Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 115/2017/0029/З |
Дугаар | 001/ХТ2018/0363 |
Огноо | 2018-10-03 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/0363
У.Б-ийн нэхэмжлэлтэй,
Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэн У.Байгалмаагийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002*** дугаар бүртгэлийг, 000215*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгуулах”
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0011 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0350 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч У.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Р.Идэрмөнх нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0011 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 7 дугаар зүйлийн 7.7 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байршилтай, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 2 дугаар орц, 3 дугаар давхар дахь нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 32 тоот хаалганы дугаараар нэхэмжлэгч иргэн У.Б-ийн нэр дээр бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002*** дугаар бүртгэлийг, 000215*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0350 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан У.Б-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “У.Б-ийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002*** дугаар бүртгэл, 000215*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0350 дугаартай магадлалыг нэхэмжлэгч У.Б би эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Нэхэмжлэгч У.Б би өөрийн нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлсэн тухайн байрыг 32 тоот биш 31 тоот орон сууцны байр болохыг Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэдсэн. Үүнээс өмнө нь мэдэх боломжгүй байсан учир нь тухайн 40 айлын орон сууцыг баригдаж байх үед борлуулалтын явцад манай давхрын нэг айл 2 айлын орон сууцыг нийлүүлэн худалдаж авсан ба ордероо гаргуулахдаа 1 хаалганы дугаар гаргуулсан. Байрны анхны захиалгын гэрээн дэх 32 тоот байрны дугаарыг 31 тоотоор солигдож өөрчлөгдсөн байх юм.
5. Одоо хүртэл айлуудын хаалганд дугаар байхгүй. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Баянбүрд хотхон 40 айл орон сууцны 37 м2 талбайтай, 2 өрөө бүхий 32 тоот гэсэн нэг хаяг бүхий байрыг 2 өөр иргэнд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулан олгогдсон гэх мэт марган шалтгаан болсон.
6. Нэхэмжлэгч У.Б би тус байрны гэрчилгээг зөвтгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус бүр 2 удаа, нийт 4 удаа өргөдөл өгч хандсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 994 тоот албан бичгээр “Дахин нотлох баримтаа бүрдүүлэн өмнө өгсөн гэрчилгээг хураалган дахин гэрчилгээ авах боломжтой”, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/9693 тоот албан бичгээр “31 тоот орон сууцны өмчлөгч мөн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хаалганы тоотыг өөрчлүүлэн дахин гэрчилгээ авах боломжтой” гэх хариу өгсөн.
7. Гэтэл Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1174 тоот албан бичгээр дахин өгсөн хариу нь ойлгомжгүй, тодорхой бус хариу өгсөн. Ер нь Дорноговь аймгийн улсын бүртгэлийн байгууллагад байрны гэрчилгээг зөвтгүүлэхэд “удаа дараа” хандахад байрны гэрчилгээг зөвтгүүлж өгөхгүй байгаа нь ойлгомжгүй, иргэдийн эрх, эрх ашиг, амгалан тайван амьдрах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.
8. Харин эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан.
9. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэх тул хуулийн хугацаа хамрагдахгүй болно.
10. Мөн гуравдагч этгээд Захиргааны давж заалдах шүүхэд гаргасан гомдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт “хуулийн этгээд гаргасан бол байгууллагын төлөөлөн эрх бүхий этгээд албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дарсан байна” гэх заалтыг зөрчсөн.
11. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 115/ШШ2018/0011 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0350 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасантай нийцсэн байна.
13. Нэхэмжлэгч У.Байгалмаа нь “...Дорноговь аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002*** дугаарт бүртгэж, олгосон 000215*** дугаартай гэрчилгээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Баянбүрд хотхоны 40 айл 32 тоот орон сууц гэж хаалганы тоотыг буруу бичиж олгосон нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “Иргэн У.Б нь 2013 оны 7 дугаар сарын 31-нд Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхон 40 айлын 32 тоот хаягт 37 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар мэдүүлэг гаргасан...” гэж тус тус маргажээ.
14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч У.Б нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Г р” ХХК-тай “Захиалгаар орон сууц барих гэрээ” байгуулсан байх бөгөөд гэрээний 1.4-т “Захиалагчийн сонголт хийсэн байр: орц-2, давхар-3, хаалга-32, талбайн хэмжээ-37 м2”, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргахдаа “Замын Үүд сум 2-р баг 12-хэсэг гудамж 32 тоот 37 м2 талбайтай орон сууц” гэсэн байна.
15. “Хариуцагч байгууллага нэхэмжлэгч У.Байгалмаагийн гаргасан мэдүүлэгт дурдсанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 32 тоотод байрлалтай 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдөр түүнд олгосон байх ба У.Б-ийн дээрх хаягт шилжин ирсэн тухай 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолтод “2 дугаар баг, Баянбүрд хотхон, 31 тоот” гэж тэмдэглэсэн...Үүнээс үзэхэд нэхэмжлэгч У.Байгалмаа нь улсын бүртгэлийн гэрчилгээ 32 тоотоор олгогдсон ч 31 тоотод оршин суудаг болохоо 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс мэдсэн гэж ойлгоно” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
16. Мөн улсын бүртгэлийн байгууллагаас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/9693 тоот албан бичгээр “анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлж өгсөн нотлох баримтыг залруулж... тухай орон сууц нь 31 тоот болохыг тодорхойлсон баримт ....зэргийг хавсарган... хаалганы тоотыг өөрчилж бүртгүүлэх боломжтой” гэж, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр хариуцагчийн өмгөөлөгчийн “...У.Б-ийн хувьд хуульд заасан баримтуудаа бүрдүүлээд өгсөн тохиолдолд улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлийг зөвтгөж өгөх боломжтой” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгчийн “..өөрийн нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлсэн тухайн байрыг 32 тоот биш 31 тоот орон сууцны байр болохыг Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэдсэн үүнээс өмнө нь мэдэх боломжгүй байсан...” гэх хяналтын гомдол үгүйсгэгдэж байна.
17. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0350 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН