Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ч овогт Ж-ы Эд холбогдох эрүүгийн 18100 1776 0151 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Оросын Холбооны Улсын Эрхүү хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 12/3-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Ж-ы Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны гадна иргэн Д.Б-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчид эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг төлсөн. Би тухайн хэрэг гардаг өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Би архины хамааралгүй. Хэрэг гарсанаас хойш дахиж архи уугаагүй. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож, харамсаж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1776 0151 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ы хохирогчоор өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед ажлын хамт олон болох 60 гаруй хүний хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баар руу орсон. Манай хамт олон тус бааранд ороод архи ууж, бүжиглэсэн. Би 100 орчим грамм архи уусан. Шөнө 03 цагийн үед хамт ажилладаг Батцэцэг, Амарсанаа, Билгүүн, Оюун, Отгонжаргал нарын хамтаар баарнаас гарсан. Ингээд би хөлөө гэмтээсэн байсан болохоор баарны үүдний шатан дээр суугаад, надтай хамт явсан хүмүүс такси олж ирэхээр явсан. Намайг сууж байхад баарнаас нэг залуу хүмүүстэй маргалдаж зодолдсон байдалтай гарч ирсэнээ миний урд талд зогсоод гарынхаа цусыг над руу цацаад байхаар нь би “боль, чи над руу цусаа цацаад байна” гэтэл тэр залуу над руу харсанаа юу ч хэлэлгүй дахин дахин цусаа цацсан.

Тэгэхээр нь би шатан дээр сууж байсан чигээрээ тэр залуугийн нуруу орчим руу гар цүнхнийхээ оосороор цохитол нүүрэн дээр гал манасхийгээд хамарнаас цус гараад, хойшоо саваад унасан. Над руу Амарсанаа, Батцэцэг нар ирээд намайг өргөөд Минт баар руу аваад орсон. Төд удалгүй түргэн тусламж ирээд намайг аваад явсан ба миний хамар орчимоор маш их өвдөж, битүү хавдсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авахуулахад “хамар хугарсан байна” гэсэн онош тавьсан. Тэгээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд намайг цохисон залууг аваад ирчихсэн байсан. Түүнийг Эрдэмдалай гэдэг юм байна. Би урьд нь тэр залууг харж байгаагүй, бидний дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй.

Болсон асуудлыг Батцэцэг, Амарсанаа, Билгүүн, Оюун, Отгонжаргал нар харсан. Өөр харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Би “Сонгдо” эмнэлэгт хамар тэгшлэх мэс засал хийлгэсэн. Үүний төлбөр болох 1.200.000 орчим төгрөг, толгойн томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийг Эрдэмдалай төлж барагдуулсан. Мэс засал хийлгэсэн боловч миний хамар одоо хотгор, гүдгэр болсон. Мөн зүүн тийшээ яс нь овойж гарч ирсэн байна. Үүнийг дахин мэс ажилбарт орж янзална гэсэн. Тийм болохоор ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон дахин орох мэс заслын эмчилгээний зардал нэхэмжилнэ.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 06-07х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Батцэцэгийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компани “Авъяаслаг М Си Эс-чүүд” нэртэй шоунд оролцоод 3 дугаар байранд орсон юм. Тэгээд амжилтаа тэмдэглэх гээд манай хамт олон болох 30-40 орчим хүн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанд хоол идээд, шөнө 23 цагийн үед Минт клубт орсон. Бид 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уугаад бүжиглэсэн. Шөнө 01 цаг өнгөрч байхад гарсан. Би тухайн үед зохион байгуулагч хийж байсан болохоор ажлынхаа хүмүүсийг клубт үлдсэн эсэхийг шалгаад хамгийн сүүлд гарсан.

Намайг хаалгаар гадагшаа гарч байхад 180 орчим см өндөртэй, бор царайтай, аль нэг гар нь цус болчихсон залуу над руу харсанаа “чи хэдээр явдаг вэ” гэхээр нь “чи яасан муухай юм бэ” гээд хаалгаар гараад шатаар буусан. Тухайн үед миний урд явж байсан, хамт ажилладаг Ганбат хойшоо эргэж хараад “чи эмэгтэй хүнийг яасан муухай хэлдэг юм бэ” гэхэд нөгөө залуу Ганбатыг цохих шиг болсон. Би тэр залууг Ганбатаас холдуулах гэтэл намайг захнаас татаад түлхсэн. Энэ үед Ганбат намайг тэр залуугаас салгасан. Тэгээд манай ажлын хүмүүстэй нөгөө залуу маргалдаж байхад хамгаалагч залуу ирсэн юм. Нэг мэдэхэд “Б эгч ухаан алдчихлаа” гэхээр нь дээшээ хартал Б эгч хамарнаас нь цус гарсан байдалтай дээшээ хараад хэвтсэн байсан. Би тухайн үед болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байна . гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14052 дугаартай актын:

  1. Д.Б-ы биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 16х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мандуулын гэрчээр өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Цэнгэлийн төрсөн өдөр болж, бид найзуудаараа оройны 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн зуугийн “Дублин” паабад уулзаад найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. 00 цаг 20 минутын үед найзуудынхаа хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубт очоод юу болсныг сайн санахгүй байна, ямар ч гэсэн тодорхой хэмжээний архи, пиво уусан. Тэгээд би шөнийн 02-03 цагийн үед гэртээ харих санаатай таксинд суух гээд явж байхад манай найз Ж.Э-гийн дуу чимээ гарч эхлэхээр нь буцаад очиход манай найзыг 3, 4 хамгаалагч чирээд хяналтын камерийн өрөө рүү аваад орсон. Удалгүй Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа нар ирээд манай найзыг эрүүлжүүлэх рүү аваад явсан.

Бид хоёр анх 2001 оноос хойш буюу 8 дугаар ангидаа Сүхбаатар дүүргийн МУИС-ын харъяа “Мон-Турк”-ийн хамтарсан сургуульд сурч эхэлсэнээс хойш нөхөрлөсөн. Түүнээс хойш 18 жил өнгөрч байна. Өмнө нь хүнтэй маргалддаггүй, тайван, аливаа юманд хүлээцтэй ханддаг, хүнд тусалж дэмжихийг эрмэлзэж явдаг хүн юм. 2003 онд Англи Улс руу яваад тэндээ ажиллаж амьдарч байгаад 2017 онд Монгол Улсад ирээд өнөөг хүртэлх хугацаанд ажиллаж амьдарч байна. Тухайн өдөр хэт их архи уусанаас болоод тийм байдалд хүрсэн байх. Одоо нэлээн гэмшсэн байгаа нь надад анзаарагдсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/,

 

5. Хяналтын камерын бичлэг бүхий сиди диск 1 ширхэг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэг бүхий сиди дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 53-54х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Э-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцсан. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд найз Мандуул, Цэнгэл, Пүүжээ нарын хамт орж Цэнгэлийн төрсөн өдрийг тэмдэглэж 2 шил конъяк, 1 шил виски хувааж уугаад бүжиглэсэн. Тухайн үед их согтсон байсан болохоор яг ямар асуудал болсоныг санахгүй байна. Хяналтын камерын бичлэгийг үзэж байж л Б- гэх эмэгтэйг цохиж унагаан гэмтэл учруулсанаа мэдсэн. Би Б-д учирсан хохирол, эмчилгээний зардалд нийт 7.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Тэрээр надтай сайн дураар эвлэрсэн. Миний хувьд өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 28х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 30х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Ж.Эгаас “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 59х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 59х, 60х/ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Э-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны гадна иргэн Д.Б-ыг цохиж, эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:  

- хохирогч Д.Б-ы: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний  ...шөнө 03 цагийн үед хамт ажилладаг Батцэцэг, Амарсанаа, Билгүүн, Оюун, Отгонжаргал нарын хамтаар баарнаас гарсан. ...Намайг сууж байхад баарнаас нэг залуу хүмүүстэй маргалдаж зодолдсон байдалтай гарч ирсэнээ миний урд талд зогсоод гарынхаа цусыг над руу цацаад байхаар нь би “боль, чи над руу цусаа цацаад байна” гэтэл тар залуу над руу харсанаа юу ч хэлэлгүй дахин дахин цусаа цацсан. Тэгэхээр нь би шатан дээр сууж байсан чигээрээ тэр залуугийн нуруу орчим руу гар цүнхнийхээ оосороор цохитол нүүрэн дээр гал манасхийгээд хамарнаас цус гараад, хойшоо саваад унасан. Над руу Амарсанаа, Батцэцэг нар ирээд намайг өргөөд Минт баар руу аваад ирсэн. Төд удалгүй түргэн тусламж ирээд намайг аваад явсан ба миний хамар орчимоор маш их өвдөж, битүү хавдсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авахуулахад хамар хугарсан байна гэсэн онош тавихаар нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд намайг цохисон залууг аваад ирчихсэн байсан.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 06-07х/,

- гэрч Ө.Батцэцэгийн: “...Нэг мэдэхэд Б эгч ухаан алдчихлаа гэхээр нь дээшээ хартал Б эгч хамарнаас нь цус гарсан байдалтай дээшээ хараад хэвтсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14052 дугаартай:

“...Д.Б-ы биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 16х/,

- гэрч Б.Мандуулын: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...шөнийн 02-03 цагийн үед гэртээ харих санаатай таксинд суух гээд явж байхад манай найз Ж.Эгийн дуу чимээ гарч эхлэхээр нь буцаад очиход манай найзыг 3, 4 хамгаалагч чирээд хяналтын камерын өрөө рүү аваад орсон. Удалгүй Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа нар ирээд манай найзыг эрүүлжүүлэх рүү аваад явсан. ...Тухайн өдөр хэт их архи уусанаас болоод тийм байдалд хүрсэн байх. Одоо нэлээн гэмшсэн байгаа нь надад анзаарагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/,

- Хяналтын камерын бичлэг бүхий Сиди дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг бүхий сиди диск 1 ширхэгийг  хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 53-54х/ болон шүүгдэгч Ж.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 46-47х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Д.Б-ы биед учирсан “хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Э түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Шүүгдэгч Ж.Э нь архидан согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баарны гадна иргэн Д.Б-ы “цусаа цацахаа боль” гэсэн шаардлага тавьсаны төлөө түүний нүүрэн тус газарт нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан  үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Ж.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.     

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.  

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн шүүгдэгч Ж.Э нь хохирогч Д.Б-ы эмчилгээний болон бусад зардалд нийт 7.000.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ бичгээр гаргасан /хэргийн 40х/ байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Ж.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 55х/ баримттай байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн Арваннэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарах, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг тул шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх хуулийн үндэслэл үүссэн байна.  

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас учирсан хор уршиг буюу эмчилгээ, сувилгааны болон бусад гарсан зардлыг бүрэн нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.      

 

Шүүх, шүүгдэгч Ж.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Минт баарны хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Ж.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б- нь “хохирол нөхөн төлөгдсөн, эвлэрсэн” үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

                                              

                                                             ТОГТООХ нь:

 

 

1. Ч овогт Ж-ы Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт Ж.Э цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б- нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД