Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 203/МА2024/00023

 

 

Г.*******-*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 144/ШШ2024/00041 дугаар шийдвэртэй,

Г.*******-*******ийн нэхэмжлэлтэй,

Н.*******-*******ад холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Г.*******-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч Н.*******-*******, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нямсүрэн овогтой *******-*******тай 2011 онд анх танилцаж 2020 онд гэр бүл болж улмаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийн 4643000015 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.*******, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.*******, Б.******* нар төрсөн.

Бидний зан харилцааны таарамжгүй байдал, *******-******* нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учир цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оны 03 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү.

Хүүхдийн асрамжийн хувьд Н.*******-******* нь хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул эцгийн асрамжид эцгийн талд нь тогтоож өгнө үү.

Бидэнд дундын өмчийн маргаан байхгүй болно. Би Нямсүрэн овогтой *******-*******тай 10 жилийн нэг анги байж байгаад хамтран амьдарсан. Оюутан болоод 2018 онд том хүү Б.******* төрсөн. 2020 онд Б.*******, Б.******* нар төрсөн.

2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Н.*******-******* шинэ жил тэмдэглэнэ гэж яваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций хороололд том хэмжээний осол гаргасан. Давхар нэмээд гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Тэр нь батлагдсан учраас гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

 2. Хариуцагч Н.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ганбат овогтой *******- *******тай 2021 онд гэр бүл болон хамтарч гэр бүл болсноос хойш гэр бүлийн маргаан хардалт зэргээс үүдэлтэйгээр амьдрах боломжгүй болсон.

Ганбат овогтой *******-******* нь хэрүүл маргаан гарах бүрд амиа хорлон гэж сүрдүүлдэг гэр орноосоо хөөдөг байдал нь тэвчихэд хүнд байгаа тул гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 3 сараас тусдаа амьдрах хугацаандаа хүүхдийн тэтгэмж /албан бусаар/ сар тутам 600 000 төгрөгийг эгчид нь одоог хүртэл өгч байгаа.

Хүүхдийн асрамжийн тухайд том хүү Б.*******ийг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинтай явж байгаад 3 машин мөргөсөн осол гаргасан. Тухайн үедээ мэдээж хариуцлагаа хүлээгээд хариу арга хэмжээгээ аваад явсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас өөр эмэгтэйтэй харьцсан үйлдэл байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрч байна.

Би буцаж хамт амьдрах бодолтой гэрт нь 3 хүүхдээ харах гээд очсон. Тэр үед хэрүүл маргаантай, байнгын хэрүүл маргаан тасрахгүй байгаагаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл болсон. Н.*******-******* миний бие эхнэрээ зодсон, хүүхдүүдийн хажууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хэргээр 7 хоног Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баривчлагдсан. Би гарч дахиж энэ хүнтэй амьдрахгүй гэдэг байр суурь дээр санал нэгтэй байсан.

Миний эхнэрийн хувьд дандаа чи 3 хүүгээ ав гэдэг байдлаар над руу байнга ханддаг. Би өөрийн байр суурь том хүүгээ авъя, 2 дахь хүүгээ эдийн засгийн боломжтой болчихвол би авахад ямар ч асуудалгүй. Одоогийн байдлаар боломж бололцоо байхгүй байгаа учраас том хүүгээ аваад өсгөе гэдэг тайлбарыг өгч байгаа. Би 2023 оны 05, 06 сараас эхлээд 3 хүүхдэдээ сар болгон 600.000 төгрөгийг өгдөг байсан. Эхэндээ би эхнэртээ өгдөг байсан. Дараа нь эгчид нь шилжүүлдэг болсон.

Хэрвээ шүүхээс зөвшөөрөх юм бол би том хүү болох Б.*******ийг өөрийнхөө халамжид аваад эрүүл, саруул бойжуулж чадна. Хэрвээ шүүх зөвшөөрөх юм бол 2 ихэр хүүгээ том болохоор нь 7 нас хүрэхээр нь ч юм уу, өөрийнх нь саналыг сонсдог болохоор өөрөө тухайн үед эдийн засгийн боломжтой өөрийн гэсэн гэр орон байртай болсон байхад би авахад ямар нэгэн байдлаар татгалзаад байх зүйл байхгүй.

Одоогийн нөхцөл байдал, эдийн засгийн болоод ч тэр хүүхэд асран хамгаалах тал дээр хүндрэлтэй байгаа учраас би том хүүгээ авъя гэдэг саналыг хэлж байгаа юм гэжээ.

 3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Нямсүрэнгийн *******-*******, Сартуул овгийн Ганбатын *******-******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-*******ын *******ийг эцэг Боржигон овгийн Нямсүрэнгийн *******-*******ын асрамжид, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-*******ын *******, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******- *******ын ******* нарыг эх Сартуул овгийн Ганбатын *******-*******ийн асрамжид тус тус үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******- *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******-*******аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******- *******ид олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн Н.*******-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь давж заалдах гомдолдоо: Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд бүлэг болгон тусгай хэм хэмжээгээр зохицуулсан явдал нь хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, аливаа нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бат бэх, эрх зүйн байдлыг нь тодорхой, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийн хамгаалалт найдвартай байх зорилготой.

Шүүх хуралдаан дээр хэргийн зохигчид бага насны 3 хүүхдийн эрх ашиг асрамжийн асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа ч бага насны 3 хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан байдал, хариуцагчийн хувийн байдал, мөн гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон....зэрэг байдал нь хариуцагч том хүүгээ асрамжлах чадвартай эсэх, түүний хувийн байдал нь хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх эсэх, хүүхэд ээжээсээ салаад тусдаа амьдарч байгаад аав руугаа цаг хугацааны хувьд шүүх хурлын дараа очиж хамт амьдарч чадах эсэх, хүүхэд хэнтэйгээ илүү ээнэгшин дассан байдалд эрх зүйн бодитой дүгнэлтийг хийлгүйгээр хийсвэр байдлаар асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д "хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ", мөн хуулийн 26 дугаар зүйлд "хүүхдээ асран хамгаалах"-ыг эцэг, эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ бага насны 3 хүүхдийг салгаж, тус тусад нь амьдруулахгүй гэх нэхэмжлэгчийн хүсэлт, шаардлагыг яагаад хүлээн авалгүйгээр хариуцагчийн асрамжид нэг хүүхдийг нь асруулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэхүү асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд ямар ямар нотлох баримтыг үндэслэн талаар дүгнээгүй.

Хүүхдийн эцэг, эхийнхээ аль алинд нь хайртай байх, тэдгээрийн хэнийг нь ч алдахгүй байх хүсэл бий эсэх зэргийг анхаарч шийдвэрлэх хэрэгтэй. Гэтэл шүүх асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ:

А. Гэр бүлийн эрх зүйн маргаан /яагаад гэрлэлт цуцлах болсон шалтгаан нөхцөл, хэргийн зохигчдын хэний эрх ашгийг зөрчигдсөн эсэх /,

Б. Гэрлэгчдийн шүүхэд гаргаж буй шаардлага, татгалзал, тайлбартаа эрх зүйн асуудлаас илүү сэтгэл зүйн асуудлыг нь зааглан ялгах асуудалд анхаарлаа хандуулаагүйд гомдолтой байна.

Дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж эрхэм шүүгч та бүхэн давж заалдах гомдлыг тал бүрээс нь нягтлан шалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.3-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00041 тоот шийдвэрийн 2 дахь хэсгийн зарим хэсэг болох 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-*******ын *******ийг эцэг Боржигон овгийн Нямсүрэнгийн *******-ундрахын асрамжид үлдээн шийдвэрлэснийг хүчингүй болгож, харин тус заалтад 2018 дугаар сарын 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-ундрахын *******ийг эх Сартуул овгийн Ганбатын *******-*******д үлдээн шийдвэрлэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Г.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, 3 хүүхдээ аавынх нь асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 3 хүүхдээ салгахгүй өөр дээрээ авмаар байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байсан учраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хүүхдээ авна гэж дарамтлаад байдаг болохоор нэхэмжлэгч 3 хүүхдээ аавд нь өгье гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс 3 хүүхдийг салгаад ээжийнх нь асрамжид 2 хүүхдийг, аавынх нь асрамжид нэг хүүхдийг өгсөн. Тиймээс нэхэмжлэгч 3 хүүхдээ аавынх нь асрамжид өгөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 3 хүүхдээ салгахгүйгээр өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч хүүхэд авч ирж өг. Хүүхдээ чамтай ахиж уулзуулахгүй гэж дарамталдаг болсон. Тиймээс нэхэмжлэгч хүүхдээ хүчирхийлэлтэй газар өгөхгүй гэж шийдээд 3 хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтийг гаргаж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаасаа татгалзсаныг дурдаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 Хариуцагч Н.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо том хүүгээ өөр дээрээ авна. Боломжтой болохоороо бага 2 хүүхдээ бас өөр дээрээ авна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 3 хүүхдээ надад өгнө гэж байсан. Одоо яагаад өөр дээрээ авна гээд байгааг ойлгохгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөр байгаа. Тухайн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээрээ шийтгэлээ эдэлсэн. Одоо тэрийг дахин гаргаж ирж намайг хүүхдүүдээ асран хамгаалж чадахгүй гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж бодож байна. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь хүүхдүүдээ асран хамгаалж чадахгүй гэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Г.*******-*******ийн нэхэмжлэлтэй, Н.*******-*******ад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Г.*******-*******, хариуцагч Н.*******-*******ад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хүүхдүүдийн асрамжийн талаар хүү Б.*******, Б.*******, Б.******* нарыг эцгийнх нь асрамжинд өгөхийг хүссэнийг хариуцагч Н.*******-******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийн асрамжийн талаар маргажээ.

 Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүү Б.*******ийг эцэг Н.*******-*******ын асрамжид, хүү Б.*******, Б.******* нарыг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх бага насны гурван хүүхдийг салгаж тус тусад нь амьдруулахгүй гэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авалгүйгээр хариуцагчийн асрамжид нэг хүүхдийг асруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 Нэхэмжлэгч Г.*******-*******, хариуцагч Н.*******-******* нар нь 2020 онд гэр бүл болж, тэдний дундаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.*******, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.*******, Б.******* нар төрсөн, гэрлэгчид сүүлийн нэг жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа болох нь хэрэгт цугларсан баримтууд, тэдгээрийн тайлбараар тогтоогдсон ба шүүх зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, тэднийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгчийн бага насны хүүхдүүдийг салгахгүй байх саналыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хариуцагчийн саналыг харгалзан хүү Б.*******ийг эцгийнх нь асрамжинд байлгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үедээ хүүхдүүдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй, хариуцагч нь гэр бүлээс гадуур бусадтай харилцаа үүсгэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, ёс суртахууны байдал болон бага насны хүүхдүүдийг салгаж тус тусад нь амьдруулахгүй гэх нэхэмжлэгчийн хүсэлт, гэрлэгчидийг тусдаа амьдарсан хугацаанд бага насны хүүхдүүдийг эх нь өсгөж, хүмүүжүүлж байгаа, хүүхдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй, өсөж дассан орчныг нь солих нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүйг харгалзан хүүхдүүдийн асрамжийг эхэд нь тогтоож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 144/ШШ2024/00041 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-*******ын *******ийг эцэг Боржигон овгийн Нямсүрэнгийн *******-*******ын асрамжид, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-*******ын *******, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******- *******ын ******* нарыг эх Сартуул овгийн Ганбатын *******-*******ийн асрамжид тус тус үлдээж гэснийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-*******ын *******, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******-*******ын *******, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн *******- *******ын ******* нарыг эх Сартуул овгийн Ганбатын *******-*******ийн асрамжид тус тус үлдээж гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Г.*******-*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

Х.ГЭРЭЛМАА