| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 187/2017/0039/э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Д.Дарханбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 213
Н.Нямпүрэвт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Дарханбаатар,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 45 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Дарханбаатарын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 11 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201626031256 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тэмээчин овогт Нямдаваагийн Нямпүрэв, 1990 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95 дугаар байрны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УМ90102837/;
Н.Нямпүрэв нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин трейдинг” ХХК-ийн “Номин электроникс” салбарын гар утас, камерийн тасгийн борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Ай фон-6” 128 гегавайт, “Ай фон-6 плас” 16 гегавайт 2 ширхэг буюу 1,170,000 төгрөгийн гар утсыг завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Н.Нямпүрэвийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Нямпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Нямпүрэвийг цагаатгаж, Н.Нямпүрэв нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нямпүрэвт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Дарханбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тогтоолд “...Н.Нямпүрэвт ажил үүргийн хувьд хариуцаж байсан 2 ширхэг гар утсыг завшиж эсхүл үрэгдүүлэх замаар хууль бус аргаар олж авсан, ашиг олох зорилго бүхий шунахай сэдэлт буюу гэмт хэргийн субъектив болон объектив талын шинжүүд тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах нь зүйтэй байна...” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа Н.Нямпүрэвт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлийг давхар баримтлан хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Н.Нямпүрэв нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин трейдинг” ХХК-ийн “Номин электроникс” салбарын гар утас, камерийн тасгийн борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Ай фон-6” 128 гегавайт, “Ай фон-6 плас” 16 гегавайт 2 ширхэг буюу 1,170,000 төгрөгийн гар утсыг завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт бүрдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байх бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс Н.Нямпүрэвт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаатай, гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн дүгнэлтийг давхар хийжээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Н.Нямпүрэвийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн мөртлөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг давхар барьж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул зөвтгөж, цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд прокурор Д.Дарханбаатарын бичсэн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 11 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 45 дугаар цагаатгах тогтоолын “Тогтоох” хэсгийн:
1 дэх заалтын “Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Нямдаваагийн Нямпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Нямпүрэвийг цагаатгасугай” гэснийг “Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Нямдаваагийн Нямпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Нямпүрэвийг цагаатгасугай.” гэж өөрчилж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ