Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0963/З |
Дугаар | 221/МА2019/0535 |
Огноо | 2019-10-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0535
2019 оны 10 сарын 10 өдөр Дугаар 221/МА2019/0535 Улаанбаатар хот
Г.С, С.Т нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Г.С, С.Т нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0455 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дахь Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Г.С, С.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор газар эзэмших гэрчилгээ аваагүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж, уг захирамжийг үндэслэн 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 25 дугаар гудамж 586 тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Г.С болон түүний хүү С.Т нарт дээрх хаягт байрлах 208 м.кв газрыг хамтран өмчлүүлсэн юм.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтсийн үйл ажиллагаа явуулдаг газруудад газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 189 дүгээр захирамжаар Нийслэлийн Цагдаагийн газрын захиалгаар баригдах цагдаагийн хэлтсүүдийн кобаны барилгыг барих барилгын байршлыг тогтоож, тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Горькийн гудамжинд байршуулан 0,008 га газрыг олгож, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Харин Г.С-ийн өмчилж буй газрын кадастрын зургийг 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газрын мэдээллийн санд нэгж талбарын -------------- дугаартайгаар 5 эргэлтийн цэгтэйгээр 135 м.кв хэмжээтэйгээр Автокад программд бүртгэлтэй байсан хэдий ч 2006 онд Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг шинэчлэн бүртгэхэд бүртгэгдээгүй байгаа нь Нийслэлийн газрын алба болон кадастрын хэлтсийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн давхцал үүссэн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой боловч Г.С, С.Т нарт хамтран өмчлүүлсэн газар нь 2004 онд автокад программд бүртгэгдсэн, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар Г.С, С.Т нарт өмчлүүлсэн байтал шүүх “Г.С, С.Т нарыг газар өмчлөх эрхээ хуульд заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулаагүй тул тэдгээрт дээрх газрыг өмчлөх эрх үүсээгүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн “Г.С, С.Т нарт эрх бүхий Засаг даргын шийдвэрээр өмчлүүлсэн ч өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу газар өмчлөх эрх үүсээгүй, бодитоор ашиглаагүй тухайн газар дээр давхцуулан төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хууль бусаар зөрчиж гарсан гэж, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь шүүх шийдвэртээ утга найруулгын алдаатай дүгнэлт гаргасан байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцахгүй байх ёстой байтал иргэн Г.С, С.Т нарт Баянгол дүүргийн - дүгээр хороо Горькийн -- дугаар гудамж --- тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дээрх хаягт байрлах 208 м.кв хамтран өмчлүүлсэн газрыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст давхцуулж газар олгосон нь энэхүү хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0455 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дугаарт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Гэмтэл согогийн клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж Горькийн гудамжинд байршуулсан 0,008 га газрыг Баянгол дүүргийн Цагдаагийн - дугаар хэлтэст олгосон газар нь нэхэмжлэгч Г.С, С.Т нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 208 м.кв газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 524 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.С, С.Т нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн Горькийн 25 дугаар гудамжны 586 дугаар тоот дахь 208 м.кв газрыг хамтран өмчлүүлсэн байна.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Гэмтэл согогийн клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж, Горькийн гудамжинд дахь 0,008 га газрыг цагдаагийн хэлтсийн кобаны барилга барих зориулалтаар Баянгол дүүргийн Цагдаагийн - дугаар хэлтэст эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн дээрх газартай давхацсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 296 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Цагдаагийн - дугаар хэлтсийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгажээ.
Нэхэмжлэгч Г.С-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 296 тоот газар эзэмшүүлэх захирамжийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гарган, анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн байна. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Г.С, С.Т нар нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дугаарт Баянгол дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Гэмтэл согогийн клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж Горькийн гудамжинд байршуулсан 0,008 га газрыг Баянгол дүүргийн цагдаагийн - дугаар хэлтэст олгосон газар нь нэхэмжлэгч Г.С, С.Т нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 208 м.кв газартай давхцаж байх тул энэхүү давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан байна.
Нэхэмжлэгч нар нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөв тодорхойлж, хуульд нийцсэн эсэхийг хянуулах боломжтой.
Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамж хугацаатайгаар гарч, эрх зүйн үр дагавар нь дууссан захирамж байх бөгөөд 2008 онд Нийслэлийн Засаг даргын 296 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх ба түүнээс хойш газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасны дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд тухайн маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үйлчлэл нь дуусаагүй буюу хэвээр үйлчилж байх ёстой. Учир нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актын эрх зүйн үр дагаврыг шууд дуусгавар болгуулахад чиглэгддэг бөгөөд захиргааны шүүх эрх зүйн үйлчлэлтэй актыг хүчингүй болгохоос бус, хүчин төгөлдөр болоогүй юмуу, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох боломжгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүйн улмаас хэргийг нэг мөр шийдвэрлэж, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай давж заалдах гомдлыг шийдвэрлэх боломжгүй, харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай, үүнтэй холбогдуулан хэргийн үйл баримтыг дүгнэж шийдвэрлэх ёстой гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь зүйтэй байна.
2. Нотлох баримтын тухайд:
Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Г.С, С.Т нар нь газар өмчлөх эрхээ хуульд заасны дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй, энэ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 7/1424 тоотоор ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул тэдгээрт дээрх газрыг өмчлөх эрх үүсээгүй байна” гэж дүгнэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1424 тоот лавлагаагаар нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүйг тодорхойлсон байх ба нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандсан эсэх, газар өмчлөгчийн эрх, үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна.
Нөгөө талаар, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий газарт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ дээрх нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон талаар тодруулах нь зүйтэй.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-04/1658 тоотоор ирүүлсэн кадастрын зурагт тус нэхэмжлэгчийн өмчилж буй маргаан бүхий газар 135,9 м.кв хэмжээтэйгээр буюу зөрүүтэй бүртгэгдсэн байна. Гэтэл хариуцагчийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “... газрын кадастрын мэдээллийн санд иргэн Г.С-ийн өмчийн газрын кадастрын зургийг огт бүртгээгүйн улмаас дээрх давхцал үүссэн” гэж дурдсан байх тул маргаан бүхий газрын давхцал үүсэх болсон дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох нь шаардлагатай байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр “нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргаас газар өмчлүүлэх шийдвэр гаргасан ч нэхэмжлэгч нар газар өмчлөх эрхээ хуульд заасны дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулаагүй тул тэдгээрт дээрх газрыг өмчлөх эрх үүсээгүй, бодитоор ашиглаагүй тухайн газар дээр давхцуулан төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хууль бусаар зөрчиж гарсан гэж, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн маргаж буй захиргааны байгууллагын үйл ажиллагааг тодруулж, шаардлагатай нотлох баримтыг гүйцэт цуглуулсны үндсэн дээр тухайн маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ