| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0192/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Хашбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Н-ын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 19030 0005 0074 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Хашбаатар /тээвэр/, шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эцэг, нөхөр, хүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9 дүгээр гудамж, 161 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94 дүгээр байрны 6 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н-ын Д /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны нэгдүгээр буудлын замд Тоёота Кроун маркийн 98-84 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсэгт заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам”-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчин зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Д-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д--гийн өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Н.Гантулгын эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа. Би өөрөө 2014 онд жолоодох эрхтэй болсон. Хохирогчид 925.160 төгрөгийн эмчилгээний зардал төлж, бэлнээр 2.000.000 төгрөг төлсөн. Нийт хохирол төлбөрт 2.925.160 төгрөг төлсөн байгаа. Одоо хохирогч эмнэлгээс гараад гэртээ амарч байгаа, бие эрүүл мэндийн байдал нь хэвийн. Миний хувьд ам бүл дөрвүүлээ, хадам аав, нөхөр, хүү нарын хамт амьдардаг. Би 9 сартай жирэмсэн учир жирэмсний амралттай байгаа. Манай нөхөр ажил хийдэг, сарын 1.200.000 төгрөгийн цалинтай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 0005 0074 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х, 6х, 7-09х/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “Н.Д-г драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хэргийн 11х/,
3. ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 90х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Д-ын хохирогчоор өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 20 минут орчимд шиг санагдаж байна, хотын төв рүү сургалтанд суух гээд Яармагийн автобусны 1 дүгээр буудлын урд талын гэрлэн дохиотой явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асаад 10 орчим секунд болсоны дараа ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй засмал замаар хөндлөн явган хүүний гарцаар гарч яваад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан автомашинд мөргүүлсэн.
Тэгээд миний ухаан санаа балартаад цааш нь юу болсныг сайн санахгүй байна, нэг сэрэхэд уг авто машины арын суудалд суулгачихсан, хажууд нь настай өвөө, хүүхэд хоёр байсан. Уг авто машины жолооч эмэгтэй намайг авто машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явж байсан. Гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлээд хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн.
Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн тухайн үед зам орчины нөхцөл байдал, үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөний ачаалалгүй сийрэг хөдөлгөөнтэй, замын түгжрэлгүй, цас бороо ороогүй, зорчих хэсэг хуурай байсан санагдаж байна. Тухайн зам тээврийн ослын улмаас миний зүүн талын эгэмний яс, зүүн талын аарцагны яс, зүүн хөлийн дунд чөмөг болон шаант яс тус тус хугарч, духны зүүн дээд хэсэгт оёдол тавиулсан. Мөн баруун хөлний зөөлөн эд гэмтсэн байсан. Одоо миний биеийн байдал тааруу, шөнө унтаж чадахгүй байгаа. ...Би эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон болохоор гомдолтой байна. Өөрт учирсан хохиролд Н.Д-гаас 9.0 сая төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Учир нь би дахин эрүүл мэндээ эмнэлгийн байгууллагаар үзүүлж, оношилгоо хийлгэх хүсэлтэй тул гадаад улс руу явахаар төлөвлөж байсан.
Одоо зорилгоо биелүүлэхэд эрүүл мэндийн байдлаас болж 1-2 жил хүлээх шаардлагатай болж байна. Түүнчлэн одоогийн сурч байгаа сургуулиасаа чөлөө авч, гадуур тоглоомын газарт 7 хоногийн хугацаатай өдрийн 20.000 төгрөгийн цалинтай буюу 140.000 төгрөгөөр ажиллах гэж байсан. Уг зам тээврийн ослын улмаас ажлаа хийж чадахаа больсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х, 22х, /,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Гантулгын гэрч, иргэний хариуцагчаар өгсөн:
“...Н.Д нь манай эхнэр байгаа юм. ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд би өөрийн аав Намжил, эхнэр Дугармаа, түүний төрсөн дүү Энхмөнх, хүү Ган-Эрдэнэ нарын хамт салхинд гарах санаатай гэрээсээ гараад Төв аймаг орох гээд өөрийн худалдаж аваад удаагүй байсан “Toyota-Crown” маркийн 98-84 УНА улсын дугаартай авто машиныг манай эхнэр жолоодоод Яармагийн засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн гуравдугаар эгнээд явж байсан.
Яармагийн автобусны 1 дүгээр буудлын урд талын гэрлэн дохион дээр дохио солигдож, улаан гэрэл асахад нь манай эхнэр Дугармаа жолоодож явсан авто машиныхаа хурдыг хасаж тоормосоо гишгэхэд манай машин зогсож амжилгүй, явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр засмал зам хөндлөн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам гарч явсан эмэгтэйг авто машиныхаа зүүн урд хэсгээр мөргөж унагасан.
Манай эхнэр бид хоёр машинаасаа бууж, би өөрийн 99045367 дугаарын утсаар түргэн тусламж дуудахад “манайх дуудлага их, замын түгжрэл их байна. Нэлээн удаж байж очих байх шүү” гэхээр нь манай эхнэр, бид хоёр сандраад мөргүүлсэн эмэгтэйг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Замдаа “гэрийн хүмүүстэй чинь холбогдох утасны дугаар байна уу” гэхэд нөгөө эмэгтэй ээжийнхээ утасны дугаарыг өгсөн боловч ээж нь утсаа авахгүй байхаар нь найз залуугийнх нь утас руу залгаад “бид нар гэмтлийн эмнэлэг рүү явж байна, хүрээд ирэх үү” гэж хэлээд эмнэлэгт очиж, цагдаад бүртгүүлсэн.
Тэгээд хүнээ эмнэлэгт үзүүлж байхад тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж, би эхнэрийн хамт зам тээврийн осол гарсан газар очиж хэргийн газрын үзлэг, хэмжилт хийлгэсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг, миний өөрийн эзэмшлийн авто машин байгаа юм. Би өөрөө эхнэртээ тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл өгсөн. Миний хувьд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Авто машиныхаа эвдрэл, гэмтлийн үнэлгээг хийлгэхгүй. Эхнэр Дугармаад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х, 29-30х/,
6. “Мастер үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12377100 тоот:
“...сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 4 дүгээр зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлан уг машины урд салхины хагарсан шил, зүүн тольны хагарсан гэрийг 334.500 төгрөгөөр үнэлж тогтоов.” гэсэн авто машин техникийн үнэлгээний тайлан, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-40х/,
7. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 612 тоот актын:
1. Т.Д-ын биед зүүн умдаг ясны дээд салааны хугарал, баруун дунд чөмөг ясны гадна ёрвон, зүүн шаант ясны гадна ёрвон, зүүн тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, тархи доргилт, духанд шарх, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 46х/,
8. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67064 дугаартай:
1. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэсэн, EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.1 мм (стандарт 5 мм), урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8кН, баруун талдаа 2.5 кН, зөрүү нь 28% (стандарт <30%) стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 35600 cd, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 29300cd, хол дээрээ 34300cd буюу гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Урд салхины 45х65 см хэмжээтэй хагарч бяцарсан эвдрэл, гэмтэлтэй байна.
2. Урд салхины 45х65 см хэмжээтэй хагарч бяцарсан байна.
3. Урд салхины 45х65 хэмжээтэй хагарч байна. Уг гэмтэл нь ослын үед үүссэн.
4. Тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллаж байна.
5. Тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй. Тухайн автомашины хурд, замын гадаргуугийн байдлаас хамааран зам дээр тоормосны мөр үүснэ.
6. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна.” гэсэн дүгнэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 52-56х/,
9. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 070 тоот:
1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 312 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67064 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Кроун маркийн 98-84 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Д нь:
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ын өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Т.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 60х/,
10. Хохирогч Т.Д-ын ГССҮТ, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 94-101х, 104-108х/,
11. Шүүгдэгч Н.Дгаас хохирогч Т.Д-ын эмчилгээний зардал төлсөн тухай эд зүйл, баримт бичиг хүлээн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт болон шилжүүлгэ, зарлагын баримтууд /хэргийн 109х, 110-124х/,
12. Тээврийн прокурорын газарт хохирогч Т.Д-ын гаргасан “98-84 УНА Т.Кроун маркийн автомашины жолооч Н.Дгаас эмчилгээний зардалд 925.000 төгрөг, цаашид гарах эм тариа болон эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг өөрийн ээж Л.Даваагийн Хаан банкны 5033294847 дугаар дансаар шилжүүлэн авсан тул одоо гомдол санал байхгүй.” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 130х/,
13. Шүүгдэгч Н.Д-гаас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 129х/,
14. Шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд би өөрийн нөхөр Н.Гантулгын худалдаж авсан “Toyota-Crown” маркийн 98-84 УНА улсын дугаартай авто машиныг жолоодон хадам аав Намжил, нөхөр Гантулга, төрсөн дүү Энхмөнх, хүү Ган-Эрдэнэ нарын хамт салхинд гарах санаатай гэрээсээ гараад Төв аймаг орох гээд Яармагийн засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явж байсан. Яармагийн автобусны 1 дүгээр буудлын урд талын гэрлэн дохион дээр дохио солигдож, улаан гэрэл асахад нь би жолоодож явсан авто машиныхаа хурдыг хасаж тоормосоо гишгэхэд манай машин зогсож амжилгүй, явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр засмал зам хөндлөн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам гарч явсан эмэгтэйг авто машиныхаа зүүн урд хэсгээр мөргөж унагасан.
Манай нөхөр өөрийн 99045367 дугаарын утсаар түргэн тусламж дуудахад “манайх дуудлага их, замын түгжрэл их байна, нэлээн удаж байж очих байх шүү” гэхээр нь манай нөхөр бид хоёр сандраад мөргүүлсэн эмэгтэйг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Замдаа гэрийн хүмүүстэй чинь холбогдох утасны дугаар байна уу гэхэд нөгөө эмэгтэй ээжийнхээ утасны дугаарыг өгсөн боловч ээж нь утсаа авахгүй байхаар нь найз залуугийнх нь утас руу залгаад “бид нар гэмтлийн эмнэлэг рүү явж байна, хүрээд ирэх үү” гэж хэлээд эмнэлэгт очиж, цагдаад бүртгүүлсэн. Тэгээд хүнээ эмнэлэгт үзүүлж байхад тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж, би нөхрийн хамт зам тээврийн осол гарсан газар очиж хэргийн газрын үзлэг, хэмжилт хийлгэсэн.
Би тухайн үед ойролцоогоор 30 орчим км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож явсан ба архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Явган зорчигч эмэгтэйг гарц руу ойртож ирэхийг 5-6 орчим метрийн зайнаас хараад жолоодож явсан машиныхаа хурдыг хасаж, тоормос гишгэн эгнээ рүү дарж орсон боловч явган хүний гарцан дээр эмэгтэйг мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай нөхрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед зам орчины нөхцөл байдал, үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөний ачаалалгүй, замын түгжрэлгүй, сийрэг хөдөлгөөнтэй, цас бороо ороогүй, зорчих хэсэг бага зэрэг хальтиргаатай байсан.
...Би өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогчийн эмчилгээний зардалд нийт 925.160 төгрөгийг төлж барагдуулсан. Уг баримтууд нь надад байгаа, хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Хохирогч Т.Д- хохирол болон эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөн дүнтэй баримтаа гаргаж өгвөл төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70х, 71-72х/ болон шүүгдэгч Н.Д урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 73х/ баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 76х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 80х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 81х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Т.Д-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээний болон бусад зардалд тооцон нэхэмжилсэн баримт бүхий хохирол, төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй болохоо илэрхийлж, тэдгээр нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаснаар 2019 оны 03 сарын 12-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн авч ханган, прокуророос эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, /хэргийн 131х/, Н.Дд холбогдох эрүүгийн 19030 0005 0074 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар дугаар бүлэгт заасан Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны нэгдүгээр буудлын замд Тоёота Кроун маркийн 98-84 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа
Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсэгт заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам”-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчин, зөвшөөрөгдсөн /ногоон гэрлээр/ гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Д-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан,
Уг ослын улсаас явган зорчигч Т.Д-ын биед “...зүүн умдаг ясны дээд салааны хугарал, баруун дунд чөмөг ясны гада ёрвон, зүүн шаант ясны гадна ёрвон, зүүн тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, тархи доргилт, духанд шарх, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун өвдөгч цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х, 6х, 7-09х/,
- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “Н.Д-г драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хэргийн 11х/,
- ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 90х/,
- хохирогч Т.Д-ын: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 20 минут орчимд шиг санагдаж байна, хотын төв рүү сургалтанд суух гээд Яармагийн автобусны 1 дүгээр буудлын урд талын гэрлэн дохиотой явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асаад 10 орчим секунд болсоны дараа ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй засмал зам хөндлөн явган хүүний гарцаар гарч яваад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан автомашинд мөргүүлсэн. Тэгээд миний ухаан санаа балартаад цааш нь юу болсоныг сайн санахгүй байна, нэг сэрэхэд уг авто машины арын суудалд суулгачихсан, хажууд настай өвөө, хүүхэд хоёр байсан. Уг авто машины жолооч эмэгтэй намайг авто машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явж байсан. Гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлээд хавсарсан гэмтлийн тасагт хэвтсэн. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн тухайн үед зам орчины нөхцөл байдал, үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөний ачаалалгүй сийрэг хөдөлгөөнтэй, замын түгжрэлгүй, цас бороо ороогүй, зорчих хэсэг хуурай байсан санагдаж байна. Тухайн зам тээврийн ослын улмаас миний зүүн талын эгэмний яс, зүүн талын аарцагны яс, зүүн хөлийн дунд чөмөг болон шаант яс тус тус хугарч, духны зүүн дээд хэсэгт оёдол тавиулсан, мөн баруун хөлний зөөлөн эд гэмтсэн байсан. Одоо миний биеийн байдал тааруу, шөнө унтаж чадахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х, 22х, /,
- иргэний хариуцагч Н.Гантулгын: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд би өөрийн аав Намжил, эхнэр Дугармаа, түүний төрсөн дүү Энхмөнх, хүү Ган-Эрдэнэ нарын хамт салхинд гарах санаатай гэрээсээ гараад Төв аймаг орох гээд өөрийн худалдаж аваад удаагүй байсан “Toyota-Crown” маркийн 98-84 УНА улсын дугаартай авто машиныг манай эхнэр жолоодоод Яармагийн засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн гуравдугаар эгнээд явж байсан. Яармагийн автобусны 1 дүгээр буудлын урд талын гэрлэн дохион дээр дохио солигдож, улаан гэрэл асахад нь манай эхнэр Дугармаа жолоодож явсан авто машиныхаа хурдыг хасаж тоормосоо гишгэхэд манай машин зогсож амжилгүй, явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр засмал зам хөндлөн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам гарч явсан эмэгтэйг авто машиныхаа зүүн урд хэсгээр мөргөж унагасан. Манай эхнэр бид хоёр машинаасаа бууж, би өөрийн 99045367 дугаарын утсаар түргэн тусламж дуудахад “манайх дуудлага их, замын түгжрэл их байна, нэлээн удаж байж очих байх шүү” гэхээр нь манай эхнэр бид хоёр сандраад мөргүүлсэн эмэгтэйг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Эмнэлэгт очиж, цагдаад бүртгүүлсэн. Тэгээд хүнээ эмнэлэгт үзүүлж байхад тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж, би эхнэрийн хамт зам тээврийн осол гарсан газар очиж хэргийн газрын үзлэг, хэмжилт хийлгэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х, 29-30х/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн: “...сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 4 дүгээр зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлан уг машины урд салхины хагарсан шил, зүүн тольны хагарсан гэрийг 334.500 төгрөгөөр үнэлж тогтоов.” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний 12377100 тоот тайлан, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-40х/,
ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 612 дугаартай: “...Т.Д-ын биед зүүн умдаг ясны дээд салааны хугарал, баруун дунд чөмөг ясны гадна ёрвон, зүүн шаант ясны гадна ёрвон, зүүн тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, тархи доргилт, духанд шарх, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун өвдөгч цус хуралт гэмтэл учирчээ, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 46х/,
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн:
1. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэсэн, EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.1 мм (стандарт 5 мм), урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8кН, баруун талдаа 2.5 кН, зөрүү нь 28% (стандарт <30%) стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 35600 cd, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 29300cd, хол дээрээ 34300cd буюу гэрлийн тусгалын чдал стандартын шаардлага хангаж байна. Урд салхины 45х65 см хэмжээтэй хагарч бяцарсан эвдрэл, гэмтэлтэй байна.
2. Урд салхины 45х65 см хэмжээтэй хагарч бяцарсан байна.
3. Урд салхины 45х65 хэмжээтэй хагарч байна. Уг гэмтэл нь ослын үед үүссэн.
4. Тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллаж байна.
5. Тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй. Тухайн автомашины хурд, замын гадаргуугийн байдлаас хамааран зам дээр тоормосны мөр үүснэ.
6. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна.” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, хавсаргах авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 52-56х/,
- Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн:
1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэрчүүдийн мэдүүлэ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 312 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67064 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Кроун маркийн 98-84 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ын өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Т.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн үндэслэлгүй байна.” гэсэн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 070 тоот дүгнэлт /хэргийн 60х/,
- хохирогч Т.Д-ын ГССҮТ, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 94-101х, 104-108х/ болон шүүгдэгч Н.Дгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны нэгдүгээр буудлын замд Тоёота Кроун маркийн 98-84 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсэгт заасан журмыг зөрсөний улмаас зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Д-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч буюу хохирогч Т.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.18 дахь хэсгийн “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам”-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас хохирогч Т.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Н.Дг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Н.Д нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Т.Д-ын эмчилгээний зардал болон бусад зардалд 950.000 төгрөг, цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хэрэгт шүүгдэгч Н.Дгаас хохирогч Т.Д-ын эмчилгээний зардал төлсөн тухай эд зүйл, баримт бичиг хүлээн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл баримтууд /хэргийн 109х, 110-124х/, хэргийн хохирогч Т.Д-аас бичгээр гаргасан “98-84 УНА Т.Кроун маркийн автомашины жолооч Н.Дгаас эмчилгээний зардалд 925.000 төгрөг, цаашид гарах эм тариа болон эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг өөрийн ээж Л.Даваагийн Хаан банкны 5033294847 дугаар дансаар шилжүүлэн авсан тул одоо гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 130х/ баримттай тул шүүгдэгч Н.Дгаас баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 73 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хэмжээнд мөнгөн төлбөрийг төлж барагдуулсныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Хэрэгт хавсарган ирүүлсэн Н.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 873973 дугаартай үнэмлэх баримт, “Toyota Crown” маркийн 98-84 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02265443 дугаартай гэрчилгээ баримтыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Н.Д нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Н-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Д нь гэм хорын хохиролд хохирогч Т.Д-д 2.925.000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Н.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 873973 дугаартай үнэмлэх баримт, “Toyota Crown” маркийн 98-84 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02265443 дугаартай гэрчилгээ баримтыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэсүгэй.
6. Энэ хэрэгт Н.Д нь цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД