| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0204/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Довогт О-ийн Бт холбогдох эрүүгийн 18100 0976 0097 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Натур төвийн арын барилга дээр шаварчин ажилтай гэх, ам бүл 5, эх, ах, дүүгийн хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, НҮН-21-56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, Довогт О-ийн Б /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Х-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн хэрэг өнгөрсөн оны хавар болсон. Цаг хугацааг одоо сайн санахгүй байна. Хэрэг гардаг өдөр Г.Х нь манай гэрийн гадаа нэг залуутай архи уугаад сууж байхад нь би “яв, наанаасаа холд” гэж хэлээд түүнийг хоёр удаа алгадсан. Х- нь манайд ирээд ээжийг уруу татаж, нийлж архи уугаад байдаг учир би түүнд шаардлага тавьсан юм. Энэ үйлдэлдээ харамсаж байна, миний буруу. Би хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, манай ээж эмнэлгээр дагуулж яваад эмчилгээ хийлгэсэн. Би хэрэг болох өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Би одоо машин угаалгын газар ажиллаж байгаа, сард дунджаар 700.000 төгрөгийн цалин орлоготой.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0976 0097 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Х-ы гэрч, хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз Мөнгөнцэцэгтэй уулзах гэж Яармагт очиход надтай утсаар ярьж “би хөдөө явж байна, дараа уулзъя” гэсэн. Тэгээд би Цагдаагийн хэлтсийн хажууд байдаг сагсны шийд дээр зүс таних хоёр хүнтэй уулзаад хамт архи уусан.
Архиа ууж дуусгаад би Сүхээнээ гэх залуутай хамт Нүхтийн 1 дүгээр гудамж руу явж байхад намайг зоддог Томоо гэх залуу хашааныхаа үүдэнд согтуу орилоод зогсож байхаар нь би түүнд “танай гэрт орох гэсэн хүн алга” гэж хэлээд явтал миний үснээс зулгааж, намайг зодсон. Миний үснээс зулгааж намайг газар унахад толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг нь би санахгүй байна. Би Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг О.Б миний биед учруулсан.
...Миний баруун гуя хөхөрсөн, хоёр нүд хөхөрч хавдсан, толгой хавдсан, духны зүүн талд зулгарсан, бас миний хамар хугарсан байсан ба үүнээс өөр гэмтэл, шарх учраагүй. О.Б нь намайг “манай гэрт орвол ална шүү” гэхээр нь “танай гэрт орох гэсэн хүн алга” гэж хэлсэний төлөө намайг зодсон. Намайг зодож байхыг надтай хамт явж байсан Сүхээнээ гэдэг залуу харсан. Би тухайн өдөр их согтоогүй байсан ба хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан. Болсон асуудлыг санаж байна. ...Одоо миний бие зүгээр болсон болохоор гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй. О.Б бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 18-19х, 24-25х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Байгальмаагийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай дүү Г.Х нь “хүнд зодуулсан” байдалтай гэртээ ирсэн. Би “яасан” талаар асуухад надад “толгой жаахан өвдөөд байна” гэж хэлсэнээс өөр зүйл хэлээгүй. Би дүү Х-аагаас тусдаа амьдардаг болохоор орой гэртээ харьсан. Тэгээд өчигдөр дүүгийнхээ гэрт очиход Х-тай хамт байдаг хамаатны дүү Х-ыг “бөөлжөөд халуурч хонолоо” гэхээр нь би дүүгээ сахиад гэрт нь хоносон ба Х- шөнөжин “дотор муухайрч огиод, толгой нь их өвдөөд байна” гэж хэлсэн.
Би хэнд зодуулсан талаар асуухад “Яармагийн 3 дугаар буудлын Шатахуун Түгээх Станцын ард талд байдаг нүүрэн эгнээний Отгончөдөр гэдэг хүний хүүхдэд зодуулсан, хүүхдийг нь Томоо гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь би цагдаад хандсан юм.
Г.Х-ы хоёр нүд орчимоор нь тойроод хөхөрч хавдсан, толгойны ард талд овойж хавдсан, духны зүүн тал нь хонхойж хавдаад дух нь зулгарч шалбарсан байсан. Өөр биед нь ямар нэгэн гэмтэл учирсаныг нь би мэдэхгүй байна. Г.Х гэртээ 2-9 насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Ээж нь Франц улсад эмчилгээ хийлгэж байгаа, сахарын өвчтэй, эмчийн хяналтанд байдаг. Нөхөр нь 2017 оны 05 дугаар сард нас барсан, өөр хамт амьдардаг хүн байхгүй. Би ээжийнх нь дүү байгаа юм. Г.Х-ы нөхөр нь нас барсанаас хойш үе, үе архи уудаг болсон. Хааяа үнэртүүлсэн байдалтай байдаг. Гэхдээ би хувьдаа архинд орсон гэж хэлэхгүй, сэтгэлийн хямралтай байдаг. Зан араншингийн хувьд хатуу ширүүн юм байхгүй, хүнтэй эвтэйхэн, хүний аргыг олоод ярьчихдаг хүүхэд байгаа юм. Найз нөхдийн хувьд би мэдэхгүй байна. Миний дүүд өр авлага, өш хонзонгийн асуудалтай хүн байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Отгончөдөрийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр манай гэрийн тэнд Х- явж байгаад надтай тааралдахад “Б-т зодуулсан, миний хамар хугарсан байна” гэж хэлж байсан. Би тэр өдөр нь гэртээ найзуудтайгаа архи ууж байсан бөгөөд миний хүү Б хашааны гадна нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Би согтуу байсан болохоор юу болсон талаар хараагүй бөгөөд Б-ийг тухайн өдөр архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Г.Х нь Яармагаар яваад байдаг юм. 3 жилийн өмнө миний таньдаг охинтой хамт явж байхад нь танилцаж байсан, манай гэрээр хааяа орж гардаг байсан.
Миний хүү Б нь 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын том хүү. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Б- бага насаа 120 мянгатад өнгөрөөсөн бөгөөд 1999 онд Яармагт нүүж ирж, 10 жилийн сургуулиа 63 дугаар дунд сургуульд сурч төгссөн. Миний хүү ааш зангийн хувьд элдэв янзын зүйл байхгүй, 10 жилээ төгссөнөөс хойш ажил хийж байна. Ойр дотно байдаг найз нөхөд байхгүй. Ер нь ажилч, хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Ажил хийгээд олсон хэдэн төгрөгөө надад авчирч өгөөд гэр орноо авч явдаг. Гэхдээ тогтмол хийсэн ажил байхгүй, голдуу барилгын ажил хийдэг бөгөөд халтуурны ажил гарвал энд тэнд явж хийдэг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 4832 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Х-ы биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр талын зулай, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 33х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-ийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“Би тухайн өдөр гэр рүүгээ орох гээд явж байтал Х-аа, Сүхээнээ гэх залуутай хамт манай гэрийн урд талд худгийн хажууд архи уусан бололтой зогсож байхаар нь “та хоёр наанаасаа холд” гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд эргээд гараад ирэхэд тэр хоёр зогсож байхаар нь “та хоёрыг холд гэж хэлээд байгаа юм биш үү” гээд Х-ыг нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Манай ээж Отгончөдөр урьд өмнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд Х- нь манай гэрээр орж гараад, ээжтэй архи уугаад яваад байдаг байсан юм.
Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, өш хонзон байхгүй. Би Төв аймагт барилгын ажил хийж байгаад гадаа хүйтэрч, ажил зогссон учир 22-ын товчоонд “Хүлэг” нэртэй автомашин угаалгын газарт ажиллаж байгаа. ...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х, 42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45х/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 46х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49х/, шүүхийн шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 52-58х, 59-60х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Хыг “гэрийн ойролцоо архи уулаа, наанаасаа холд, яв гэхэд явсангүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон биед нь “тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр талын зулай, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- хохирогч Г.Х-ы: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...Сүхээнээ гэх залуутай хамт Нүхтийн 1 дүгээр гудамж руу явж байхад намайг зоддог Томоо гэх залуу хашааныхаа үүдэнд согтуу орилоод зогсож байхаар нь би түүнд “танай гэрт орох гэсэн хүн алга” гэж хэлээд явж байхад миний үснээс зулгааж, намайг зодсон. Миний үснээс зулгааж намайг газар унахад толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг нь би санахгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг О.Б миний биед учруулсан.
...Миний баруун гуя хөхөрсөн, хоёр нүд хөхөрч хавдсан, толгой хавдсан, духны зүүн талд зулгарсан, бас миний хамар хугарсан байсан ба үүнээс өөр гэмтэл, шарх учраагүй. О.Б нь намайг “манай гэрт орвол ална шүү” гэхээр нь “танай гэрт орох гэсэн хүн алга” гэж хэлсэний төлөө намайг зодсон. Одоо миний бие зүгээр болсон болохоор гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй. О.Б бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 18-19х, 24-25х/,
- гэрч Д.Байгальмаагийн: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай дүү Г.Х нь “хүнд зодуулсан” байдалтай гэртээ ирсэн. ...Дүүгийнхээ гэрт очиход Х-тай хамт байдаг хамаатны дүү Х-ыг “бөөлжөөд халуурч хонолоо” гэхээр нь би дүүгээ сахиад гэрт нь хоносон ба Х- шөнөжин “дотор муухайрч огиод, толгой нь их өвдөөд байна” гэж хэлсэн. Би хэнд зодуулсан талаар асуухад “Яармагийн 3 дугаар буудлын Шатахуун Түгээх Станцын ард талд байдаг нүүрэн эгнээний Отгончөдөр гэдэг хүний хүүхдэд зодуулсан. Хүүхдийг нь Томоо гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь би цагдаад хандсан юм.
Г.Х-ы хоёр нүд орчимоор нь тойроод хөхөрч хавдсан, толгойны ард талд овойж хавдсан, духны зүүн тал нь хонхойж хавдаад дух нь зулгарч шалбарсан байсан. Өөр биед нь ямар нэгэн гэмтэл учирсаныг нь би мэдэхгүй байна. Г.Х гэртээ 2-9 насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Ээж нь Франц улсад эмчилгээ хийлгэж байгаа, сахарын өвчтэй, эмчийн хяналтанд байдаг. Нөхөр нь 2017 оны 5 дугаар сард нас барсан, өөр хамт амьдардаг хүн байхгүй. Би ээжийнх нь дүү байгаа юм. Г.Хы нөхөр нь нас барсанаас хойш үе үе архи уудаг болсон. Хааяа үнэртүүлсэн байдалтай байдаг. Гэхдээ би хувьдаа архинд орсон гэж хэлэхгүй, сэтгэлийн хямралтай байдаг. Зан араншингийн хувьд хатуу ширүүн юм байхгүй, хүнтэй эвтэйхэн, хүний аргыг олоод ярьчихдаг хүүхэд байгаа юм. Найз нөхдийн хувьд би мэдэхгүй байна. Миний дүүд өр авлага, өш хонзонгийн асуудалтай хүн байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
- гэрч П.Отгончөдөрийн: “...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр манай гэрийн тэнд Х- явж байгаад надтай тааралдахад “Б-т зодуулсан, миний хамар хугарсан байна” гэж хэлж байсан. Би тэр өдөр нь гэртээ найзуудтайгаа архи ууж байсан бөгөөд миний хүү Б- хашааны гадна нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Би согтуу байсан болохоор юу болсон талаар хараагүй бөгөөд Б-ийг тухайн өдөр архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Г.Х Яармагаар яваад байдаг юм. 3 жилийн өмнө миний таньдаг охинтой хамт явж байхад нь танилцаж байсан, манай гэрээр хааяа орж гардаг байсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
- ШШҮХ-ийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 4832 дугаартай: “...Г.Хы биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр талын зулай, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 33х/ болон шүүгдэгч О.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Г.Х-ы биед учирсан “тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр талын зулай, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.Б түүнийг цохиж, зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Х-ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч О.Б-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Г.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хэргийн 17-19х/ хэмээн мэдүүлж, гэм хорын хохиролд тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хэруцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 49х/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол баримтууд /хэргийн 52-58х, 59-60х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүх, шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Г.Х нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Довогт О-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Х нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД