Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 48

 

 

А.И-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эдрэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч А.И, хохирогч Т.Зоригтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дүгээр магадлалтай, А.И-д холбогдох 2129000410085 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 962 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, А.И нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор: А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч А.И-ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 3.880.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Зоригсайханд, 6.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК-д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК-ийн нэхэмжлэлээс 3.617.600 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгчА.И-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч А.И нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2129000410085 дугаартай хэрэгт 2129000420086 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дүгээр магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд прокурор В.Төгсбаяр гаргасан эсэргүүцэлдээ “... шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Өршөөлийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх нь А.И-н  үйлдсэн гэмт хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн тул А.И-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан Өршөөлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Дээрх дүгнэлт нь зөвхөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуулийн шаардлагыг дүгнэж бичсэнээс биш, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн бол ... эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэргийг өсвөр насны хүн үйлдсэн бол хорих ялаас хоёр жилийг хасахаар зааж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байна. Энэ хуулийн үзэл баримтлалд хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэхгүй байхаар тусгасан байна. Иймд 2021/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоол, 2021/ДШМ/64 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч А.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу хэрэглэсэн байна.  Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн бол  ... эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.И-н  үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамрагдаж байхад анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.И-г    гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоолыг зөвтгөх боломжгүй байна. Иймд Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Т.Зоригтсайхан шүүх хуралдаанд  “Хоёр шатны шүүхийн шийдвэрийн талаар саналгүй” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.И шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан байхад одоо яагаад заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх гээд байгааг ойлгохгүй байна. Мөн хохирогч Т.Зоригсайхантай эвлэрлийн гэрээ байгуулж, хохирлыг тухай бүр боломжоороо төлөөд явж байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч А.И-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэв.

 

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх А.И-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгч А.И нь “Амуу тал” ХХК-ийн кемп менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Амуу тал” ХХК-ийн баримт бичгийг барьцаа болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Зоригсайханы өмчлөлийн 14 ширхэг 12/20 хэмжээтэй дугуйны мөнгийг өгөлгүй залилан авч, бусдад 7.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн “Амуу тал” ХХК-ийн кемп менежерээр ажиллаж байх хугацаандаа 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын хооронд компанийн эзэмшлийн 12/20 хэмжээтэй 10 ширхэг обудтай дугуй, дугуйны урьдчилгаа мөнгө 3.420.000 төгрөг, кабин халаагч, халуун тогоо, аккумулятор авах зориулалт бүхий 1.700.000 төгрөг, 4 ширхэг дугуй зэргийг хувьдаа завшиж, бусдад 15.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцсэн байна.

 

3. Прокурор эсэргүүцэлдээ “... Давж заалдах шатны шүүх ... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуулийн шаардлагыг дүгнэж бичсэнээс биш, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн бол ... эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй” гэжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн этгээдэд ямар журмаар өршөөл үзүүлэхийг тодорхой зохицуулсан бөгөөд уг хуулийн 2 дугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэрийг тодорхойлохдоо зарим гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг өршөөн хасах /6 дугаар зүйл/, зарим гэмт хэргийн улмаас хорих ял шийтгүүлсэн хүний ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих /7 дугаар зүйл/ байдлаар, харин эдгээрээс бусад хэлбэрээр өршөөлд хамрагдах хүмүүсийн хувьд үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлэх /4 дүгээр зүйл/, түүнчлэн зарим хэргийг, мөн хорих ялыг тэнссэн болон хугацаанаас өмнө тэнсэж хяналт тогтоосон, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох /5 дугаар зүйл/-оор тогтоосон байхад  анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.И-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

4. Шүүгдэгч А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ямар ял шийтгэл оногдуулах талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргалгүйгээр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлжээ. Давж заалдах шатны шүүх хорих ял оногдуулаагүй учир шүүгдэгчийг хорих ял эдэлж байгаа ялтан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Дээрх нөхцөл байдлыг хяналтын шатны шүүхээс зөвтгөн засах боломжгүй тул прокурор В.Төгсбаярын бичсэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч А.И-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурорын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хангасугай.

 

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.И-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Б.БАТЦЭРЭН

           

                                                                         Ч.ХОСБАЯР

 

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН