руу утсаар яриад “хот руу орж байна, хашаандаа байгаа Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашиныг жоохон зайчлаад тавьчихаа, 2 ковшоо тавьчихъя” гэсэн. Тэгээд явсаар байгаад ирэхэд осол болоод цагдаа хэмжилтээ хийгээд Дыг аваад явсан байсан. ...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн автомашины эвдрэл, гэмтлийн талаар мэдэх зүйл байхгүй. Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 115х/,
- иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинжаргалын: “...Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашин “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэн, хаана, ямар зорилгоор уг автомашиныг унаж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт уурхай дээр байсан. Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашиныг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай захирал Эрдэнэбат өөрийн найз болох Дын хашаанд зарах зорилгоор аваачиж тавиулсан ба жолоочид нь машины түлхүүрийг үлдээсэн байсан. ...Ослын улмаас тээврийн хэрэгсэлд бага хэмжээний эвдрэл учирсан байсан ба уг эвдрэлийн зардалыг нэхэмжлэхгүй. Автомашины урд салхины шил цуурсан, холын гэрэл бүдэг байсан ба тормосны хувьд хэвийн ажиллагаатай, сайн барьж байсан. Мөн тухайн өдөр коонсны дээд аппаратыг сольж, шинийг тавьсан.” мэдүүлэг /хэргийн 119х/ болон хохирогчийн төлөөлөгч Б.Х, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинжаргал нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг болон шүүгдэгч Л.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 176-178х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуутаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч Л.Д нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан Beiben маркийн 39-81 УНГ дугаартай автомашин нь “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 184х/, техник ашиглалтын паспорт /хэргийн 125-132х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 183х/ баримтууд тус тус авагдсан, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн захирал С.Эрдэнбатын зөвшөөрснөөр шүүгдэгч нь осол болох тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь тогтоогдсон тул Beiben маркийн 39-81 УНГ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус компанид механикийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх Б.Түвшинжаргалыг /хэргийн 116х, 112-125х/ 2018 оны 11 сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтыг зөрчөөгүй, хуулийн үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Ж.Тыг оршуулахтай холбоотой гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 11.789.026 төгрөг нэхэмжилсэн баримт, хохирлын тооцоог хэрэгт гаргаж өгсөнөөс /хэргийн 94-96х/ шүүгдэгч Л.Д нь 6.275.000 төгрөгийг, иргэний хариуцагч ”Ай Ай Жэй Эй Эй” компани 5.000.000 төгрөг, нийт 11.275.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн нь:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-аас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, хавсаргах баримтуудыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, зардлын баримтууд /хэргийн, 41-92х, 93-96/,
- шүүгдэгч Л.Д-аас хохирогчийн хууль ёсны төлөлөгч Б.Х-д хохирол төлбөр шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт:
- 2018 оны 11 сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг,
- 2018 оны 11 срын 19-ний өдөр 300.000 төгрөг,
- 2018 оны 11 сарын 28-ны өдөр 500.000 төгрөг,
- 2018 оны 12 сарын 05-ны өдөр 1.480.000 төгрөг,
- 2018 оны 12 сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 6.280.000 төгрөг шилжүүлсэн баримтууд /хэргийн 195-197х/,
- иргэний хариуцагч “Ай ай жэй эй эй” ХХК-ийг төлөөлөгч Б.Түвшинжаргалаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-д 5.0 сая төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай 2018 оны 12 сарын 27-ны өдрийн баримт /хэргийн 198х/ болон хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон тул уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг /амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал/ хуульд заасан журмын дагуу арилгасан гэж үзнэ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт сэтгэл санааны хохирол хамаарах талаар зохицуулсан заалтгүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл санааны хохиролд тооцож 10.0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, уг шаардлагын хүрээнд эдийн бус гэм хорын хохиролд тооцон 7.0 сая төгрөгийг нөхөн төлснийг 2018 оны 03 сарын 06-ны өдөр хохирогчийн төлөөлөгч Б.Х хүлээн авсан, сэтгэл санааны хохирлоос үлдэх 3.0 сая төгрөгийг 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс өмнө нөхөн төлөх хугацаа тогтоож, талууд хэлэлцэн тохирсон талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн /хэргийн 204х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тул шүүгдэгч Л.Д-аас талуудын хооронд байгуулсан “Хохирол барагдуулах гэрээ”-гээр тохиролцсон сэтгэл санааны хохирлын төлбөрөөс үлдэх 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Х-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 192х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах, тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг /амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал/ хуульд заасан журмын дагуу арилгасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй гэснийг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэж,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт Л-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Д нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хд шүүгдэгч Л.Д нь 13.275.000 төгрөг /арван гурван сая хоёр зуун далан таван мянга/, иргэний хариуцагч “Ай Ай Жэй Эй Эй” ХХК нь 5.000.000 төгрөг /таван сая/ төгрөг тус тус нөхөн төлснийг тэмдэглэж, эдийн бус гэм хохиролд тооцон Л.Даас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч ... оршин суух М овогт Б-ны Х-нд /РД:/ олгосугай.
7. Энэ хэрэгт Л.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД