Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокур

орын газрын хяналтын прокуророос Б овогт Н-ийн Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  эрүүгийн 19100 0086 0135 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүү, охины хамт амьдрах, Төв аймгийн Заамар сум, Хайлааст баг, 3-21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тань 1-140 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн Н /РД: 5/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Н нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 1-140 тоот дахь  иргэн Б.С-ийн хашаанд сахиулаар болон хүнсний мухлаг, складыг нь хариуцан ажиллаж байх хугацаандаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр склад болон мухлагт байсан 2 гулууз хонины мах, хүнсний бараа бүтээгдэхүүн зэргийг өөрөө авч хэрэглэж, бусдад худалдан завшиж 835.390 төгрөгийн хохирол учруусан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

       

Шүүгдэгч Н.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч Н.Наас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед надтай хамтран амьдарч байсан Оролмаа С гуайн хүнсний мухлагт худалдагчаар би сахиулаар нь ажиллаж, цалин хөлс аван ажиллаж байсан. Бид тухайн хаягт мухлаг дотороо амьдардаг байсан юм. Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хонины хоёр гулууз махыг зарсан, харин хонины гулууз махнаас бусад хиам, кампот зэрэг хүнсний барааг өөрийн хувьдаа хэрэглээд идэж уусан. Саранэцэцэг эгч бараа бүтээгдэхүүүнээ Хархорин, Эмээлт, Барс захуудаас худалдаж авдаг, агуулахын  түлхүүрээ надад хариуцуулаад орхидог байсан. Би хүний итгэлийг алдаж, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хамтран амьдрагч эмэгтэйтэй таарамж муутай болж, түүнээсээ болж хэд хоног архи уусан байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн миний буруу. С эгчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг ажил хийж бүрэн барагдуулсан. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх тухай гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа. Эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 19100 0086 0135 дугаартай хэргээс:

 

1. “Хэрэг гарсан гэх ХУД-ийн 16-р хороо, Тайнь 5 дугаар гудамжны 140а тоотод үзлэг хийсэн тухай 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-8х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг:

“...Би анх 2018 оны 08 дугаар сард “ТЭХ-ийн зогсоол дээр явж байхад нэг хүн найдвартай ажил хийдэг эхнэр, нөхөр хоёр байгаа, гэр нь Морингийн даваанд байдаг гээд дугаарыг нь өгсөн. Би утсаар яриад цементээр гэрийн буурь хийлгээд, дараа нь гарааш бариулсан. Ажлаа хийгээд Н, Оролмаа нар яваад өгсөн ба сарын дараа “та мөнгө зээлээч” гэж ярихад нь “мөнгө байхгүй” гэсэн. Дахин 10 гаран хоногийн дараа Н утсаар яриад “Сараа эгчээ, ажил байна уу, би ажил хиймээр байна, Оролмаа хөдөө явсан,  надад тамхины мөнгө ч байхгүй” гэхээр нь “ирээд уулз” гээд ирэхээр нь ойр зуурын ажил хийлгээд 50.000 төгрөг өгсөн. Мөн өөрийн барьж байсан ногоон өнгийн, маркийг нь мэдэхгүй байна утсыг өгөөд явуулсан. 10 гаран хоногийн дараа “хөдөө яваад ирлээ” гээд ирэхээр нь “өвөл болсон болохоор одоохондоо хийх ажил байхгүй, харин чи манай манаачийн өрөөнд түр амьдарч болно” гэсэн. Тэгээд хийх ажил байхгүй байсан болохоор ойр зуурын ажил хийлгээд дэлгүүр ажилуулах гээд контейнер аваад дэлгүүр нээхээр болж, би ойр зуурын бүх зүйлийг нь авч өгсөн. Мөн дэлгүүрт бараа татаж өгөөд нийт 4.0-5.0 сая төгрөг зарцуулсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хотын төвд байх орон сууц руугаа яваад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нын утас руу залгахад авахгүй байсан ба намайг гэртээ ирэхэд тэр хоёрын амьдарч байсан өрөө нь онгорхой, дотор байсан эд зүйлс нь эвдэрсэн байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.

Манай дэлгүүрт байсан бараанаас Esse тамхи 10 ширхэг, 1 ширхэг нь 3500 төгрөг буюу нийт 35.000 төгрөг, Parlament тамхи 10 ширхэг, 1 ширхэг нь 4500 төгрөг буюу нийт 45.000 төгрөг, Kent тамхи 10 ширхэг, 1 ширхэг нь 3500 төгрөг буюу нийт 35.000 төгрөг, Улаан шонхор тамхи 3 ширхэг, 1 ширхэг нь 2200 төгрөг буюу нийт 66.000 төгрөг, Клаб LD тамхи 10 ширхэг, 1 ширхэг нь 2700 төгрөг буюу нийт 27.000 төгрөг, Улаан West 5 ширхэг, 1 ширхэг нь 2700 төгрөг буюу 13.500 төгрөг, Саарал LD тамхи 8 ширхэг, 1 ширхэг нь 2700 төгрөг буюу нийт 21.600 төгрөг, Хиам 2.450 кг, 1 кг нь 8500 төгрөг буюу нийт 20.400 төгрөг, Кофе 11 ширхэг, 1 ширхэг нь 500 төгрөг буюу нийт 5500 төгрөг, Бэлэн хоол 5 ширхэг, 1 ширхэг нь 2200 төгрөг буюу нийт 11.000 төгрөг, жижиг бэлэн хоол 9 ширхэг, 1 ширхэг нь 1700 төгрөг буюу нийт 15.300 төгрөг, Компод-1 ширхэг буюу 5000 төгрөг, хүүхдийн үсний боолт /1 ком/ 5000 төгрөг, Квас 2 ширхэг нийт 5000 төгрөг, Энэтхэг цаг 2 ширхэг нийт 70.000 төгрөг, энгийн бугуйн цаг 3 ширхэг нийт 30.000 төгрөг, нийт 350.900 төгрөгний эд зүйл дутсан. Мөн үхрийн цул мах 4 кг, 1 кг нь 9800 төгрөг буюу нийт 39.200 төгрөг, хонины мах 78.600 кг, 1 кг нь 7200 төгрөг буюу нийт 565.920 төгрөг, адууны мах 2 кг, 1 кг нь 8200 төгрөг буюу нийт 16.400 төгрөг, ямааны мах 2 кг, 1 кг нь 7000 төгрөг буюу нийт 14.000 төгрөг, нийт мах нь 635.600 төгрөг. Мөн дуудлагаар цоож сольж, 2 хаалга онгойлгосон нийт 70.000 төгрөг, ус буцалгагч 1 ширхэг 20.000 төгрөг, хөнжил 1 ширхэг 30.000 төгрөг, гудас 1 ширхэг 30.000 төгрөг, бүтээлэг 1 ширхэг 30.000 төгрөг, цагаан хэрэглэл 50.000 төгрөг, хоолны шүгээ 100.000 төгрөг. Ингээд дээрх эд зүйлс болон алдагдсан эд зүйлсийн үнийн дүн нийлээд бүгд 1.675.600 төгрөгийн хохирол учирсан.

Би алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээтэй танилцсан, уг үнэлгээтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн үед би дэлгүүр анх нээх гэж байсан болохоор дэлгүүртээ өөрийн танил хүмүүсээс бараа материал түр аваад тавьсан байсныгаа Оролмаа, Н хоёрт хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед бараа хүлээлгэн өгсөн дэвтэр байхгүй байна. Харин сүүлд Оролмаагаас бараа материалыг тоолж авахдаа юу дутсаныг бичсэн баримт байгаа. Би Оролмаад 375.000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн байсан өрөө нэмж нэхэмжилнэ. ...Би дэлгүүрийн эд хогшил, гудас, цагаан хэрэглэл зэргийг бохирдуулсан байсныг өргөдөлдөө оруулж үнийн дүнг бичсэн нь буруу болсон байна.

Би Нд итгээд дэлгүүр, гэр, складын түлхүүрийг өгсөн. Харин Оролмаад дэлгүүрийн бараа материалыг хүлээлгэн өгсөн байсан юм. Гэхдээ Оролмаа нь нөхөр Нтай маргалдаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хөдөө явсан хойгуур нь Н архи ууж, дэлгүүрийн бараа материалаас дутааж, мах зарсан байсан. Би Оролмааг дэлгүүрээс бараа материал авч байхыг хараагүй, манайд хяналтын камер байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х, 13-14х, 15х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Оролмаагийн гэрчээр өгсөн:

“...Би өөрийн хамтран амьдрагч Нтэй хамтран амьдраад 7 жил болж байна. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрийн буурь болон гарааш барьж дуусгаад, би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу явсан ба Н Төв аймгийн Баянцогт сум руу аав, ээж рүүгээ явсан. Сараа гэх эмэгтэй Нтэй утсаар яриад “манайд ирээд дэлгүүр бариад өг” гээд Н Хан-Уул дүүрэгт байх түүний гэрт ирж ойр зуурын юм хийж, над руу яриад “дэлгүүр нээнэ гэж байна, чамайг ирж ажилла гэнэ” гэхээр нь би ирж, дэлгүүр ажиллуулаад 7 хонож байна. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н гэрээс гараад архи уучихсан орж ирээд бид хоёр муудалцсан.

Тэгээд би маргааш өглөө нь яваад өгсөн ба би холбогдох гэхэд утсаа авахгүй байсан. Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сараа эгч залгасан байсан, мөн манай бэр эгч Батцэцэг утасдаад “Сараа гэх хүн манайд ирсэн, та хоёрыг асуугаад байна, гэрээс хулгай хийсэн, нийлж архи уусан” гэж хэлсэн гэхээр нь би Сараа эгч рүү залгахад “хоёр архичин хулгайч, хамаг юм хулгайлсан байна” гэхээр нь би яваад очиход Сараа эгч цагдаа дуудсан байсан.

Н орлогоны 23.000 төгрөгөөр архи уусан байх. Сараа эгчийн гэрээс мах авч зарсан талаар би мэдэхгүй, намайг байхгүйд авсан эсэхийг мэдэхгүй байна. Н хааяа архи уудаг, уухаараа агсам тавьдаг. Гэхдээ зодоон хийдэггүй, надтай хамт амьдарч байх хугацаандаа хулгай хийж байгаагүй. Ер нь хулгай хийж үзээгүй, урьд өмнө бид хоёр хуушуурны газар ажиллуулдаг байсан. Сараа эгчийн гэрт хэдэн ширхэг мах үлдсэн гэдгийг мэдэхгүй байна, анх 5 хонь, 5 ямаа, 1 үхэр, адууны хааны мах, гуяны мах хоёр авч байсан.

Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өглөө гарахад 3 ямаа, 3 хонь байсан мөн адууны гуя, үхрийн хааны махнаас бусад нь үлдсэн байсан. Дэлгүүрийн хөргөгчинд бас махнууд байгаа. Н одоо хаана байгааг би сайн мэдэхгүй байна, нэг найзынхаа гэрт очдог юм. Гэр нь Орбитод байдаг гэсэн, гэрийг нь сайн мэдэхгүй. Миний хувьд ажиллах хугацаандаа нэг ч бараа бүтээгдэхүүн дутаагаагүй. С нь бараа материалаа Барс захаас худалдан авдаг ба дэлгүүр дээр бараагаа авч ирээд надад хүлээлгэж өгсөн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 19х/,

 

4. “Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ХХК-ийн үнэлгээчийн:

“...үнэлэгдэж буй нийт 20 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 835.390 /найман зуун гучин таван мянга гурван зуун ерэн төгрөг/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний ХУ2-19-127 дугаартай тайлан /хэргийн 31-32х/,

 

5. Шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 онд С эгчтэй гэрийн буйрыг нь хийж өгч танилцсан юм. Тэгээд С эгч “миний дүү барилга байшин барьдаг уу, гарааш барьж чадах уу” гэхээр нь би “өрлөг, барилга бүгдийг нь хийж чадна” гээд тэдний хашаанд нь 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 2 автомашины гарааш барьж өгсөн юм. Тухайн үед үнэ хөлсийг нь 800.000 төгрөгөөр тохирч барьсан ба тохирсон ёсоороо цалин мөнгөө авсан.

Тэгэхэд С эгч надад “чамд тогтсон ажил байна уу” гэхээр нь “байхгүй” гэхэд “хотод хамаатан садан байхгүй байгаа бол манай мухлагийг засаж янзлаад ажилд оруулаад дотор нь амьдарч болно” гэхээр нь би мухлагийг нь засаж янзлаад амьдарсан. Тухайн үед С эгч надаар хашаандаа 8 нэрийн супермаркет бариулна гэж байсан ба дулаан орохоор бариулна гэсэн. Ингээд би С эгчийн хашаа болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5-140а тоотод сахиулаар оршин суух болсон. Тухайн үед С эгч манай эхнэр Оролмааг дуудаж авч ирээд мухлагийн худалдагчаар ажилд оруулсан.

С эгч нийт үхрийн мах, хонины мах 5 гулууз, ямааны мах 5 гулууз, адууны гуя, хаа мөн тамхи, хиам, кофе, бэлэн хоол, компот, энэтхэг цаг, энгийн цаг зэрэг эд зүйл авчирч тавьсан байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Оролмаатай маргалдаж муудалцаад, хөөж явуулсан ба надад С эгчийн итгэж үлдээсэн мухлаг, хашааг нь хариуцахгүйгээр хонины 2 гулууз махыг нь Дэнжийн мянгад аваачиж 220.000 төгрөгөөр худалдсан. Мөн LD гэсэн тамхинаас авч татаж дуусгасан. Бусад хиам, бэлэн хоол, компот зэргийг идэж ууж дуусгасан. Би С гуайд 835.390 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Миний буруугаас ийм зүйл болсон. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчийг гомдол саналгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 31х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Уг хэргийн шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.С- нь “хохирол төлбөрийг бүрэн хүлээн авч, хохирлоо барагдуулсан гомдол саналгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч, шүүгдэгч хэн аль нь холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан баримттай, прокуророос 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 44 дугаартай тогтоолоор талуудын хүсэлтийг шийдвэрлэж, шүүгдэгчид хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байна. 

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Нын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Н нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 1-140 тоот дахь  иргэн Б.С-ийн хашаанд сахиулаар болон хүнсний мухлаг, складыг нь хариуцан ажиллах хугацаандаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүнсний агуулах, мухлагт байсан 2 гулууз хонины мах, хүнсний бараа, тамхи зэрэг бараа  бүтээгдэхүүнийг өөрөө авч хэрэглэх, бусдад худалдан борлуулах зэргээр завшиж, хохирогч Б.С-т 835.390 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.С-ийн мэдүүлэг /хэргийн 10-11х, 13-14х, 15х/, гэрч О.Оролмаагийн мэдүүлэг /хэргийн 17-18х, 19х/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ХХК-ийн үнэлгээчийн: “...үнэлэгдэж буй нийт 20 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 835.390 /найман зуун гучин таван мянга гурван зуун ерэн төгрөг/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний ХУ2-19-127 дугаартай тайлан /хэргийн 31-32х/ болон шүүгдэгч Н.Нын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Нын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 1-140 тоот дахь  иргэн Б.С-ийн хашаанд сахиулаар болон хүнсний мухлаг, складыг нь хариуцан ажиллах хугацаандаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүнсний агуулах, мухлагт байсан 2 гулууз хонины мах, хүнсний зүйлс, тамхи зэрэг бараа  бүтээгдэхүүнийг өөрөө авч хэрэглэх, бусдад худалдан борлуулах зэргээр захиран зарцуулж ашигласан гэмт үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Н.Нын гэм үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хууулийн зүйл, хэсэг тохирсон үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Шүүгдэгч Н.Нын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 853.390 төгрөгийг шүүгдэгч бүрэн нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч нь Б.С-ээс: “...Н.Н нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид хамтран ажиллах болсон тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй.” гэсэн /хэргийн 79х/ хэрэгт бичгээр гаргасан хүсэлт баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Н.Наас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэргийн 60 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр  анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Н.Н нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэмшиж буй  шүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаархи гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг тодорхой хугацаанд буюу 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нд 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Н нь 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С нь “хохирол нөхөн төлөгдсөн” үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД