Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2024/00027

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 144/ШШ2024/00049 дугаар шийдвэртэй,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 ******* ******* ХХК-ийн захирал Э.*******,

 ******* ******* ХХК нарт холбогдох

 245 264 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.*******ын гаргасан давж заалдах гомдлоор хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Х.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх /цахим/, хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Э.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахим/, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* 5-р багийн ******* суурьшлын бүсэд байрлах өөрийн эзэмшлийн газарт 1004 м.кв талбай бүхий 2 давхар ажилчдын байрны барилга барихаар ******* ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 22/16 дугаартай, 213 000 000 төгрөгийн Ажилчдын байрны барилгын өрлөг, иж бүрэн засал, дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 40 000 000 төгрөгийн Ажилчдын байрны барилгын гадна хөөсөн фассадны иж бүрэн ажил, хурлын болон фитнесс өрөөний дотор интерьер заслын ажлуудыг гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тус компанитай байгуулсан гэрээт ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар ******* Наяд ХХК-ийн захирал болох Э.*******ад алдаа дутагдал гарсан ажлыг засаж залруулах, цаашид гүйцэтгэх ажлыг стандартын дагуу чанартай сайн хийж гүйцэтгэх талаар удаа дараа албан бичгээр, утсаар болон уулзалтын үед аман байдлаар манай компанийн ажилчид хэлж ирсэн. Захирал Э.******* нь гэрээт ажлыг гүйцэтгэхдээ барилгын талбайд барилгын инженер байнгын хяналт тавьж ажиллуулаагүй, мэргэжлийн заслын ажилчид ажиллуулаагүй зэргээс үүдэн барилгын заслын ажил стандартын дагуу хийгдээгүй, ажлын дараалал алдагдсан байдлууд ар араасаа гарч ирсэн.

Манай компани нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01/94 тоот албан бичгээр мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн уулзалтаар хангалтгүй хийгдсэн ажлуудыг анхаарч засаж ажиллахаар тохирсон. Гэвч ******* ******* ХХК /захирал:Э.*******/ нь барилгын ажлын гүйцэтгэлд засах болон сайжруулалт хийгээгүй стандартын дагуу барилгын ажил гүйцэтгээгүй тул манай компани 2023 оны 02 дугаар сарын 28 өдөр №02/09 тоот албан бичгээр барилгын гүйцэтгэлийн ажлыг зогсоох болсныг мэдэгдсэн.

Манай компани нь ******* ******* ХХК /захирал: Э.*******/-д дээрх дурдсан шалтгаанаас үүссэн ажлуудыг барилгын норм стандартын дагуу гүйцэтгэхэд манай компаниас дахин зардал гарч бидэнд цаг хугацааны болон эд хөрөнгө, мөнгө санхүүгийн хувьд их хэмжээний хохирол учраад байгаа тул гомдолтой байгаа болно. Тухайн хийгдсэн болон дахин хийх болон завсарлах ажлын хөлсийг зах зээлийн үнийн судалгааг бодитой гарган тооцож нийт 245 264 100 /Хоёр зуун дөчин таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг ******* ******* ХХК /захирал: Э.*******/-аар хохирлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байна.

Энэхүү хохирлын хэмжээг тооцохдоо ******* ХХК-д өгсөн ажлын хөлсийг оруулаагүй болно. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг нээх бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 359 Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Солонгын дүгнэлтийн дагуу иргэний шүүхэд хандаж байна. Прокурорын дүгнэлтээс Иргэн Э.*******ын өгсөн мэдүүлгийг харахад

1. Дулаан өгөөгүй гэх шалтгаанаар өөрсдийн чанар стандарт шаардлага хангаагүй мэтээр бодит үнэн мэдээлэл өгөөгүй, мэдээллийг гуйвуулан өөрийгөө буруугүй мэтээр ярьсан байна. Манай талаас дулаан өгөөгүй байхад гүйцэтгэлийг ямар нэг байдлаар шахалт үзүүлээгүй болно. Хүйтэн нөхцөлд дотор засал хийгдэж болох уу болохооргүй бол түр зогсоож болно гэхэд халуун пүүжин залгаад болж байна нэмж халуун пүүжин аваад өгөөрэй болно гээд авхуулан ажлаа хийж байсан.

2. Мэргэжлийн инженер хяналт тавьж ажиллуулаагүй, чанар хангахгүй гүйцэтгэл хийснээ инженер байсан мэтээр ярьсан байна. Иймд манай компани иргэн Э.*******ад гомдолтой байгаа тул хууль, тогтоомжийн дагуу хохирлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсч байна гэжээ.

 2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Ажлын каркасыг нь эхэлж тусад нь гэрээлээд каркасыг нь дуусгаад тэгээд дээвэр, дотор заслын ажлыг нь явагдаж байх хооронд нөгөө гадна фасад нь металл фасад байж байгаад хөөсөн фасад болоод ингээд өөрчлөлт хийгдсэн.

Тухайн үед өвлийн хүйтэн болоод манай ажил зогсох болоод гадна фасадын ажлаа яаравчлах хэрэгтэй болоод бид нар санал тавьсан юм. Энэ гадна фасадаа ямар нэгэн байдлаар шийдэхгүй бол дулаанаа авч болохгүй, дулаанаа авч болохгүйгээс болоод ажил зогсох гээд байна гэх хүсэлт хүргүүлээд тэгээд манайх металл фасад байсныг нь зургийн автор инженерүүдтэй хэлэлцсэний дагуу эднийхээс манай компани дээр Эрдэм гээд инженер хяналт тавьж байсан. Тэр инженертэй болон зураг зохиогч компанитай нь зөвлөлдөж байгаад металл фасадаа хөөсөн фасад болгож болох юм гэсэн техникийн үндэслэл гаргаад тэр дээрээ тулгуурлаад хөөсөн фасад болгохоор болоод хөөсөө тогтоох буюу өнгө будгийг нь хийхгүйгээр өвлийн нөхцөлд ажиллах боломж нөхцөлөө хангахын тулд хөөсөн фасад хийхээр тохиролцсон юм.

Энэ нь 12 сард хийгдэж байгаа гэрээ, металл фасад нь металлаараа хийгдэх үү, хөөсөөрөө хийгдэх үү, аль нэг талын шийд гарахгүй байсаар байгаад байсан. Тэгээд уг ажил болохоор эдний Эрдэм инженерийн хяналт доор плитаны ажил бүрэн дууссан, шаврын ажил нь бүрэн дууссан, өрлөгийн ажил нь бүрэн дууссан тухай бүрт нь акт үйлдээд явж байсан. Акт үйлдэхдээ бол мөнгө санхүүжилтээ авахын тулд Эрдэм инженерээр акт үйлдүүлээд тухайн ажил дууссан ямар үе шаттай байгаагаа акт үйлдүүлээд одоо байгаа энэ саналаа нягтлан руу хүргүүлж санхүүжилтийг авч тухайн барилгын үйл явцтайгаа уялдуулж санхүүжилтээ авч байсан. Ажлын гүйцэтгэлээ 90 хувь хүрсэн гэж манай талаас үзэж байна вэ гэхээр энэ барилга нь плитаны ажил, шаврын ажил нь бүрэн хийгдсэн, ремонт буюу засварын ганц нэг ажлууд үлдсэн. Тэгээд засварын ажлууд нь дууслаа, паркетан шал, хананы эмульс хийгээд ажил дуусахад бэлэн болж байсан гэсэн үг. Эднийхээс яриад байгаа чанар стандарт алдагдсан зүйл огт байхгүй. Хананд бага зэргийн ремонт буюу засварын ажил хийх ажлууд ганц нэг байсныг үгүйсгэхгүй. Энэ нь ажил хийгдэж байх явцад байдаг л зүйл. Цонхны амалгаа болон ханан дээр ганц нэг ремонтын ажил нэмэгдэж гарч байсан нь нөгөө хөөсөн фасадын ажил, мөн дулаан өгөх, эдний талаас цахилгаан дулааны ажлыг нь хийж байсан.

Эдний дулааны ажил хоцрогдсонтой холбогдолтойгоор цан үүссэн, тэр ажлууд нь цантаад хөлдсөн байсан тул хавар дулаан орохоор үргэлжлүүлнэ гээд тэр хэсгүүдийг бол засвар хийх боломжгүй болохоор үлдээсэн түлхүүрээ бол өгсөн байсан. Мөн цонхны амлагаанд ч гэсэн тийм асуудал үүсч байсан гэв.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК- ийн гаргасан хариуцагч ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.******* болон ******* ******* ХХК-д холбогдох 245.264.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.384.270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2- т зааснаар шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 144/Ш32024/00205 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх дүгнэхдээ "... мөн талууд байгуулсан хоёр гэрээгээр ажлын гүйцэтгэл, аль гэрээнд нь ямар ажил багтах, гэрээний төлбөр тооцоог ялган зааглах боломжгүй тухайгаа хэн алин нь илэрхийлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хаан банкнаас гаргуулан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бөгөөд гүйлгээний утгаар тус баримтуудыг ялгах бүрэн боломжтой байсан. ... Ажлын доголдлыг арилгахад 10.041.500 төгрөг зарцуулсан мэт жагсаалтаас харагдах боловч энэ нь бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна. гэсэн нь мөн үндэслэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан бөгөөд шүүгч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй мөн нотлох баримтыг бодитоор үнэлээгүй болно. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.*******ын өгсөн мэдүүлэг тайлбарууд нь худлаа хэлсэн байна. Гомдолд өгсөн хариу тайлбар нь худал, ташаа мэдээлэл байна. Гомдолтой байгаагаа дахин илэрхийлж байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийг дүгнэсэн. Ингэхдээ энэ дүгнэлтээсээ гажууд шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь талууд хоёр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Хариуцагч тал гэрээт ажлын ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгэснээ хүлээлгэж өгөөгүй. Энэ үйл баримт нь тодорхой байгаа. Э.*******ын зүгээс ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байсан гэх зүйлийг ярьж байгаа боловч үүнийгээ нотлох баримтыг анхан шатны шүүх дээр гаргаж өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үр дүнг зайлшгүй нэхэмжлэгч буюу захиалагчид хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 38.9-д заасан нөхцөл байдлыг шүүх дүгнэх бүрэн боломжтой байсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалсан мэдэгдэлд хариуцагчийн зүгээс хариу тайлбар, мэдэгдэлд ирүүлээгүй. Нэхэмжлэгчийг ямар шалтгааны улмаас цуцалж байгаа вэ гэдгийг нэхэмжлэгч тал тухайн үедээ хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Тэгсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байгаа нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа. *******ын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед алдаатай ажил хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ханын ажлыг дахин хийх шаардлага байсныг үгүйсгэхгүй гэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцэхдээ зөвхөн ариун цэврийн өрөөний плитаг бүрэн хэмжээгээр хуулахтай холбоотой гэрээ цуцлагдсан байна асуудал явж байгаа. Энэ гэрээ цуцлагдсанаас хойш илэрч байгаа алдаа дутагдал, доголдолтой ажлуудыг итгэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон тухайн үед маш тодорхой гаргаж өгч хэлэлцүүлэг хийсэн. *******ын зүгээс Барилгын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.2, 41.12-т заасан өөрөөр хэлбэл барилгын ажлын ил далд ажлын актыг баталгаажуулах үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, мөн 40.1.12-т заасан барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж гэх мэт хуулиар хүлээсэн аливаа бүх үүргийг зөрчиж хийсэн. Гэрээнд ажил гүйцэтгэгч ажлын байран дээрээ мэргэжлийн инженерийг заавал байлцуулан ажлыг хийнэ гэж заасан. Мэргэжлийн инженерийг Э.******* болон ******* ******* ХХК-ийн зүгээс байлцуулан хийгээгүйн улмаас ажлыг хүлээлгэж өгөхгүйгээр гэрээг цуцлагдсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талаас юуг нотлох ёстой байсан бэ гэхээр энэ ажлыг дахин хийж гүйцэтгэсэнтэй холбоотой зардлын баримтуудыг маш тодорхой гаргаад өгчихсөн. Хэн рүү ямар мөнгө шилжүүлсэн бэ гэдэг баримтаа гаргаад өгчихсөн байхад нотлогдохгүй байна гэдэг зүйлийг шүүхээс дүгнээд байгааг өмгөөлөгчийн зүгээс ойлгохгүй байна. Иргэний хуулийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, үүрэг гүйцэтгэгч нь заавал хүлээлгэж өгөх ёстой. Энэ үүрэг биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл ******* шүүх хуралдаанд бид нар гэрээт ажиллагаа хийж байгаад захиалагч талаас гэрээ цуцлах мэдэгдэл ирсэн. Түүнээс өмнө хоёр ч удаагийн уулзалт, тэмдэглэл хийсэн. Ямар ажил дутуу байгаа юм, яагаад энэ ажлыг дахин хийх ёстой юм гээд энэ талаар талууд тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үүнээс хойш хугацаа тогтоогоод ажлаа хийхгүй байгаа. Ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяад явсан талаарх баримт хэрэгт маш тодорхой байгаа. Захиалагч тал болон захиалагч талын ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажил хөдөлмөрөө эрхлэх энэ эрх ашиг хөндөгдөөд байгаад шүүх дүгнэлт хийх ёстой. Гэтэл дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой юу, үгүй юу гэдгийг мөн адил орхигдуулаад шууд нэхэмжлэлийн шаардлагаа баталж чадахгүй байна гэдэг үндэслэлээр шийдвэрлэж байгаа нь өмгөөлөгчийн зүгээс болон нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүй байна гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүлйин 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас чанар стандарт гэсэн үг их гарч байна. Чанар стандарт хангаагүй гэдгийг ямар хүнээр нотлуулсан бэ? Энэ чанар стандарт зөрчсөн зүйл манай талаас байхгүй. Мэргэжлийн ажилчид ажиллаж байсан. Нэхэмжлэгч талаас ажлын явцад хяналтын инженер байнга байсан. Манай талыг буруутай гэж үзээд байгаа бол тухайн инженерийг эхний ээлжинд буруутгаж шүүж тогтоох шаардлагатай болов уу. Энэ ажил маш энгийн ойлгомжтой. Ажил явдгаараа явж байсан. Цагаан сар таарсан, цагаан сарын дараа бөөнөөрөө цугласан чинь танайхыг болиуллаа гэсэн мэдэгдэл ирсэн. Яагаад гэхэд цагаан сарын үеэр Золоо очиж үзээд плита тааралдахгүй, болохгүй байна гээд бүгдийг нь хуулсан. Тэгээд удаагүй мэдэгдэл ирсэн. Хавар болоод дараа дараагийнхаа ажлуудыг дуусгах шаардлага гарсан. Манай компанийг ажлаа хаяад явсан гэж яриад байна гэвч манай ажилчдыг нэвтэрүүлэхгүй байсан. Заслын ажил явагдаж байгаа тохиолдолд мэргэжлийн инженжер байнга байх шаардлагагүй. Нэхэмжлэгч тал өөрөө хяналтын инженертэй. Хяналтын инженер нь бүх зөвлөгөө өгөөд зөвлөгөөний дагуу ажиллаад явдаг. Чанар стандарт яригдахаар хэмжээний алдаа дутагдал байхгүй гэв.

 Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрсдөө нотлох ёстой. Энэ талаар хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байдаг. Талууд шүүх хуралдаанд ийм нотлох баримт шаардлагатай байна үүнийг гаргуулъя гэж хүсэлт гаргавал шүүх хуралдаанд нотлох баримт шаардлагатай байна гэж үзээд хойшлуулах заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д байгаа. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ямар нэгэн нотлох баримт гаргуулъя, цуглуулъя, шүүхэд гаргаж өгье гэсэн хүсэлтийг гаргаагүй. Тэгэхээр шүүхийг өөрсдийн санаачилгаар нотлох баримт шаардлагатай байна. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулах ёстой байсан байдлаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлага нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн барилга стандартын шаардлага хангаагүй, дутуу, бүрэн гүйцэд хийгээгүй гэсэн байдлаар нэхэмжлэл гаргадаг. Үүнээс улбаалаад 240.000.000 орчим төгрөгийн одоо хохирол учирсан гэж үздэг. Тэгэхээр 240.000.000 орчим төгрөгөнд юу юу авсан юм гэхээр өмнө нь авсан барилгын материал, сүүлд нь нэмж авсан материал, хийлгэсэн ажлын хөлс гэдэг. Өмнө нь хэдэн төгрөгөөр ямар материал авсан юм, сүүлд нь нэмж яг хэдэн төгрөгөөр материал авсан юм, тэгээд ямар ямар засвар хийхэд хэдэн төгрөгийн зардал гарсан юм гэдгээ нэг бүрчлэн тогтоосон зүйл байдаггүй. Зөвхөн Хаан банкны дансны хуулга авагдсан байдаг. Энэ нь өмнө нь авсан юм уу, сүүлд нь авсан юм уу, эсвэл ******* ******* ХХК-ийн өмнө нь өөр компанид ажил гүйцэтгэж байсан. Түүний баримтуудыг авсан уу холилдоод явж байсан зүйлүүд байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагуудаа хангалттай нотолж чадахгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны юу хийдэг хэвээр үлдээж өгнө үү. Мөн плита авсан гэсэн асуудал яригдсан. Үүнийг шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тодруулахад дээгүүр явсан шугам хоолойг шалны доогуур явуулах зорилгоор шалыг хуулсан гэдгээ гэрч болон нэхэмжлэгч тал өөрөө шүүх хуралдаанд тайлбарласан байдаг. Тэгэхээр өөрсдийнх хийсэн ажлаа өөрчилсөн асуудлуудаа ******* ******* ХХК-д холбож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ цуцалсны дараа энэ үйл ажиллагаа хийгдсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж үнэлэлт, дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь ...барилгын норм стандартын дагуу гүйцэтгэхэд манай компаниас дахин зардал гарч бидэнд цаг хугацааны болон эд хөрөнгө, мөнгө санхүүгийн хувьд их хэмжээний хохирол учраад байгаа тул тухайн хийгдсэн болон дахин хийх болон засварлах ажлын хөлс 245 264 100 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар нь ...Ажлын гүйцэтгэлээ 90 хувь хүрсэн гэж манай талаас үзэж байна. Энэ барилга нь плитаны ажил, шаврын ажил нь бүрэн хийгдсэн, ремонт буюу засварын ганц нэг ажлууд үлдсэн. Засварын ажлууд нь дууслаа, паркетан шал, хананы эмульс хийгээд ажил дуусахад бэлэн болж байсан гэсэн үг. Эднийхээс яриад байгаа чанар стандарт алдагдсан зүйл огт байхгүй. Хананд бага зэргийн ремонт буюу засварын ажил хийх ажлууд ганц нэг байсныг үгүйсгэхгүй. Энэ нь ажил хийгдэж байх явцад байдаг л зүйл. Цонхны амалгаа болон ханан дээр ганц нэг ремонтын ажил нэмэгдэж гарч байсан нь нөгөө хөөсөн фасадын ажил, мөн дулаан өгөх, эдний талаас цахилгаан дулааны ажлыг нь хийж байсан. Эдний дулааны ажил хоцрогдсонтой холбогдолтойгоор цан үүссэн, тэр ажлууд нь цантаад хөлдсөн байсан тул хавар дулаан орохоор үргэлжлүүлнэ гээд тэр хэсгүүдийг бол засвар хийх боломжгүй болохоор үлдээсэн түлхүүрээ бол өгсөн байсан. Мөн цонхны амлагаанд ч гэсэн тийм асуудал үүсч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

4. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлсөнд нэхэмжлэгч нийт 10 удаагийн гүйлгээгээр 162 500 000 төгрөг төлсөн гэж, хариуцагч тал эхний гэрээгээр 130 000 000 орчим төгрөг, дараагийн гэрээнээс 18 000 000 төгрөг урьдчилгаанд авсан гэж тус тус тайлбар гаргажээ.

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл,

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/16 дугаартай, Ажилчдын байрны барилгын өрлөг, иж бүрэн засал, дээврийн ажил гүйцэтгэх 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 40 000 000 төгрөгийн Ажилчдын байрны барилгын гадна хөөсөн фассадны иж бүрэн ажил, хурлын болон фитнесс өрөөний дотор интерьер заслын ажлуудыг гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдаж,

22/16 дугаартай гэрээний 1.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, ******* 5-р баг, захиалагчийн эзэмшлийн НАБТ-ийн талбайд баригдах ажилчдын сууцны зориулалттай, 2 давхар барилгын өрлөг, иж бүрэн засал болон дээврийн ажлыг барилгын мэргэжлийн 10-20 ажилчны бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын холбогдох хууль, норм, дүрэм, стандартыг чанд мөрдлөг болгон гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэж өгөх,

гэрээний 7.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь 213 000 000 төгрөгийг:

5.1 Гэрээ байгуулагдаж, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулснаас ажлын 3 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 30% буюу 63 900 000 /жаран гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг Захиалагч тал Гүйцэтгэгч талд төлнө.

5.2 Өрлөг болон дээврийн иж бүрэн ажил дууссаны дараа гэрээний үнийн дүнгийн 20% болох 42 600 000 /дөчин хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2 талын инженерийн баталгаажуулсан ажил хүлээлцэх актыг үндэслэн олгоно.

5.3 Хана, таазны 2 үе замаск, зүлгүүр хийгдэж, шалны бетон 100% авагдаж дуусан, плитаны ажил бүрэн хийгдсэний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 20% болох 42 600 000 /дөчин хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2 талын инженерийн баталгаажуулсан ажил хүлээлцэх актыг үндэслэн олгоно.

5.4 Гэрээт ажил бүрэн дуусч, Улсын комисст хүлээлгэж өгөн, комиссын акт баталгаажсаны дараа үлдэгдэл санхүүжилт болох гэрээний нийт үнийн дүнгийн 30% буюу 63 900 000/жаран гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг Захиалагч тал Гүйцэтгэгч талд тус тус төлөх. /1 дүгээр хавтас 10-13 хуудас/,

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний 1.1-т хариуцагч ******* ******* ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, ******* 5-р баг, захиалагчийн эзэмшлийн НАБТ-ийн талбайд баригдах ажилчдын сууцны зориулалттай, 2 давхар барилгын гадна хөөсөн фассадны ажлын иж бүрэн ажил, хурлын болон фитнес өрөөний интерьер засал, фассадны ажлыг мэргэжлийн 7 ажилчин, интерьер заслыг-2 мэргэжлийн ажилчны бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын холбогдох хууль, норм, дүрэм, стандартыг чанд мөрдлөг болгон гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэж өгөх,

Нэхэмжлэгч гэрээний 7-д заасан ажлын хөлс 40 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр заажээ. /1 дүгээр хавтас 19-23 хуудас/,

Талуудын хооронд харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тогтоож, хэрэгт авагдсан баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэлт дүгнэлт өгч ...нэхэмжлэгч нь Өмнөговь аймаг, Ханбогд сум ******* ХХК-ийн ажилчдын байрны шаардлага хангаж хийгээгүй ажилд шаардагдах материал болон ажлын хөлсний тооцоо гэх баримтыг гаргаж өгсөн боловч тухайн жагсаалтаа нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтаар нотлоогүй, доголдлыг хэзээ, хэнээр, хэрхэн гүйцэтгүүлсэн, доголдолд тухайн материалыг зарцуулсан зэргийг тодорхой баримтаар нотлоогүй, мөн гэрээ цуцлах үндэслэл болсон ...Ариун цэврийн өрөөний плитаг барилгын норм дүрэм, стандарт шаардлагыг хангаж наагаагүй, холигчны нүхийг дээр доор цоолсон гэх ажлын доголдлыг арилгахад 10.041.500 төгрөг зарцуулсан мэт жагсаалтаас харагдах боловч энэ нь бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр мөн нотлогдохгүй байна. гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Зохигч ажил гүйцэтгэх гэрээнээс гэрээ болон хуульд заасан үндэслэлээр татгалзсан тохиолдолд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.

Мөн ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх бус урт хугацааны явцад үр дүн бий болдог тул зохигч гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийн биелэлтийг тооцох үр дагавар үүснэ. 

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний хохирол 245 264 100 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна.

7. Нэхэмжлэгч ажлын үр дүнг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2., 353.3.-т заасан шаардлагыг хангасан эсэх биет байдлын эрхийн доголдлын талаар шаардах эрх Иргэний хуулийн хуулийн 352 дугаар зүйлийн 352.1., 352.2.-т заасны дагуу үүснэ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын аль хэсэгт доголдол гарсан, түүнийг арилгахад хэдий хэмжээний үнэлгээ бүхий хохирол учирсан талаараа нотлоогүй, шүүх гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын аль хэсэгт доголдол гарсан, эсхүл гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой эсэх, доголдлыг арилгахад гарсан зардлын хэмжээг тооцож, тогтоох боломжгүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 384 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 144/ШШ2024/00049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.*******аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 1 384 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.УГТАХБАЯР