Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 203/МА2024/00025

 

  

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2024/00138 дугаар шийдвэртэй,

Б.*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 168 хоногт ажилласан цалин 26 999 784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* захиралтай ******* ХХК-нд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ерөнхий менежер, ХАБЭА-н ажилтнаар ажиллаж эхэлсэн. Энэ тухай тушаал гарч, хөдөлмөрийн гэрээг М.******* захиралтай байгуулж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Ингэхдээ гэрээг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар, сарын үндсэн цалингийн хэмжээ 1 500 000 төгрөг байхаар тохиролцож гэрээнд тусгасан. Би анх ажилд томилогдож очсон 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн ******* сум, ******* хад гэх газарт тус компанийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ерөнхий менежер, ХАБЭА-н ажилтны үүргийг гүйцэтгэж байсан.

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 341 хоног байгаагаас 2022 оны 07 дугаар сарын 21-ээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 5 хоногийн хугацаанд л Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах гэртээ ирж амарсан. Үүнээс өөр байдлаар ээлжийн, уртын ээлжийн болон долоо хоногийн гэх ямар нэгэн амралт эдлэлгүй 336 хоног ажилласан байна. Ковид-19 гэх ханиадны улмаас улс хоорондын ачаа тээвэрлэлт, БНХАУ болон Монгол улсын боомтын үйл ажиллагаанд онцгой дэглэм тогтоож тусгай журмаар маш нарийн зохион байгуулалт, өндөр шаардлагыг хангаж ажиллахыг биднээс шаардаж байсан. Хүнд нөхцөлд манай хамт олон ажиллаж байсан. Уртын ээлжээр ажиллаж байгаа ээлж солигдох хүний нөөц байхгүй, тэднийг сургаж бэлтгэх хугацаа орно, тээвэрлэлтэд эрсдэл үүснэ гэх шалтгаануудыг хэлж биднийг амралтгүй ажиллуулсаар байсан. Захирал М.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулах үед сарын үндсэн цалин 1 500 000 төгрөг байна. Тухайн сардаа амарч чадаагүй тохиолдолд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу цалинг нэмэгдүүлж олгоно гэж амлаж байсан. Гэвч цалинг олгохдоо сард нэг удаа олгох, тухайн сардаа олгохгүй хоцроох, илүү хоногоор ажилласан хугацааны цалинг маань олгохгүй байх тохиолдол элбэг байсан. 2022 оны 11 сард Өмнөговь аймгийн ******* сумын нутаг, ******* хад гэх газарт байх ******* ХХК-н ажлын байранд Ковид-19 ханиадны халдвар илэрсэн.

Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би болон манай компанийн ажилчид кемпээс гарч гэр гэртээ харьсан. Миний бие Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь гэртээ ирээд халдвар хамгаалалт, тусгаарлалтын талаарх мөрдөгдөж байсан журам, санамжийн дагуу 14, 10 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж, хүлээсэн, бие маань эрүүл, Ковид-19 ханиадны халдвар аваагүй болох нь илэрхий, кэмп дээр хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байсан тул захирал М.*******тай утсаар ярьж хэзээ ажилдаа явах тухай асуухыг хүссэн. Гэвч захирал М.******* утсаа авахгүй байсан. *******" ХХК ******* хад дахь Кэмп дээ өөр ажилчид ирүүлээд ажиллаж байна гэх мэдээллийг дуулаад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захирал М.*******тай утсаар холбогдож лавлахад та нар ажилдаа ирэх хэрэггүй, цаашид ажиллуулахгүй гэх товч хариуг утсаар өгсөн.

Намайг болон надтай хамт ажлаас гарсан гэх хүмүүс ямар шалтгааны улмаас ажлаас гарч байгаа, ажлаас чөлөөлөх болон халах ямар үндэслэлтэй шийдвэр гарсан талаар мэдэгдээгүй. Ямар нэгэн албан ёсны шийдвэр, мэдэгдэл өгөөгүй. Б.******* намайг ямар нэгэн хуульд заасан үндэслэлгүйгээр ажиллуулахаас татгалзсан нь хууль болон гэрээг зөрчсөн үйлдэл. Б.******* би ******* ХХК-н Ерөнхий менежер, ХАБЭА-н ажилтнаар эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. ******* ХХК нь 2022 оны 11 сараас хойш надад ямар нэгэн цалин, төлбөр шилжүүлээгүй. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг ажилдаа ирэх хэрэггүй гэж утсаар мэдэгдсэн. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 25 сар 13 хоног буюу нийт 773 хоног өнгөрсөн байна. Дээрх 773 хоног болон цаашид маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд ногдох ажилгүй байсан хугацааны цалинг ******* ХХК-аас шаардаж байна.

******* ХХК-н санхүүгийн гүйлгээ, цалинг олгох үйлдлийг М.*******ын эхнэр хариуцдаг байсан. Нийгмийн даатгал бага төлөх зорилгоор миний цалинг багаар мэдүүлж 640 000 төгрөг буюу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон харгалзах шимтгэлийг төлж байсан. Гэхдээ миний Худалдаа хөгжлийн банк дахь 414016095 дугаартай данс руу сар бүр 1 500 000 төгрөгийг цалин гэх утгаар шилжүүлдэг байсан. Нийгмийн даатгалын санд миний цалинг 640 000 гэх боловч үнэн хэрэгтээ 1 500 000 төгрөгийн цалин олгож байсан гэсэн үг.

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 336 хоног ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж ажиллах ба амрах хоногийг тэнцүү зааснаас үзвэл 336/2 буюу 168 хоног нь амрах ёстой хоногтоо ажиллаж байсан гэсэн үг болно. Хууль болон гэрээнд зааснаар 14 хоног ажиллаад 1 500 000 төгрөгийн цалин олгохоор гэрээ байгуулсан. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлбол Б.******* миний өдрийн дундаж цалин хөлсний хэмжээ нь 107 142 төгрөг байна. /1 500 000 төгрөг/14 хоног=107 142 төгрөг/ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтныг амралтын өдөр ажиллуулсан тохиолдолд дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой байдаг. ******* ХХК-д ажиллах хугацаандаа амрах ёстой өдөр ажилласан 168 хоногт ажил олгогчоос олгох ёстой цалин 26 999 784 төгрөг байна. (168 хоног * 107 142 төгрөг өдрийн дундаж цалин хөлс 1.5 = 26 999 784 төгрөг) ******* ХХК-с дутуу олгосон цалин хөлсний үлдэгдэл төлбөр 26 999 784 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-ийн ерөнхий менежер, ХАБЭА-н ажилтнаар эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 168 хоногт ажилласан цалин 26 999 784 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь манай компанид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ерөнхий менежер, ХАБЭА-н ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд тухайн үедээ ажилтан Б.******* нь хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч ******* хадны кемп-д байрлан ажилласан билээ. Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцож тус хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.*******ыг уртын ээлжээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 26 999 784 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Б.******* нь компанид ажиллаж байх хугацаандаа миний гарын үсэг болон компанийн тамгыг /фотошопоор хуулбарлаж/ ашиглан баримт бичиг боловсруулж, өөртөө давуу байдал үүсгэх үйлдлүүдийг хийж байсан нөхцөл байдал илэрдэг бөгөөд ажил олгогчийн зүгээс Б.*******ыг алдаа зөрчил гаргахад нь арга хэмжээ тооцолгүй нэхэмжлэгчийг ажиллуулсаар байхад 2022 оны 11 дүгээр сарын 20-ны орой эмээ өвдлөө гэж худлаа хэлж аймаг руу ажлаа орхиж ирээд ажилдаа эргэж очоогүй төдийгүй ажлаа хийгээчээ гэхэд тодорхой хариу өгөхгүй, ажилдаа очихгүй байсан учраас ажил олгогчийн зүгээс цалинг олгохоо зогсоосон билээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байхад өөрөө ажил хаяж явчхаад одоо ажил олгогчийн буруу байсан мэтээр нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байх төдийгүй нэхэмжлэлд дурдсан шиг миний бие утсаа авахгүй байсан зүйл огт байхгүй билээ. Харин ч би нэхэмжлэгч Б.*******тай хэд хэдэн уулзсан бөгөөд хамт ажлаа орхиж явсан ажилчид руу нь залгаж ажилдаа явахыг хүсэхэд очно гэчхээд ажилдаа очихгүй, утсаа авахгүй байх зэрэг үйлдлүүдийг гаргаж байсан билээ. Иймээс ажилтан өөрөө ажлаа дур мэдэн ажлын байраа орхиж явсан, ажлаа хийхгүй байсан үйлдэлд ажил олгогчийг буруутгах нь шударга ёсонд үл нийцэх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Б.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд амралтын цалин 26 999 784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо:

...Б.******* болон бусад ажилчдыг 2022 оны 11 сарын 21-ний өдөр ямар нэгэн албан ёсны шийдвэр танилцуулалгүйгээр ажлаас нь халсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаанаас тодорхой харагдана. ******* ХХК, түүний захирал М.******* нь ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргаж байгаа бол түүнийгээ албан ёсоор бичгээр үйлдэж хуульд заасан журмаар танилцуулах үүрэгтэй.

Гэвч энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа ажил олгогчийн хүсэл зоригийг үйлдэл, эс үйлдлээр нь тодорхойлох ёстой. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэх гэрээний нэг төрөл болохын хувьд харилцаанд үүссэн эргэлзээтэй байдлыг Иргэний хуульд заасан зарчмаар тайлбарлаж ойлгох боломжтой. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийдвэрт бичигдсэн дүгнэлтээр хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг ойлгож тайлбарлавал ажил олгогч хүссэн хүнээ хэзээ ч хамаагүй халж болох, үүндээ хариуцлага хүлээхгүй байхын тулд зөвхөн шийдвэрээ бичгээр гаргаж танилцуулахгүй байхад хангалттай. Хуулийг дээрх байдлаар буруугаар тайлбарлан хэрэглэж хэвшвэл ажилтны эрхийг хамгаалах Хөдөлмөрийн тухай хуулийг бид байхгүйд тооцож мартах нь зүйтэй. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэжээ.

Б.******* Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг, Ажил үүрэг гүйцэтгэх ажлын байрны байршил нь Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлаж байсныг гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдоно. Б.******* байнга оршин суух газраасаа алслагдсан газарт ажил үүрэг гүйцэтгэж байсан нь нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуульд 14/14 хоног гэж ажил амралтын цаг хугацааг тодорхой заасан. Уртын ээлжээр ажиллуулж байгаа нөхцөлд талуудын хүсэл зориг, гэрээний нөхцөлөөс үл хамааран 1 сард 14 хоног ажиллана. Үүнээс дээш хугацаагаар ажиллуулж болохгүй гэсэн хуулийн илт тодорхой хориглолтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунтунгалаг гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл дээр 2022 оны 11 сард Б.******* болон хэсэг ажилчдын хувьд кемп дээр ковид гарсантай холбогдуулан гэртээ очоод буцаж ирдэггүй. Ажил олгогчийн зүгээс ажилдаа ирээч, тусгаарлалтын хугацаа дууссан, ажлаа хийгээч, үргэлжлүүлээч гэх байр суурийг илэрхийлсэн боловч эдгээр ажилчид нь өөрсдөө ажлаа хаяад явсан. Нэгэнт ажилдаа ирэхгүй байгаа ажилчдад цалин хөлсийг үргэлжлүүлэн олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас цалинг нь зогсоосон байгаа.

Үүнийг гурван талт хороо, анхан шатны хурал болон бүх нөхцөлд энэ асуудлуудыг илэрхийлж байсан. Ажилтан нь 2021 оноос хөдөлмөрийн харилцаанд орсон тухай нэхэмжлэлдээ дурддаг. Тэгэхээр энэ үеэс хэрвээ эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн бол 90 хоногийн дотор тухайн ээлжээр ажиллах, цалин хөлстэй холбоотой асуудлаараа гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл гомдол гаргасан зүйл байхгүй байгаа нь тухайн хөдөлмөрийн гэрээнд зохицуулсан хэвийн нөхцөлөөр ажиллах, ******* хадан дээр байрлаж ажиллах нөхцөлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. Тиймээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлага үндэслэлгүй болох нь дээрх хуулийн зохицуулалтаас тодорхой харагдана. Ингээд гомдол гаргах хуулийн хугацаагаа хэтрүүлсэн, ажлаас чөлөө зөвшөөрөлгүй хаяж явсан гэх жижиг бизнес, хөдөлмөр ажил олгогч нарт байдаг бэрхшээл байгаа. Ажилтан дуртай үедээ ирээд, дургүй үедээ хаяад явдаг ба сүүлд нь ашгүй намайг чөлөөлсөн тушаал байхгүй тул ажлаас намайг халсан гэдэг байдлаар буюу буруугаар тайлбарлаад гомдол гаргаад байгаа нь учир дутагдалтай юм. Мөн Б.*******ыг ******* хадан дээр очоод ажлаа хэвийн хийх боломжтой, ажлаа хийгээч гэж 2023 оны 01 дүгээр сард гомдол гаргаснаас нь хойш илэрхийлээд байхад өөрөө ажлаа очиж хийхгүй байгаа байтал танайх ажил хийлгэхгүй байна гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа нь мөн учир дутагдалтай. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Б.*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч Б.******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 52 500 000 төгрөг гаргуулах, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны амралтын цалин 26 999 784 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 Хариуцагч талаас ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас нь халсан, ажилд нь явуулахгүй байх ямар нэг шийдвэр гаргаагүй. Ажилтан өөрөө ажилдаа ирээгүй, удирдлагын зүгээс олон дахин утасдаж дуудаад байхад ажилдаа ирэхгүй, ажлаа хийгээгүй хүнд цалин олгох боломжгүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд уртын ээлжээр 14/14 өөр ажиллаж цалин 1 500 000 төгрөгөөр тохиролцсон тул амралтын цалин гэж тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх тайлбарыг гаргасан байна.

 Нэхэмжлэгч талаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажил хийлгээгүй. Утсаар буцааж ажиллуулахгүй гэдэг хариу өгсөн. Ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй. Ажлаас үндэслэлгүй халсан тул Ерөнхий менежер, ХАБЭА-н ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгоно. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны мөнгө 52 500 000 төгрөг болж байгаа. Хөдөлмөрийн хуульд заасан нөхцөлийнхөө дагуу амрах ёстой үедээ ажилласан цалингаа 1.5 дахин нэмэгдүүлж/ амрах ёстой 168 өдөр ажилласан. Нэг өдрийн цалин 107 142 төгрөг, 1.5 дахин нэмэгдээд/ 26 999 784 төгрөг гаргуулна гэх тайлбарыг нэхэмжлэлээ дэмжиж гаргажээ.

 Анхан шатны шүүх Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж ажилтанд танилцуулж уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэрийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү хороо нь 2023.01.17-ны өдөр хуралдаж, тэмдэглэлийн тайлбар хэсэгт Байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулаагүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж буцаасан гэх мэдээлэл, тэмдэглэлийн гомдол түүний шаардлага хэсэгт: ******* би...ажилд дуудахыг хүлээж байтал 2022.12.15-ны өдөр бусдаас өөр ажилчид авч ажиллуулж байгааг дуулаад М.******* захирал руу залгахад ажиллуулахгүй гэсэн...гэх мэдээллүүд тус тус авагдсан байна.

Үүнээс дүгнэхэд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажил эрхлэх боломжгүй гэх хариуг авсан даруйдаа холбогдох байгууллагуудад эрхээ хамгаалуулахаар хандсан, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу 1 сар орчмын дараа тус хороо нь Б.*******ын ажил эрхлэлттэй холбоотой гомдол хүсэлтийг шийдвэрлэж байгаад дүгнэлт хийлгүй орхигдуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай болсон төдийгүй зохигч талуудын тайлбар үнэн зөв эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий нотлох баримт байна гэж үзэв.

Талууд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил эрхэлж байсан бөгөөд нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байна. Уг гэрээ нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар талууд хугацааг тохирч 1 нэг жилийн хугацаатайгаар байгуулсан байна.

Өөрөөр хэлвэл Б.*******ын хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор байхад тэрээр гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажил эрхлэх боломжгүй болсон талаараа нэхэмжлэлдээ дурджээ.

Хөдөлмөрийн гэрээний Зургаад Гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэлийн талаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээнд заасанчлан Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хугацаанаас өмнө цуцлах, ажилтны санаачилгаар эсхүл ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон эсэхэд хуульд заасан журмын дагуу цуглуулсан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, тэдгээртэй холбоотой гаргаж өгсөн, бүрдүүлсэн нотлох баримтууд, шаардлагатай тохиолдолд шүүх өөрөө бүрдүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

 Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасанчлан талууд харилцан тохиролцсон, ажилтан нас барсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, эрх бүхий байгууллага шаардсан, тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг эгүүлэн авах болсон, ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг шүүх тогтоосон, өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь үндэслэлгүй ажлаас халагдсан гэх шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотлохгүй байна. гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь үндэслэлгүй ажлаас халагдсан гэх шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотлохгүй байна. гэх дүгнэлт хийж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үл нийцнэ гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүхээс юу хүсэж байгаагаа шаардлага гэж томьёолж, улмаар түүний шаардлага ямар бодит нөхцөлд үндэслэгдсэн, ямар учир шалтгаантай болохыг үндэслэл-д тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 52 500 000 төгрөг, амрах ёстой байсан хугацаанд ажилласан тул авах ёстой цалин 26 999 784 төгрөг гаргуулах тухай тусдаа бие даасан шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт ...Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд амралтын цалин 26 999 784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасанд нийцээгүй байна. 

Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон эсэхийг дүгнэхийн тулд ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүх тогтоох шаардлагатай бөгөөд дээр дурдсанаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2024/00138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.УГТАХБАЯР