Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 143/2022/00311/И |
Дугаар | 203/МА2024/00024 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 203/МА2024/00024
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2024/00119 дугаар шийдвэртэй,
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Б.*******, Х.******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24 729 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, О.*******-*******, хариуцагч Б.*******ийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагч Х.*******ын өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч Б.******* болон хамтран зээлдэгч Х.******* нар нь ******* *******ны Өмнөговь салбарын харьяа гурван сайхан тооцооны төвөөс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 341601160188 тоот зээлийн гэрээ байгуулан 13 100 000 төгрөгийг жилийн 20.40%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээл эргэн төлөгдөх нөхцөлийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд цалин, 5 ханатай гэр, зурагт хөргөгч, хөлдөөгч, тавилга. Зээлдэгч Б.******* болон хамтран зээлдэгч Х.******* нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 2 308 913.30 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 284 828.68 төгрөг нийт 4 593 741.98 төгрөг төлсөн. Зээлдэгч Б.******* болон хамтран зээлдэгч Х.******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус *******наас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 1475 хоног хугацаа хэтрээд байгаа болно. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 10 791 086.70 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 9 765 855.65 төгрөг, нийт төлөх дүн 20 556 942.35 төгрөг байна.
Иймд Зээлдэгч Б.******* болон хамтран зээлдэгч Х.******* нараас 20 556 942.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ гэжээ.
2. Хариуцагч Б.*******ийн татгалзал, тайлбарын агуулга: Б.******* миний бие 2017 онд ******* *******наас 13 100 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр танил Х.*******ыг гуйж гарын үсэг зуруулсан. Миний авсан зээл Х.*******т ямар нэгэн хамаа байхгүй. Анх зээл авахдаа би аймгийн Нийтлэг үйлчилгээний газарт үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 3 хүүтэй өрх толгойлсон эмэгтэй. Тухайн үед ажил хийж байсан болохоор цалингаараа төлнө гэж бодоод үр хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зориулж нэмж авсаар байгаад зээл маань 13 100 000 төгрөг болсон.
Гэтэл бие маань өвдөөд ажлаа хийж чадахгүй болоод ажлаасаа гарсан. Миний бие элэгний цирроз, элэгний бэтэгтэй болсон. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хагалгаанд орж авахуулсан боловч дахин гарч томорсон тул ажил хийж чаддаггүй. Бие зүгээр байсан бол төлж барагдуулах л байсан. Ажил хийх боломжгүй биеийн байдлаас болоод төлж чадаагүй гэсэн тайлбар өгч байсан нэгэнт тус *******наас зээл авсан нь үнэн учраас 20 556 942.39 мөнгийг төлж барагдуулна. Би анх энэ зээлийг авахдаа ажилтай, эрүүл саруул байсан. Өвдсөнөөс хойш төлж чадаагүй. Хүүг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээр шийдвэр гаргуулж байж төлнө гэжээ.
Хариуцагч Х.*******ын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие одоогийн байдлаар Өмнөговь аймгийн төвд ам бүл ганцаар амьдардаг. Х.******* миний бие *******тэй найзын харилцаатай байдаг. 2017 онд найз ******* зээл хийх гэсэн юм. Зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгч тус болооч гэж гуйгаад байхаар нь гарын үсэг зурж өгсөн. Зээлийг би төлөх шалтгаангүй учир гэрээнээс гарын үсгийг цуцалж өгнө үү. Б.******* бид хоёр найзууд. Б.******* нь зээл сунгах гэсэн юм. Гарын үсэг зураад өгчих гээд намайг гуйсан. Тэгээд би гарын үсэг зурж өгсөн. Энэ зээл нь надад огт хамаагүй. Би энэ зээлийг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж бодож байна гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******, Х.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 24 729 314 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 734 төгрөг болон 81 708 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн давж заалдах гомдлын агуулга:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... 4.2 Зохигч талуудын хооронд байгуулсан дээрх Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-нүүдийг хүснэгтээр үзүүлсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримтын талаар маргаагүй.... гэж дүгнэсэн, талуудын хэн аль нь гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр юм.
Иргэний хуулийн 43 дугаар зүйл. Хэлцэл хийсэн гэж үзэх, 43.2.Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;
Иргэний хуулийн 196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох 19б.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар
Иргэний хуулийн 451 дүгээр зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч/ гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 451.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж заажээ.
Иргэний хуулийн 43.2.1, 196.1, 451.1, 451.2-т заасны дагуу хариуцагч нартай байгуулсан Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, хариуцагч тус гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ. 2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: 4.1 нэхэмжлэлд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 341601160188 тоот зээлийн гэрээг хавсарган ирүүлжээ... 2017 оны 01 сарын 23, 05 сарын 19, 08 сарын 25, 2018 оны 02 сарын 01 ний өдрийн зээлийн гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нэмж ирүүлсэн... гэдгийг тодорхой дурдсан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 4.3... ******* ******* ХК нь зээлдэгч Б.*******т дээрх 4 удаагийн зээлийн гэрээгээр нийт 13 100 000 төгрөгийг 60 сарын хугацаатай олгосон зээлийн гэрээ болон бусад баримт хэрэгт авагдаагүй байна. гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтыг нэг бүрчлэн дурдсан атлаа нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэжээ. ******* ******* ХК нь хариуцагч Б.*******, Х.******* нартай 341601160188 тоот, 2017 оны 01-р сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ 2017 оны 05-р сарын 19-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ 2017 оны 08-р сарын 25-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ 2018 оны 02-р сарын 01-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ тус тус байгуулсан бөгөөд талууд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан байдаг.
Мөн талуудын хооронд байгуулсан хамгийн сүүлийн буюу 2018 оны 02-р сарын 01- ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна. Хариуцагч нар гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар маргаагүй нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсээр байхад нэхэмжлэгчийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн хариуцагч Б.*******, Х.******* нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2024/00119 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Б.******* зээл судлуулахдаа Х.*******тай гэр бүл болж байгаа гэж судлуулж байсан. Нийт 4 удаагийн зээл авсан. Зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Х.******* үүрэг хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Х.*******ын өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.******* ******* ******* ХК-с цалин барьцаалсан зээл авсан. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдэд Х.******* зээлийн гэрээний үүрэг хүлээх заалт байхгүй. Нотлох баримтуудаар Х.*******аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх зүйн үндэслэлгүй. Тиймээс Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2024/00119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Б.*******ийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгчийн хувьд 2018 оны 05 дугаар сараас эхлээд нийт 1475 хоног хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээ дуусгавар болох, цуцлах арга хэмжээг нэг талын санаачилгаар цуцлах арга хэмжээ авна гэж заасан. Энэ заалтыг ******* хэрэгжүүлээгүй зөрчсөн нөхцөл байдал харагдаж байна. Мөн нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Хамгийн сүүлийн зээлийн гэрээнд 50 сарын хугацаатай 11 282 000 төгрөг авсан. Гэтэл нэхэмжлэл дээр 60 сарын хугацаатай 14 100 000 төгрөг авсан гэж зөрүүтэй бичигдсэн байдаг. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд үүрэг гүйцэтгэх, хугацаа хэтэрсэн зөрчил гаргасан үндэслэлээр үүргээ гүйцэтгэх, шаардах эрх нь зээлдүүлэгчийн талд үүснэ гэж заасан. Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдчихоод байхад ******* нэг талын санаачлагчаар гэрээг цуцлах арга хэмжээ авахгүй. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж их хүүний өрөнд оруулж байгаа нөхцөл байдал нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаа ...******* *******ны Өмнөговь салбарын харьяа гурван сайхан тооцооны төвөөс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 341601160188 тоот зээлийн гэрээ байгуулан 13 100 000 төгрөгийг жилийн 20.40%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.******* болон хамтран зээлдэгч Х.******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа 1475 хоног хэтрээд байгаа болно. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 10 791 086.70 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 9 765 855.65 төгрөг, нийт төлөх дүн 20 556 942.35 төгрөг байна. Банк зээлийг бүрэн төлөгдөх хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 4 172 371 төгрөг 65 мөнгийг нэмж гаргуулах... гэсэн үндэслэлээр дэмжсэн.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзахдаа ...Би анх энэ зээлийг авахдаа ажилтай, эрүүл саруул байсан. Өвдсөнөөс хойш төлж чадаагүй. Хүүг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээр шийдвэр гаргуулж байж төлнө,
Хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзахдаа: ... Зээлийг би төлөх шалтгаангүй учир гэрээнээс гарын үсгийг цуцалж өгнө үү. Б.******* бид хоёр найзууд. Б.******* нь зээл сунгах гэсэн юм. Гарын үсэг зураад өгчих гээд намайг гуйсан. Тэгээд би гарын үсэг зурж өгсөн. Энэ зээл нь надад огт хамаагүй. Би энэ зээлийг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж бодож байна гэсэн үндэслэлээр маргасан.
Зохигч зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн, авсан эсэх үйл баримтын талаар маргаагүй байна.
3. Хэргийн үйл баримтын талаар дүгнэвэл:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******, Х.******* нартай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №34601160188 дугаартай зээлийн гэрээгээр 7 100 000 төгрөгийг жилийн 20.40 хувь, 36 сарын хугацаатай, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №34601160188 дугаартай зээлийн гэрээгээр нэмэлт зээлийн хэмжээ 2 000 000 төгрөг, нийт 8 660 991.22 төгрөгийг жилийн 20.40 хувь, 36 сарын хугацаатай, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №34601160188 дугаартай зээлийн гэрээгээр нэмэлт зээлийн хэмжээ 2 000 000 төгрөг, нийт 9 938 119.23 төгрөгийг жилийн 20.40 хувь, 50 сарын хугацаатай, 2018 оны 02 дугаар сарын 01-ний №34601160188 дугаартай зээлийн гэрээгээр нэмэлт зээлийн хэмжээ 2 000 000 төгрөг, нийт 11 282 812.76 төгрөгийг жилийн 20.40 хувь, 50 сарын хугацаатай цалин, хөдлөх эд хөрөнгө барьцаалан олгосон.
Хариуцагч нар нь үндсэн зээл 2 308 913.30 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 2 284 828.68 төгрөг, нийт 4 593 741.98 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч энэ талаар маргаагүй үйл баримт тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн, хоёр талт зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн шаардах эрхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу үүссэн гэж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэв.
4.Зээлийн гэрээний тухайд: Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьд байгуулсан зээлийн гэрээнүүдийн мөнгөн дүнг нэмэгдүүлж олгосон зээлийн гэрээгээр нийт 11 282 812.76 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай байгуулжээ /хх-90-91/.
Энэхүү гэрээгээр хариуцагч сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн төлөхөөр тохирсон, хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 11 282 812.76 төгрөгийг ашигласан хугацаан дахь хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчсөн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна.
5. Талууд зээлийн гэрээний 2.2.7-д нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх байдлаар гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын төлсөн төлбөр нь сар бүрийн тогтоосон хэмжээнд хүрэлцээгүй тохиолдолд хүү, үндсэн зээл төлүүлэх зарчмаар үүргийн гүйцэтгэлийг тооцохоор тохирсон гэж ойлгоно.
6.Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. 2.2.5-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-аас зээлийг урьдчилан төлж дуусгаж болох бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүүг төлбөр гүйцэтгэсэн өдрөөр тооцно. 2.2.6-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх тухайн сарын үндсэн зээлийн төлбөрийг урьдчилан төлсөн нь тухайн болон дараагийн саруудад зээлийн үлдэгдлээс хуримтлагдах хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хүүгийн зардлаа бууруулах нөхцөл болно гэж зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл шалтгаалан ******* шаардах эрхтэй талаар гэрээнд заасан боловч дээрх гэрээний 6.2-т зааснаар ******* гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бүрдсэн өөрөөр хэлбэл уг зээлийн гэрээний 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг 2018 оны 05 сараас зөрчиж эхэлсэн, 6.2.5-д зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон, чадваргүй болсон шалтгаанаар зээлдэгч нар төлбөр төлөх үүргээ огт биелүүлэхгүй байхад гэрээний нөгөө тал болох ******* мэдсэн боловч гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй,
Үүнээс гадна нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах учиртай бөгөөд талуудын хооронд байгуулсан 341601160188 дугаартай гэрээ /хх-90-91/-ний дээрх заалтуудыг ******* ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэрэгжүүлээгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нарт шаардлага хүргүүлсэн, мэдэгдсэн, зээлийн гэрээний хугацааг сунгасан, аль эсхүл үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шүүхэд хандсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүссэн үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж үзлээ.
7. Иймд хариуцагч нар нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 341601160188 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулахдаа үндсэн зээлийн үлдэгдэл 11 282 812.76 төгрөг, хүү 5 488 098.76 төгрөг /2018.02.25-2022.03.25/ төлөх үүргийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн өмнө хүлээсэн байх ба нэхэмжлэгч байгууллага гэрээний хугацаанд хариуцагч нараас төлсөн 4 593 741.98 төгрөгөөс үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнд 2 284 828.68 төгрөг, үндсэн зээлд 2 308 913.30 төгрөгийг төлсөн талаар тайлбар гаргасан ба шүүх дээрх үнийн дүнг гэрээний үүргээс хасч тооцох нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.
8. Хэдийгээр хариуцагч Б.******* нь ...бие маань өвдөөд ажлаа хийж чадахгүй болоод ажлаасаа гарсан. Миний бие элэгний цирроз, элэгний бэтэгтэй болсон. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хагалгаанд орж авхуулсан боловч дахин гарч томорсон тул ажил хийж чаддаггүй. Бие зүгээр байсан бол төлж барагдуулах л байсан гэсэн тайлбарыг гаргаж энэ талаарх нотлох баримтыг /хх-47-49 талд/ ирүүлсэн байх боловч Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр зарим арга хэмжээ авах тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, ******* бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол ******* (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК-нд хүсэлт гаргасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, торгууль тооцуулахгүй байх боломжтой байжээ.
9. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэх нь гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт гэж заасныг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагч Б.*******, Х.******* нарыг зээлийн төлбөр, зээлийн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 685 443.48 төгрөгийг / үндсэн зээл 11 282 812.76 төлсөн зээл 2 308 913.30 = 8 482 173.4 төгрөг, хүү 5 488 098.76 төлсөн хүү 2 284 828.68 = 3 2023 270.08 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад нийцнэ гэж үзлээ.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 442.71 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 201 917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
11. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 596.57 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 143/ШШ2024/00119 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 5 842 721 төгрөг 74 мөнгө, Х.*******аас 5 842 721 төгрөг 74 мөнгө тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 13 043 870 төгрөг 52 мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 734 төгрөг болон 81 708 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 442 төгрөг 71 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.*******, Х.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 201 917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 281 596.57 /хоёр зуун наян нэгэн мянга таван зуун ерэн зургаан төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.УГТАХБАЯР