Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 203/МА2024/00026

 

  

Л.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 143/ШШ2024/00163 дугаар шийдвэртэй,

Л.*******ийн нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Боржигон овгийн *******ын ******* миний бие 1964 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тус Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул иргэн билээ. 1982 онд ******* сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд 1983-1986 онуудад Улаанбаатар хотод Ардын армийн 016-р ангид хугацаат цэргийн алба хааж 1986 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн. Тухайн үед аав ээж Ханхонгор суманд ажиллаж амьдарч байсан тул 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрлэлийн ажилчнаар томилогдож хороо хашаа барих, худаг ус гаргах зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байгаад 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус нэгдлийн ******* бригадад тоо бүртгэгчээр томилогдож 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж, тус нэгдлийг хувьчилсны дараа 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сар хүртэл ******* багийн Засаг даргаар тус тус ажиллаад хувийн хэвшилд шилжин ажилласан.

Миний бие 2024 онд тэтгэвэрт гарах хугацаа болж байгаа бөгөөд дээрх ажилласан хугацааны 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01 -ний өдөр хүртэлх хугацаанд Ханхонгор сумын ******* зам нэгдлийн Туслах үйлдвэрлэлд ажилласан болон бригадын тоо бүртгэгчээр ажилласан жилийг нотлох баримт бичиг үрэгдсэн ба аймгийн Төрийн архивд ч тодорхой нотлох баримт бичиг байхгүй байна. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт *******ын *******ийг 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож,

Нэхэмжлэгч Л.*******ийн 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Л.******* би Өмнөговь аймгийн Ханхонгор сум ******* зам нэгдэлд тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Тухайн үеийн бичиг баримт болоод санхүүгийн баримтууд нь өнөөдрийн байдлаар шатаж үгүй болсон, архивлагдах үедээ дутуу архивлагдсан уу яасныг мэдэхгүй ч иргэн миний хувьд ариун цагаан хөдөлмөр хийж зүтгэж байсны үр шим тэтгэвэртээ гарах гэтэл цалин хөлсний баримтууд нь алга болж олдохгүй байгаагаас хохироод байгаа юм. Хохироод байгаа тул шүүхээр бодит үнэн болоод ариун цагаан хөдөлмөрөөрөө хөдөлмөрлөж байснаа тогтоолгох шаардлага тулгарсан тул шүүхэд ханд гэснээр шүүхэд хандаж ажилласан байдлаа тогтоолгох шаардлага тулгарсан юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа би холбогдох архиваас авсан лавлагааны баримтуудаа гарган өгсөн өөрөөр хэлбэл хэрэгт гэрчээр Л.*******, Г.******* гэх хүмүүсийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн архивын тасгийн лавлагааг гарган өгсөн. Эдгээр баримтуудыг шүүхээс дахин Өмнөговь аймгийн Архивын тасгаас лавлагаа гаргуулан авахад би өмнө нь авч байсан архивын лавлагаа жаахан цаг хугацааны өөрчлөлтөөр цалин авч байсныг нотолсон баримт хэрэгт хавсаргадсан байна. Анхан шатны шүүхээс миний ажиллаж байсан талаар гэрчилж мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлагын хүрээнд үнэлсэн байдаг хэдий ч яагаад бусад цаг хугацааны ажилласан байдлуудыг тогтоолгоход үнэлээгүй нь тодорхой бус эрх зүйн дүгнэлт хийж өгөөгүй байна. Цаашлаад миний 1986 онд ажиллаж байсан цаг хугацааг нотолсон байдал цалингийн цэсэнд нь бичигдсэнг үнэлэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн шүүхийн шийдвэрт 1991 оныг дуустал ажилласан байдлыг бас үнэлээд тогтоох боломжтойг шүүх бас анхаарч үзээгүйг та бүхэн дахин нягтлан шалгаж шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ

 Нэхэмжлэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн социализмын үед ажилгүй хүн гэж ерөөсөө байдаггүй байсан. 7 хоног ажил хийхгүй байхад захиргааны хариуцлага тооцдог байсан учраас би 1986 онд цэргээс халагдаж ирээд шууд нэгдлийн туслах үйлдвэрт орсон. Би 10 дугаар анги төгссөн, боловсрол, мэргэжилгүй байсан тул нэгдлийн туслах үйлдвэр гэх хөдөө хашаа хороо янзлах, ус худаг гаргах гээд нэгдлийн бүх л хэрэгцээтэй ажилд явдаг ажилд орсон. Тэгээд 1989 оны 11 сар хүртэл туслах үйлдвэрт ажил хийж байгаад 1989 оны 11 сард ******* бригадад тоо бүртгэгчээр орж 3 жил ажилласан. 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ханхонгор сумын ******* зам нэгдэл албан ёсоор тарж бүх малаа хувьчилж байсан. Миний тоо бүртгэгчийн жилүүд архивын баримт цалингийн тодорхойлолт дутуу гэдгээр хасагдсан. 1989 оны 11 дүгээр сараас 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэгдэл тарахад би тасралтгүй тоо бүртгэгч хийж байна. Тэгээд 10 дугаар сарын 02-ны өдөр 4 багийн хурал болж 4 багийн засаг даргыг томилсон. Би ******* бригадын багийн засаг даргаар томилогдож ажиллаж байсан. Энэ нэгдлийн архив гэдэг их замбараагүй, энд тэндээ орсон зарим нь байдаггүй, дутуу ба 1993 онд Ханхонгор сумын ******* зам нэгдлийн архив шатсан байдаг. 1992 онд нэгдэл тараад хуучин контор нь эзэнгүй нэгдлийн янз бүрийн бичиг баримт байдаг байсан. Тэрийг С.Батхуяг гэдэг хүн шатааж, сүүлд нь зохих ёсны хариуцлага хүлээсэн. 1986 оны социализмын үед ямар ч сум, байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүн байгаагүй бөгөөд заавал ажил хийдэг байсан. Шүүхээс архивын лавлагаа гаргуулахад 1986 оны 07 сард би 72 төгрөгийн цалин, 1989 оны 10 сард нэгдлээс цалин авсан байдаг. Тэгэхээр би нэгдэлд ажиллаж байсан нь эргэлзээгүй үнэн ба өөр энд тэнд ажил хийгээгүй. Энэ бүхнийг нягтлан шалгаж, намайг тэтгэвэртэй болгож өгөх талаас нь ажилласан жилийг маань гүйцээж тогтоож өгнө үү гэж хүсэж байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээр шүүхээс нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг хийдэг. Энэ нь шүүхээр шийдвэрлэгдэх иргэний эрх зүйн маргааны төрөлд хамаарагдах боловч шүүх өөр байдлаар гэдэг тодорхой хэмжээнд шалтгаант холбоогүй, дүгнэлт хийхдээ хууль бус эрх зүйн дүгнэлтийг хийжээ гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дээр байгаа хэргийг тал бүрээс нь авч үзэх, хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалттай. Энэ журам нь нэг талдаа зөрчилдөөд байна.

Мөн тухайн үед ажиллаж байсан эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжиж байсан үед хөдөлмөр хөлсний доод хэмжээ Монгол улсад хэдэн оноос бий болсон талаар энэ хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Манай улсад 1997 оноос Монгол улсад алба хашиж байгаа иргэн болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага гээд хөдөлмөр хөлсний доод хэмжээг мөрдөж эхэлсэн шийдвэр гарч байсан. 1997 оноос өмнөх буюу зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө нэгдэл хувьчлагдаагүй үед хөдөлмөр хөлсний хэмжээ хэд байсан талаар судлахад ямар нэгэн засгийн газрын шийдвэр, тухайн үед мөрдөгдөж байсан аймаг, засаг дарга, орон нутгийн шийдвэр гэх зүйл огт байгагүй. Тэгэхээр тухайн хүнээр хөдөлмөр эрхлүүлээд тушаалаараа эрх бүхий байгууллагууд нь шийдвэрлээд явдаг байсан болж таарч байна. 1997 оноос 2024 он хүртэл 27 жилийн хугацаанд хөдөлмөр хөлсний доод хэмжээ 17 удаагийн давтамжаар жил болгон нэмэгдээд яваад байдаг. Тухайн 1986 онд 72 төгрөгийг авч байсан юм бол 12 сар хүртэлх хугацаанд бөөн цалин хөлсийг олгосон байх боломж байгаа талаар анхаарч хараасай гэж хүсэж байна. Мөн 1991 онд 1040, 3070 төгрөг авсан байдаг. Тэгэхээр 1992 онд бүтэн цалин хөлсөө авсан байх нөхцөл байдал тал бүрээс нь харвал байна гэж үзэж байна. Дараа нь шүүхийн шийдвэр дээрээ 2 гэрчийн мэдүүлгийг үнэлээд ажилласан жилийг тогтоох боломж байна үзэж байгаа. Л.******* нь 6 жил 2 сарын хугацааг тогтоолгохоор хандсан байдаг. Гэхдээ 3 жил тогтоосон байхад тэтгэвэр авах эрх нь үүсэх юм.

Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтын шаардлагууд нь хангагдсан, үнэлэх боломжтой эсэхийг тал бүрээс нь харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 163 тоот шийдвэрийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, 2 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг тодорхой хэмжээнд хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.******* нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* зам нэгдлийн ******* бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.*******ийг 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож,

Нэхэмжлэгч Л.*******ийн 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч гэрчээр Л.*******, Г.******* гэх хүмүүс мэдүүлэг өгсөн, Өмнөговь аймгийн архивын тасгийн лавлагааг гарган өгсөн. Шүүхээс дахин Өмнөговь аймгийн Архивын тасгаас лавлагаа гаргуулан авахад би өмнө нь авч байсан архивын лавлагаа цаг хугацааны өөрчлөлтөөр цалин авч байсныг нотолсон баримт хэрэгт хавсаргагдсан байна. Анхан шатны шүүхээс миний ажиллаж байсан талаар гэрчилж мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлагын хүрээнд үнэлсэн байдаг хэдий ч яагаад бусад цаг хугацааны ажилласан байдлуудыг тогтоолгоход үнэлээгүй нь тодорхой бус, ...миний 1986 онд ажиллаж байсан цаг хугацааг нотолсон байдал цалингийн цэсэнд нь бичигдсэнийг үнэлэх боломжтой, мөн 1991 оныг дуустал ажилласан байдлыг бас үнэлээд тогтоох боломжтойг шүүх бас анхаарч үзээгүй... гэх гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах үндэслэлтэй гэж үзэв.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, үйл баримтыг тогтоох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргийн үйл баримтыг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломжгүй тул шүүх өөрөө ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох учиртай.

Шүүх энэхүү эрх, үүргийнхээ хүрээнд 2024 оны 03-р сарын 25-ны өдөр 442 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэгч Л.*******тэй холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлэхийг Өмнөговь аймгийн архивын тасагт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгчийн захирамжийн дагуу Өмнөговь аймгийн архивын тасгаас 2024.04.15-ны өдрийн 216 дугаартай архивын лавлагааг шүүхэд ирүүлсэн ба уг лавлагаанд: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрлэлд 1986, 1989.10 сард, ажилчин, ******* бригадад 1989.11 сараас 1991, 1993 онуудад тоо бүртгэгчийн ажил эрхэлж байсан Л.*******ийн цалингийн тодорхойлолт олгов. 1986 онд 72 төгрөг, 1991 онд 52/3070, 25/1040 төгрөг, жич: Ханхонгор сумын ******* зам нэгдлийн 1986 оны цалингийн цэсэнд Ц.*******, 1989.10 сард цалингийн цэсэнд Ч.******* нэрээр гарсан...гэжээ.

Гэрч Л.*******ын ...Л.******* нь 1986 оны хавар цэргээс халагдаж ирээд тус оныхоо 8-р сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Хашаа хороо барих, худаг ухах, зуд болбол малчдад туслах зэргээр элдвийн юм хийдэг хүмүүс байсан. 1989 оны 11 дүгээр сараас 1992 оны 10 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн ******* бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан...Би 1980-1992 онуудад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Г.*******гийн ...Л.******* нь 1986 оны 8-р сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Хашаа хороо барих, барилга засвар хийдэг хүмүүс байсан. 1989 оны 11 дүгээр сараас 1992 оны 10 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн ******* бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан...Бид хоёр нэг нэгдэлд хамт ажиллаж байсан. Цалин хөлсийг нь бодож олгодог байсан учир түүний ажил, амьдралын талаар сайн мэдэх хүний хувьд гэрчилж байна. гэх мэдүүлгүүд тус тус хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дээр дурдсан архивын лавлагаа, гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судалсан талаараа дурдаад, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно... гэх хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан гэх боловч уг хугацааны цалин хөлс, тушаал, шийдвэр архиваас гараагүй, энэхүү хугацаанд ажиллах байсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. 116.3.Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана...гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалж, нотлох баримтаар тооцон шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтууд болох гэрч Л.*******, Г.******* нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн архивын тасгийн лавлагаанууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбар зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Л.*******ийн 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* зам нэгдэлд тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 143/ШШ2024/00163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Л.*******ийн 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* зам нэгдэлд тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан болохыг гэж нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хасч, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төрсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтсугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.УГТАХБАЯР