Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Ат холбогдох эрүүгийн 18100 1391 0054 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-572 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 274 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 551 дугээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30 дугаар гудамжны 572 тоотод байх өөрийн гэртээ Я.Б-тай архидан согтуурч, улмаар түүнийг “агсам тавьж, орилж хашгирлаа” гэж уурлан хоолойг нь боож, зүүн гарын бугалга, толгой, зүүн нүд хэсэгт нь хэд хэдэн удаа цохих, заазуураар хүзүүг нь зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

Мөн 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн 30 дугаар гудамжны 572 тоот дахь өөрийн гэрт согтуугаар хамтран амьдрагч Ш.Н-ыг “архи уулаа, унт” гэхэд “чамаар заалгахгүй, би өөрийгөө мэднэ” гэж уурлан, түүний баруун гарын шуунд хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “ хоёр, түүнээс дээш хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Я.Б-, Ш.Н- нарын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Цаашид ноосны үйлдвэрт угаагчаар ажилд орох гэж байгаа учир засарч хүмүүжиж, зөв амьдарна. Одоо архи уухгүй байгаа. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1391 0054 дугаартай хэргээс:

 

1. “Хэрэг гарсан гэх ХУД-ийн 16-р хороо, Буянт-Ухаа 1-21 тоотод үзлэг хийсэн тухай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-15х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад манай найз Түмэнбаяр ирсэн. Би урьд нь мөнгө зээлсэн байсан, тэрийгээ өгөөд сууж байгаад “зүгээр сууж байхаар гаръя” гээд гэрээс гараад гудамжинд алхаад явж байхад А тааралдсан. А бага зэрэг архи уусан байх шиг байсан, Түмэнбаяраас учир зүггүй “1 шил архи аваад өгчих” гээд нэхээд байсан юм. Тэгээд Түмэнбаяр дэлгүүр ороод Их Монгол нэртэй 0.75 литрийн савалгаатай 1 шил архи аваад бид гурав Аын гэрт очсон.

Түмэнбаяр угаасаа архи уудаггүй хүн бөгөөд авсан архийг нь А бид хоёр хувааж уусан. Харин Түмэнбаяр манайд ирэхээс өмнө би хөрш айлын Батням гэдэг хүнтэй хамт 1 шил архи хувааж уусан байсан юм. Нэг мэдэхэд Түмэнбаяр гараад явсан байсан, би тэрийг нь анзаараагүй. А надад дахин дахин архинаас хундагалаж өгөөд хүчээр уулгаад байсан. Би урьд нь архи дарс уучихсан байсан болохоор Аын хийж өгсөн архийг нь уугаад нилээн согтоод “одоо болно, би уухгүй” гэсэн боловч хүчээр шахаж уулгаад байсан.

Тэгээд миний хувцасыг тайлах гээд оролдоод байхаар нь “чи болиоч ээ” гэхэд шууд хоолой боогоод зүүн гарын бугалга руу нэг удаа, толгойны бүх хэсэгт олон удаа, зүүн нүд рүү нэг удаа цохиод намайг дараад босгохгүй болохоор нь би болиулах гээд дийлээгүй. Тэгсэнээ миний бүх хувцасыг тайлаад “одоо би чамтай бэлгийн харилцаанд орно” гээд бэлгийн харилцаанд орсон. Би “болиоч ээ, яасан муухай юм бэ” гэхэд ерөөсөө тоохгүй байсан. Мөн хүчиндэхээсээ өмнө миний хүзүүний баруун хэсэгт ногоон, саарал өнгийн бариултай заазуур шкафнаасаа гаргаж ирээд 2 удаа зүсчихсэн юм. Надтай бэлгийн харилцаанд орсоны дараа би согтоод, нилээн ядарсан байсан болохоор хэсэг хугацаанд унтсан байсан. Сэрээд босоод ирэхэд миний толгойноос цус гарчихсан байхаар нь А “чи толгойгоо угаачих, өөрөө ор мөргөж унасан шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагаан өнгийн хүүхдийн түмпэнд толгойгоо угаасан юм. Тэр түмпэн нил цус болсон байгаа. Би явах гэхэд явуулахгүй байж байгаад ахынхаа гэрт ороод гараад ирэхэд цагдаа нар ирсэн, Аын ах нь цагдаа нарыг дуудсан байна лээ.

Миний толгой битүү хавантай, толгойны зүүн хажуу хэсэг хагараад түргэн тусламжийн машинаар Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Түмэнбаяр архи ууж эхлэх үед гараад явсан байсан ба болсон асуудлыг харсан хүн байхгүй. Би 2014 оны 8 дугаар сард Аын хашаанд түрээсээр амьдарсан юм, тэр үеэс эхлэн Аыг таньж мэддэг болсон. Би урьд өмнө нь Атай бэлгийн харилцаанд орж байгаагүй. Тухайн өдөр би 2 шил архийг хувааж уусан, болсон асуудлыг ойлгох чадвартай байсан. Мөн их айсан байсан. А заазуур гаргаж ирээд “чамайг ална” гээд миний хүзүүн дээр зүсэхээр нь би заазуурыг аваад хойшоо шидсэн. Хаана унасныг нь мэдэхгүй, дараа нь дуудлагаар ирсэн цагдаа хайгаад олоогүй. ...Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор намайг хүчиндсэн байх гэж бодсон юм. Сүүлд бодоод байхад намайг хүчиндсэн асуудал болоогүй юм байна, би цагдаа нарт андуураад буруу мэдүүлэг өгсөн. Би шүүх хуралд суухгүй. Гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х, 25х, 29х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Түмэнбаярын гэрчээр өгсөн:

“...Би он, сар, өдрийг нь санахгүй байна, Б-аас авлагаа авахаар гэрт нь очиж мөнгөө аваад буцаж гэртээ иртэл удалгүй араас А, Б- хоёр орж ирсэн. “Та хоёр яах гэж байгаа юм, эндээс явцгаа” гэхэд А “архи аваад өгчих” гээд нэхээд салахгүй байхаар нь гарч хамт дэлгүүр ороод “Их Монгол” нэртэй 0.75 литрийн савалгаатай 1 шил архи аваад Аын гэрт очсон. Би угаасаа архи уудаггүй болохоор “та нар өөрсдөө уу, би уухгүй” гэж хэлэхэд тэд нар мөн мэддэг учир нэг их шахаагүй, өөрсдөө уусан. Аын гэр нь их хүйтэн, гал түлээгүй байсан бөгөөд “галаа түлээч” гэхэд хагас дутуу нэг юм түлсэн. Гэр нь халахгүй болохоор нь би даараад,  мөн тэр хоёр архиа ууж дуусаад Атай хамт гэрээс нь гарахад А “дахин нэг шил архи аваад өгчих” гэхээр нь “чи одоо яасан даварчихсан гар вэ” гэж хэлээд би яваад өгсөн. А Б-ийг архиар шахаад байсан юм. Би явахдаа Ат “чи эмэгтэй хүнийг архиар шахаж болохгүй шүү” гэж хэлээд явсан. Тэрнээс цааш ямар асуудал болсон талаар би мэдэхгүй байна. Маргааш нь Б-тай тааралдахад “Ат зодуулсан” талаараа ярьсан. “Яагаад зодсон юм” гэж асуухад “толгой тархи руу зөндөө цохисон” гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Намайг гэрт байх үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэр хоёрын хооронд болсон асуудлыг би хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Наранбаатарын гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицероор ажилладаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Эрхэс-111 чиглэлд цагдаагийн ахлах Г.Хосбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Эрхэс-10-аас шөнийн 03 цаг 15 минутын үед “Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-572 тоотод зодуулсан хүн байна” гэсэн дуудлагыг хүлээн авч уг хаягтай айлд очиход Д.А, Я.Б- нар нь биеэ авч явах чадваргүй согтуу байсан ба Д.А нь Я.Б-ийн толгойг нь цагаан өнгийн хувинд уугаачихсан сууж байсан. Тухайн хувин нил цус болсон байсан бөгөөд Д.Аыг Эрхэс-10 хүлээлгэн өгч, Я.Б-ийг жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Я.Б-ийн толгойноос цус гарсан байдалтай, “Д.А цохиж, хүзүүг нь зүссэн” гэж хэлээд дайраад байсан. Харин Д.А “чи манай гэрт өөрөө ирчихээд, би чамайг яасан гэж зоддог юм бэ” гэж хоорондоо маргалдаад байсан. Хэргийн газраас заазуур, хутга мэсний зүйл хайсан бололвч илрүүлээгүй юм. Тухайн эрэгтэй, эмэгтэй нар нилээн их согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1695 дугаартай дүгнэлтэд:

1. Я.Б--н биед зулайн хуйхны шарх, хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 27х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Н.Энхцолмонг байцаасан тэмдэглэлд:

“...Хохирогч Я.Б-ийн биед учирсан зулайн хуйхны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл нь цар хүрээ болон зүсэгдсэн байрлалаас хамаарч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зулайн хуйхны шарх гэмтэл тухайн хэрэг учрал болох үед үүссэн шинэ гэмтэл бөгөөд хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болохоос өмнө үүссэн байх боломжтой.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 49х/,

 

5. ШШҮХ-ийн бактериологийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийсэн шинжилгээний 1684 дугаартай дүгнэлтэд:

1. Я.Б--ийн цус нь АВО системээр АВ/IY бүлгийн харъяалалтай байна.

2. Я.Б- нь бэлгийн замын халдварт өнгөний тэмбүү өвчтэй болон үтрээний бэлгийн замын өвөрмөц бус халдварт трихомониаз өвчтэй байна. Уг өвчнүүд нь архаг үе шатандаа байна.

3. Хэдийд, хаанаас уг өвчнүүдийн халдвар авсаныг тогтоох боломжгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Н-ын хохирогчоор өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.А нь манай найзын гэрт байхад нь танилцаж, түүнээс хойш уулздаг байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-572 тоот дахь Д.Аын гэрт хамт амьдардаг болсон. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Д.Аын найз болох Суман-Эрдэнэ нь эхнэр, хүүхдийн хамт ирэхээр нь би бууз хийж, хоол идэцгээгээд, бид нар гэрт байсан нэг шил архийг уусан.

Тэгээд 14:00 цагийн үед найз нь гэр бүлээрээ явсан. Би аяга, тавгаа угаачихаад Аыг “унт” гэж хэлэхэд гэнэт уурлаад “чамаар заалгахгүй, би өөрийгөө мэддэг” гээд намайг цохих гэхээр нь би гадагшаа гараад гүйчихсэн. Түүнийг тайвшираг гэж бодоод гэрийн гадаа зогсож байтал хутга авч гарч ирээд,  шууд миний баруун гарын шуун дээр нэг удаа хутгалсан. Тэгээд цус гарахаар нь би гэрт ороод бинтээр дараад байж байтал А түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байтал түүний найз гэх Батдэлгэр гэдэг хүн орж ирээд “ингэж болохгүй шүү дээ” гээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед  А нь “юу гэж цагдаа дуудаж байгаа юм бэ” гээд уурлаад байсан.  

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Аын танилын айл гээд Нисэхэд байдаг гэрт очоод хоноход “намайг ийшээ хэвт” гээд татаад мушгисан юм. Маргааш өглөө нь гар хавдаад байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд гар шуугаараа хугарсан байсан. Тэгэхэд А “манай гэрт амьдар, би гарыг чинь эдгээж өгье. Чи нэг хүүхэдтэй, би нэг хүүхэдтэй. Хамт амьдаръя” гэхээр нь гэрт нь хамт амьдарч эхэлсэн. Би охинтойгоо утсаар ярихад “чи гэр зааж өгч болохгүй шүү” гээд уурлаад байдаг.

А архи уухаараа их агсам, бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Би гар хугарсанаас хойш “бие өвдөөд байна, унтахгүй” гэхээр “хүчээр бэлгийн харьцаанд орно” гээд үснээс зулгаагаад орноос унагааж байсан. Дараа нь бас хүчээр бэлгийн харьцаанд орохыг шаардаж нүд рүү цохиж нүд хөхрүүлж байсан. 2018 оны 05 дугаар сарын 30-ны орой би Хархорин зах ороод ирэхэд А архи уугаад сууж байхаар нь “чи архи уухаараа ааш чинь хувирдаг, одоо боль” гэхэд маргалдаад орон дээрээс унагааж духаараа орны урд байсан сандалыг мөргөж хөхрүүлсэн. Ер нь намайг ”харина” гэхээр “чамайг ална” гээд айлгаад байдаг байсан. Намайг цохиж зодсон асуудлыг мэддэг хүн байхгүй, би найз нөхдийг нь мэдэхгүй. А намайг хүмүүстэй ер уулзуулдаггүй, “гэр оронд хүн битгий оруулаарай” гэж хэлдэг. Охинтойгоо утсаар ярихад уурладаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 128-129х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Суман-Эрдэнийн гэрчээр өгсөн:

“...Би А-ыг танина, манай найз байгаа юм. Хааяа нийлж архи уудаг. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, би эхнэрийн хамт А-ын гэрт очиход эхнэртэйгээ хамт архи ууж сууж байсан. Тэгээд бид хэд нийлж нэг шил архи уучихаад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй.

Дараа нь дахиж гэрт нь очиход А, Нинжхорол хоёр хоорондоо хэрэлдээд сууж байсан ба Нинжхоролын нэг гар нь зүсэгдсэн байсан ба А зүссэн гэсэн. Өөр Нинжхоролын биед ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг анзаараагүй. Яагаад, ямар шалтгааны улмаас тэр хоёр маргалдсаныг би мэдэхгүй, Нинжхорол нь “намайг хардаад” гэж хэлж байсан. Мөн түүний нэг гар нь боолттой яваад байдаг байсан. А яагаад, хэзээ хугалсаныг нь мэдэхгүй байна.

А ер нь архи уусан үедээ түргэн ааштай, агсам тавьдаг. Гэхдээ би А Нинжхоролыг зодож цохиж байхыг хараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 83-84х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Золжаргалын гэрчээр өгсөн:

“...Манай ээж 2018 оны 03 дугаар сарын үед надтай утсаар ярихдаа “унаад гараа гэмтээчихсэн” гэж хэлж байсан. Дараа нь 2018 оны 06 дугаар сард уулзахдаа “хамт амьдарч байсан А гэдэг хүнд зодуулаад гараа гэмтээсэн” гэж хэлсэн. Мөн тухайн 06 дугаар сард гарандаа хутгалуулсан байсан. 2018 оны 02 дугаар сард буюу цагаан сарын баярын үеэр “найзуудынхаараа золголт хийнэ” гэж гэрээс гараад түүнээс хойш А гэдэг хүнтэй хамт амьдрах болсон юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 138-139х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Батдэлгэрийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баярын өдөр байсан шиг санагдаж байна. Би Аын гэрт үдээс хойш 14 цагийн үед очиход А нь жинсэн өмдтэй, цээж нүцгэн, орны урд зогсож байсан ба Нинжхорол гэх эмэгтэй доогуураа шалдан, дээгүүрээ улаан эрээн цамц билүү тийм юм өмссөн, үс нь задгай сууж байсан ба тэр хоёр хоёулаа согтуу байсан.

Нинжхоролын баруун гарын шуунаас цус гарсан, цусаа гоожуулаад бинт билүү нэг юмаар боосон байсан. Би “юу болсон бэ” гэхэд А “энэ жоохон дургүй хүргээд, тэгээд ийм юм болчихлоо” гэхэд Нинжхорол “энэ намайг хутгалчихлаа” гэж байсан. Өөр юм хэлээгүй. Намайг ирэхэд зодоон дууссан байсан. Тэгээд би Цагдаагийн хэлтэст гүйж ирээд дуудлага өгч, эргүүлийн цагдаа нар ирж “хутга хаана байна вэ” гэхэд А “ийшээ шидсэн” гээд зааж байсан. Гэрийн гадаа хашааны хаяанд шар алаг бугын эвэр шиг иштэй хутга байсныг цагдаа нар олж авсан ба Нинжхорол нь “Аын хутгалсан хутга мөн” гэж заасан. Тэгэхэд А надад “чи цагдаа дуудлаа, чамайг ална” гэж заналхийлсэн. Би түүнд “иргэний үүргээ биелүүлсэн, ийм цус гоожсон гэмтэлтэй байхад яаж зүгээр явах вэ” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Хутгалуулахаас хэдэн сарын өмнө Нинжхорол “миний гарыг А хугалчихлаа” гээд гараа бариад яваад байсан.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 146-147х/,

 

11. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 7176 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Н-ын биед баруун шуунд мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн баруун шуун дахь мэс заслын оёдол бүхий шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тус хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 155х, 165х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.Нандинцэцэгийг байцаасан тэмдэглэлд:

“...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ш.Н-ын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Баруун шууны мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан.

Хохирогч Ш.Н- нь 2018 оны 03 дугаар сарын 16-нд зүүн гараа хугалж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сандал мөргүүлж гэмтсэн талаар шинжилгээ хийлгэх тогтоолд дурьдсан. Дээрх гэмтлүүд учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Учир нь:

Дээрх хугацаанд Ш.Н-ын биед үзлэг хийсэн эмчийн үзлэг, шинжилгээ, эмнэлгийн баримт бичиг байгаагүй. Ш.Н-ыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзэхэд зүүн гарын шуунд хамгаалах бэхэлгээтэй байсан. Баруун шууны гадна хэсэгт мэс заслын шарх тав, цус хуралттай байсан. Зүүн гарын шуу хугарсан эсэхийг ясны рентген (зураг) шинжилгээгээр тогтооно. Тухайн үед үзүүлэгч ямар нэгэн рентген шилжилгээ хийлгэсэн зураг болон бусад үзлэг, шинжилгээ байгаагүй учир тогтоох боломжгүй.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 169х/,

 

13. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт материалаар хийсэн шинжилгээний 1292 дугаартай нэмэлт дүгнэлтэд:

1.2.3.4. Ш.Н-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний рентген зургаар зүүн гарын сарвуу, шуу, бугуйн үений 2 байрлалын рентген зургаар яс, үеэнд гэмтлийн өөрчлөлтгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 172-173х/,

 

14. Шар өнгийн 6 см урт бариултай, 1.5 см урд үзүүртэй, цус мэт зүйлээр бохирлогдсон хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол баримт /хэргийн 156-157х, 158х/,

 

15. Эрүүгийн 1810002550777 дугаартай хэрэгт, эрүүгийн 1810013910054 дугаартай хэргийг нэгтгэх тухай прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай тогтоол  /хэргийн 111х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр айлд орж гараад 21 цагийн үед харих замдаа манай хашаанд гэр барьж сууж байсан Б- гэдэг эмэгтэй араас нилээн согтуу хүрч ирээд “би чамд ганц юм авч өгье, танайд очъё” гэхээр нь би зөвшөөрөөд замдаа дэлгүүрээс Б-ийн мөнгөөр 0.75 литрийн савалгаатай “Их Монгол” нэртэй архи аваад манайд очсон. Тэгээд бид хоёр архиа хувааж уучихаад сууж байхад Б- согтоод агсам тавьж, орилж чарлаад байхаар нь би түүнийг цаашаа түлхтэл орон дээр саваад хананы мод мөргөж унасан. Би гэрт ширээн дээр хоол хийж байсан заазуурыг аваад бариул хэсгээр нь толгойд нь хоёр удаа цохисон. Түүнийг айлгах гээд “чи битгий хүн хэрэгт хийх гээд бай” гээд заазуураа хоолойд нь тулгатал өөрөө хөдлөөд хүзүүгээ зүсчихсэн. Тэгэхээр нь би заазуураа хаяаад түргэн тусламж, цагдаа дуудаад Б-ийн толгой дээр нь ус хийж өгч угаасан. Удалгүй цагдаа ирсэн.

Б- нь согтуу агсам тавиад байхаар нь би зодсон юм. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, түүний биед учирсан гэмтлийг би учруулсан. Би түүнийг хүчиндсэн асуудал байхгүй, би Б-тай бэлгийн харьцаанд орж байгаагүй. Бид хоёр хоёулаа тухайн өдөр нилээн согтолттой байсан. Тэр заазуурыг би хаячихсан юм, гэхдээ хаана хаясанаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 108-109х/,  

 

Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:

“...Би Ш.Н-той 2018 оны 01 дүгээр сард буюу цагаан сарын баярын үеэр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг арьс ширний 80 айл гэх нийтийн байранд золголт хийж яваад айлд танилцаж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг ч хоног салалгүй манай гэр болох Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-572 тоотод хамтран амьдрах болсон. Нинжхорол бид хоёр 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр эх үрсийн баяр гээд нэг шил архи хувааж уугаад сууж байхад гэнэт Нинжхорол архи уухаараа хамт байж байгаад өөр хүний өвөрт ороод унтчихдаг нь санаанд орж уур хүрээд “чи хамт амьдрах юм бол амьдар, чадахгүй бол холдоод яв” гэж хэлэхэд “үгүй” гээд маргалдаж байгаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би мах хэрчиж байсан шар өнгийн иштэй жижиг хутгыг аваад айлгах санаатай араас нь гараад баруун гарын шуу хэсгийг нь зүсчихсэн юм. Тэгээд бид хоёр гэрт ороод сууж байхад гаднаас Батдэлгэр орж ирээд цагдаа дуудсан. Би Нинжхоролыг хардаад хэрүүл хийж байгаад гарыг нь хутгаар зүссэн. Урьд өмнө түүнийг зодож цохиж байсан удаа байхгүй. Бид хоёр хамт амьдарч байхад Нинжхорол байнга архи уудаг, согтоод өөрөө унаад байдаг ба маргааш нь намайг зодсон байна гээд болсон юмаа санадаггүй юм. Би түүнийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зодсон асуудал байхгүй. Харин өмнө нь 2018 оны 03 дугаар сард бид хоёр согтуу унтах гэж байгаад хамт унтъя гээд хувцаснаас нь татахад өөрөө зүүн гарынхаа бугуйгаараа тулж орон дээр унасан юм. Тэгээд бид хоёр эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэж байсан ба яг хугарсан эсэхийг мэдэхгүй байна. Би түүний гарыг нэг л удаа хутгаар зүсэж байсан. ...Би Ш.Н-, Я.Б- нарыг зодсондоо их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 113х, 193-194хх/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 199х/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоол,  2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 274 дугаартай магадлал, ял дүйцүүлэн хассан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 04 дугаартай магадлал, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтын хуулбар баримтууд /хэргийн 54-59х, 60-62х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал  тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30 дугаар гудамжны 572 тоотод байх өөрийн гэртээ Я.Б-тай архидан согтуурч улмаар түүнийг “агсам тавьж, орилж хашгирлаа” гэж уурлан хоолойг нь боож, зүүн гарын бугалга, толгой, зүүн нүд хэсэгт нь хэд хэдэн удаа цохих, заазуураар хүзүүг нь зүсэх зэргээр зодож биед “зулайн хуйхны шарх, хүзүүний зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл,  

Мөн 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн 30 дугаар гудамжны 572 тоот, өөрийн гэрт согтуугаар хамтран амьдрагч Ш.Н-ыг “архи уулаа, унт” гэхэд “чамаар заалгахгүй, би өөрийгөө мэднэ” гэж уурлан түүний баруун гарын шуунд хутгаар зүсч, биед нь “баруун шуунд мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн:

- хохирогч Я.Б-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад манай найз Түмэнбаяр ирсэн. Би урьд нь мөнгө зээлсэн байсан, тэрийгээ өгөөд сууж байгаад “зүгээр сууж байхаар гаръя” гээд гэрээс гараад гудамжинд алхаад явж байхад А тааралдсан. А бага зэрэг архи уусан байх шиг байсан, Түмэнбаяраас учир зүггүй “1 шил архи аваад өгчих” гээд нэхээд байсан юм. Тэгээд Түмэнбаяр дэлгүүр ороод Их Монгол нэртэй 0.75 литрийн савалгаатай 1 шил архи аваад бид гурав Аын гэрт очсон.

Түмэнбаяр угаасаа архи уудаггүй хүн бөгөөд авсан архийг нь А бид хоёр хувааж уусан. Харин Түмэнбаяр манайд ирэхээс өмнө би хөрш айлын Батням гэдэг хүнтэй хамт 1 шил архи хувааж уусан байсан юм. Нэг мэдэхэд Түмэнбаяр гараад явсан байсан, би тэрийг нь анзаараагүй. А надад дахин дахин архинаас хундагалаж өгөөд хүчээр уулгаад байсан. Би урьд нь архи дарс уучихсан байсан болохоор Аын хийж өгсөн архийг нь уугаад нилээн согтоод “одоо болно, би уухгүй” гэсэн боловч хүчээр шахаж уулгаад байсан.

Тэгээд миний хувцасыг тайлах гээд оролдоод байхаар нь “чи болиоч ээ” гэхэд шууд хоолой боогоод зүүн гарын бугалга руу нэг удаа, толгойны бүх хэсэгт олон удаа, зүүн нүд рүү нэг удаа цохиод намайг дараад босгохгүй болохоор нь би болиулах гээд дийлээгүй. Тэгсэнээ миний бүх хувцасыг тайлаад “одоо би чамтай бэлгийн харилцаанд орно” гээд бэлгийн харилцаанд орсон. Би “болиоч ээ, яасан муухай юм бэ” гэхэд ерөөсөө тоохгүй байсан. Мөн хүчиндэхээсээ өмнө миний хүзүүний баруун хэсэгт ногоон, саарал өнгийн бариултай заазуур шкафнаасаа гаргаж ирээд 2 удаа зүсчихсэн юм. Надтай бэлгийн харилцаанд орсоны дараа би согтоод, нилээн ядарсан байсан болохоор хэсэг хугацаанд унтсан байсан. Сэрээд босоод ирэхэд миний толгойноос цус гарчихсан байхаар нь А “чи толгойгоо угаачих, өөрөө ор мөргөж унасан шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагаан өнгийн хүүхдийн түмпэнд толгойгоо угаасан юм. Тэр түмпэн нил цус болсон байгаа. Би явах гэхэд явуулахгүй байж байгаад ахынхаа гэрт ороод гараад ирэхэд цагдаа нар ирсэн, Аын ах нь цагдаа нарыг дуудсан байна лээ.

Миний толгой битүү хавантай, толгойны зүүн хажуу хэсэг хагараад түргэн тусламжийн машинаар Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Түмэнбаяр архи ууж эхлэх үед гараад явсан байсан ба болсон асуудлыг харсан хүн байхгүй. Би 2014 оны 8 дугаар сард Аын хашаанд түрээсээр амьдарсан юм, тэр үеэс эхлэн Аыг таньж мэддэг болсон. Би урьд өмнө нь Атай бэлгийн харилцаанд орж байгаагүй. Тухайн өдөр би 2 шил архийг хувааж уусан, болсон асуудлыг ойлгох чадвартай байсан. Мөн их айсан байсан. А заазуур гаргаж ирээд “чамайг ална” гээд миний хүзүүн дээр зүсэхээр нь би заазуурыг аваад хойшоо шидсэн. Хаана унасныг нь мэдэхгүй, дараа нь дуудлагаар ирсэн цагдаа хайгаад олоогүй. ...Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор намайг хүчиндсэн байх гэж бодсон юм. Сүүлд бодоод байхад намайг хүчиндсэн асуудал болоогүй юм байна, би цагдаа нарт андуураад буруу мэдүүлэг өгсөн. Би шүүх хуралд суухгүй. Гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х, 25х, 29х/,

- хохирогч Ш.Н-ын: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.А нь манай найзын гэрт байхад нь танилцаж, түүнээс хойш уулздаг байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-572 тоот дахь Д.Аын гэрт хамт амьдардаг болсон. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Д.Аын найз болох Суман-Эрдэнэ нь эхнэр, хүүхдийн хамт ирэхээр нь би бууз хийж, хоол идэцгээгээд, бид нар гэрт байсан нэг шил архийг уусан.

Тэгээд 14:00 цагийн үед найз нь гэр бүлээрээ явсан. Би аяга, тавгаа угаачихаад Аыг “унт” гэж хэлэхэд гэнэт уурлаад “чамаар заалгахгүй, би өөрийгөө мэддэг” гээд намайг цохих гэхээр нь би гадагшаа гараад гүйчихсэн. Түүнийг тайвшираг гэж бодоод гэрийн гадаа зогсож байтал хутга авч гарч ирээд,  шууд миний баруун гарын шуун дээр нэг удаа хутгалсан. Тэгээд цус гарахаар нь би гэрт ороод бинтээр дараад байж байтал А түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байтал түүний найз гэх Батдэлгэр гэдэг хүн орж ирээд “ингэж болохгүй шүү дээ” гээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед  А нь “юу гэж цагдаа дуудаж байгаа юм бэ” гээд уурлаад байсан. 

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Аын танилын айл гээд Нисэхэд байдаг гэрт очоод хоноход “намайг ийшээ хэвт” гээд татаад мушгисан юм. Маргааш өглөө нь гар хавдаад байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд гар шуугаараа хугарсан байсан. Тэгэхэд А “манай гэрт амьдар, би гарыг чинь эдгээж өгье. Чи нэг хүүхэдтэй, би нэг хүүхэдтэй. Хамт амьдаръя” гэхээр нь гэрт нь хамт амьдарч эхэлсэн. Би охинтойгоо утсаар ярихад “чи гэр зааж өгч болохгүй шүү” гээд уурлаад байдаг. А архи уухаараа их агсам, бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Би гар хугарсанаас хойш “бие өвдөөд байна, унтахгүй” гэхээр “хүчээр бэлгийн харьцаанд орно” гээд үснээс зулгаагаад орноос унагааж байсан. Дараа нь бас хүчээр бэлгийн харьцаанд орохыг шаардаж нүд рүү цохиж нүд хөхрүүлж байсан. 2018 оны 05 дугаар сарын 30-ны орой би Хархорин зах ороод ирэхэд А архи уугаад сууж байхаар нь “чи архи уухаараа ааш чинь хувирдаг, одоо боль” гэхэд маргалдаад орон дээрээс унагааж духаараа орны урд байсан сандалыг мөргөж хөхрүүлсэн. Ер нь намайг ”харина” гэхээр “чамайг ална” гээд айлгаад байдаг байсан. Намайг цохиж зодсон асуудлыг мэддэг хүн байхгүй, би найз нөхдийг нь мэдэхгүй. А намайг хүмүүстэй ер уулзуулдаггүй, “гэр оронд хүн битгий оруулаарай” гэж хэлдэг. Охинтойгоо утсаар ярихад уурладаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 128-129х/,

- ШШҮХ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1695 дугаартай: “...Я.Б--н биед зулайн хуйхны шарх, хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн  дүгнэлт /хэргийн 27х/,

- шинжээч эмч Н.Энхцолмонгийн:  “...Хохирогч Я.Б-ийн биед учирсан зулайн хуйхны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл нь цар хүрээ болон зүсэгдсэн байрлалаас хамаарч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зулайн хуйхны шарх гэмтэл тухайн хэрэг учрал болох үед үүссэн шинэ гэмтэл бөгөөд хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болохоос өмнө үүссэн байх боломжтой.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 49х/,

- ШШҮХ-ийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 7176 дугаартай: “... Ш.Н-ын биед баруун шуунд мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүдийн баруун шуун дахь мэс заслын оёдол бүхий шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тус хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 155х, 165х/,

- ШШҮХ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт шинжилгээний 1292 дугаартай: “...1.2.3.4. Ш.Н-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний рентген зургаар зүүн гарын сарвуу, шуу, бугуйн үений 2 байрлалын рентген зургаар яс, үеэнд гэмтлийн өөрчлөлтгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 172-173х/,

- шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ш.Н-ын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Баруун шууны мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хохирогч Ш.Н- нь 2018 оны 03 дугаар сарын 16-нд зүүн гараа хугалж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сандал мөргүүлж гэмтсэн талаар шинжилгээ хийлгэх тогтоолд дурьдсан. Дээрх гэмтлүүд учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Учир нь:

Дээрх хугацаанд Ш.Н-ын биед үзлэг хийсэн эмчийн үзлэг, шинжилгээ, эмнэлгийн баримт бичиг байгаагүй. Ш.Н-ыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзэхэд зүүн гарын шуунд хамгаалах бэхэлгээтэй байсан. Баруун шууны гадна хэсэгт мэс заслын шарх тав, цус хуралттай байсан. Зүүн гарын шуу хугарсан эсэхийг ясны рентген (зураг) шинжилгээгээр тогтооно. Тухайн үед үзүүлэгч ямар нэгэн рентген шилжилгээ хийлгэсэн зураг болон бусад үзлэг, шинжилгээ байгаагүй учир тогтоох боломжгүй.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 169х/,

 

- Хэрэг гарсан гэх ХУД-ийн 16-р хороо, Буянт-Ухаа 1-21 тоотод үзлэг хийсэн тухай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-15х/,

- Шар өнгийн 6 см урт бариултай, 1.5 см урд үзүүртэй, цус мэт зүйлээр бохирлогдсон хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол баримт /хэргийн 156-157х, 158х/,

- гэрч Д.Түмэнбаяр /хэргийн 30х/, Н.Наранбаатар /хэргийн 34-35х/, Б.Суман-Эрдэнэ /хэргийн 83-84х/, Л.Золжаргал /хэргийн 138-139х/, гэрч Х.Батдэлгэр /хэргийн 146-147х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэг үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч Я.Б-, Ш.Н- нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох юм.

 

Шүүгдэгч Д.А нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Я.Б-, Ш.Н- нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна. 

 

Шүүгдэгч Д.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Я.Б-, Ш.Н- нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.  

 

Хэргийн хохирогч Я.Б-, Ш.Н- нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт болон тус прокурорын хяналтын шатанд хэргийн материал танилцаад “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэдгээ тус тус илэрхийлэн /хэргийн 1-р хавтас 29х, 137х, 210х, 211х/ гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Д.Ааас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 274 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 551 дугээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилжсөн, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн баримт тус тус хэрэгт авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.  

 

Шүүх, шүүгдэгч Д.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, нэр бүхий хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор Д.Ат 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30 хоног цагдан хоригдсон /шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 209 дугаартай шүүгчийн захирамж/ тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн /30х8=240/ тооцсон 240 /хоёр зуун дөч/ цагийг түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, Д.Аын биечлэн эдлэх ялыг бүгд 160 /нэг зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Я.Б-, Ш.Н- нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Аыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Аын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн тооцож 240 /хоёр дөч/ цагийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялыг нийт 160 /нэг зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй. 

 

6. Энэ хэрэгт Д.Аын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Н-, Я.Б- нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД